Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 11 сарын 23 өдөр

Дугаар 209/МА2023/00093

 

*******ын нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай

 

          Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Л.Амарсанаа даргалж, шүүгч Я.Туул, шүүгч  Г.Мягмарсүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

           Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны  09 дүгээр сарын 26-ны өдрийн 135/ШШ2023/01227 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч *******ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч *******т холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: “2015 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуусталх 59 сарын тэтгэврийн хохирол 850,000 төгрөг, 2021 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2022 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацааны тэтгэврийн зөрүү 580,000 төгрөг, 2023 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн нэмэлт өөрчлөлтийн зөрүү болох 700,000 төгрөг, шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон хохирол болох 2,221,232 төгрөгийг тус тус гаргуулах, 2023 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн сар бүрийн тэтгэврийн хэмжээг 300,000 төгрөгөөр нэмэгдүүлэхийг даалгуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагатай,

Иргэний хэргийг нэхэмжлэгч *******ын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, 2023 оны 10 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч, шүүгч Г.Мягмарсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

           Шүүх хуралдаанд нэхэмжлэгч *******, хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч *******,  шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Билгүүн нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн үндэслэл, шаардлага:
           Миний бие нь 2003 оны 05 дугаар сарын 01-ний өдөр хөдөлмөрийн чадвараа бүрэн алдаж мэргэжлээс шалтгаалах өвчнөөр тэтгэврээ тогтоолгосон. Гэтэл нийгмийн даатгал дээрх материалаа хянаж үзэхэд миний хувийн хэрэгт Засгийн газрын тогтоолын дагуу зохих өөрчлөлтийг хийгээгүй явсаар 2016, 2017 оныг дуусгасан байсан. 2016, 2017 оны эхээр хувийн хэрэгтэйгээ танилцаж задлан шинжилж үзсэний улмаас энийг өөрчилж асуудлыг шийдвэрлэж өгөөч гэж нийгмийн даатгалын газарт өргөдлөө өгсөн. Миний өргөдлийг хүлээн авах боломжгүй сарын дараа гэж явсаар өнгөрөөсөн.

Шинжээчийн дүгнэлтээр гарсан 2,221,232 төгрөгийн тухайд би 2003 оноос хойш тэтгэвэр тогтоолгоод давхар цементийн үйлдвэрт харуул хийгээд өнөөдөр 18 жил болсон байдаг. 2006 оноос хойш давхар ажилласны 1.5 хувийг нийгмийн даатгалын газар бодоогүй хаясны зөрүү мөнгийг улсын байцаагч бодож гаргаж ирсэн. Энэ шинжээчийн дүгнэлтээр гаргаж ирсэн мөнгийг гаргуулах нь зүйтэй гэж үзэж байна.

Мөн 700,000 төгрөгийн тухайд Нийгмийн даатгалын газар 2003 оноос хойш 2004 онд Засгийн газрын 3 дугаар тогтоолоор индексжүүлээд явж байсан бол 2016 онд би 600,000-700,000 төгрөгийн тэтгэвэр авч байх байсан. Гэвч би 450,000 төгрөгийн тэтгэвэр авч байсан. Нийгмийн даатгалын газар нь цаг тухайд нь миний тэтгэврийг хуулийн дагуу нэмж байсан бол миний тэтгэвэр 2016, 2017 нэмэгдсэн байх байсан.

2014 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн итгэлцүүрээр 649 хувиар өсгөж бод гэснийг бодож өгөөгүй орхисон баримт хувийн хэрэгт нь байгаа. Дараа нь хүчингүй болчхоод байгаа заалтыг 2015 оны итгэлцүүрээр 715 дахин нэмж бод гэсэн Засгийн газрын тогтоол гараад байхад бас л бодоогүй хүчингүй тогтоолоор бодсон байсан. Энэ нь аудитын шалгалтаар ч илэрсэн. Мэргэжлээс шалтгаалах өвчний тэтгэвэр чинь бараг тэтгэвэртэйгээ нийцэж явдаг. Нийгмийн даатгалын газар 15 жил намайг хохироож явсанд гомдолтой байна. Индексжүүлэлтийг ерөөсөө мөрдөөгүй. 2014 онд хүчингүй болсон хуулиар 22,000 төгрөг гэж бичсэн. 1986 оны итгэлцүүр, 1990 оны итгэлцүүр гэж байгаа. Тэр нь 2060 төгрөгөөр өсөхөөр чөлөөтэй 700,000 төгрөг нэмэгдээд байгаа. Шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагуудаасаа 2015 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуусталх 59 сарын тэтгэврийн хохирол 850,000 төгрөг, 2021 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2022 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацааны тэтгэврийн зөрүү 580,000 төгрөг тус гаргуулах, 2023 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн сар бүрийн тэтгэврийн хэмжээг 300,000 төгрөгөөр нэмэгдүүлэхийг даалгуулах шаардлагуудаас татгалзаж байна. Харин 2023 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн нэмэлт өөрчлөлтийн зөрүү болох 700,000 төгрөгөөр сар бүрийн тэтгэврийг нэмэгдүүлэхийг даалгуулах, шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон хохирол болох 2,221,232 төгрөгийг гаргуулах шаардлагаа дэмжиж байна  гэжээ.

2. Хариуцагч талын татгалзал, тайлбарын агуулга:

...******* нь 2003 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс тэтгэврээ тогтоолгосон байдаг. Шүүхийн шатанд 3 дахь жилдээ явж байна. Иргэн ******* нь анх 2003 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр тэтгэмжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн дагуу 26 жил 3 сартай анх тахир дутуугийн тэтгэвэр тогтоолгон 2007 оны 10 сарын 01-ний өдөр хүртэл авч байгаад үргэлжлүүлэн Нийгмийн даатгалын сангаас олгох Үйлдвэрлэлийн осол мэргэжлээс шалтгаалсан өвчний тэтгэвэр тэтгэмж, төлбөрийн тухай хуулийн дагуу 2007 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс ҮОМШӨ-ны сангаас тахир дутуугийн тэтгэвэр тогтоолгон авч байгаад мөн хуулийн 5 дугаар зүйлд заасны дагуу өөрийн хүсэлтээр 2017 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр Хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хугацаа цуцалсан тухай 0105614 дугаар актын дагуу 2017 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс ҮОМШӨ-ны тахир дутуугийн тэтгэврийг цуцалж, үргэлжлүүлэн Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт заасны дагуу 2017 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс сард олгох 347,872 төгрөгийн Өндөр насны тэтгэвэр тогтоолгон өнөөдрийг хүртэл авч байна.

Аудитын дүгнэлтэд иргэн *******т Засгийн газрын 2014 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 15 дугаар тогтоолын дагуу тэтгэвэр тогтоолгосон дундаж цалинг итгэлцүүрээр өсгөн тооцоолоогүй гэсэн тайлбарын тухайд: Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын 2014 оны 01 дүгээр сарын 24-ний А/18 дугаар тушаалаар баталсан аргачлалд 2014 оны 02 сарын 02-ны өдөр болон түүнээс хойш шинээр тэтгэвэр тогтоолгох иргэдийн тэтгэвэр бодоход баримтлах цалин хөлс орлогыг Засгийн газрын 2014 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 15 дугаар тогтоолоор баталсан итгэлцүүрээр бодож олгоно гэж заасан тул иргэн *******ын тэтгэвэр 2003 онд тогтоолгосон хуучин тэтгэвэр учраас энэхүү заалтад хамаарахгүй тул итгэлцүүрээр цалинг өсгөөгүй байна. Харин мөн дээрх тогтоолын дагуу иргэн *******ын тэтгэврийг 22,000 төгрөгөөр 2014 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс нэмэгдүүлэн тооцсон байна. Мөн Засгийн газрын 2015 оны 52 дугаар тогтоолоор Засгийн газрын 2014 оны өдрийн 15 дугаар тогтоолд нэмэлт өөрчлөлт орж 2014 оны 02 сарын 02-ны өдрөөс өмнө тогтоолгосон иргэдийн тэтгэврийн хэмжээг нэмэгдүүлэх, тэтгэврийн доод хэмжээ болон цалингийн итгэлцүүрийг шинэчлэн тогтоох тухайд Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын 2015 оны 02 сарын 12-ны өдрийн А/26 дугаар тушаалын дагуу иргэн *******ын дундаж цалинг итгэлцүүрээр өсгөн тооцож бодоход өмнөх тэтгэврээс буурсан тул НДЕГ-ын 2015 оны А/16 дугаар тушаалаар баталсан аргачлалын 4а-д заасны дагуу өмнө авч байсан тэтгэвэр дээр 22,000 төгрөгөөр нэмэгдүүлэн тооцож олгосон. Иймээс нэхэмжлэлийн шаардлага болон аудитын дүгнэлтэд тусгасан 1,710,908 төгрөгийн олгох хуулийн үндэслэл байхгүй байна.

Харин тэтгэврийн даатгалын шимтгэлийг 20 жилээс илүү төлж, мөн зүйлийн 2-т заасан өндөр насны тэтгэвэр тогтоолгон, хөдөлмөрийн хөлсний 1.5 хувиар нэмэгдэл авч буй даатгуулагчид тахир дутуугийн тэтгэврийн нэмэгдлийг давхардуулан олгохгүй.

Иргэн ******* нь 2017 оны 02 сарын 01-ний өдөр нийт 39 жилээр өндөр насны тэтгэврээ тогтоолгосон бөгөөд 20 жилээс илүү ажилласан жил болох 19 жил тутамд тэтгэвэр нь Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Тэтгэврийн даатгалын шимтгэлийг 20 жилээс илүү төлсөн жил тутамд 1.5 хувиар, сар тутамд 0.125 хувиар өндөр насны тэтгэвэр тогтоолгосон хөдөлмөрийн хөлснөөс тооцож нэмэгдэл олгоно” гэсний дагуу нэмэгдэл нь тооцож олгогдсон байна. Энэ нь *******ын 2004 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс хойшхи ҮОМШӨ-ний сангаас Тахир дутуугийн тэтгэвэр авч байсан 12 жил 8 сар нь нийт ажилласан жил дээр нэмж тооцогдсон бөгөөд дээрх 1.5 хувийн нэмэгдэл орсон нийт хугацаанд багтаж байгаа тул Монгол улсын Дээд шүүхийн 2008 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн Нийгмийн даатгалын харилцааг зохицуулсан хуулиудын зарим зүйл, заалтыг тайлбарлах тухай 47 дугаар тогтоолын дагуу “Тэтгэврийн даатгалын шимтгэлийг 20 жилээс илүү төлж, мөн зүйлийн 2-т заасан өндөр насны тэтгэвэр тогтоолгон, хөдөлмөрийн хөлсний 1.5 хувиар нэмэгдэл авч буй даатгуулагчид тахир дутуугийн тэтгэврийн 1 хувийн нэмэгдлийг давхардуулан олгохгүй” гэсэн заалтын дагуу нэмж олгох хуулийн үндэслэл байхгүй болно.

Иймд *******ын өндөр насны тэтгэврийг Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасны 1 хувиар нэмж тооцох хуулийн үндэслэл байхгүй болно. Нэхэмжлэл болон аудитын дүгнэлтэд тусгасан 2003.05.01-2004.06.01-ний хугацааны 1 хувийн нэмэгдэл олгоогүй гэх 441,048 төгрөгийг олгох үндэслэл байхгүй байна. Гуравдугаарт: Нийгмийн даатгалын ерөнхий газрын 2006 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн тушаалаар баталсан “Тэтгэвэр тогтоолгосон боловч 1995 оноос хойш ажил хөдөлмөр эрхлэн нийгмийн даатгалын шимтгэл төлсөн иргэдийн тэтгэврийг өөрчлөн тогтоох журам”-ын 3 дахь хэсэгт Тэтгэврээ өөрчлүүлэхээр хүсэлт гаргасан иргэдийн тэтгэврийн хэмжээг анх тэтгэвэр тогтоолгосон цалин хөлснөөс 1.5 хувиар нэмэгдүүлэн тооцох замаар өөрчлөн тогтооно гэсэн боловч уг аргачлалын 8 дахь хэсэгт Нийгмийн даатгалын сангаас олгох ҮОМШӨ-ны тэтгэвэр тэтгэмж төлбөрийн хуулийн дагуу шимтгэл төлсөн хугацаа харгалзахгүйгээр тахир дутуугийн тэтгэвэр тогтоолгосон иргэн хамаарахгүй гэж заасан тул 2006.01.01-2016.08.31-ний өдрийн хоорондох хугацааны нэмэгдэл гэх 62,436 төгрөгийг мөн олгох үндэслэлгүй байна. Дөрөвдүгээрт түүний 5 жилийн дундаж цалин сонголтын тухайд: ******* нь 1975.08.05-2017.02.01-ны хугацаанд 39 жил 22 хоног ажиллаж нийгмийн даатгалын шимтгэл төлсөн бөгөөд 2017 оноос өмнөх 20 жилийг тооцоход 1986-1991 оны 5 жилийн цалин нь дээрх хугацаанд хамаарахгүй байна. 2003 оноос Тахир дутуугийн тэтгэвэр тогтоолгон авч байх хугацаандаа 2005.06.22-ны өдрөөс 2016.07.03-ны өдөр хүртэл Эрэл ХХК-д ажиллаж байсан байна. Иймээс Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр тэтгэмжийн тухай хуулийн 22.1 дэх хэсэгт заасныг хангахгүй байгаа тул 1986-1991 оны цалинг дахин сонгож тэтгэврээ өөрчлүүлэх боломжгүй болно.

 Иргэн *******т Засгийн газрын тогтоолын дагуу 2015 оноос 2020 оныг хүртэлх тэтгэврийн нэмэгдлүүдийг тухай бүр олгож байсан болно. Тухайлбал: Засгийн газрын 2015.02.09-ны 52 тогтоолоор 2015.02.01-нээс 22,000 төгрөгөөр нэмэгдэж 285,144 болсон. Засгийн газрын 2016.05.31-ны 292 дугаар тогтоолоор 2016.06.01-нээс 21,000 төгрөгөөр нэмэгдэж 306,144 төгрөг болсон. /ТД тэтгэвэр 2017.02.01- нээс дуусгавар болсон/ Засгийн газрын 2018.01.19-ны 16 дугаар тогтоолоор 2018.02.01-нээс 27,000 төгрөгөөр нэмэгдэж 374,872 болсон. /Анх 2017.02.01-нээс өндөр насны тэтгэвэр 347,872 төгрөгөөр тогтоосон/ Засгийн газрын 2019.01.16-ны 26 дугаар тогтоолоор 2019.02.01-нээс 24,000 төгрөгөөр нэмэгдэж 398,872 төгрөг болсон. Засгийн газрын 2020.01.22-ны 24 дүгээр тогтоолоор 2020.02.01-нээс 30,000 төгрөгөөр нэмэгдэж 428,872 төгрөг болсон. Засгийн газрын 2022.02.01-ний өдрийн 63 дугаар тогтоолоор 2022.02.01-ний өдрөөс 435,000 төгрөгөөс дээш тэтгэвэртэй бол 15 хувиар 435,000 төгрөгөөс доош тэтгэвэртэй бол 500,000 төгрөг болж нэмэгдсэний дагуу тэтгэвэр нь 500,000 төгрөг болсон. Засгийн газрын 2023.06.22-ны өдрийн 238 дугаар тогтоолоор 2023.07.01-ний өдрөөс 500,000 төгрөгөөс 702,175 төгрөг болж нэмэгдсэн.

Иймээс тус хэлтэс нь иргэн *******ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх хуулийн үндэслэл байхгүй  гэжээ.

3. Анхан шатны шүүхийн  шийдвэрийн агуулга:

Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 3, 22 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2023 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс дутуу олгосон тэтгэврийн зөрүү 700,000 төгрөгөөр тэтгэврээ нэмэгдүүлэх, 2015 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэлх хугацааны тэтгэврийн зөрүүг ******* аудит ХХК-ийн шинжээчийн дүгнэлтийн дагуу 2,221,232 төгрөг нөхөн гаргуулах шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 117,720 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

4. Нэхэмжлэгч ******* давж заалдах гомдолдоо:

Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийн зарим хэсгийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна.

...Шинжээчийн дүгнэлт тодорхойгүй бүрэн биш эсхүл үндэслэлгүй, эргэлзээтэй гарсан гэж шүүх үзвэл санаачилгаараа нэмэлт болон дахин шинжээч томилох эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 111 дүгээр зүйлийн 111.3-т заасныг тус тус хэрэгжүүлээгүй, хэргийг эцэслэн шийдвэрлэсэн байна.

Засгийн газрын 2014 оны 1 дүгээр сарын 18-ны өдрийн тэтгэврийн хэмжээг нэмэгдүүлэх тэтгэврийн доод хэмжээ болон итгэлцүүрийг шинэчлэн тогтоох тухай 15 дугаар тогтоолын дагуу 1990 оны ба түүнээс өмнө оны итгэлцүүрийг 715,000 төгрөг, 1991 оны итгэлцүүрийг 358,000 төгрөгөөр нэмэгдүүлэх, мөн 600,000 төгрөг хүртэлх хэмжээг 22,000 төгрөгөөр нэмэгдүүлэх шийдвэрийн дагуу итгэлцүүрийг нэмэгдүүлж бодолгүй 22,000 төгрөгөөр нэмэгдүүлж хохироосон байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дүгээр заалтыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

            5. Хариуцагч талаас давж заалдах гомдолд гаргасан хариу тайлбартаа:

            Нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх хуулийн үндэслэл байхгүй. Анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэл бүхий байх тул хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч *******ын гаргасан гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан хэлэлцээд давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж дүгнэлээ.

 2. Анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн баримтуудад үндэслэл бүхий дүгнэлт хийж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй, зохигчийн хуулиар олгогдсон эрхийг хязгаарлаагүй байх бөгөөд шийдвэр нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлага хангасан байна.

3. Нэхэмжлэгч ******* нь *******т холбогдуулан 2015 оны 2 дугаар сарын 01-ний өдрөөс 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл хугацааны тэтгэврийн зөрүү 850,000 төгрөг нөхөн гаргуулах, 2003 оны 5 дугаар сарын 01-ний өдрөөс 2009 оны 10 дугаар сарын 01-ний өдөр хүртэлх хугацааны тэтгэврийг 01 хувиар бодож 940,220 төгрөг нөхөн гаргуулах, цаашид тэтгэврийн зөрүү 22,000 төгрөгийг сар бүр тооцож олгохыг даалгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг анх гаргасан.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 2023 оны 1 дүгээр сарын 23-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаа өөрчлөн 2015 оны 2 дугаар сарын 01-ний өдрөөс 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэлх хугацааны тэтгэврийн зөрүү 850,000 төгрөг нөхөн гаргуулах, 2021 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2022 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал сар бүр тэтгэврийн зөрүү 22,000 төгрөг буюу 24 сарын хугацааны 580,000 төгрөг гаргуулах, 2023 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хойш тэтгэврийг 300,000 төгрөгөөр нэмэгдүүлэхийг Нийгмийн даатгалын хэлтэст даалгах гэж,

2023 оны 8 дугаар сарын 23-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж тэтгэврийн зөрүү 700,000 төгрөгийг 2023 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн нэмэгдүүлэх, ******* аудит ХХК-ийн шинжээчийн дүгнэлтийн дагуу хохирол 2,221,232 төгрөг гаргуулах гэжээ. 

Шүүх хуралдааны явцад  нэхэмжлэлийн шаардлагаа тодруулж 2023 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс дутуу олгосон тэтгэврийн зөрүү 700,000 төгрөгөөр тэтгэврээ нэмэгдүүлэх, 2015 оны 2 дугаар сарын 01-ний өдрөөс 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл хугацааны тэтгэврийн зөрүүг ******* аудит ХХК-ийн шинжээчийн дүгнэлтийн дагуу 2,221,232 төгрөг нөхөн гаргуулах гэж багасгасан байна.

4. Анхан шатны шүүх нэхэмжлэгч *******ын *******т холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

5. Нэхэмжлэгч ******* нь дээрх шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч, давж заалдах гомдол гаргасан бөгөөд гомдолдоо: “Шинжээчийн дүгнэлт тодорхойгүй бүрэн биш эсхүл үндэслэлгүй, эргэлзээтэй гарсан гэж шүүх үзвэл санаачилгаараа нэмэлт болон дахин шинжээч томилох эрхтэй бөгөөд хууль заасан эрхээ хэрэгжүүлээгүй, хэргийг эцэслэн шийдвэрлэсэн, Засгийн газрын тогтоолын дагуу тэтгэврийг нэмэгдүүлээгүй хохироосон тул шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дүгээр заалтыг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

6. Хэрэгт авагдсан нотлох баримт болон зохигчийн тайлбараас үзвэл нэхэмжлэгч ******* нь мэргэжлээс шалтгаалах өвчний учир 2003 оны 5 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн хөдөлмөрийн чадвар алдалтыг 70 хувиар 1 жилийн хугацаагаар тогтоолгож тахир дутуугийн тэтгэврийг 2017 оны 2 дугаар сарын 01-ний өдөр хүртэл авч байгаад, 2017 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн Хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хугацаа цуцалсан тухай актаар хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хугацааг цуцалж, мөн өдрөөс өндөр насны тэтгэврийг 39 жил 22 өдөр ажилласнаар тооцуулан тогтоолгосон, энэ үйл баримтын талаар талууд маргаагүй. /хх-ийн 35, 46/

Харин, нэхэмжлэгч ******* нь өндөр насны тэтгэврийг Засгийн газрын тухай бүр гарч байсан тогтоолын дагуу нэмээгүй, дутуу бодолт хийсэн, тэтгэврийн зөрүүг бодож өгөөгүй, тэтгэвэр тогтоолгосон дундаж цалинг итгэлцүүрээр тооцоолоогүйгээс тэтгэврийг дутуу олгосон гэх агуулгаар нэхэмжлэлийн үндэслэлээ тайлбарлаж, хариуцагч тал нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч маргасан байна.

7. Нийгмийн даатгалын Ерөнхий газрын даргын 2014 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн А/18 дугаар тушаалаар баталсан аргачлалд “2014 оны 2 дугаар сарын 2-ны өдөр болон түүнээс хойш шинээр тэтгэвэр тогтоолгох иргэдийн тэтгэвэр бодоход баримтлах цалин хөлс орлогыг Засгийн газрын 2014 оны 1 дүгээр сарын 18-ны өдрийн 15 дугаар тогтоолоор баталсан итгэлцүүрээр бодож олгоно” гэж заажээ.

 Нэхэмжлэгч ******* нь 2003 оноос эхлэн нийгмийн даатгалын сангаас олгох тахир дутуугийн тэтгэвэр тогтоолгосон тул энэхүү итгэлцүүрээр цалинг өсгөх боломжгүй, харин дээрх тогтоолын 1-т “...600,000 төгрөг хүртэл тэтгэврийг 22,000 төгрөгөөр нэмэгдүүлэх” гэж заасны дагуу түүний тэтгэврийг 22,000 төгрөгөөр 2014 оны 2 дугаар сарын 01-ний өдрөөс /241,144+22,000=263.144/ нэмэгдүүлсэн байна.

Засгийн газрын 2015 оны 2 дугаар сарын 09-ний өдрийн “Тэтгэврийн хэмжээг нэмэгдүүлэх тухай 52 дугаар тогтоолоор 2014 оны 2 дугаар сарын 2-ны өдрөөс өмнө тэтгэвэр тогтоолгосон иргэдийн тэтгэврийн хэмжээг нэмэгдүүлэх, тэтгэврийн доод хэмжээ болон цалингийн итгэлцүүрийг шинэчлэн тогтоох тухай Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын 2015 оны 2 дугаар сарын 12-ны өдрийн А/26 дугаар тушаалын дагуу *******ын дундаж цалинг итгэлцүүрээр өсгөн тооцож бодоход 257,259 төгрөг болж, өмнөх 263,144 төгрөгийн тэтгэврээс буурч тооцогдсон учраас Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын 2015 оны А/16 дугаар тушаалаар баталсан аргачлалын 4А-д заасны дагуу өмнө авч байсан тэтгэврийг 22,000 төгрөгөөр /263,144+22,000=285,144/ нэмэгдүүлэн  тооцжээ.

Засгийн газрын 2016 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн 292 дугаар тогтоолоор 2016 оны 6 дугаар сарын 01-ний өдрөөс 21,000 төгрөгөөр нэмэгдүүлж, 306,144 төгрөг, Засгийн газрын 2018 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 16 дугаар тогтоолоор 2018 оны 2 дугаар сарын 01-ний өдрөөс 24,000 төгрөгөөр нэмэгдүүлж 374,852 төгрөг, Засгийн газрын 2019 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 28 дугаар тогтоолоор 2019 оны 2 дугаар сарын 01-ний өдрөөс 24,000 төгрөгөөр нэмэгдүүлж 398,872 төгрөг, Засгийн газрын 2020 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 24 дүгээр тогтоолоор 2020 оны 2 дугаар сархын 01-ний өдрөөс 30,000 төгрөгөөр нэмэгдүүлж 428,872 төгрөг, Засгийн газрын 2022 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 63 дугаар тогтоолоор 2022 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс 435,000 төгрөгөөс дээш тэтгэвэртэй бол 15 хувиар, 435,000 төгрөгөөс доош тэтгэвэртэй бол 500,000 төгрөг болж нэмэгдүүлсний дагуу 500,000 төгрөгийн тэтгэвэр, Засгийн газрын 2023 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн 238 дугаар тогтоолоор 2023 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 702,175 төгрөг болгон нэмэгдүүлсэн байна. /хх-ийн 32-49/

Дээрх нөхцөл байдлаас үзвэл нэхэмжлэгч *******ын тэтгэврийг Засгийн газрын тухай бүр гарч байсан тогтоолтой уялдуулан нэмж байсан нь тогтоогдож байх тул Засгийн газрын 2015 оны 2 дугаар сарын 9-ний өдрийн 52 дугаар тогтоолын дагуу тэтгэврийг итгэлцүүрээр 715 дахин өсгөж 1,400,000 төгрөг болох байсны зөрүү 700,000 төгрөгөөр тэтгэврээ нэмэгдүүлэхээр гаргасан шаардлагыг хангах үндэслэлгүй байна гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байна.

8. Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр тэтгэмжийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2-т Тэтгэврийн даатгалын шимтгэлийг 20 жилээс илүү төлсөн жил тутамд 1.5 хувиар, сар тутамд 0.125 хувиар өндөр насны тэтгэвэр тогтоолгосон хөдөлмөрийн хөлснөөс тооцож нэмэгдэл олгоно” гэж заасан бөгөөд уг хуулийн заалтыг тайлбарласан Монгол улсын Дээд шүүхийн 2008 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн “Нийгмийн даатгалын харилцааг зохицуулсан хуулиудын зарим зүйл заалтыг тайлбарлах тухай 47 дугаар тогтоолын 2.2-т “Хуулийн 5 дугаар зүйлийн 3-т заасан "Тахир дутуугийн тэтгэвэр авч байгаад өндөр насны тэтгэвэр тогтоолгосон даатгуулагчийн тэтгэврийг хөдөлмөрийн чадвараа бүрэн алдсан жил тутамд нь 1 хувиар бодож нэмэгдүүлнэ" гэдгийг хөдөлмөрийн чадвараа бүрэн алдсаны улмаас тахир дутуугийн тэтгэвэр авагч иргэн тэтгэвэр тогтоолгосноос хойш шимтгэл төлж ажилласан эсэхээс үл хамааран нэмэгдлийг авна гэж ойлгоно.

Харин тэтгэврийн даатгалын шимтгэлийг 20 жилээс илүү төлж, мөн зүйлийн 2-т заасан өндөр насны тэтгэвэр тогтоолгон, хөдөлмөрийн хөлсний 1.5 хувиар нэмэгдэл авч буй даатгуулагчид тахир дутуугийн тэтгэврийн нэмэгдлийг давхардуулан олгохгүй” гэж тайлбарлажээ. 

Нэхэмжлэгч ******* нь 2017 оны 2 дугаар сарын 01-ний өдөр 39 жил 22 өдрөөр өндөр насны тэтгэвэр тогтоолгосон бөгөөд 20 жилээс илүү ажилласан жил болох 19 жил тутамд дээрх хуулийн дагуу жил тутамд 1,5 хувиар, сар тутамд 0,125 хувиар нэмэгдэл нь тооцож олгогдсон болох нь хариуцагчийн тайлбар, тэтгэврийн хувийн хэрэг, итгэлцүүрээр өсгөсөн тэтгэврийн тооцооллыг хувийн  хэрэг болон тэтгэврийн программтай тулган шалгасан тухай баримт зэргээр тогтоогдож байна. /хх-ийн 32-49, 225-231, /

Тодруулбал нэхэмжлэгч *******ын 2004 оны 6 дугаар сарын 01-ний өдрөөс хойш Үйлдвэрлэлийн осол мэргэжлээс шалтгаалах өвчний сангаас тахир дутуугийн тэтгэвэр авч байсан 12 жил 8 сар нь нийт ажилласан хугацаанд багтаж нэмж тооцогдсон бөгөөд дээрх 1,5 хувийн нэмэгдэл орсон нийт хугацаанд багтсан байх тул дээрх хуулийн дагуу тахир дутуугийн тэтгэврийн 1 хувийн нэмэгдлийг давхардуулан олгох үндэслэлгүй гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй, энэ нь Монгол улсын Дээд шүүхийн хуулийн зүйл заалтыг тайлбарласан тогтоолтой нийцсэн байна. 

9.  Түүнчлэн Засгийн газрын тогтоол болон түүнтэй уялдан гаргасан тушаал, аргачлалын дагуу нэхэмжлэгч *******ын өндөр насны тэтгэврийг тухай бүр нэмэгдүүлэн тооцож байсан нь тогтоогдож байх тул тэтгэврийн зөрүү 2,221,232 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлтэй байна.

10. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч ******* нь Засгийн газрын тогтоолын дагуу өндөр насны тэтгэврийг тухай бүр өөрчлөлт оруулан бодож байсан эсэх талаар шинжээч томилуулах хүсэлт гаргасныг шүүх хүлээн авч, шинжээчээр ******* аудит ХХК-ийг томилж, 2023 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн “Хараат бус аудиторын дүгнэлт”-ийг ирүүлсэн байна.

Хариуцагч байгууллага нь Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр тэтгэмжийн тухай хууль болон Засгийн газрын тогтоолын дагуу нэхэмжлэгч *******ын өндөр насны тэтгэврийг тогтоож, тэтгэврийг тухай бүр нэмэгдүүлж байсан нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдсон байх тул анхан шатны шүүхээс Монгол улсын Дээд шүүхийн 2008 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн “Нийгмийн даатгалын харилцааг зохицуулсан хуулиудын зарим зүйл заалтыг тайлбарлах тухай 47 дугаар тогтоолын 2.2-т заасныг шинжээчийн дүгнэлтдээ хэрхэн нь тусгасан нь тодорхойгүй” гэх үндэслэлээр шинжээчийн дүгнэлтийг  нотлох баримтаар үнэлээгүйг буруутгах үндэслэл болохгүй байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч *******ын  давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ  нь:

1. Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны  09 дүгээр сарын 26-ны өдрийн 135/ШШ2023/01227 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа төлсөн улсын тэмдэгтийн хураамж 71,840 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалын агуулгыг танилцуулан сонсгож 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүрэгтэй, энэ үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 4. Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1-т зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч  магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.     

 

                          ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Л.АМАРСАНАА

                                                             

                                            ШҮҮГЧИД                                   Я.ТУУЛ

                                                                                             

                                                                                                       Г.МЯГМАРСҮРЭН