Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 01 сарын 29 өдөр

Дугаар 35

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Ш.Гандансүрэн даргалж,

нарийн бичгийн дарга Б.Буянхишиг, 

улсын яллагч Х.Оюунцэцэг,

шүүгдэгч Г.Г нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар,

 

Төв аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Б овгийн Г.Г-д холбогдох эрүүгийн 1834009140480 дугаартай хэргийг 2019 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.  

 

                                 Шүүгдэгчийн биеийн байцаалт

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Архангай аймгийн Хашаат суманд 1986 оны 08 дугаар сарын 10-ны өдөр төрсөн, 32 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, хувиараа мал малладаг, ам бүл 5, эхнэр 3 хүүхдийн хамт Архангай аймаг, Хашаат 1 дүгээр баг, Аргалант гэх газар оршин суух хаягтай боловч, Төв аймаг, Заамар сум, Хайлааст 3 дугаар баг, Цозогны мухар гэх газар оршин суух, улсаас авсан гавьяа шагнал, ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай гэх, АС86081016 дугаарын регистртэй, Б овгийн Г.Г

  

                                     Холбогдсон хэргийн талаар

                                    /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

Яллагдагч Г.Г нь 2018 оны 10 дугаар сарын 28-ны өдөр Төв аймгийн Заамар сумын Хайлааст 3 дугаар багийн нутагт үйл ажиллагаа явуулдаг “Уулс Заамар” ХХК-ийн ашиглалтын талбайд “тухайн компанийн үйл ажиллагааг зогсоох зорилгоор нэвтрэх оролдлого хийх явцдаа” хамгаалалтын албаны дарга С.Алтанхуягийг “гар утсаараа бичлэг хийлээ” гэх шалтгаанаар зүүн гарын шуу хэсэгт өшиглөж, улмаар С.Алтанхуягийн эрүүл мэндэд “зүүн шууны богтос ясны далд хугарал, зүүн шуунд цус хуралт” бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.             

 

                                                 ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч, хохирогчоос

Шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн шүүгдэгч Г.Г-ын: 

...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн, гэм буруу дээр маргах зүйлгүй тул дахин мэдүүлэг өгөхгүй гэв...

 

Эрүүгийн 1834009140480 дугаартай хэрэгт хохирогч С.Алтанхуягийн /хх-ийн 37-38 дугаар хуудас/, гэрч Б.Ганболдын /хх-ийн 42 дугаар хуудас/, гэрч Д.Энхжавхлангийн /хх-ийн 43 дугаар хуудас/, гэрч Г.Ган-Очирын /хх-ийн 61 дүгээр хуудас/, яллагдагч Г.Г /хх-ийн 56-57 дугаар хуудас/ гэх мэдүүлгүүд,  

шинжээчийн 2018 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 13085 дугаартай дүгнэлт, рентген зураг, эмчийн тодорхойлолт /хх-ийн 26-29 дугаар хуудас/,

шинжээчийн 2018 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 712 дугаартай дүгнэлт, толгойн компьютерт томографийн шинжилгээ, эмчийн тодорхойлолт /хх-ийн 33-35 дугаар хуудас/, гомдол мэдээллийн талаар амаар болон холбоо, мэдээллийн хэрэгслээр гаргасан гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай /хх-ийн 5 дугаар хуудас/, хохирогч С.Алтанхуяг болон иргэн З.Оргилмаа, Н.Бямбадорж нарын гараар бичиж өгсөн өргөдөл /хх-ийн 6-8 дугаар хуудас/, хохирогч С.Алтанхуягийн дорнод монголын секьюрити хамгаалалтын албаны үнэмлэхийн хуулбар /хх-ийн 40 дүгээр хуудас/, Уулс Заамар ХХК-ийн менежер З.Оргилмаа нь Г.Г-аас нэхэмжлэх зүйл, гомдол санал байхгүй гэх тодорхойлолт /хх-ийн 64 дүгээр хуудас/, шүүгдэгч Г.Ганболдын хувийн байдлыг тодорхойлсон баримтууд /хх-ийн 45-52, 62 дугаар хуудас/ зэргийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой гэж бусад бичгийн нотлох баримтуудаар цуглуулж, бэхжүүлж авсан байна.

 

Шүүгдэгч Г.Г нь 2018 оны 10 дугаар сарын 28-ны өдөр Төв аймгийн Заамар сумын Хайлааст 3 дугаар багийн нутагт үйл ажиллагаа явуулдаг “Уулс Заамар” ХХК-ийн ашиглалтын талбайд “тухайн компанийн үйл ажиллагааг зогсоох зорилгоор нэвтрэх оролдлого хийх явцдаа” хамгаалалтын албаны дарга С.Алтанхуягийг “гар утсаараа бичлэг хийлээ” гэх шалтгаанаар зүүн гарын шуу хэсэгт өшиглөж, улмаар С.Алтанхуягийн эрүүл мэндэд “зүүн шууны богтос ясны далд хугарал, зүүн шуунд цус хуралт” бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан үйл баримт нь хэрэгт цугларсан дээрх баримтуудаас шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн дараах хохирогч С.Алтанхуягийн ...Ганболд гэх хүн хүүхдүүдийн хамт манай үйл ажиллагааг зогсоохыг шаардаж эсэргүүцсэн үйлдэл хийсэн. Тэгээд бид нар дээрх хүмүүсийг уурхайн карьер рүү оруулахгүй гээд хамгаалалт аваад зогссон. Учир нь экскаватор ажиллаж байсан юм. Тэгээд хүмүүсийг гаргах гээд ноцолдож байхад Ганболдын том хүү Г.Г гэх залуу намайг гар утсаараа бичлэг хийлээ гээд миний гарын шуу руу өшиглөсөн. Тэгээд миний гар хугарах шиг болсон. Маш их янгинаж өвдсөн. Тэгээд би тэр залууд чи гар хугалчихвуу яав хугараагүй гэж л найдахаас гэж хэлээд хамгаалагч нартайгаа нийлээд дээрх хүмүүсийг уурхайн бүсээс гаргасан... /хх-ийн 37-38 дугаар хуудас/,

яллагдагч Г.Г...Уулс Заамар ХХК-ийн ашиглалтын талбайд тухайн компаний үйл ажиллагааг зогсоох зорилгоор нэвтрэх оролдлого хийх явцдаа хамгаалалтын албаны дарга С.Алтанхуягийг гар утсаараа бичлэг хийлээ гэх шалтгаанаар зүүн гарын шуу хэсэгт өшиглөж улмаар С.Алтанхуягийн эрүүл мэндэд зүүн шууны богтос ясны далд хугарал, зүүн шуунд цус хуралт бүхий хүндэвтэр хохирол учруулснаа хүлээн зөвшөөрч байна... /хх-ийн 56-57 дугаар хуудас/ гэх мэдүүлгүүд,  

шинжээчийн 2018 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 13085 дугаартай ...С.Алтанхуягийн биед зүүн шууны богтос ясны далд хугарал, зүүн шуунд цус хуралт бүхий хүндэвтэр хохирол учирсан талаарх дүгнэлт, рентген зураг, эмчийн тодорхойлолт /хх-ийн 26-29 дугаар хуудас/ болон гомдол мэдээллийн талаар амаар болон холбоо, мэдээллийн хэрэгслээр гаргасан гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл, шүүгдэгч Г.Ганболдын хувийн байдлыг тодорхойлсон баримтууд зэрэг бусад бичгийн нотлох баримтуудаар тус тус тогтоогдож байна. 

 

Түүнчлэн дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу олж авсан, цуглуулж, бэхжүүлж, шалгасан, шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдэж, шүүх хуралдаанд талуудын хүсэлтээр шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтууд, мөрдөн байцаалтын шатанд хэрэгт нотолбол зохих байдлыг бүгдийг шалгасан, прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд хянан хэлэлцэж, шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэлээ.

 

Шүүхээс дээрх нөхцөл байдалд хийсэн хууль зүйн дүгнэлт болон гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Г.Г-ыг иргэн С.Алтанхуягийн зүүн гарын шуу хэсэгт өшиглөж, эрүүл мэндэд “зүүн шууны богтос ясны далд хугарал, зүүн шуунд цус хуралт үүсгэсэн үйлдэл, эс үйлдэхүй нь хууль бус шинжтэйг мэдсээр байж өөрөө түүнийг хүсч үйлдсэн, дээрх хөнгөн хохиролд зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай үйлдэл тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангасан, прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон, яллах дүгнэлт хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий шаардлагыг хангасан байна.

 

 Иймд шүүгдэгч Г.Г-ыг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж үзлээ.

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

Шүүгдэгч Г.Г гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч С.Алтанхуягийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан.

 

Хохирогч С.Алтанхуяг нь шүүгдэгч Г.Г-аас эрүүл мэндэд учирсан хохиролтой холбоотой эмчилгээний зардал болон бусад зардал нэхэмжилсэн баримт гаргаж өгөөгүй, энэ талаарх баримт хавтас хэрэгт авагдаагүй ба эмчилгээний зардалд 1.300.000 /нэг сая гурван зуун мянга/ төгрөг авсан, одоо гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй талаар түүний хавтас хэргийн 38 дугаар хуудсанд авагдсан хохирогчийн мэдүүлэг, шүүгчийн туслахын 2019 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 14 цаг 50 минутад хохирогч С.Алтанхуягт шүүх хуралдааны товыг мэдэгдсэн, мэдэгдэх хуудсанд бичигдсэн тайлбар зэргээр нотлогдож байх тул шүүгдэгч Г.Г-ыг энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүх шүүгдэгч Г.Г-д хуульд заасан ял шийтгэлийг оногдуулахдаа хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг, харин тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг төлснийг тус тус хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон ба гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан торгох ял оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.

 

Шүүхээс шүүгдэгч Г.Г-д торгох ял оногдуулсан шүүхийн шийдвэрийг биелүүлэх хугацааг хэсэгчлэн төлүүлэх шаардлагагүй гэж үзсэн ба уг торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан ...ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор... ...биелүүлэх үүрэгтэй... гэсний дагуу төлүүлэхээр шийдвэрлэж,

 

шүүхээс түүнд оногдуулсан торгох ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг харьяа нутаг дэвсгэрийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгах нь зүйтэй.    

 

Шүүгдэгч Г.Г нь цагдан хоригдсон хоноггүйг, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүйг, хохирогч нь шүүгдэгчид гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй, эвлэрснийг, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүйг, бичгийн баримт ирээгүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг тус тус дурдаж шийдвэрлэсэн болно.

 

 

Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1, 31.3.1., Эрүүгийн хэрэг

хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2., 36.6., 36.7., 36.8., 36.10.,

36.13., 37.1 дүгээр зүйлийн 2., 38.2 дугаар зүйлийн 1 дэх

хэсэгт заасан зүйл, заалтуудыг тус тус

удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Б овгийн Г.Г-ыг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Шүүгдэгч Б овгийн Г.Г-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар дөрвөн зуун тавин нэгж буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгийн торгох ялаар шийтгэсүгэй.   

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Б овгийн Г.Г-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан дөрвөн зуун тавин нэгж буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгийн торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан хугацаанд биелүүлэхийг, биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгж буюу 15.000 /арван таван мянга/ төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй. 

     

4. Шүүгдэгч Б овгийн Г.Г-д шүүхээс оногдуулсан торгох ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг харьяа нутаг дэвсгэрийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

 

5. Шүүгдэгч Б овгийн Г.Г нь цагдан хоригдсон хоноггүйг, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүйг, хохирогч С.Алтанхуяг гомдол санал нэхэмжлэх зүйлгүйг, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүйг, бичгийн баримт ирээгүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг тус тус дурдсугай.   

 

6. Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Б овгийн Г.Г-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.  

 

7. Шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор цагаатгах, шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулахыг, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлэхийг тус тус дурдсугай.

 

8. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Төв аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.

 

9. Анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Б овгийн Г.Г-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.   

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             Ш.ГАНДАНСҮРЭН