Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 06 сарын 03 өдөр

Дугаар 1101

 

 Хийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Дэлгэрцэцэг даргалж, шүүгч Т.Туяа, А.Отгонцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 101/ШШ2016/03209 дүгээр шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Хийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч “ХХХ” ХХК-д холбогдох,

 

Зээлийн гэрээний үүрэг, хохиролд 83 209 520 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй,

Хохирол 24 329 500 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг,

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч ХХын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч А.Отгонцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Нэхэмжлэгч шүүхэд болон түүний өмгөөлөгч ХХ шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие “ХХХ” ХХК-тай 2013 оны 05 дугаар сарын 28-ны өдөр 1307 тоот зээлийн гэрээ байгуулан 40 000 000 төгрөгийг 30 хоногийн хугацаатай, 5 хувийн хүүтэй зээлж авсан. Мөн оны 05 дугаар сарын 28-ны өдөр 1307/07 тоот барьцааны гэрээ байгуулж 2008 онд үйлдвэрлэгдсэн Lexsus LX 570 маркийн 09-27 УНХ автомашиныг барьцаалсан. Тус зээл дээр нэмж 2013 оны 05 дугаар сарын 31-ний өдөр 10 000 000 төгрөг, 2015 оны 08 дугаар сарын 05-ны өдөр 2 000 000 төгрөг, нийт 52 000 000 төгрөгийн зээл авсан. “ХХХ” ХХК нь надад мэдэгдэлгүй, зөвшөөрөл авалгүйгээр дур мэдэн миний автомашиныг худалдан борлуулсан байна.

Энэ автомашин нь өндөр үнэтэй ба ийнхүү худалдан борлуулж миний эрх ашгийг ноцтойгоор зөрчиж эд хөрөнгөд хохирол учруулаад байна.

Х нь зээлийн гэрээний үүргийн дагуу эргэн төлөлтөө графикийн дагуу төлж байсан, Lexsus LX 570 маркийн автомашиныг 72 000 ам.доллароор 2013 оны 03 дугаар сард худалдан авч байсан. Нэхэмжлэл гаргах үеийн буюу 2015 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн Монгол банкны 1 ам.долларын ханш 1 877.91 төгрөгөөр 72 000 ам.долларыг бодоход 135 209 520 төгрөг болж байна. Автомашиныг худалдаж авсан үнэ 135 209 520 төгрөгөөс зээлийн төлбөр 52 000 000 төгрөгийг хасаад 83 209 520 төгрөгийг “ХХХ” ХХК-иас гаргуулахаар нэхэмжилсэн.

“ХХХ” ХХК нь барьцаалан зээлдүүлэх үйл ажиллагаа явуулах зөвшөөрөлгүй болох нь Баянгол, Баянзүрх дүүргийн Засаг дарга нарын тодорхойлолтоор тогтоогдож байна. Учир нь, Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдийн 2014 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 07 дугаар тогтоолоор батлагдсан “Нийслэлийн худалдаа үйлчилгээний нийтлэг журам, Стандартчлал, хэмжилзүйн үндэсний зөвлөлийн 2003 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 40 дүгээр тоггоолоор батлагдсан “Барьцаалан зээлдүүлэх үйлчилгээ” MNS 5274:2003 стандартыг зөрчсөн. Уг журам болон стандартаар барьцаалан зээлдүүлэх үйлчилгээг лицензийн үндсэн дээр явуулахаар заасан байхад “ХХХ” ХХК нь барьцаалан зээлдүүлэх үйлчилгээ явуулах эрхийг аваагүй байна. Иймд “ХХХ” ХХК-тай байгуулсан зээлийн гэрээг хууль зөрчсөн хүчингүй гэрээ гэж үзэж байна.

Зээлийн гэрээ хүчингүй тул талууд өгсөн авснаа буцаах хуулийн зохицуулалттай. Х нь 52 000 000 төгрөгийн зээл авч, зээлийн хүүд 22 064 100 төгрөгийг, алдангид 277 700 төгрөг төлснийг хасахад 29 658 200 төгрөг үлдэнэ. Нэхэмжлэгч тал “ХХХ” ХХК-ийг барьцаалсан Lexsus LX 570 маркийн 09-27 УНХ автомашиныг 75 000 000 төгрөгөөр худалдсаныг зөвшөөрч байгаа тул зээлээс төлөөгүй 29 658 200 төгрөгийг хасаж үлдэх 45 341 800 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж байна.

Хариуцагч шүүхэд болон түүний өмгөөлөгч ХХХХ шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Хийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Х нь “ХХХ” ХХК-тай байгуулсан 2013 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн зээлийн гэрээний үүргээ бүрэн биелүүлж, зээлийн гэрээ дуусгавар болсон. Иймээс энэ гэрээний үүрэгтэй холбоотойгоор шаардах эрхгүй. Харин 2013 оны 08 дугаар сарын 28-ны өдөр 1679 дугаартай зээлийн гэрээ байгуулж 55 525 000 төгрөг зээлсэн. Энэ гэрээний үүрэгтэй холбоотой шаардах эрхтэй юм. Уг гэрээгээр 55 525 000 төгрөгийг 30 хоногийн хугацаатай, 5 хувийн хүүтэй авсан.

Зээлийн гэрээний хугацааг 2013 оны 12 дугаар сарын 07-ны өдрөөс 2014 оны 06 дугаар сарын 11-ний өдрийг хүртэл сунгасан. Гэрээний хугацаа дууссанаас хойш зээлээ төлөхийг 3 cap хүлээсэн боловч огт төлөөгүй учраас барьцааны хөрөнгийг худалдан борлуулах мэдэгдлийг өгч, хөрөнгийн үнэлгээний компаниар автомашины зах зээлийн үнэлгээг тогтоолгож, манай компанитай худалдааны гэрээ байгуулсан ХХХХХээр дамжуулан 75 000 000 төгрөгөөр худалдан борлуулсан.

“ХХХ” ХХК нь барьцаалан зээлдүүлэх үйл ажиллагаа явуулах эрхтэй. Энэ нь улсын бүртгэлийн гэрчилгээгээр тогтоогдож байгаа. Мөн Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулиар барьцаалан зээлдүүлэх үйл ажиллагааг эрхлэхэд тусгай зөвшөөрөл авахаар зохицуулаагүй. Нэхэмжлэгч талын үндэслэл болгож байгаа “Нийслэлийн худалдаа үйлчилгээний нийтлэг журам”, “Барьцаалан зээлдүүлэх үйлчилгээ” MNS 5274:2003 стандарт нь барьцаалан зээлдүүлэх үйл ажиллагаа явуулахад тавих шаардлага. Иймд Зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй. Иймд Хийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: “ХХХ” ХХК нь 2013 оны 08 дугаар сарын 28-ны өдөр 50 000 000 төгрөгийг 30 хоногийн хугацаатай, 5 хувийн хүүтэйгээр, нэг өдрийн зогсоолын төлбөр 1000 төгрөг төлөхөөр харилцан тохиролцож Lexsus LX 570 маркийн 09-27 УНХ автомашиныг барьцаалан 1679 тоот зээлийн болон барьцааны гэрээ байгуулсан. Х нь зээлийн гэрээг cap бүр сунгасаар 2014 оны 05 дугаар сарын 12-ны өдөр хүртэл сунгаж, энэ хугацааны хүү нийт 22 064 100 төгрөгийг хугацаа хэтрүүлэн төлдөг байсан бөгөөд сүүлд 2014 оны 06 дугаар сарын 11-ний өдрийг хүртэл сунгаж талууд баримт үйлдсэн байгаа.

Зээлдэгч нь 2014 оны 05 дугаар сарын 12-ны өдрөөс 2014 оны 06 дугаар сарын 11-ний өдрийг хүртэл хугацааны хүү болох 2 750 250 төгрөг, үндсэн зээл 50 000 000 төгрөг, алдангийг төлөлгүй явсаар 3 cap гаруй хугацаа өнгөрсөн. Энэ хугацаанд Хоос зэалээ төлөхийг удаа дараа шаардаж байсан боловч төлөлт огт хийгээгүй тул “ХХХ” ХХК-ийн 1 зүгээс 2014 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр 1679 тоот албан бичгээр “...таны зээлийн гэрээний хугацаа дуусаад 109 хоногийн хугацаа өнгөрсөн байна... Өнөөдрийн байдлаар нийт төлбөр 93 205 700 төгрөг болсон тул төлбөрийг 7 хоногийн дотор төлж барагдуулахгүй бол автомашин зарагдах болсныг мэдэгдэж байна” гэсэн мэдэгдэл хүргүүлсээр байхад төлбөр огт хийгдээгүй. Үүнээс хойш Х нь зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй, төлбөрөө барагдуулаагүй “ХХХ” ХХК-ийг хохироосоор 8 cap гаруй хугацаа өнгөрсөн тул 2015 оны 02 дугаар сарын 04-ний өдөр 1679 тоот зээлийн гэрээний барьцааны зүйл болох Lexsus LX 570 маркийн 09-27 УНХ автомашиныг ХХХХХХд 75 000 000 төгрөгөөр худалдан борлуулсан.

Х нь зээл аваад 1 жил гаруй хугацаа өнгөрөхөд эхний 9 сарын хүүг л cap бүр хугацаа хэтрүүлэн төлсөн бөгөөд үндсэн зээл, зээлийн хүү, зогсоолын төлбөр, алданги, хугацаа хэтэрсэн хүүгийн төлбөрүүдээс өнөөдрийг хүртэл огт төлөөгүй. Иймд Иргэний хуулийн 281, 286 дугаар зүйлд заасны дагуу үндсэн зээл 55 525 000 төгрөг, 2014 оны 05 дугаар сарын 12-ны өдрөөс 2014 оны 06 дугаар сарын 11-ний өдөр хүртэлх хугацааны хүү 2 776 250 төгрөг, 2014 оны 09 дүгээр сарын 21-ний өдрөөс 2015 оны 02 дугаар сарын 04-ний өдөр хүртэл 138 хоногийн хүү 12 770 750 төгрөг, нийт хүү 15 547 000 төгрөг, зогсоолын төлбөр 495 000 төгрөг, алданги 27 762 500 төгрөг, нийт 99 329 500 төгрөг болж байгаа. Үүнээс автомашиныг худалдан борлуулсны үнэ 75 000 000 төгрөгийг хасаад үлдэгдэл төлбөр 24 329 500 төгрөгийг зээлдэгч Хоос гаргуулахаар нэхэмжилж байна гэжээ.

Нэхэмжлэгч сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбартаа: “ХХХ” ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй. Х нь 50 000 000 төгрөгийн зээлийг 1 сарын хугацаатай авсан. 2 000 000 төгрөгийг аваад буцааж төлсөн. 9 дүгээр сарын 18-ны өдөр 2 сарын хүү төлөөгүй гэж 5 525 000 төгрөгийн тооцоо гаргаж ирээд үүнийг төлүүлэхээр нэмж 5 525 000 төгрөгийн зээл авснаар зээлийн гэрээний ар талд бичиж гарын үсгийг нь зуруулсан. Тухайн нутагт үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөлгүй атлаа дур мэдэн үйл ажиллагаа явуулдаг. Энэ үйл ажиллагаагаа нуух зорилгоор “ХХХ” ХХК-ийн дансаар бус захирал ХХХХХХХ нь хувь хүн өөрийнхөө дансаар мөнгийг авч өгөлцөн үйл ажиллагаагаа явуулдаг. Хийн нэхэмжлэлийн шаардлага үндэслэлтэй тул хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 286 дугаар зүйлийн 286.3 дахь хэсэгт зааснаар Хийн “ХХХ” ХХК-д холбогдуулан автомашины үнийн зөрүү 83 209 520 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 286 дугаар зүйлийн 286.2, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт зааснаар “ХХХ” ХХК-ийн Хоос 24 329 500 төгрөг гаргуулахыг хүссэн сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч ХХ давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүх хуулийг буруу хэрэглэж, тайлбарласан. 2014 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр зээлдэгч Хид барьцааны зүйлийг “Мэдэгдэл” хүргүүлж 7 хоногийн дотор төлөхгүй бол барьцааны зүйлийг худалдан борлуулах талаар мэдэгдсэн гэх боловч 2014 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр Лексус-570 маркийн 09-27 УНХ улсын дугаартай автомашины тээврийн хэрэгслийн эзэмших эрхийг ХХХХХХХХийн нэр дээр “ХХХ” ХХК-иас шилжүүлэн өгсөн ба ХХХХХХХХ нь 2015 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийг хүртэл эзэмшиж байгаад ХХХХХХ гэдэг хүнд тээврийн хэрэгслийн эзэмших эрхийн гэрчилгээг шилжүүлэн өгсөн. Эндээс үзэхэд Хид мэдэгдэл өгөхөөс өмнө бусдад шилжүүлсэн болох нь тогтоогдож байгаа тул “ХХХ” ХХК нь худалдан борлуулах мэдэгдэл, зар сурталчилгааг Иргэний хуулийн 283 дугаар зүйлийн 286.3 дахь хэсэгт заасны дагуу явуулаагүй байна.

Баянзүрх дүүргийн ЗДТГ-ын Худалдаа, үйлчилгээний хэлтсийн 2016 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 6/669, Баянгол дүүргийн Засаг даргын орлогчийн 2016 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 11/745 албан тоотуудаар “ХХХ” ХХК нь тухайн дүүргүүдэд барьцаалан зээлдүүлэх үйл ажиллагаа явуулах бүртгэл, эрхгүй байсан байна.

“ХХХ” ХХК нь барьцаалан зээлдүүлэх үйл ажиллагааг эрхлэн явуулахын тулд Стандартчлал, Хэмжилзүйн үндэсний зөвлөлийн 2003 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 40 дүгээр тогтоолоор батлагдсан MNS-5274:2003 Монгол Улсын Стандартад тусгасан ажиллагааг явуулна. “ХХХ” ХХК нь холбогдох төр, захиргааны байгууллагад барьцаалан зээлдүүлэх үйл ажиллагаа явуулах талаар зөвшөөрөл, лиценз аваагүй тул “ХХХ” ХХК-иас авсан 52 000 000 төгрөгөөс Хийн төлсөн 22 064 100 төгрөгийг хасаж, үлдэгдэл 29 935 000 төгрөгийг Лексус-570 маркийн 09-27 УНХ улсын дугаартай автомашиныг худалдан борлуулсан үнэ болох 75 000 000 төгрөгөөр тооцож хасаад 45 064 100 төгрөг болж байгаа ба үүн дээр алданги гэж авсан 277 700 төгрөгийг нэмж 45 341 800 төгрөгийг “ХХХ” ХХК-иас гаргуулах нь хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байна гэжээ.

ХЯНАВАЛ:

            Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсгийн шаардлагад нийцсэн байна.

            Нэхэмжлэгч Х нь хариуцагч “ХХХ” ХХК-д холбогдуулан зээлийн гэрээний үүрэг, хохиролд 83 209 520 төгрөг гаргуулахаар, хариуцагч “ХХХ” ХХК нь Хоос хохирол 24 329 500 төгрөг гаргуулахаар тус тус шаарджээ.

            Нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэлээ зээлийн барьцааны хөрөнгө болох автомашиныг өмчлөгч надад мэдэгдэлгүй зарж борлуулан хохирол учруулсан, барьцаалан зээлдүүлэх үйл ажиллагаа явуулах эрхгүй тул зээлийн гэрээ хүчингүй гэж, хариуцагч нь зээлийн гэрээ хүчин төгөлдөр, барьцааны эд хөрөнгийг хуульд заасны дагуу худалдан борлуулсан үнэ нь зээлийн төлбөрийг барагдуулахад хүрэлцээгүй, компанид 24 329 500 төгрөгийн хохирол учирсан гэж марган мэтгэлцсэн байна.

            Нэхэмжлэгч Х нь 2013 оны 05 дугаар сарын 28-ны өдөр “ХХХ” ХХК-тай 1307 дугаартай зээлийн гэрээ болон барьцааны гэрээг байгуулж, 40 000 000 төгрөгийг, 2013 оны 5 дугаар сарын 31-ний өдөр 10 000 000 төгрөгийг, 2013 оны 8 дугаар сарын 05-ны өдөр нэмж 2 000 000 төгрөгийг тус тус сарын 5 хувийн хүүтэй зээлж, барьцаанд өөрийн Lexus-570 маркийн автомашиныг барьцаалжээ. /хх-6,7/

            Зохигчид 2013 оны 8 дугаар сарын 28-ны өдөр дээрх зээлийн гэрээний тооцоог нийлж, 1 сарын хугацаатай, 5 хувийн хүүтэй 50 000 000 төгрөгийн зээлийн болон барьцааны гэрээг  шинэчлэн байгуулснаар 5 дугаар сарын 28-ны өдрийн 1307 дугаар зээлийн гэрээ дуусгавар болсон, шинээр байгуулсан гэрээ нь 2014 оны 6 дугаар сарын 11-нийг хүртэл сунгагдаж, зээлдэгч нь зээлийн хүүг төлж байсан үйл баримт тогтоогджээ.

            Иймд зохигчдын хооронд байгуулсан 2013 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн зээлийн болон барьцааны гэрээг Иргэний хуулийн 196.1.1-д зааснаар байгуулагдсанд тооцох ба талууд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 286 дугаар зүйлийн 286.1, 286.2, 286.5, 156 дугаар зүйлийн 156.1 дэх хэсэгт зааснаар гэрээний нөхцлийг харилцан тохирч, зээл, зээлийн хүү төлөх үүрэг хариуцагчид үүссэн талаарх шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийсэн байна.

            2013 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн зээлийн гэрээний 12-т зээлийн гэрээг хэдэн ч удаа сунгаж болохоор заасны дагуу 2014 оны 6 дугаар сарын 11-ний өдрийг хүртэл сар тутам сунгаж, сунгах бүртээ хүүг төлж, нийт хүүний төлбөрт 22 341 800 төгрөг, алдангид 277 700 төгрөгийг төлсөн нь хэргийн баримтаар тогтоогдсон ба үндсэн зээл 55 525 000 төгрөг, зээлийн хүү 2 776 250 төгрөг, нийт 58 301 250 төгрөгийн төлбөрийн үлдэгдэлтэй байх тул нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт зааснаар төлбөр шаардах эрхтэй.

            Мөн зээлийн гэрээний 7-д барьцааны эд хөрөнгийн хадгалалт, хамгаалалтад хоног тутам 1 000 төгрөг төлөхөөр тохирсон тул уг төлбөрийг төлөх үүрэг гэрээгээр хариуцагчид үүссэн, нэхэмжлэгч 495 000 төгрөгийг шаардсан нь үндэслэлтэй байна.

            Зээлийн гэрээний 4-д төлбөрийг төлөөгүй хугацаа хэтрүүлсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиар тооцож алданги тооцохоор тохиролцсон тул “ХХХ” ХХК нь нь гэрээний заалт болон Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т заасны дагуу 2014 оны 6 дугаар сарын 11-ний өдрөөс автомашиныг зарагдах хүртэл хугацаагаар тооцон 27 762 500 төгрөг шаардсан нь үндэслэлтэй.

            Нэхэмжлэгч нь дээрх үндэслэлүүдээр төлбөр шаардах эрхтэй боловч барьцааны зүйл болох хариуцагч Хийн Lexus-570 маркийн автомашиныг 2015 оны 2 дугаар сарын 04-ний өдөр иргэн ХХХХХХд 75 000 000 төгрөгөөр худалдан борлуулсан байх тул нэхэмжилсэн төлбөрөөс уг үнийн дүнг хасч тооцох нь зүйтэй.

            Нэхэмжлэгч Х нь 2013 оны 8 дугаар сарын 28-ны өдөр гэрээ байгуулах үедээ барьцааны зүйл буюу автомашиныг худалдан борлуулах эрхийг итгэмжлэлээр “ХХХ” ХХК-ийн захирал ХХХХХХХт 3 жилийн хугацаатай олгосон, зээлийн гэрээг 2014 оны 6 дугаар сарын 11-ний өдрөөс хойш сунгаагүй, мөн үүнээс хойш төлбөр төлөгдөөгүй, зээлдүүлэгч нь барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах талаар 2014 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр Хид мэдэгдсэн, 2015 оны 1 дүгээр сарын 14-ний өдөр автомашины зах зээлийн үнэлгээг эрх бүхий этгээдээр үнэлүүлж, тогтоолгосон нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон ба талууд дурдсан үйл баримтын талаар маргаагүй.

            Хэргийн дээрх нөхцөл байдлуудыг цаг хугацааны хувьд харьцуулан үзвэл хариуцагч нь зээлийн гэрээ сунгалгүйгээр 2014 оны 6 дугаар сарын 11-нд дуусгавар болсон байхад барьцааны хөрөнгөөс төлбөрийг барагдуулалгүйгээр алдангийн хэмжээг өсгөх нөхцлийг өөрөө бүрдүүлсэн гэж үзэхээр байна.

            Шүүх хэргийн дээрх нөхцөл байдлуудыг үнэлж, алдангийн хэмжээг 16 203 750 төгрөгөөр багасган тогтоосон нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.8 дахь хэсэгт нийцэж байна.

            Дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас 75 000 000 төгрөгийг хангах үндэслэлтэй байх ба барьцааны хөрөнгийг борлуулсан үнэ буюу 75 000 000 төгрөгөөр төлбөрийг барагдуулсан гэж үзэх тул нэхэмжлэлийг бүхэлд хэрэгсэхгүй болгосон нь хууль зөрчөөгүй, үндэслэл бүхий болсон байна.

            Нэхэмжлэгч нь барьцааны эд хөрөнгийг худалдан борлуулах эрхийг итгэмжлэлээр хариуцагчид олгосноо үгүйсгээгүй тул автомашиныг мэдэгдэлгүйгээр борлуулснаас хохирол учирсан гэх түүний тайлбар нь үндэслэлгүй.

            Түүнчлэн талууд зээлийн болон барьцааны гэрээг харилцан тохиролцож, хуульд заасан хэлбэрээр байгуулан, үүргээ зөвшөөрөн гүйцэтгэж байсан, талуудын хооронд хуульд заасны дагуу гэрээний үүрэг үүссэн байх тул нэхэмжлэгчийн “ХХХ” ХХК барьцаалан зээлдүүлэх үйл ажиллагааг зөвшөөрөлгүйгээр явуулсан гэх үндэслэлээр гэрээ хүчингүй болно гэх тайлбарыг хүлээн авах үндэслэлгүй, анхан шатны шүүхийн дүгнэлт хууль зөрчөөгүй байна.

            Дээрх байдлаар барьцааны хөрөнгийг худалдан борлуулсан үнээр зээлийн төлбөрийг барагдуулсан гэж үзэх тул хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон зөв болно.

            Дээрх үндэслэлүүдээр шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгч ХХын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.   Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн 101/ШШ2016/03209 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгч ХХын  гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 384 659 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

                        ШҮҮГЧИД                                                  Т.ТУЯА

                                                                                           А.ОТГОНЦЭЦЭГ