Сүхбаатар аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2017 оны 04 сарын 14 өдөр

Дугаар 05

 

 

 

 

 

 

 

Нэхэмжлэгч, хариуцагч нарын 
эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй 
болгох тухай

Сүхбаатар аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Цэрэнханд би Сүхбаатар аймгийн Түвшинширээ сумын 1 дүгээр багийн иргэн Ш.Дүүрэнбилэгийн нэхэмжлэлтэй, тус сумын Засаг даргын Тамгын газрын даргад холбогдох “Сүхбаатар аймгийн Түвшинширээ сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2017 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн Б/04 тоот тушаалыг хүчингүй болгуулж, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага бүхий захиргааны хэрэгт хянан шийдвэрлэх ажиллагаа явуулаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ш.Дүүрэнбилэг, хариуцагч Түвшинширээ сумын Засаг даргын Тамгын газрын дарга Ц.Ренчинмядаг нар бичгээр байгуулсан эвлэрлийн гэрээндээ:

Шагдар овогтой Дүүрэнбилэгийн нэхэмжлэлтэй, Түвшинширээ сумын Засаг даргын Тамгын газрын дарга Цогтоо овогтой Ренчинмядагт холбогдох “Ш.Дүүрэнбилэгийг эгүүлэн ажилд томилох, ажилгүй байсан хугацааны цалинг олгуулах” нэхэмжлэлтэй хэрэгт дараах байдлаар эвлэрлийн гэрээ байгуулж байна. 
Үүнд: 
1. Ш.Дүүрэнбилэгийг 2017 оны 04 дүгээр сарын 10-ны өдрөөс Тамгын газрын даргын Б/07 дугаар тушаалаар Хүн ам зүй, нийгмийн хамгааллын бодлого хариуцсан мэргэжилтний ажлын байранд эгүүлэн томилох

2. Ажилгүй байх хугацааны цалингийн 50 хувь болох 650.000 төгрөгийг 2017 оны 06 дугаар сарын 01-ний өдрийн дотор нөхөн олгох гэсэн шаардлагад эвлэрч гэрээ байгуулав гэжээ. 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Ш.Дүүрэнбилэг нь “Сүхбаатар аймгийн Түвшинширээ сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2017 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн Б/04 тоот тушаалыг хүчингүй болгуулж, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг шүүхэд гаргасан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу 2017 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр нэхэмжлэгч, хариуцагч нар нь харилцан тохиролцож, эвлэрлийн гэрээг бичгээр байгуулан шүүхэд ирүүлжээ. 
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар  зүйлийн 20.1.1, 21 дүгээр зүйлийн 21.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч, хариуцагч нар нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд харилцан тохиролцож эвлэрэх эрхтэй бөгөөд эвлэрсэн тохиролцоогоо бичгээр илэрхийлж маргаанаа дуусгавар болгож байгаа нь хуульд харшлаагүй, бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 68 дугаар зүйлийн 68.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч, хариуцагч нарын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 68 дугаар зүйлийн 68.1, 68.4 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Ш.Дүүрэнбилэг, хариуцагч Сүхбаатар аймгийн Түвшинширээ сумын Засаг даргын Тамгын газрын дарга Ц.Ренчинмядаг нарын

а. Ш.Дүүрэнбилэгийг 2017 оны 04 дүгээр сарын 10-ны өдрөөс Тамгын газрын даргын Б/07 дугаар тушаалаар Хүн ам зүй, нийгмийн хамгааллын бодлого хариуцсан мэргэжилтний ажлын байранд эгүүлэн томилох

б. Ажилгүй байх хугацааны цалингийн 50 хувь болох 650.000 төгрөгийг 2017 оны 06 дугаар сарын 01-ний өдрийн дотор нөхөн олгох гэсэн нөхцөлтэй байгуулсан эвлэрлийг баталж “Сүхбаатар аймгийн Түвшинширээ сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2017 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн Б/04 тоот тушаалыг хүчингүй болгуулж, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага бүхий захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Ш.Дүүрэнбилэгээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2 дахь хэсэгт заасны дагуу талуудын эвлэрлийг баталсан шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлэх болохыг дурдсугай.

 

 

ШҮҮГЧ                     Б.ЦЭРЭНХАНД