Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 01 сарын 25 өдөр

Дугаар 31

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                             МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Ш.Гандансүрэн даргалж,

нарийн бичгийн дарга У.Золчимэг, 

улсын яллагч Х.Оюунцэцэг,

шүүгдэгч Ц.Б, түүний өмгөөлөгч Н.Батзолбоо нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар,

 

Төв аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Б овгийн Ц.Б-д холбогдох эрүүгийн 1834009700015 дугаартай хэргийг 2019 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.  

 

                                 Шүүгдэгчийн биеийн байцаалт

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Төв аймгийн Лүн суманд 1974 оны 08 дугаар сарын 08-ны өдөр төрсөн, 44 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, малчин, ам бүл 1, ганцаараа Төв аймаг, Лүн сумын өгөөмөр 2 дугаар багт оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй,

Урьд 2 удаагийн ял шийтгэлтэй, Төв аймаг дахь Сум дундын 2 дугаар шүүхийн 2004 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 106 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүлйийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж байсан, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай гэх, НО74080874 дугаарын регистртэй, Б овгийн Ц.Б

 

                                     Холбогдсон хэргийн талаар

                                    /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

Яллагдагч Ц.Б нь согтуугаар 2018 оны 12 дугаар сарын 03-аас 04-нд шилжих шөнө Төв аймгийн Лүн сумын 2 дугаар багийн нутаг “Ангай энгэр” гэх газар 67-63 УБС улсын дугаартай, тоёота марк-2 маркийн тээврийн хэрэгслийн арын суудалд хажуудаа сууж байсан Т.Алтансүхийн бугалга, хүзүү, нуруу, цээж, гарын хуруун тус газарт нь хутгаар хатгаж, олон тооны шарх үүсгэн, онц харгис хэрцгийгээр эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.              

 

                                                 ТОДОРХОЙЛОХ нь:

 

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчээс

Шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн шүүгдэгч Ц.Б-гийн:

...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн, гэм буруу дээр маргахгүй тул дахин мэдүүлэг өгөхгүй гэв...

 

Эрүүгийн 1834009700015 дугаартай хэрэгт хохирогч Т.Алтансүхийн /хх-ийн 13-14 дүгээр хуудас/, гэрч Д.Оюунсувдын /хх-ийн 15 дугаар хуудас/, гэрч Т.Алтанжингийн /хх-ийн 16-17 дугаар хуудас/, гэрч Д.Аръяасүрэнгийн /хх-ийн 18 дугаар хуудас/, гэрч Г.Соронзонболдын /хх-ийн 19 дүгээр хуудас/, яллагдагч Ц.Б-гийн /хх-ийн 38-39 дүгээр хуудас/ гэсэн мэдүүлгүүд, 

шинжээчийн 2018 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 14428 дугаартай дүгнэлт /хх-ийн 22 дугаар хуудас/,

шинжээчийн 2019 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 05 дугаартай дүгнэлт /хх-ийн 26-27 дугаар хуудас/, төв аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 05 тоот дүгнэлтэд хавсаргах зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 28-31 дүгээр хуудас/, гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-ийн 02 дугаар хуудас/, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 03-07 дугаар хуудас/, хувцсанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 08-11 дүгээр хуудас/, 2 дугаар багийн засаг даргын тодорхойлолт, хохирогчийн цахим иргэний үнэмлэхийн хуулбар /хх-ийн 47-48 дугаар хуудас/, шүүгдэгчийн хувийн байдлыг тодруулсан баримтууд /хх-ийн 34, 44-45, 57-59 дүгээр хуудас/, хохирогч Т.Алтансүхийн болон шүүгдэгч Ц.Б нарын хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлт /хх-ийн 50-51 дүгээр хуудас/ зэрэг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой гэж бусад бичгийн нотлох баримтуудаар хэрэгт цуглуулж, бэхжүүлж авсан байна.

 

Шүүгдэгч Ц.Б нь согтуугаар 2018 оны 12 дугаар сарын 03-аас 04-нд шилжих шөнө Төв аймгийн Лүн сумын 2 дугаар багийн нутаг “Ангай энгэр” гэх газар 67-63 УБС улсын дугаартай, тоёота марк-2 маркийн тээврийн хэрэгслийн арын суудалд хажуудаа сууж байсан Т.Алтансүхийн бугалга, хүзүү, нуруу, цээж, гарын хуруун тус газарт нь хутгаар хатгаж, олон тооны шарх үүсгэн, онц харгис хэрцгийгээр эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан үйл баримт нь хэрэгт цугларсан дээрх баримтуудаас шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн дараах хохирогч хохирогч Т.Алтансүхийн ...Ц.Б, Д.Аръяасүрэн ахтай малын бэлчээр дээрээс бга зэрэг муудалцаад маргалдаад байхаар нь ахтай малын бэлчээр дээрээс бага зэрэг муудалцаад маргалдаад байхаар нь Ц.Бг би гэрээс авч гарсан. Т.Алтанжин ах гадаа машин халаагаад машин дотроо сууж байсан. Т.Алтанжин ах машинаа жолоодоод, Ц.Б бид хоёр арын суудал дээр би баруун гар талд Ц.Б зүүн гар тлд суугаад ямар ч хэрүүл маргаан зодоон болоогүй зүгээр суугаад явж байтал минийф нуруу хүзүүний ар тал, нурууны дээд хэсэг брауун бугалга гэх зэрэг газар шип шип хийх шиг мэдрэмж төрөөд явчихсан. Тухайн үед миний бие эргүй болоод дотор муухайраад байхаар нь Т.Алтанжин ахыг машинаа зогсоогоорой бие сонин болчихлоо гэж хэлээд түүнээс хойш яг юу болсон талаар санахгүй ухаан алдсан байсан. Нэг мэдсэн чинь өглөө сэрэхэд эмнэлэгт биедээ оёдол хийлгэж байсан... ...зүүн талын мөр, зүүн талын дал, хүзүүний хоёр тал, баруун талын эгэм, баруун гарын суга нийтдээ зургаан удаа хутгалсан...,

гэрч Д.Оюунсувдын ...Ц.Б ганц бие манай багийн айлуудаар мал маллаж  зарагдаж амьдардаг. Ц.Б нь ямар нэгэн эд хөрөнгө гэр орон байхгүй, урьд өмнө болон 2017 онд өөрийн нэр дээрээ мал тоолуулаагүй. Архи бага зэрэг уудаг, уухаараа ямар нэгэн агсам согтуу тавих болон муу зан гаргадаггүй, хүнд их тусархуу зөөлөн зан чанартай хүн...,

гэрч Т.Алтанжингийн ...шөнө 01 цагийн үед би авто машин жолоодоод арын суудал дээр баруун гар талд Ц.Б суугаад зүүн гар талд Алтансүх суугаад явж байтал Алтансүх ахаа миний бие сонин болоод байна гэхээр нь би зогсоод авто машины дотор талын гэрлийг асаагаад хартал куртикээ задгай дотор талын цамц нь нил цус болсон байхаар нь яасан юм гэж асуусан чинь миний бие их сонин болоод байна гэхээр нь үзээд шууд сумын төвийн эмнэлэг явсан чинь замдаа машины дугуй хагараад явахгүй болохоор нь гэр рүүгээ яваад гэртэй ирээд гэррүүгээ Ц.Б, ээж Алтанцэцэг, Мөнгөнтуяа нарын хамт Алтансүхийг өргөж оруулаад хувцсыг нь хайчаар хайчлаад энгэрийг нь задгайлаад харсан чинь баруун мөрний доод талд нэг удаа, баруун талын гүрээний тэнд 2 удаа, зүүн далан тус газар нэг удаа, шилэн хүүзүүнд нь нэг удаа нуруун тус газар нь нэг удаа нийт 6 удаа хутгалсан байхаар нь Ц.Б-г чи хутаглсан байна гэтэл би Аръяасүрэнг гэж бодсон юм гээд уйлаад байсан. Тухайн үед би Ц.Б-гийн хутгийг өөрөөс нь болон машинд хайгаад олоогүй. Сумын төвөөс эмч дуудсан байсан удалгүй ирээд Алтансүхийг аваад явсан...,

гэрч Д.Аръяасүрэнгийн ...шөнө 01 цагийн үед манайхаас Алтансүх, Алтанжин, Ц.Б нар харьлаа гээд явсан. БИ гэртээ ганцаараа үлдээд утнаж байтал шөнө 04 цагийн үед сумын эмнэлгийн жолооч Энхтөр, Алтанжингийн хамт манайд ирээд намайг зүгээр үү Ц.Б Алтансүхийг хутгалсан байна гэж хэлсэн... ...Ц.Б арай илүү согтуу, Алтансүх, Алтанжин хоёр бага зэрэг согтуу байсан. Манайхаас гарахдаа Ц.Б ямар ч гэсэн өөрийгөө хянах чадвартай байсан...,

гэрч Г.Соронзонболдын ...Ц.Б ганц бие нутгийн айлуудаар хонь мал хариулж зарагдаж явдаг хүн. Хүнд тусархуу, ямар нэгэн муу ааш зангүй, хааяа архи уудаг согтохоороо агсам согтуу тавиад байдаггүй унтаад өгдөг юм. 1996 онд эхнэр авч байл гэр болоод салаад түүнээс хойш амьдрал зохиож байгаагүй, өөрийн төрсөн хүүхэд байхгүй...,

яллагдагч Ц.Б-гийн ...би тухайн үедээ архи уугаад их согтсон болохоор яг болсон явдлыг сайн санахгүй байгаа юм. Би маргааш ньь мэдсэн. Уг нь бол надад хохирогч Т.Алтансүхэд хохирол учруулах ямар нэгэн санаа зорилго байхгүй болно. Би өөрийн буруутай үйлдлээ ойлгож мэдэж байгаа болно... гэсэн мэдүүлгүүд,  

 

шинжээчийн 2018 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 14428 дугаартай ...Т.Алтансүхийн биед баруун, зүүн бугалга, хүзүү, нуруу, цээж, баруун гарын 3, 4 дүгээр хурууны зүсэгдсэн шарх бүхий хөнгөн зэргийн гэмтэл тогтоогдлоо...,

шинжээчийн 2019 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 05 дугаартай ...шинжилгээнд ирүүлсэн хар хөх өнгийн өвлийн куртикинд урагдал зүсэлт үүссэн байна. шинжилгээнд ирүүлсэн хувцсанд татаж чангаах хүчний, хатуу үзүүртэй зүйлийн үйлчлэлээр тус тус гарсан шинэ урагдалт, ханзралт, гогдолт, зүсэлтүүд байгаа... талаарх дүгнэлтүүд, төв аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 05 тоот дүгнэлтэд хавсаргах зургийн үзүүлэлтүүд, гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, хувцсанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, 2 дугаар багийн засаг даргын тодорхойлолт, хохирогчийн цахим иргэний үнэмлэхийн хуулбар, шүүгдэгчийн хувийн байдлыг тодруулсан баримтууд, хохирогч Т.Алтансүхийн болон шүүгдэгч Ц.Б нарын хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлт зэрэг бусад бичгийн нотлох баримтуудаар тус тус тогтоогдсон байна.

  

Түүнчлэн дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу олж авсан, цуглуулж, бэхжүүлж, шалгасан, шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдэж, шүүх хуралдаанд талуудын хүсэлтээр шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтууд болно. 

 

            Прокуророос шүүгдэгч Ц.Б-д холбогдох эрүүгийн 1834009700015 дугаартай хэргийн яллагдагч Ц.Б-гийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг, хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлт, хохирогч Т.Алтансүх нь түүнтэй эвлэрсэн тухай хүсэлт зэргийг үндэслэн хэргийн зүйлчлэл, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх саналыг яллагдагчид танилцуулж, яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шилжүүлжээ.  

 

Шүүх хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр саналтай ирүүлсэн хэргийг хүлээн авч шүүх хуралдаанаар хэлэлцэж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17 дугаар бүлэгт заасан нөхцөлүүдийг хянаж үзэхэд дээрх нөхцөлүүдийн аль нэг нь хангагдаагүй гэх үндэслэл тогтоогдоогүй тул хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой байна.

 

Шүүхээс дээрх нөхцөл байдалд хийсэн хууль зүйн дүгнэлт болон гэм буруугийн талаар:

            Шүүх шүүгдэгч Ц.Б нь Т.Алтансүхийн эрүүл мэндэд биед баруун, зүүн бугалга, хүзүү, нуруу, цээж, баруун гарын 3, 4 дүгээр хурууны зүсэгдсэн шарх бүхий хөнгөн хохирол учруулсан үйлдэл, эс үйлдэхүй нь хууль бус шинжтэй, өөрөө түүнийг хүсч үйлдсэн, дээрх хөнгөн хохиролд зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай үйлдэл тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангасан, прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон, яллах дүгнэлт хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий шаардлагыг хангасан байна.

 

Иймд шүүгдэгч Ц.Б-гийн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй.

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

Шүүгдэгч Ц.Б-гийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Т.Алтансүхийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байна. 

 

Шүүгдэгч Ц.Б хохирогч Т.Алтансүхтэй эвлэрсэн тухай хүсэлт, хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр гаргасан хүсэлт зэргээр нотлогдож байх тул шүүгдэгч Ц.Б нь энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүх шүүгдэгч Ц.Б-д хуульд заасан ял шийтгэлийг оногдуулахдаа хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг, харин анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон ба мөн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан түүнд тухайн зүйл, хэсэг, заалтад заасны дагуу санал болгосон улсын яллагчийн торгох ялын хэмжээнд оногдуулах боломжтой гэж дүгнэлээ.

 

Шүүгдэгч Ц.Б нь цагдан хоригдсон хоноггүйг, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүйг, хохирогч нь шүүгдэгчид гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй, эвлэрснийг, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүйг, бичгийн баримт ирээгүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг тус тус дурдаж шийдвэрлэсэн болно.

 

Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1, 31.3.1., Эрүүгийн хэрэг

хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5., 36.2., 36.6., 36.7., 36.8.,

36.10., 36.13., 37.1 дүгээр зүйлийн 2., 38.2 дугаар зүйлийн

1 дэх хэсэгт заасан зүйл, заалтуудыг тус тус

удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Б овгийн Ц.Б-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол онц харгис хэрцгийгээр учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Шүүгдэгч Б овгийн Ц.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар есөн зуун нэгж буюу 900.000 /есөн зуун мянган/ төгрөгийн торгох ялаар шийтгэсүгэй.   

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Б овгийн Ц.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан есөн зуун нэгж буюу 900.000 /есөн зуун мянга/ төгрөгийн торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан хугацаанд биелүүлэхийг, биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгж буюу 15.000 /арван таван мянга/ төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг тус тус мэдэгдсүгэй. 

     

4. Шүүгдэгч Б овгийн Ц.Б-д шүүхээс оногдуулсан торгох ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг харьяа нутаг дэвсгэрийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

 

5. Шүүгдэгч Б овгийн Ц.Б нь цагдан хоригдсон хоноггүйг, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүйг, хохирогч Т.Алтансүх гомдол санал нэхэмжлэх зүйлгүйг, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүйг, бичгийн баримт ирээгүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг тус тус дурдсугай.   

 

6. Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Б овгийн Ц.Б-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.  

 

7. Шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор цагаатгах, шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулахыг, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлэхийг тус тус дурдсугай.

 

8. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Төв аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.

 

9. Анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Б овгийн Ц.Б-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.   

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             Ш.ГАНДАНСҮРЭН