Улсын дээд шүүхийн Тогтоол

2016 оны 01 сарын 04 өдөр

Дугаар 001/ХТ2016/0001

 

“А б” ХХК-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааныг Танхимын тэргүүн М.Батсуурь даргалж, шүүгч Х.Батсүрэн, О.Зандраа, П.Соёл-Эрдэнэ, Ч.Тунгалаг нарын бүрэлдэхүүнтэй хийж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 9 дүгээр сарын 08-ны өдрийн 532 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 501 дүгээр магадлалыг эс зөвшөөрч хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлоор “А б” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч С.Б, Б.Н нарт холбогдох захиргааны хэргийг шүүгч О.Зандраагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Нэхэмжлэгч “А б” ХХК-ийн захирал Н.Э шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “... А б” ХХК нь 2004 онд байгуулагдсан даатгалын зуучлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг компани юм. Манай компани Баянзүрх дүүрэгт харьяалагддаг бөгөөд манай компанийн 2010-2012 оны албан татвар ногдуулалт, төлөлтийн байдалд Баянзүрх дүүргийн Татварын хэлтсээс 2014 оны 01 дүгээр сард хяналт шалгалт хийсэн. Энэхүү шалгалтын дүнд 2014 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 24/0002845 дугаартай татварын улсын байцаагч Б.Н, С.Б нарын гаргасан актыг хүлээн авсан. Энэхүү актаар манай компанийг Татварын ерөнхий хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.3, Нэмэгдсэн өртгийн албан татварын хуулийн 17 дугаар зүйлийн 17.1, 17.2 дахь заалтуудыг зөрчсөн гэж үзээд 25,980,694 төгрөгийн татвар болон алданги тооцсон байна.

Үүнд, манай компанийг 2011 онд 36,155,900 төгрөгийн орлогоос, 2012 онд 132,818,500 төгрөгийн орлогоос нэмэгдсэн өртгийн албан татварыг тооцож, төсөвт төлөөгүй нь Татварын ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 1 дэх заалтыг зөрчсөн хэмээн үзсэн байна. Манай компани даатгалын зуучлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг бөгөөд Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд даатгалын компанийг нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгчөөс чөлөөлсөн байдаг тул урьд онуудад нэмэгдсэн өртгийн албан татвар төлдөггүй байсан. Учир нь даатгалын зуучлалын орлого нь даатгалын эрсдэлийг хаах зорилгоор актуар тооцооллыг үндэслэн тооцсон нэмэгдсэн өртгийн албан татвар шингээгүй даатгалын хураамжийн орлогын хэсэг юм. Даатгуулагчаас даатгагчид төлж байгаа даатгалын хураамжид зуучлалын үйл ажиллагааны зардал болон нэмэгдсэн өртгийн албан татварын зардал шингээгүй байдаг. Иймээс даатгалын зуучлалын компаниуд урьд онуудын татвар төлөлтөд нөхөн нэмэгдсэн өртгийн албан татвар төлөх боломжгүй.

... Одоогийн байдлаар Монголд даатгалын зуучлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг 32 мэргэжлийн оролцогч /үүнээс 8 нь банк/ компани байгаа бөгөөд эдгээр компанийн алинаас нь ч нэмэгдсэн өртгийн албан татвар авах талаар асуудал үүсээгүй байгаа юм. Иймд бид татварын байцаагчийн акт нь улс орны эдийн засгийн нөхцөл байдлаас үүдэж төсвийн орлогыг бүрдүүлэх зорилгоор урьд онуудад төлдөггүй байсан нэмэгдсэн өртгийн албан татварыг нөхөн төлүүлэхээр гаргасан шийдвэр хэмээн үзэж байна.

Манай компани нь даатгалын зуучлалын үйл ажиллагаа эрхлэх 232/26 дугаартай тусгай зөвшөөрлийг Санхүүгийн зохицуулах хорооноос 2009 онд авсан бөгөөд Санхүүгийн зохицуулах хороо нь даатгалын мэргэжлийн оролцогч компанийн сар бүрийн орлогын мэдээ, улирал бүрийн санхүүгийн тайлан, мөн Даатгалын зуучлагч компанийн орлогын дэлгэрэнгүй тайланг Д8, Д8-А маягтын дагуу тус тус авч бидний үйл ажиллагаанд тогтмол хяналт тавьж ажилладаг. Даатгалын зуучлагч компани нь нэмэгдсэн өртгийн албан татвар төлөхгүй байх талаар Санхүүгийн зохицуулах хороо бидэнтэй адил саналтай байгаа бөгөөд энэ тухайгаа илэрхийлсэн албан тоотыг Сангийн яаманд явуулж байсан. Төрийн компаниуд энэ асуудал дээр зөрүүтэй байр суурьтай байгаагийн шалтгааныг бид тодруулахыг хүсч байна.

Дээр дурдсан шалтгаануудын улмаас манай компани татварын улсын байцаагчийн актыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул татварын улсын байцаагчийн 2014 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 24/0002845 дугаар актын нэмэгдсэн өртгийн албан татвартай холбоотой хэсгийг буюу 25.383.311 төгрөгийг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

Хариуцагч Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч С.Б шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Баянзүрх дүүргийн Татварын хэлтэстэй харьцдаг, 2746468 регистрын дугаартай, даатгал, давхар даатгалын зуучлагчийн үйл ажиллагаа эрхэлдэг “Асимон даатгал брокерс” ХХК-ийн 2009 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 2012 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуусталх хугацааны албан татвар ногдуулалт, төлөлтийн байдалд хяналт шалгалтын даргын олгосон 24140200103 тоот томилолтын дагуу иж бүрэн шалгалт хийж, 2014 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн татварын улсын байцаагчийн 24/0002845 дугаар актыг тогтоосон.

Шалгалтаар нийт 173,780.5 мянган төгрөгийн зөрчил илэрснээс Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4, 7.4.7-д заасныг тус тус үндэслэн 168,974.4 мянган төгрөгийн нэмэгдсэн өртөгийн албан татварын зөрчилд 16,888.4 төгрөгийн нөхөн татвар, 8,444.2 мянган төгрөгийн торгууль, 50,6 мянган төгрөгийн хүү, нийт 25,383.3 мянган төгрөгийн төлбөр төлүүлэхээр тогтоосон. Татвар төлөгч нь өөрсдийн үйл ажиллагааг даатгалын үйл ажиллагаа гэж үзэн Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.6.3-т хамаарна гэж тайлбар өгсөн. Энэ тайлбараа Даатгалын мэргэжлийн оролцогчийн тухай хуульд үндэслэн тайлбарлажээ.

Гэвч, Татварын ерөнхий хуулийн 3 дугаар зүйлийн 3.2-т “Дор дурьдсанаас бусад тохиолдолд татвар бий болгох, өөрчлөх, чөлөөлөх, хөнгөлөх, ногдуулах, төлөхтэй холбогдсон харилцааг зөвхөн татварын хуулиар зохицуулна;”, Нэмэгдсэн өртгийн албан татварын хуулийн 8 дугаар зүйлийн 8.2-т “энэ
хуулийн 7 дугаар зүйлд заасан орлогод албан татвар ногдуулах мөн хуулийн 13
дугаар зүйлд заасны дагуу уг албан татвараас чөлөөлөхдөө “Эдийн засгийн бүх

төрлийн үйл ажиллагааны салбарын ангилал”-ыг баримтална” гэж заажээ. Энэхүү ангиллыг үзэхэд Даатгалын зуучлал нь 651 буюу даатгалын үйл ажиллагааны ангилалд багтахгүй байгаа ба даатгалын зуучлал /6622/ үйлчилгээ нь /66-д/ санхүүгийн бусад үйлчилгээнд хамаарахыг заажээ. Иймд нэмэгдсэн өртгийн албан татвар ногдоно.

Даатгалын хураамжид нэмэгдсэн өртгийн албан татвар ногдохгүй. Тиймээс зуучлалд нь нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулахад аливаа татварын давхардлыг гаргахгүй ба зуучлалын үйлчилгээ нь Нэмэгдсэн өртгийн
албан татварын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4-т “Монгол улсын нутаг
дэвсгэрт гүйцэтгэсэн ажил, үзүүлсэн үйлчилгээ” гэсэнд орно” гэжээ.

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 9 дүгээр сарын 08-ны өдрийн 532 дугаар шийдвэрээр Татварын ерөнхий хуулийн 3 дугаар зүйлийн 3.2, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4, 8 дугаар зүйлийн 8.2, 8.3, 13 дугаар зүйлийн 13.6.3-т заасныг баримтлан нэхэмжлэгч “А б” ХХК-ийн “Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагчийн 2014 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 24/0002845 тоот актын нэмэгдсэн өртгийн албан татвартай холбоотой хэсгийг буюу 25 383 311 төгрөгийг хүчингүй болгуулах”-ыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон байна.

Нэхэмжлэгчийн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын дагуу Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх хэргийг хянан хэлэлцээд 2015 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 501 дүгээр магадлалаар Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 9 дүгээр сарын 08-ны өдрийн 532 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.2, 8.3, 13 дугаар зүйлийн 13.6.3-т заасныг баримтлан нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагчийн 2014 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 24/0002845 дугаар актаар тогтоосон төлбөрийг нэмэгдсэн өртгийн албан татвартай холбоотой хэсгээр буюу 25.383.211 төгрөгөөр бууруулжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б хяналтын журмаар гаргасан гомдолдоо: “... Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 04-ны өдрийн 501 дүгээр магадлалыг хууль бус, хэт нэг талыг барьсан, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг дутуу үнэлсэн, хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хууль тогтоомжийг буруу тайлбарлан хэрэглэсэн шийдвэр болсон гэж үзэж байна.

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх магадлалдаа нэхэмжлэгч давж заалдах гомдлыг дэлгэрэнгүй тусгаж, хэрэг хянан шийдвэрлэхдээ хэт нэг талд ач холбогдол өгч шийдвэрлэсэн байна. Нэхэмжлэгч гомдолдоо өмнө нь төлдөггүй байсан, ижил төрлийн үйл ажиллагаа явуулдаг компаниуд төлөөгүй байгаа, тэгш эрхийн зарчим алдагдаж байгаа, Санхүүгийн зохицуулах хороо татвар төлөхийг дэмжихгүй байгаа гэх мэт хууль зүйн үндэслэлгүй шаардлага, хүсэлт гаргаж байна.

“А б д” ХХК нь өмнөх онуудад нэмэгдсэн өртгийн албан татвар төлдөггүй байсан гэжээ. Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д “Монгол Улсын нутаг дэвсгэрт бараа импортолсон болон экспортолсон этгээд, түүнчлэн бараа үйлдвэрлэсэн буюу бараа борлуулсан, ажил гүйцэтгэсэн, үйлчилгээ үзүүлсэн иргэн, хуулийн этгээд нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгч байна” гэж хуульчилсан атал дээрх компани нь өмнөх он жилүүдэд татварын хууль тогтоомж зөрчин нэмэгдсэн өрттийн албан татвар төлөгчөөр бүртгүүлээгүй нь уг татвараас чөлөөлөгдөх үндэслэл болохгүй гэж үзэж байна. Учир нь Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д “Энэ хуулийн 4.1.10-т заасан нөхцөл хангасан этгээд ажлын 3 хоногт багтаан нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгчөөр бүртгүүлэх өргөдлөө харьяалах татварын албанд гаргана. Хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.10-т “… 10.0 сая ба түүнээс дээш төгрөгт хүрсэн өдрийн дараа сарын эхний өдрийг:” гэж хуульчилж өгсөн байна. Иймээс нэхэмжлэгч талын “өмнөх жилүүдэд авдаггүй байсан” гэх гомдол нь тухайн компанийн удирдлага хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүйтэй холбоотой байна.

Санхүүгийн зохицуулах хороо үйл ажиллагаанд нь хяналт тавьж, нэмэгдсэн өртгийн албан татвар төлөхгүй байгаатай бидэнтэй санал нэг байдаг гэжээ.

Санхүүгийн зохицуулах хороо ажил мэргэжлийн хувьд даатгалын зуучлагч компаниудыг удирдан чиглүүлж, зөвшөөрөл олгодог Улсын Их Хурлын дэргэдэх байгууллага хэдий ч хууль тогтоох, улмаар батлагдан мөрдөгдөж буй хуульд ямарваа нэгэн тайлбар хийдэг эрх бүхий байгууллага биш болно. Тийм ч учраас Татварын ерөнхий хуулийн 3 дугаар зүйлд татвар бий болгох, өөрчлөх, чөлөөлөх, хүчингүй болгох эрх нь зөвхөн Улсын Их Хуралд байхаар хуульчлан өгсөн байдаг. Гэтэл давж заалдах шатны шүүхийн 501 дүгээр магадлалын ХЯНАВАЛ хэсэгт “… Энэ талаар даатгал, даатгалын зуучлалын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгож, тэдгээр үйл ажиллагааг эрхлэх дүрмийг /түүний дотор даатгалын хэмжээ, даатгалын хураамжийг хэмжээ тооцох аргачлал/ батлан хэрэгжүүлдэг, түүнийхээ төлөө үндсэн дээр хяналт тавих чиг үүргийг хуулиар хэрэгжүүлдэг байгууллага болох Санхүүгийн зохицуулах хорооноос байр сууриа илэрхийлж “даатгалын зуучлагч компанийн орлого нь даатгалын эрсдлийг хаах зорилгоор актаар тооцооллыг үндэслэн тооцсон, нэмэгдсэн өртгийн албан татвар шингээгүй даатгалын хураамжийн орлогын хэсэг болох”-ыг илэрхийлж Татварын байгууллагад удаа дараа хандаж байжээ. /ХХ-10-12/” гэжээ. Өнөө үед ашгийн биш зөвхөн даатгалын эрсдлийг хаах зорилго бүхий хувийн өмчит компани үйл ажиллагаа явуулдаг гэхэд итгэмгүй байна.

Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.4-т “Дор дурдсан үйл ажиллагааг “үйлчилгээ үзүүлсэн”-д хамааруулна:”, 7.4.7-д “… зуучлалын үйлчилгээ үзүүлэх:” гэж заасан байна. Нөгөө талаас энэхүү хэрэг маргаан нь татварын, бүр нэмэгдсэн өртгийн татвартай холбогдол бүхий байтал давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн Санхүүгийн зохицуулах хороо даатгалын байгууллагын үйл ажиллагаа, эрх зүйн байдлыг хянан үзэж, тайлбарласан нь ойлгомжгүй байна.

Мөн түүнчлэн магадлалын хянавал хэсэгт “Үүнээс гадна шүүх маргааны үйл баримтад хүчин төгөлдөр үйлчилж эхлээгүй буюу Улсын Их Хурлаас 2015 оны 7 дугаар сарын 09-ний өдөр шинэчлэн найруулж, 2016 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс дагаж мөрдөх Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.5.3 /даатгал, даатгалын зуучлал, давхар даатгал…/ дахь заалтыг үндэслэн дүгнэлт хийх боломжгүй.” Гэжээ. Анхан шатны шүүх хурлын мэтгэлцээний явцад нэхэмжлэгч талаас хуульд шинээр туссан дээрх нэмэлтийн талаар мэдэгдэж, тайлбарлаж байсан бөгөөд анхан шатны шүүх шийдвэртээ нэхэмжлэгч талд тайлбарлах замаар байх шийдвэрийнхээ дүгнэх хэсэгт тусгасан гэж ойлгож байна.

“А б д” ХХК-ийн захирал Н.Э анхан шатны шүүх хуралдаанд мэтгэлцэхдээ “Даатгалын зуучлал”-ын үйл ажиллагаа нь Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.6.3-т “даатгал, давхар даатгал, эд хөрөнгийн бүртгэлийн үйлчилгээ:”-нд хамрагдах ёстой гэж мэдүүлж байсан. Харин Даатгалын мэргэжлийн оролцогчийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.2.3-т “Даатгалын зуучлагч” гэж даатгагч болон даатгуулагчаас олгосон бүрэн эрхийн дагуу түүний ашиг сонирхлын төлөө хэлцэл хийх этгээдтэй холбож өгөх, үүнийхээ төлөө хөлс, шагнал авах эрх бүхий этгээдийг гэж хуульчилсан, Даатгалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1-д “даатгалын үйл ажиллагаа” гэж даатгалын гэрээний дагуу даатгагч нь даатгалын тохиол үүсэхэд учирсан хохирол буюу хэлэлцэн тохирсон даатгалын нөхөн төлбөрийн нөхөн төлөх үүргийг тодорхой этгээдийн өмнө хүлээж буй ажиллагааг:” гэсэн байна.

Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.2-т “Энэ хуулийн 7 дугаар зүйлд заасан орлогод албан татвар ногдуулах, мөн хуулийн 13 дугаар зүйлд заасны дагуу уг албан татвараас чөлөөлөхдөө “Эдийн засгийн бүх төрлийн үйл ажиллагааны салбарын ангилал”-ыг баримтлана.” Гэжээ. Харин “даатгалын зуучлал”-ын үйл ажиллагаа, үйлчилгээ нь санхүүгийн бусад үйлчилгээнд хамаарч байгаа болно.

Иймд Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 501 дүгээр магадлалыг хүчингүй болгож, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 9 дүгээр сарын 08-ны өдрийн 532 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үүгэжээ.

ХЯНАВАЛ:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, “А б” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хангасан давж заалдах шатны шүүхийн магадлал Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.2-т “нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон анхан шатын шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг буюу бүгдийг хангах;” гэж заасантай нийцээгүйн гадна тухайн шүүх хэрэглэвэл зохих Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.2, 8.3, 13 дугаар зүйлийн 13.6.3-т заасныг буруу тайлбарлаж хэрэглэсэн байна.

Тухайлбал, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.2-т “Энэ хуулийн 7 дугаар зүйлд заасан орлогод албан татвар ногдуулах, мөн хуулийн 13 дугаар зүйлд заасны дагуу уг албан татвараас чөлөөлөхдөө "Эдийн засгийн бүх төрлийн үйл ажиллагааны салбарын ангилал"-ыг баримтална”, мөн зүйлийн 8.3-т “Энэ хуулийн 8.2-т заасан “Ангилал"-ыг санхүүгийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална” гэж заажээ.

Хуулийн дээрх заалтыг хэрэгжүүлэх зорилгоор Монгол Улсын Сангийн сайдын 2011 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн 10 дугаар тушаалын 1 дүгээр хавсралтаар “Эдийн засгийн бүх төрлийн үйл ажиллагааны салбарын ангилал”-ыг баталж мөрдүүлсэн байна.

“Эдийн засгийн бүх төрлийн үйл ажиллагааны салбарын ангилал”-ын 65 дугаар дэд салбарын 651 дүгээр бүлгийн “Даатгалын үйл ажиллагаа” гэсэн хэсэгт даатгалын зуучлагчийн үйл ажиллагааг хамааруулж ангилаагүй, харин уг ангилалын 66 дугаар дэд салбарын “Санхүүгийн бусад үйл ажиллагаа” гэсэн хэсгийн 662 дугаар бүлгийн 6622 дугаарт даатгалын зуучлагчийн үйл ажиллагааг хамааруулж ангилснаас үзэхэд Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.6.3-т “даатгал, давхар даатгал, эд хөрөнгийн бүртгэлийн үйлчилгээ;” гэсэн заалтыг хэрэглэж, нэхэмжлэгч “А б” ХХК-ийн даатгалын зуучлагчийн үйлчилгээг нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх хууль зүйн үндэслэлгүй юм.

Учир нь Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.6.3 дахь хэсгийн заалтыг мөн хуулийн 8 дугаар зүйлийн 8.2, 8.3-т заасантай уялдуулж, нэгдмэл байдлаар хамтатган хэрэглэхээр байна.

Даатгалын мэргэжлийн оролцогчийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.2.3-т ““даатгалын зуучлагч” гэж даатгагч болон даатгуулагчаас олгосон бүрэн эрхийн дагуу, түүний ашиг сонирхлын төлөө, хэлцэл хийх этгээдтэй холбож өгөх, үүнийхээ төлөө хөлс, шагнал авах эрх бүхий этгээдийг;” гэж тодорхойлсон, мөн хуулийн 8 дугаар зүйлийн 8.1 дэх хэсгийн 8.1.2-т заасны дагуу даатгалын мэргэжлийн оролцогчийн үйл ажиллагааны тусгай зөвшөөрөлтэйгөөр даатгалын зуучлагчийн үйл ажиллагаа эрхлэгч “А б” ХХК нь 2011 онд 36,155.9 мянган төгрөгийн, 2012 онд 132,818.5 мянган төгрөгийн орлоготой ажилласан болох нь хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудаар тогтоогджээ.

Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4-т “Монгол Улсын нутаг дэвсгэрт гүйцэтгэсэн ажил, үзүүлсэн үйлчилгээ” гэж, 7.4.7-д “... зуучлагчийн үйлчилгээ үзүүлэх;” гэж тус тус заасан учир “А б” ХХК-ийн эрхлэн гүйцэтгэдэг даатгалын зуучлагчийн үйл ажиллагаа нь нэмэгдсэн өртгийн албан татвар ногдох ажил, үйлчилгээнд хамаарахаар байна.

Татварын ерөнхий хууль болон Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн холбогдох заалтуудад үндэслэсэн Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч нарын 2014 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 24/0006845 дугаар актын нэмэгдсэн өртгийн албан татвартай холбогдох хэсгийг бүхэлд нь хүчингүй болгох боломжгүй юм.

Анхан шатны шүүх Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн холбогдох заалтуудыг зөв тайлбарлаж хэрэглэсэн боловч татварын улсын байцаагч нарын 2014 оны 24/0002845 дугаар актын нэмэгдсэн өртгийн албан татвартай холбоотой хэсгийг хүчингүй болгуулах тухай “А б” ХХК-ийн нэхэмжлэлийг хянан шийдвэрлэхдээ Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.3-т “Хууль тогтоомж зөрчиж захиргааны зөрчил гаргасан болон шийтгэл хүлээсэн этгээдийг өршөөн хэлтрүүлнэ” гэсэн заалтыг хэрэглэж дээрх төлбөр тогтоосон актын дүнг 8,558,398 төгрөгийн торгууль, 102,590 төгрөгийн алданги, 50,666 төгрөгийн хүү, нийт 8,711,654 төгрөгөөр багасгаагүй байна.

Иймээс хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн хуулийн зөвлөх Б.Б-ын магадлалыг хүчингүй болгох тухай хяналтын гомдлыг хангаж, шийдвэрийг хэвээр үлдээх үндэслэл байхгүй тул өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.

Нэхэмжлэгч болон хариуцагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нарт хяналтын шатны шүүх хуралдааны товыг урдчилан мэдэгдсэн боловч шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй учир Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 175 дугаар зүйлийн 175.2-т “Зохигч ... тэдгээрийн төлөөлөгч ... шүүх хуралдаанд ирээгүй явдал хэргийг хянан шийдвэрлэхэд саад болохгүй” гэсний дагуу хэргийг хянан хэлэлцсэн болно.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 91 дүгээр зүйлийн 91.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 501 дүгээр магадлалыг бүхэлд нь хүчингүй болгож, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 9 дүгээр сарын 08-ны өдрийн 532 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн “1.” гэсний дараа “Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.3, ...” гэсэн нэмэлт оруулж, “... нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.” гэснийг “... нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж, татварын улсын байцаагч нарын 2014 оны 24/0002845 дугаар актын төлбөрийн дүнг 8,711,654 төгрөгөөр багасгасугай.” гэж өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагч тэмдэгтийн хураамж төлөөгүйг дурдсугай.

 

 

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                                      М.БАТСУУРЬ

 

ШҮҮГЧ                                                                                   О.ЗАНДРАА