Сэлэнгэ аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2016 оны 08 сарын 03 өдөр

Дугаар 417

 

Сэлэнгэ аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн, шүүгч Б.Мөнхзул би “ХААН” банкны Сэлэнгэ салбарын нэхэмжлэлтэй Э.Дашням, Э.Нямсүрэн нарт  холбогдох “зээлийн төлбөр 6.502.671 төгрөг гаргуулах” тухай иргэний хэргийг хүлээн авч танилцаад

ТОДОРХОЙЛОХ нь:        

Нэхэмжлэгч “ХААН” банкны Сэлэнгэ салбар нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч Э.Дашням, Э.Нямсүрэн нар нь “ХААН” банкны Сэлэнгэ салбарын харъяа Сүхбаатар Гааль тооцооны төвөөс 2014 оны 06 дугаар сарын 12-ны өдөр 13.000.000 төгрөгийг  сарын 1.4 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай цалингийн зээлийн ЗХ/170 тоот гэрээ байгуулан авсан бөгөөд зээлийн төлбөрийг сар бүр үндсэн зээл, хүүгийн хамт төлөх нөхцөлтэйгээр авсан. Зээлдэгч нь зээлийн гэрээний 2 дугаар зүйлийн 2.4.1-д заасны дагуу зээл, хүүг төлөх төлбөрийн хуваарийн дагуу үндсэн зээлд 6.497.329 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 3.306.051 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 1.170 төгрөг нийт 9.804.550 төгрөгийг төлсөн байна. Зээлдэгч нь гэрээ ёсоор төлөх төлбөрүүдийг хугацаандаа төлөөгүйн улмаас 65 хоног хугацаа хэтэрч банкны зүгээс зээл төлөх мэдэгдлийг 2015 оны 12 дугаар сарын 30-нд, 2016 оны 01 дүгээр сарын 14-нд тус тус хүргүүлсэн боловч өнөөдрийг хүртэл зээлийн төлбөрөө төлөөгүй байна. Иймд 2016 оны 06 дугаар сарын 20-ны өдрөөр тасалбар болгон зээлийн төлбөрийг гаргуулах

1.Үндсэн зээлийн үлдэгдэл-6.492.354 төгрөг

2.Зээлийн хүүгийн төлбөрт-10.317 төгрөг

3.Нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт-0 төгрөг 

4.Нотариатын үйлчилгээний төлбөрт-4000  төгрөг нийт 6.502.671 төгрөг гаргуулахаар нэхэмжилж байна гэжээ. 

Хариуцагч: Сэлэнгэ аймаг Сүхбаатар сум 2 дугаар баг 2 дугаар хэсэг 069 тоотод оршин суух Халх овогт Энхбатын Дашням /МЮ-91112452/ нь  шүүхэд гаргасан тайлбартаа:

Энхбат овогтой Дашням миний бие нь “ХААН” банкны шүүхэд гаргасан нэхэмжлэлийг хүлээн авлаа. Нэхэмжлэлийн шаардлага болох 6.502.671 төгрөгийг хүлээн зөвшөөрч байна. Уг мөнгийг өгөхөд татгалзах зүйлгүй. Уг мөнгийг 2016 оны 09 дүгээр сарын 01-нээс эхэлж төлж барагдуулна гэжээ.

Хариуцагч: Сэлэнгэ аймаг Сүхбаатар сум 2 дугаар баг 2 дугаар хэсэг 69 тоотод оршин суух Боржигон овогт Энхбатын Нямсүрэн /МЮ-93021427/ нь шүүхэд гаргасан тайлбартаа:

Энхбат овогтой Нямсүрэн миний бие нь Э.Дашнямын батлан даагч бөгөөд “ХААН” банкны нэхэмжилсэн 6.502.671 төгрөгийг хүлээн зөвшөөрч байна. Уг мөнгийг Э.Дашнямаар зохих хугацаанд нь төлүүлж барагдуулах болно гэжээ.   

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч “ХААН“ банкны Сэлэнгэ салбар нь хариуцагч Э.Дашням, Э.Нямсүрэн нарт  холбогдуулан “Зээлийн төлбөр 6.502.671 төгрөг гаргуулах”-аар шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хэмжээгээр хүлээн зөвшөөрсөн  болох нь зохигчдын шүүхэд гаргасан тайлбараар нотлогдож байна. Хариуцагч нарын энэхүү зөвшөөрсөн байдал нь хууль ёсны бөгөөд гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлийг хөндөөгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.  

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 118.993 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 59.496 төгрөгийг хариуцагчаас, үлдэх тал хувь болох 59.496 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогоос тус тус гаргуулан нэхэмжлэгч “ХААН” банкны Сэлэнгэ салбарт олгох нь зүйтэй.

 

            Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар  зүйлд заасныг удирдлага болгон  ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр  зүйлийн 74.2 дахь хэсэгт зааснаар “ХААН” банкны Сэлэнгэ салбарын  нэхэмжлэлтэй хариуцагч Э.Дашням, Э.Нямсүрэн нарт холбогдох “Зээлийн төлбөр 6.502.671 төгрөг гаргуулах”-ыг хүссэн нэхэмжлэлтэй иргэний хэргийн хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хэмжээгээр хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.    

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 118.993 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 59.496 төгрөгийг хариуцагчаас, үлдэх тал хувь болох 59.496 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогоос тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэж болохыг дурьдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дугаар зүйлийн 74.4-т зааснаар зохигчид давж заалдах, хяналтын  журмаар  хянуулахаар гомдол гаргах, тухайн асуудлаар дахин анхан шатны шүүхэд гомдол гаргах  эрхгүйг дурьдсугай.

 

 

ШҮҮГЧ                                       Б.МӨНХЗУЛ