Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 11 сарын 16 өдөр

Дугаар 209/МА2023/00090

 

*******гийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай

 

          Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Мягмарсүрэн даргалж, шүүгч Я.Туул, Ерөнхий шүүгч Л.Амарсанаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

           Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны  09 дүгээр сарын 14-ний өдрийн 135/ШШ2023/014 дүгээр шийдвэртэй,

Нэхэмжлэгч *******гийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч *******,

                  ******* нарт холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: “96,809,715 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагатай,

Иргэний хэргийг нэхэмжлэгч *******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч ******* нарын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, 2023 оны 10 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Л.Амарсанаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

           Шүүх хуралдаанд нэхэмжлэгч *******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******, хариуцагч ******* /цахимаар/, хариуцагчийн өмгөөлөгч ******* /цахимаар/, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Билгүүн нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн үндэслэл, шаардлага:
           ...Миний бие байр худалдаж авахаар хайж байтал хамт ажилладаг ******* гэж хүн би байраа зарах гэж байгаа, чи миний байрыг үзээч гэхээр нь Дархан-Уул аймаг, Дархан сум, 4-р баг, *******, 17-р байрны тоот байрыг *******ын хамт очиж үзэхэд түүний ээж *******, М.Баярмөнх нар байсан.

Бид хоёр 51,000,000 төгрөгөөр худалдаж авахаар тохиролцож, ******* нь байраа банкны барьцаанаас чөлөөлнө гэж урьдчилгаа 38,000,000 төгрөгийг бэлнээр авч, байрны гэрчилгээг барьцаанаас чөлөөлж, гэрчилгээг миний нэр дээр шилжүүлсний дараа үлдэгдэл 13,000,000 төгрөгийг 2021 оны 03 сарын 22-ны өдөр өгч авалцахаар тохиролцож, 2021 оны 3 сарын 19-ний өдөр мөнгө хүлээлцсэн баримт үйлдэж, гарын үсэг зурж, нотариатаар батлуулсан.

Ингээд уг байрыг надад суллаж өгсөн. Байранд ороод удаагүй байтал *******ын ээж гэх хүн манайд ирээд элдвээр орилж, энэ явдлыг *******од хэлж, асуухад ээж чамд зарах үед зөвшөөрч байсан хэр нь одоо байраа өгөхгүй гээд дургүйцээд байна. Манай ээж сэтгэцийн өвчтэй, би өмчлөгчийн нэрсээс ээжийнхээ нэрийг хасуулах гээд эмнэлэг, шүүхээр явж байгаа, байрны гэрчилгээг нэр дээр чинь удахгүй шилжүүлнэ гэж ярьсан.

Үүний дараа 2021 оны 8-р сард ******* байрны бичиг баримт болчихлоо, нотариатаар ороход мөнгө хэрэг болоод байна, 3,000,000 төгрөг өгчихвөл та нарт гэрчилгээг чинь шилжүүлж өгөх гээд байна гэж ярихаар нь 2021 оны 08 сарын 24-ний өдөр би *******ын Хаан банкны данс руу 3,000,000 төгрөг шилжүүлсэн. Үүнээс хойш ******* элдэв шалтаг, шалтгаан хэлж байрны гэрчилгээг шилжүүлэхгүй явсаар сүүлдээ ажлаасаа гарч, утсаа авахаа больж, шүүх цагдаагаараа яв гээд алга болсон.

Би аргаа бараад *******од зальдуулчихлаа гээд Дархан-Уул аймгийн Цагдаагийн газарт гомдол гаргасан. Гомдлыг шалгах явцад авсан мэдүүлгүүдийг үндэслэн Дархан-Уул аймгийн Прокурорын газрын 2012 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн ******* дүгээр Хэрэг бүртгэлийн хэрэг нээхээс татгалзах тухай тогтоолоор эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзаж шийдвэрлэсэн. Миний бие Дархан-Уул аймгийн Прокурорын газрын Ерөнхий прокурор, Улсын Ерөнхий Прокурорт тус тус шат дараалан өргөдөл, гомдол гаргасан бөгөөд Прокурорын шийдвэрийг хэвээр үлдээсэн.

Миний бие энэ байрны үнэнд 41,000,000 төгрөг дансаар болон бэлнээр өгснөөс гадна уг байранд 10,000,000 орчим сая төгрөгийн засвар хийж, уг байрыг авахын тулд өөрөө 25,000,000 төгрөгийн цалингийн зээл авч, зээлийн хүүнд 2022.08.22-ны өдөр хүртэл 3,747,180.91 төгрөг төлсөн. Мөн аав , ээж нар байрандаа мөнгө нэмэрлээрэй гэж 10,000,000 төгрөгийн зээл авч түүний хүүнд 1,000,000 орчим төгрөгийг төлсөн. Эдгээр зардал нийлээд 15,000,000 төгрөг болж байр авахад гаргасан миний зардлыг нэмэгдүүлж байна.

Би байны урьдчилгаанд 38,000,000 төгрөг, түүний дараа 3,000,000 төгрөг, нийт 41,000,000 төгрөг шилжүүлсэн. Миний бие 2021 оны 03 дугаар сараас хойш одоог хүртэл гэр бүлийн хамт *******оос худалдаж авсан Дархан-Уул аймаг, Дархан сум, 4-р баг, *******, 17-р байр, тоотод амьдарч байгаа. Хариуцагчтай ярилцаж тохиролцсоноор тухай байрны улсын бүртгэлийн гэрчилгээг миний нэр дээр шилжүүлснээр би үлдэгдэл төлбөрөө төлж барагдуулах юм.

Иймд Дархан-Уул аймаг, Дархан сум, 4-р баг, *******, 17-р байр, тоот байрны үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр ******* намайг тогтоож, өмчлөгчөөр бүртгэж гэрчилгээ олгохыг Дархан-Уул аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст даалгаж өгнө үү... гэжээ.

2.Нэхэмжлэгч ******* нь 2023 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаа өөрчлөхдөө:

...Хариуцагч нарын буруутай үйлдлийн улмаас бид нарын хийсэн хэлцэл хүчин төгөлдөр бус хэлцэл болсон байна. Иймд Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5-д зааснаар талуудын хооронд шилжүүлсэн бүх зүйлээ харилцан буцааж өгөх, боломжгүй бол үнийг төлөх үр дагавар гарч байна.

Миний бие байрны үнэнд 41,000,000 төгрөг шилжүүлж, 10,000,000 төгрөгийн засвар хийсэн. Одоо маргаан бүхий байртай ижил 3 өрөө байр худалдаж авбал 120,000,000 төгрөгөөр худалдаж авахаар байгаа ба миний бие нь 69,000,000 төгрөгийн алдагдалд орж хохирохоор байх тул Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.6-д заасныг баримтлан маргаан бүхий байрны одоогийн зах зээлийн үнэлгээний зөрүү болох 69,000,000 төгрөгийг хариуцагч нараас гаргуулах үндэслэлтэй байна.

Иймд тухайн үед байр худалдан авсан үнэ 41,000,000 төгрөг, засварын зардал 10,000,000 төгрөг, одоо маргаан бүхий байртай ижил байр худалдаж авах үнийн зөрүү 69,000,000 төгрөг, нийт 120,000,000 төгрөгийг хариуцагч *******, ******* нараас гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж байна... гэжээ.

 3.Нэхэмжлэгч ******* нь 2023 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаа багасгах, ихэсгэх тодруулахдаа:

а. ХХК-ийн үнэлгээнд маргаан бүхий байрны засвар болон ажлын хөлсний нийт зардал 2021 оны 3 сарын байдлаар 7,607,429 төгрөг, орон сууцны өнөөгийн зах зээлийн үнэ цэнэ 92,44,500 төгрөг гэж тогтоосон байна.

Иймд тухайн үед байр худалдан авахад шилжүүлсэн 41,000,000 төгрөг, засварын зардалд 7,607,429 төгрөг, одоо маргаан бүхий байртай ижил байр худалдаж авах үнийн зөрүү 43,833,071 төгрөг, нийт 92,440,500 төгрөгийг нэхэмжилж байна гэж нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж байна.

б. Нэхэмжлэлийн шаардлагаа дараах үндэслэлээр ихэсгэж байна. Үүнд:

Миний бие маргаан бүхий байрыг худалдаж авах зорилгоор ХХБ-тай 2021 оны 03 сарын 19-ний өдрийн № тоот цалингийн зээлийн гэрээ байгуулж, сарын 1.2%-ийн хүүтэй, 30 сарын хугацаатай, 25,000,000 төгрөгийн цалингийн зээл авч, зээлийн хүүнд 2023.04.26-ны өдөр хүртэл 4,369,215.73 төгрөг төлсөн. Иймд Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.6-д заасныг баримтлан хүүнд төлсөн зардлыг хохиролд тооцож 4,369,215.73 төгрөгийг нэмж нэхэмжилж байна.

в.Нэхэмжлэлийн шаардлагыг багасгаж, ихэсгэсэнтэй холбогдуулан нэхэмжлэлийн шаардлагаа тодруулах нь:

Тухайн үед байр худалдан авахад шилжүүлсэн 41,000,000 төгрөг, одоо маргаан бүхий байртай ижил байр худалдаж авах үнийн зөрүүтэй зардал 43,833,071 төгрөг, засварын зардал 7,607,429 төгрөг, зээлийн хүүгийн зардал 4,369,215.73 төгрөг, нийт 96,809,715 төгрөг нэхэмжилж байна гэжээ.

4. Хариуцагч *******ын татгалзал, хариу тайлбарын агуулга:

  ...Уг нэхэмжлэлийн шаардлага нь үндэслэлгүй бөгөөд анх ******* нь надад хандан та байраа зарчихаач гэсэн санал тавихад би манай байр банкны барьцаанд байгаа мөн надаас гадна миний ээж *******ы дундын өмчлөлд байдаг чамд байраа зарахын тулд эхлээд хамтран өмчлөгчөөс зөвшөөрөл авна. Үүнээс гадна банкны барьцаанд байгаа учраас чамаас мөнгө авч чөлөөлөөд гэрчилгээ гаргах шаардлагатай болно. Нэлээдгүй хугацаа орох болно шүү гэхэд нэхэмжлэгч нь зөвшөөрсөн тул 41,000,000 төгрөгийг авч маргаан бүхий орон сууцанд нэхэмжлэгч *******г оруулсан.

Би тухайн үедээ өөрийн ээж *******д орон сууцаа худалдах талаар асуухад зөвшөөрч байна гэсэн боловч нэхэмжлэгчээс мөнгө авсны дараа гэрээ хэлцэлд гарын үсэг зурах үедээ зарахгүй татгалзсан. Миний ээжийн хувьд сэтгэцийн эрүүл мэндийн асуудлаас болж аливаа гэрээ хэлцэлд өөрийн хүсэл зоригийг илэрхийлэх эрх зүйн чадамжийн хувьд хязгаарлагдмал учраас түүний асран хамгаалагчаар өөрийгөө тогтоолгох гэж би шат шатны эмнэлэг хууль шүүхийн байгууллагаар явсан боловч бүгд татгалзсан хариуг өгч байсан.

Миний хувьд нэхэмжлэгч *******г анхнаасаа хохироох ямар ч бодолгүй орон сууцыг нэхэмжлэлд дурдсан 51,000,000 төгрөгөөр зарах сонирхолтой байсан хэдий ч хамтран өмчлөгч ******* нь татгалзсан учраас уг хэлцэл биелэх боломжгүй болсон юм.

Иймд би *******д хандан ийм юм болно гэж бодсонгүй ээ, уучлаарай ах нь чамаас авсан 41,000,000 төгрөг түүн дээр нэмээд байранд хийсэн засвар үйлчилгээ хийсэн бол тэр зардлыг чинь төлье гэх үндэслэл бүхий хүсэлт тавьсан боловч үгүй, би энэ орон сууцыг авна гэж муйхарлан дайрч цагдаагийн байгууллагад гомдол гаргасан байсан. Би одоо ч түүнээс авсан мөнгийг буцаан өгөхөд татгалзах зүйлгүй болно.

******* болон бидний хооронд байгуулагдсан хэлцэл нь хууль зүйн хувьд хуульд тавигдсан шаардлагад нийцэхгүй хэлцэл юм. Тодруулбал: Бидний хооронд байгуулагдсан хэлцлийн хувьд Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг бичгээр байгуулна. Мөн түүнчлэн хамтран өмчлөгчийн зөвшөөрлийг хуульд заасан хэлбэрээр аваагүй Монгол Улсын Иргэний хуульд заасан хүчин төгөлдөр бус хэлцэлд хамаарч байх тул нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

5. Хариуцагч *******ы татгалзал, хариу тайлбарын агуулга:

...Дархан-Уул аймаг, Дархан сум, 4-р баг, *******, 17-р байр, тоот байсан. Намайг байхгүй үед миний хүүхэд гэрийнхээ юмнуудыг ачаад өөрийн байранд оруулсан байсан. Түүнээс хэд хоногийн дараа байрандаа очиход үүдэнд нэг залуутай уулзсан. Энэ байр миний байр, түрээсэлж байгаа юм уу? гэхэд одоохондоо түрээсээр сууж байгаа, удахгүй гэрчилгээг өөрийн болгоно гэсэн тэгээд тэр залуутай маргалдаад явсан. 2 хүүхдээсээ асуухад түрээсэлж байгаа гэсэн. Тэр залууг танихгүй. Хоёр хүүхэдтэйгээ зөвлөлдөөд байраа зарна гэж хэлээгүй. Анхнаасаа зарахгүй гэсэн хатуу байр суурьтай байсан. ******* гэдэг хүний нэхэмжлэлтэй нь танилцаж нэрийг нь мэдсэн. Би тэр хүнээс мөнгө аваагүй. Би сэтгэцийн өвчин байхгүй, эрүүл гэжээ.

6. Анхан шатны шүүхийн  шийдвэрийн агуулга:

Иргэнийхуулийн 56 дугаар зүйлийн 56.5, 56.6-д заасныг баримтлан хариуцагч *******оос 48,607,429 төгрөг гаргуулж нэхэмжлэгч *******д олгож, үлдэх 48,202,282 төгрөг болон хариуцагч *******д холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 642,400 төгрөгөөс 641,998 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, илүү төлсөн 401 төгрөг, хариуцагчаас 400,987 төгрөг тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

7.Нэхэмжлэгч *******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч ******* нар давж заалдах гомдолдоо:

Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийн зарим хэсгийн эс зөвшөөрч, нэхэмжлэгч талаас дараах үндэслэлээр давж заалдах гомдол гаргаж байна.

...Маргаан бүхий байр банкны барьцаанд байсан буюу эрхийн зөрчилтэй байсны улмаас байрны өмчлөх эрхийг шилжүүлэх боломжгүй болж хүчин төгөлдөр бус хэлцэл хийгдээгүй, хамтран өмчлөгч Баярсайхан нь тухайн үедээ байр зарахыг зөвшөөрч байсан боловч дараа нь байр зөвшөөрөхөө больсны улмаас хүчин төгөлдөр хэлцэл хийсэн нь дээрх нотлох баримтаар тогтоогдож байна. Өөрөөр хэлбэл байрны өмчлөгч *******ын хамтран өмчлөгчийн зөвшөөрлийг тухайн үед нь бичгээр аваагүй ганцаараа дур мэдэн гэрээ хийсэн, хамтран өмчлөгч ы хэлцэл хийх үед зөвшөөрч байснаа дараа татгалзсан буруутай үйлдлийн улмаас талуудын хооронд хийгдсэн хэлцэл хүчин төгөлдөр хэлцэл болсон байна.

Иймд нэхэмжлэгчийг хүчин төгөлдөр хэлцэл хийхэд буруутай гэж дүгнэж нэхэмжлэлийн зарим хэсэг буюу маргаан бүхий байртай ижил байр худалдаж авах үнийн зөрүүний зардал 43,833,071 төгрөг, зээлийн хүүгийн зардал 4,369,215.73 төгрөг нийт 48, 202,286 төгрөгийн хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр нь хуулийг буруу хэрэглэсний улмаас хууль ёсны ба үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангахгүй байх тул хариуцагч нараас 48, 202,286 төгрөгийг хариуцагч *******, нараас нэмж гаргуулан, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хангаж шийдвэрлэхээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү.

            8. Хариуцагч талаас давж заалдах гомдолд бичгээр хариу тайлбар ирүүлээгүй байна.

ХЯНАВАЛ:

            1.Давж заалдах шатны шүүх *******гийн нэхэмжлэлтэй *******, ******* нарт холбогдох 96.809.715 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгч болон түүний өмгөөлөгчийн давж заалдсан гомдлоор хүлээн авч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4-т зааснаар зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэлээ.

             2.Нэхэмжлэгч *******: Хариуцагч *******ын өмчлөлийн Дархан сумын 4 дүгээр баг, 22 дугаар хороолол,17 дугаар байрны тоотын 40 м/кв талбайтай 3 өрөө орон сууцыг 51.000.000 төгрөгөөр худалдаж авахаар тохиролцож, урьдчилгаанд 38.000.000 төгрөг өгөөд үлдэгдэл 13.000.000 төгрөгийг үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээ шилжүүлсний дараа өгөхөөр тохиролцсон боловч тус байрны хамтран өмчлөгч ******* худалдахыг зөвшөөрөөгүй учир тус байрыг өөрийн нэр дээр шилжүүлж авах боломжгүй болсон.

Хариуцагч нарын буруутай үйлдлийн улмаас бидний хооронд хийсэн хэлцэл хүчин төгөлдөр бус хэлцэл болсон тул Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5-д зааснаар байрны үнийн урьдчилгаанд өгсөн 41.000.000 төгрөг, маргаж буй байртай ижил байр худалдаж авах үнийн зөрүү 43.833.071 төгрөг, засварын зардал 7.607.429 төгрөг, зээлийн хүүгийн зардал 4.369.215,73 төгрөг нийт 96.809.715 төгрөг хариуцагч нараас гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.6-д зааснаар хүчин төгөлдөр бус хэлцэл хийсэн буруутай этгээд бусдад учруулсан хохирлыг нөхөн төлөх үүрэгтэй гэж тодорхойлжээ.

3.Хариуцагч *******:   ...манай байр банкны барьцаанд байгаа, чамаас авсан мөнгөөр барьцаанаас чөлөөлнө, хамтран өмчлөгчийн зөвшөөрөл авна, өмчлөлийн гэрчилгээ шилжүүлэхэд нилээд ажил болно шүү гэхэд нэхэмжлэгч зөвшөөрөхөөр нь өөрийн байрандаа  оруулсан.

Тухайн үед ээж ******* орон сууц зарахыг зөвшөөрсөн атлаа нэхэмжлэгчээс мөнгө авсны дараа хэлцэлд гарын үсэг зурахгүй гэж татгалзсан.

Бидний хооронд байгуулсан хэлцлийн хувьд үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг бичгээр байгуулаагүй, хамтран өмчлөгчийн зөвшөөрлийг хуульд заасан хэлбэрээр аваагүй, Иргэний хуульд заасан хүчин төгөлдөр бус хэлцэлд хамаарч байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрөхгүй, харин урьдчилгаанд авсан 41.000.000 төгрөг, засвар хийсэн зардал 7.607.429 төгрөг нийт 48.607.429 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрч байна, үлдэх 48.202.715 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэж маргажээ.

4.Анхан шатны шүүх талуудын хооронд хийгдсэн хэлцэл нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д заасан хүчин төгөлдөр бус байх хэлцэл мөн байна,хуулийн 56.5-д зааснаар хэлцлээр шилжүүлсэн бүх зүйлээ харилцан буцааж өгөх, боломжгүй бол үнийг төлөх үүрэгтэй, нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******тай хэлцэл хийгээгүй, түүнд мөнгө шилжүүлээгүй, тэдний хооронд эрх, үүрэг үүсээгүй тул хариуцагч *******аас хохирол, төлбөр шаардах эрхгүй,харин хариуцагч *******оос хүчин төгөлдөр бус хэлцлийн үр дагаврыг шаардах эрхтэй гэж дүгнээд хариуцагч *******ын зөвшөөрсөн хэмжээгээр 48.607.429 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч *******д олгож, үлдэх 48.202.286 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

5.Давж заалдах шатны шүүхээс дараах дүгнэлтийг хийлээ.

 Анхан шатны шүүх нэхэмжлэгчийг  Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.6-д заасны дагуу хүчин төгөлдөр бус хэлцлийн үр дагавар буюу үүссэн хохирол төлбөрийг нэхэмжлэх эрхгүй гэж дүгнэсэн нь хуульд нийцээгүй, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтыг буруу үнэлсэнээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дугаар зүйлийн 1.2-т зааснаар шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй  байна.

Түүнчлэн хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т зааснаар хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж чадаагүй байна.

6.Анхан шатны шүүх хэлцэл хүчин төгөлдөр бус болоход  нэхэмжлэгчийн хайхрал, болгоомжгүй, хайнга хандсан үйлдэл байх тул  зөвхөн хариуцагчийг хүчин төгөлдөр бус хэлцэл хийсэн буруутай этгээд гэж үзэхгүй, нэхэмжлэгч нь хүчин төгөлдөр бус хэлцлийн үр дагавар буюу түүнээс үүссэн хохирол төлбөрийг нэхэмжлэх эрхгүй гэж дүгнэсэн нь болсон үйл баримт болон хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтыг зөв үнэлээгүй, хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэхээр байна.

Учир нь үл хөдлөх эд хөрөнгийн хамтран өмчлөгчийн зөвшөөрлийг  аваагүй, үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах хэлцлийг бичгээр хийгээгүй, хэлцлийг үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн газарт бүртгүүлээгүй зэрэг нь худалдагч буюу хариуцагч *******ын буруутай үйлдэл гэж үзнэ.

Энэ талаар нэхэмжлэгч ******* болон түүний өмгөөлөгчийн давж заалдсан гомдол үндэслэлтэй байна.

7.Нэхэмжлэгч ******* худалдаж авч буй байрны урьдчилгаа төлбөрийг төлөхийн тулд 2021 оны 03 дугаар сарын 19-ний өдөр Худалдаа хөгжлийн банктай цалингийн зээлийн гэрээ байгуулж, 25.000.000 төгрөгийг 30 сарын хугацаатай, сарын 1.2 хувийн хүүтэй зээлсэн болох нь хэргийн 5, 6, 7 дугаар талд авагдсан цалингийн зээлийн гэрээ, барьцааны гэрээ, зээл эргэн төлөх хуваарь зэрэг баримтуудаар, мөн худалдаж авсан байрандаа 7.607.429 төгрөгийн засвар хийсэн болох нь хэргийн 67 дугаар талд авагдсан үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээчин “Ашид билгүүн” ХХК-ий үнэлгээний тайлангаар тус тус нотлогдоно.

Нэхэмжлэлээр шаардсан цалингийн зээлийн хүү болон засвар хийсэн зардал нь буруутай этгээдээс бусдад учруулсан хохирол мөн бөгөөд хариуцагч ******* нь нэхэмжлэгчид учруулсан дээрх хохирлыг төлөх үүрэгтэй.

8.Анхан шатны шүүх хариуцагч *******ын хүлээн зөвшөөрч байгаа хэмжээгээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь хэтэрхий хялбарчилсан байх бөгөөд хуулийг зөв тайлбарлан хэрэглээгүй гэж үзнэ. Нэхэмжлэлээр шаардсан маргаан бүхий байртай ижил байр худалдаж авах үнийн зөрүүний зардал 43.833.071 төгрөг нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.6-д заасан хариуцагчаас нэхэмжлэгчид учруулсан хохиролд тооцогдохгүй.

Учир нь ирээдүйд бий болох зардал нэхэмжлэлээр шаардсан байх бөгөөд бодит байдлаар  учирсан хохирол гэж үзэхгүй.

 Дээрх үндэслэлээр шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгч болон түүний өмгөөлөгчийн давж заалдсан гомдлын зарим хэсгийг хангаж буюу банктай байгуулсан цалингийн зээлийн хүү 4.369.215,73 төгрөгийг хариуцагчаас нэмж гаргуулан, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Шийдвэрт өөрчлөлт оруулсантай холбогдуулан  шийдвэрийн 2 дугаар заалтад  ... төлсөн 642.400 төгрөгөөс 641.998 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, илүү төлсөн 401 төгрөг, хариуцагч *******оос 400.987 төгрөг тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгосугай гэснийг... төлсөн 642.400 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******оос 422.833 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч *******д олгохоор өөрчлөлт оруулж шийдвэрлэв. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн  7.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ  нь:

1.Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2023 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн 135/ШШ2023/014 шийдвэрийн ТОГТООХ хэсгийн 1 дүгээр заалтын Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5, 56.6-д заасныг баримтлан хариуцагч *******оос 48.607.429 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч *******д  олгож, үлдэх 48.202.286 төгрөг болон гэснийг ... хариуцагч *******оос 52.976.644 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч *******д олгож, 43.833.071 төгрөг болон гэж, 2 дугаар заалтын ... төлсөн 642.400 төгрөгөөс 641.998 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, илүү төлсөн 401 төгрөг, хариуцагч *******оос 400.987 төгрөг тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгосугай гэснийг... төлсөн 642.400 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******оос 422.833 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч *******д олгосугай гэж тус тус өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2.4-т зааснаар нэхэмжлэгчээс давж заалдсан гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 398.962 төгрөгөөс 377.115 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, 21.847 төгрөгийг Төрийн сангийн орлогоос шүүгчийн захирамжаар буцаан гаргуулж нэхэмжлэгчид олгохыг дурдсугай.

3.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалын агуулгыг танилцуулан сонсгож 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүрэгтэй, энэ үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

  4.Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 7 дугаар зүйлийн 7.3, 172 дугаар зүйлийн 172.1-т зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч  магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын Дээд Шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.     

 

                          ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Г.МЯГМАРСҮРЭН                                          

                                            ШҮҮГЧИД                                Я.ТУУЛ

                                                                                                   Л.АМАРСАНАА