Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 01 сарын 25 өдөр

Дугаар 29

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                              МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Ш.Гандансүрэн даргалж,

нарийн бичгийн дарга У.Золчимэг, 

улсын яллагч Б.Энхболд,

шүүгдэгч М.О нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар,

 

Төв аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Х овгийн М.О-д холбогдох эрүүгийн 183400490027 дугаартай хэргийг 2019 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.  

 

                                 Шүүгдэгчийн биеийн байцаалт

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Улаанбаатар хотод 1972 оны 08 дугаар сарын 26-ны өдөр төрсөн, 46 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Төв Баян сумын Өгөөмөр 1 дүгээр багт үйл ажиллагаа явуулдаг Болор зоогийн газарт галч ажилтай, ам бүл 1, ганцаараа Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хороо, Орбитын 15-221в тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагнал, ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай гэх, ЧД72082615 дугаарын регистртэй, Х овгийн М.О

 

                                     Холбогдсон хэргийн талаар

                                    /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

Яллагдагч М.О нь Төв аймгийн Баян сумын Өгөөмөр 2 дугаар багийн нутагт үйл ажиллагаа явуулдаг “Болор” нэртэй зоогийн газарт 2019 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр иргэн Б.Хатанбаатартай маргалдаж улмаар түүний нуруун тус газарт нь заазуураар цохиж, эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.             

 

                                                 ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчээс

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч М.О:

... Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул дахин мэдүүлэг өгөхгүй... гэв.

 

Эрүүгийн 183400490027  дугаартай хэрэгт хохирогч Б.Хатанбаатарын /хх-ийн 11-12 дугаар хуудас/, гэрч О.Гансүхийн /хх-ийн 15-16 дугаар хуудас/, гэрч Б.Хатанбаатарын /хх-ийн 17-18 дугаар хуудас/, яллагдагч М.О-ын /хх-ийн 26-28 дугаар хуудас/ гэсэн мэдүүлгүүд, 

шинжээчийн 2019 оны 01 дүгээр сарын 11-ны өдрийн 56 дугаартай дүгнэлт /хх-ийн 20-21 дүгээр хуудас/, гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-ийн 06 дугаар хуудас/, эд мөрийн баримтаар тооцох тухай, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 08-10 дугаар хуудас/, шүүгдэгчийн хувийн байдлыг тодруулсан баримтууд болох ял шалгах хуудас, цахим иргэний үнэмлэхийн хуулбар, эд хөрөнгөтэй эсэх дэлгэрэнгүй лавлагаа, оршин суугаа хаягийн тодорхойлолт, гэрлэлт бүртгэлгүй тухай лавлагаа, иргэний үнэмлэхийн лавлагаа, хөдөлмөрийн гэрээ /хх-ийн 29-37 дугаар хуудас/, шүүгдэгч М.О болон хохирогч Б.Хатанбаатар нарын хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлт /хх-ийн 38-39 дүгээр хуудас/ зэрэг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой гэж бусад бичгийн нотлох баримтуудаар хэрэгт цуглуулж, бэхжүүлж авсан байна.

   

Шүүгдэгч М.О нь 2019 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр Төв аймгийн Баян сумын Өгөөмөр 2 дугаар багийн нутагт үйл ажиллагаа явуулдаг “Болор” нэртэй зоогийн газарт иргэн Б.Хатанбаатартай маргалдаж улмаар түүний нуруун тус газарт нь заазуураар цохиж, эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйл баримт нь хэрэгт цугларсан дээрх баримтуудаас шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн дараах хохирогч Б.Хатанбаатарын ...М.О орж ирээд гадаа байгаа махыг  машин дээрээс хамт зөөгөөдөх гэж хэлсэн. Тэгэхээр нь би ямар ч зөөх тэнхэл алга бие өвдөөд байна. Дарга намайг энийг хийгээд боль гэсэн би чадахгүй нь гэж хэлсэн чинь М.О өөдөөс хажуу талын ширээн дээр байсан хүрэн иштэй заазуурыг аваад шууд намайг зүүн далан дундуур цохиод авсан. Тэгээд дахиад нэг далайтал тухайн үед түр мах шулж ажиллаж байсан залуу дундуур ороод салгасан...,

гэрч О.Гансүхийн ...М.О ах би чиний ажлыг яахаараа дандаа хийж байдаг юм бэ гээд махны ширээн дээрх заазуурыг аваад Хатанбаатарыг нуруун тус газар далны хавьцаа хоёр цохисон...,

гэрч Б.Хатанбаатарын ...хүрэн иштэй том заазуурыг ширээн дээрээс шууд шүүрч аваад миний нуруун тус газар нэг удаа цохисон. Тэгээд дахиад далайхад нь мах шулж байсан залуу барьж аваад би зугтаасан...,

яллагдагч М.О-ын ...мах бэлтгэлийн өрөөнд Б.Хатанбаатар байхаар нь ахын дүү гадаа машин дээр байгаа махнаас 30 ширхэг мах буулгачих би дотогшоо зөөе гэж хэлсэн чинь Хатанбаатар чи надад тушаадаг хэн бэ гэж хэлсэн. Тэгэхээр нь уурлаад бид хоёр маргалдаад чиний ажил энэ, би чиний ажлыг хийж байхад чи ингэж болохгүй гэж хэлсэн чинь өөдөөс нэг юм яриад байсан. Тэгээд би ширээн дээрээс хүрэн иштэй заазуур аваад айлгах санаатай ар мөрөөр нь цохих гэсэн чинь тухайн үедээ  ирээрээ буучихсан байсан. Тэгээд л Б.Хатанбаатар яваад өгсөн. Би машин дээрээс махаа буулгасан... гэсэн мэдүүлгүүд, 

шинжээчийн 2019 оны 01 дүгээр сарын 11-ны өдрийн 56 дугаартай ...Б.Хатанбаатарын биед зүүн даланд шарх бүхий ... хөнгөн хохирол учирсан талаарх дүгнэлт, гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл, эд мөрийн баримтаар тооцох тухай, гэрэл зургийн үзүүлэлт, шүүгдэгчийн хувийн байдлыг тодруулсан баримтууд болох ял шалгах хуудас, цахим иргэний үнэмлэхийн хуулбар, шүүгдэгч М.О болон хохирогч Б.Хатанбаатар нарын хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлт зэрэг бусад бичгийн нотлох баримтуудаар тус тус тогтоогдсон байна.

 

Түүнчлэн дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу олж авсан, цуглуулж, бэхжүүлж, шалгасан, шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдэж, шүүх хуралдаанд талуудын хүсэлтээр шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтууд болно. 

 

            Прокуророос шүүгдэгч М.О-д холбогдох эрүүгийн 183400490027 дугаартай хэргийн яллагдагч М.О-ын гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг, хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлт, хохирогч Б.Хатанбаатар нь түүнтэй эвлэрсэн тухай хүсэлт зэргийг үндэслэн хэргийн зүйлчлэл, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх саналыг яллагдагчид танилцуулж, яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шилжүүлжээ.  

 

Шүүх хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр саналтай ирүүлсэн хэргийг хүлээн авч шүүх хуралдаанаар хэлэлцэж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17 дугаар бүлэгт заасан нөхцөлүүдийг хянаж үзэхэд дээрх нөхцөлүүдийн аль нэг нь хангагдаагүй гэх үндэслэл тогтоогдоогүй тул хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой байна.

 

Шүүхээс дээрх нөхцөл байдалд хийсэн хууль зүйн дүгнэлт болон гэм буруугийн талаар:

            Шүүх шүүгдэгч М.О-ын Б.Хатанбаатарын эрүүл мэндэд зүүн даланд шарх бүхий хөнгөн хохирол учруулсан үйлдэл, эс үйлдэхүй нь хууль бус шинжтэй, өөрөө түүнийг хүсч үйлдсэн, дээрх хөнгөн хохиролд зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай үйлдэл тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангасан, прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон, яллах дүгнэлт хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий шаардлагыг хангасан байна.

 

Иймд шүүгдэгч М.О-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй.

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

Шүүгдэгч М.О-ын гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Б.Хатанбаатарын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байна. 

 

Хохирогч Б.Хатанбаатар, шүүгдэгч М.О нар хоорондоо эвлэрч, хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлт гаргасан хэдий боловч хохирогч Б.Хатанбаатар нь эрүүл мэндэд учирсан, гарсан эмчилгээний зардал болон цаашид гарах эмчилгээний зардал нэхэмжилнэ гэснийг, шүүгдэгч М.О нь нөхөн төлөхөө илэрхийлсэнийг тус тус дурдах нь зүйтэй.

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүх шүүгдэгч М.О-д хуульд заасан ял шийтгэлийг оногдуулахдаа хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг, харин тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон ба мөн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан түүнд тухайн зүйл, хэсэг, заалтад заасны дагуу санал болгосон улсын яллагчийн торгох ялын хэмжээнд оногдуулах боломжтой гэж дүгнэлээ.

 

Шүүгдэгч М.О нь цагдан хоригдсон хоноггүйг, бичгийн баримт ирээгүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг,

хохирогч Б.Хатанбаатар нь эрүүл мэндэд учирсан эмчилгээний зардал болон цаашид гарах эмчилгээний зардалтай холбоотой баримтаа бүрдүүлж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу жич нэхэмжлэх эрхтэйг,

хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг хүрэн иштэй заазуурыг устгахыг Төв аймаг дахь Шүүхийн тамгын газарт даалгахыг тус тус дурдаж шийдвэрлэсэн болно.

 

 

 

Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1, 31.3.1., Эрүүгийн хэрэг

хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5., 36.2., 36.4 дүгээр зүйлийн 2.,

36.6., 36.7., 36.8., 36.10., 36.13., 37.1 дүгээр зүйлийн 2.,

38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зүйл,

заалтуудыг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Х овгийн М.О-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Шүүгдэгч Х овгийн М.О-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зургаан зуун нэгж буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгийн торгох ялаар шийтгэсүгэй.  

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Х овгийн М.О-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан зургаан зуун нэгж буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгийн торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан хугацаанд биелүүлэхийг, биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгж буюу 15.000 /арван таван мянга/ төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

    

4. Шүүгдэгч Х овгийн М.О-д шүүхээс оногдуулсан торгох ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг харьяа нутаг дэвсгэрийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

 

5. Шүүгдэгч М.О нь цагдан хоригдсон хоноггүйг, хэрэгт бичгийн баримт ирээгүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг тус тус дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасныг баримтлан шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг хүрэн иштэй заазуурыг устгахыг Төв аймаг дахь Шүүхийн тамгын газарт даалгасугай.  

 

7. Хохирогч Б.Хатанбаатар нь эрүүл мэндэд учирсан гарсан зардал болон цаашид гарах эмчилгээний зардалтай холбоотой баримтаа бүрдүүлж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу жич нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

 

8. Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Х овгийн М.О-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.  

 

9. Шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор цагаатгах, шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулахыг, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлэхийг тус тус дурдсугай.

 

10. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Төв аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.

 

11. Анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Х овгийн М.О-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.  

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             Ш.ГАНДАНСҮРЭН