Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 11 сарын 23 өдөр

Дугаар 209/МА2023/00094

 

*******ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай

 

          Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Мягмарсүрэн даргалж, шүүгч Я.Туул, Ерөнхий шүүгч Л.Амарсанаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

           Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны  09 дүгээр сарын 21-ний өдрийн 135/ШШ2023/01203 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч *******ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч *******,

                   ******* нар холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: “Ажлын хөлс 2,515,650 төгрөг, олох байсан орлого 3,000,000 төгрөг, түрээсийн гэрээний хугацаанд шилжүүлсэн 1,500,000 төгрөг, нийт 7,015,650 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагатай,

Иргэний хэргийг нэхэмжлэгч *******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* нарын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, 2023 оны 10 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Л.Амарсанаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

           Шүүх хуралдаанд нэхэмжлэгч *******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Г.Ариунтуяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн үндэслэл, шаардлага:
           1.1. ******* миний бие Дархан-Уул аймаг, Дархан сум, ******* *******, Барилгачдын өргөн чөлөө-1, *******, Tesa service-ийн хажууд байрлах 30х40 харьцаатай талбайг гагнуурын ажлын талбай болгох зорилгоор тус авто засварын газрын эзэмшигч *******ээс түрээсийн гэрээний дагуу дулааны улирал буюу 4 дүгээр сарын 1-ний өдрөөс 11 дүгээр сарын 1-ний өдрийг хүртэл сарын 150,000 төгрөгийн түрээс, өвлийн улирал буюу 11 дүгээр сарын 1-ний өдрөөс 4 дүгээр сарын 1-ний өдрийг хүртэл 100,000 төгрөг төлж ажиллаж ирсэн. Ингээд 2021 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 2022 оны 06 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл нийт 11 сарын түрээсийн нийт 1,500,000 төгрөг төлсөн. Мөн 2022 оны 05 дугаар сарын 19-ний өдрөөс 2022 оны 05 дугаар сарын 26-ны өдрийг хүртэл нийт 7 хоногийн хугацаанд түрээслүүлэгч *******, түүний нөхөр нар нь надаар экскаваторын шанаганы засварын ажил хийлгэсэн боловч ажлын хөлс 2,296,250 төгрөг болон зарцуулагдсан материалын үнэ 219,400 төгрөг, нийт 2,515,650 төгрөгийг өнөөдрийг хүртэл өгөөгүй. Би ажлын хөлсөө удаа дараа шаардсан, мөн авто засварт нь ажилладаг засварчин аар 2 удаа хэл дамжуулсан, экскаваторчин тэй 2022 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр уулзаж учир байдлаа хэлэхэд би дамжуулж хэлье гэсэн ч өнөөдрийг хүртэл хариуцагч нар нь шийдтэй хариу өгөхгүй байгаа юм.

1.2.Түрээсийн хугацаанд түрээслүүлэгч нь миний түрээсэлж авсан ажлын байрны талбайд машин болон өөр бусад зүйл байрлуулах зэргээр намайг ажиллах талбайгүй болгож ажиллах нөхцөлийг маань хааж боож ирсэн. Энэ тухай хэлэхэд ёс бус харьцаж улмаар миний бие 2022 оны 06 сараас 9 сар хүртэл ажлын байраа ажиллуулж чадаагүй. Миний бие гагнуурын ажлаар сард 1,000,000 төгрөгийн орлогыг олдог байсан ба түрээслүүлэгчийн буруутай үйлдлийн улмаас 3 сарын хугацаанд олох байсан 3,000,000 төгрөгийн орлогыг Ариунгэрэлээс шаардаж байна.

1.3. Дархан-Уул аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газраас уг түрээсэлж буй газраа хэний өмчлөл, эзэмшлийн талбай болохыг тодруулахаар хандахад түрээсийн гэрээний дагуу түрээсэлж авсан талбай маань хэн нэгэн этгээдийн газар биш, нийтийн эзэмшлийн талбай байсныг олж мэдсэн. Иймд ******* нь өөрт үл хамаарах газрыг надад түрээсэлж надаас түрээсийн төлбөр авч байсан нь Иргэний хуулийн 492 дугаар зүйлд заасны дагуу үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн байх тул миний бие *******д түрээсийн төлбөр гэж шилжүүлсэн нийт 1,500,000 төгрөгийг буцаан шаардаж байна.

Иймд ажлын хөлс 2,515,650 төгрөг, олох байсан орлого 3,000,000 төгрөг, түрээсийн гэрээний хугацаанд шилжүүлсэн 1,500,000 төгрөг, нийт 7,015,650 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүх хүлээн авч хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

2. Хариуцагч ******* шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

...******* нь анх надтай яриад түрээсийн гэрээ байгуулаад манайд ирж ажилласан гэж худлаа бичсэн байна. Би Tesa service-ийн үйл ажиллагааг 2020 оны 11 сард эхлүүлсэн. Манайхыг нээгдсэн үеэс эхлэн ******* нь манай 380-ын тог, зам руу оруулсан гарц, талбай зэргийг ашиглаж ажиллаж эхэлсэн. Нэхэмжлэлдээ бичсэн 1,500,000 төгрөгийг авсан эсэхийг шалгах шаардлагатай. Өөрийнх нь бичсэн нэхэмжлэлээс харахад манайд ирж ажилласан эхний 8 сард буюу 2020 оны 11 дүгээр сараас 2021 оны 06 дугаар сар хүртэл манайд нэг ч төгрөг төлөхгүйгээр өөрөө ашиг олж ажилласан юм байна. Манай засварын газар зөндөө зай талбай байгаа өөрөө ажлынхаа пүүтгийг байрлуулах газраа сонгоод тавьсан байсан.

2022 оны 06 дугаар сард өөрөө нүүгээд явсан байсан. Би ******* гэж хүний эрхийг нь зөрчөөгүй, энэ хүнд ямар нэг байдлаар хохирол учруулаагүй, энэ хүнээр эксковатор засварлуулаагүй учраас нэхэмжлэлийг нь огт хүлээн зөвшөөрөхгүй. Манай засаж тохижуулсан, засварласан талбайд ажиллаж ашиг олсон, хохироогүй гэжээ.

3. Хариуцагч ******* шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

...******* ах архи дарс уудаг байж байгаад архинаас гарсны дараах хамгийн анхны ажлаа манай Teso авто засварын газраас эхэлсэн. Хүү нь надтай ирж уулзаад ******* ахын гагнуурын пүүтгийг манай засварын газрын ард байрлуулж, ажлаа эхэлсэн. Манайд ажиллаж байхдаа дажгүй сайхан ажиллаж, ашиг орлоготой байгаагаа хэлж яриад л явдаг байсан. 600,000 төгрөгийн өглөг авлага байгаа. Хуулийн дагуу шийдвэрлүүлнэ гэжээ.

4. Анхан шатны шүүхийн  шийдвэрийн агуулга:

Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, 227 дугаар зүйлийн 227.3, 343 дугаар зүйлийн 343.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д тус тус заасныг баримтлан хариуцагч *******ээс 2,567,100 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч *******ид олгож, 1,713,500 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, хариуцагч *******оос хүлээн зөвшөөрсөн 769,400 /хүлээн зөвшөөрсөн 600,000 төгрөг, нэхэмжлэгч шаардлагаа нотолсон 169,400 төгрөг/ төгрөг гаргуулж, нэхэмжлэгч *******ид олгож, 1,746,250 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д тус тус зааснаар нэхэмжлэгч *******оос улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 127,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******ээс 56,024 төгрөг, хариуцагч *******оос 23,016 төгрөг тус тус гаргуулж, нэхэмжлэгч *******ид олгож шийдвэрлэжээ.

5. Нэхэмжлэгч *******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч ******* нар давж заалдах гомдолдоо:

Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийн зарим хэсгийг эс зөвшөөрч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 161, 162 дугаар зүйлийг тус тус баримтлан дараах үндэслэлээр давж заалдах гомдол гаргаж байна.

Анхан шатны шүүх шийдвэртээ: ...хэрэгт цугларсан нотлох баримтууд, шинжээчийн дүгнэлт зэрэг баримтаар 1. ******* газар эзэмших эрхтэй этгээд биш болох нь, 2. *******ийн түрээсэлсэн гэх газар нь түүний болон түүний нөхөр *******ийн эзэмшил биш нийтийн эзэмшлийн талбай болох нь, 3. Аж ахуйн нэгжийн нэрээр хийсэн Түрээсийн гэрээ гэх гэрээ нь хүчин төгөлдөр бус эдгээр нөхцөл байдал тогтоогдсон тохиолдолд газрын түрээс гэж авсан мөнгө бүгд үндэслэлгүйгээр авсан буюу үндэслэлгүйгээр олж авч хөрөнгөжсөн гэх ойлголтод хамаарах юм. Гэвч шүүх түрээсийн төлбөр хэмээн үндэслэлгүйгээр авсан 1,713,500 төгрөгийн шаардлагыг ямар ч хууль зүйн үндэслэлгүй дүгнэлт хийж хэрэгсэхгүй болгосонд гомдолтой байна.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлоод түүнийхээ ажлын хөлсний тооцооллыг фото зургаар болон тооцооллоор нотолсон. Мөн зарцуулсан материалын баримтыг ч шүүхэд гаргаж өгсөн. Тус баримт нь ажил гүйцэтгэсэн гэх цаг хугацаатай ч, хийсэн гагнуурын ажлын гүйцэтгэлтэй таардаг. Гэтэл шүүх яг адил 2 баримтыг 2 өөрөөр үнэлж 1,746,250 төгрөг гаргуулах тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлгүй юм. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 1, 2 дахь заалтад өөрчлөлт оруулж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

            5. Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* давж заалдах гомдолдоо:

            Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийн *******ээс 2,567,100 төгрөг гаргуулж З.Пүрэвдоржид олгохоор шийдвэрлэснийг эс зөвшөөрч дараах үндэслэлээр давж заалдах гомдол гаргаж байна. Үүнд: ....нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэт дэмжсэн, нотлох баримтыг тал бүрээс нь үнэлээгүй үндэслэлгүй дүгнэсэн. Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч би 2 удаагийн шүүх хуралдаанд оролцохдоо Гэрээтэй холбоотой өглөг авлагын асуудал хэрвээ байгаа бол шүүх шийдвэрлэхгүй. Талууд хоорондоо тохиролцсон гэрээ байгаа учраас арбитрын журмаар шийдвэрлэгдэнэ гэсэн тайлбар гаргаж, түрээсийн гэрээг нотлох баримтаар судлуулан шүүхийн журмаар шийдвэрлэхийг эрс эсэргүүцсэн байхад энэ талаар маргаагүй мэтээр шүүхийн шийдвэртээ бичсэнд гомдолтой байна.

Мөн ...*******ийн буруутай үйл ажиллагааны улмаас 3 сарын хугацаанд үйл ажиллагаагаа явуулж чадахгүй нөхцөлд хүрсэн гэж дүгнэхдээ ******* нь яг ямар буруутай үйл ажиллагаа хийсэн талаар огт дурдаагүй нь үндэслэлгүй дүгнэлт гэдгийг илтгэж айна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт *******д холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

*******ийн нэхэмжлэлтэй *******д холбогдох түрээсийн гэрээний төлбөр, гүйцэтгэсэн ажлын хөлс, олох байсан орлого нийт 6,796,250 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгч болон түүний өмгөөлөгч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тус тус давж заалдсан гомдлоор хүлээн авч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-т зааснаар зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй, хэргийг бүхэлд нь хянаад шийдвэрт нотлох баримтын үнэлгээ болон хууль хэрэглээний нэмэлт өөрчлөлт оруулж шийдвэрлэлээ.

 1. Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, хэргийн оролцогчдын хуулиар олгогдсон эрхийг бүрэн эдлүүлж, хэргийг  шийдвэрлэсэн боловч болсон үйл баримт болон хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т зааснаар тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж чадаагүй, холбогдох эрх зүйн харилцааг зөв тодорхойлоогүйгээс шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т зааснаар хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.

2. Нэхэмжлэгч ******* хариуцагч *******ээс 7,015,650 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлсон боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хамтран хариуцагчаар *******ийг татан оролцуулж, түрээсийн гэрээний төлбөр, олох байсан орлого 4,280,600 төгрөгийг хариуцагч *******ээс, гүйцэтгэсэн ажлын хөлс 2,515,650 төгрөгийг хариуцагч *******оос тус тус гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа *******асган өөрчилжээ.

3. Хариуцагч *******: Би “Теса сервисийн үйл ажиллагааг 2020 оны 11 дүгээр сард эхлүүлсэн бөгөөд манайхыг нээгдсэн үеэс эхлэн нэхэмжлэгч ******* манай 380-ын тог цахилгаан, зам руу орсон гарц талбайг ашиглан ажиллаж эхэлсэн, манай засварын газар зөндөө зай талбай байгаа, өөрөө ажлынхаа пүүтгийг сонгож тавьсан, юунаас болоод, ямар маргаан гараад нүүгээд явсныг мэдэхгүй,түрээсийн төлбөрийг дансны хуулга харж байж хэлье, миний зүгээс ******* гуайн эрхийг ямар нэгэн байдлаар зөрчөөгүй, хохирол учруулаагүй, харин ч энэ хүн засварлаж тохижуулсан талбайд ажиллаж, ашиг олсон, хохироогүй тул нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй” гэж, хариуцагч *******: “Би Теса сервис авто засварын газрыг засаж тордож үйл ажиллагаа эхлүүлсэн үеэс хүү нь ирж уулзаад нэхэмжлэгчийн гагнуурын пүүтгийг манай засварын газрын ард байрлуулж ажлаа эхэлсэн, сайхан ажиллаж ашиг орлоготой байгаагаа хэлж байсан, бид 2-ын дунд 600,000 төгрөгийн өглөг авлага бий” гэж тус тус тайлбар гаргаж, маргажээ.

4. Хэргийн 74-77 дугаар талд авагдсан баримтаар Дархан-Уул аймгийн засаг даргын 2022 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн дугаар шийдвэрээр Дархан сумын 8 дугаар ******* Барилгачдын өргөн чөлөө-1, тоот хаягт байрлах 1.500 м.кв газрыг авто машины засвар үйлчилгээний зориулалтаар 15 жилийн хугацаатай *******т эзэмшүүлэхээр шийдвэрлэж, газар эзэмших эрхийн гэрчилгээ олгож, газар эзэмшигч ******* 2022 оны 12 дугаар сарын 30-ны өдөр Дархан-Уул аймгийн газрын албатай газар эзэмшүүлэх гэрээ байгуулжээ.

Мөн хэргийн дугаар талд авагдсан баримтаар “” ХХК, иргэн ******* нар 2022 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр 22/01 дугаартай “Ажлын байр түрээслэх гэрээ”-г байгуулж, түрээслүүлэгчээр ******* гарын үсэг зуран оролцож, гэрээний нэг тал болсон байна.

Хэргийн 6-13 дугаар талд авагдсан ХААН банкны дипозит дансны хуулгаар иргэн ******* ХААН банк дахь өөрийн эзэмшлийн дугаартай данснаас хариуцагч *******ийн ХААН банк дахь дугаартай данс руу 2021 оны 07 дугаар сарын 01-ээс 2022 оны 04 дүгээр сарын 05 хүртэлх хугацаанд 10 удаагийн гүйлгээгээр 1,013,500 төгрөг шилжүүлсэн болох нь, нэхэмжлэгчээс хариуцагч *******д 2022 оны 2-5 дугаар саруудад 700,000 төгрөг бэлнээр өгсөн болох нь хэргийн 15 дугаар талд авагдсан “Гагнуурчин Пүүжээ ахын цахилгаан ашиглалт болон түрээсийн тооцоо” гэсэн баримтуудаар тус тус  нотлогдоно.

Хариуцагч *******ийн татгалзлыг нотолсон ямар нэгэн бичгийн баримт хэрэгт нотлох баримтаар авагдаагүй байна.

Эдгээр баримтуудаас үзвэл хариуцагч ******* нь газар эзэмших эрхгүй атлаа нийтийн эзэмшлийн газрыг иргэн *******ид дамжуулан түрээсэлж, түрээсийн төлбөрт хууль бусаар 1,713,500 төгрөг төгрөг авсан нь Иргэний хуулийн 492 дугаар зүйлд зааснаар  Бусдын хөрөнгийг үндэслэлгүйгээр олж авсан буюу үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж үзэхээр байна.

Иймд хариуцагч ******* нэхэмжлэгч *******оос түрээсийн төлбөрт үндэслэлгүйгээр олж авсан 1,713,500 төгрөгийг буцаан төлөх үүрэгтэй байна.

5. Хэргийн 16-20 дугаар талд авагдсан экскаваторын шанаганд хийж гүйцэтгэсэн ажлын зураглал, гүйцэтгэсэн засварын ажлын үнэлгээ, зарцуулсан зарлагын баримт зэрэг  нь нэхэмжлэгч *******ийн гүйцэтгэсэн ажлын хөлс 2,515,650 төгрөгийг нотолсон  нотлох баримтууд бөгөөд хариуцагч ******* тэдгээр баримтыг үгүйсгэсэн нотолсон баримтыг ирүүлээгүй, татгалзлынхаа үндэслэлийг нотолж чадаагүй байна.

Анхан шатны шүүх  хэргийн 19 дүгээр талд авагдсан “Зарлагын баримт”-аас бусдыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т зааснаар хэрэгт ач холбогдолтой, хамааралтай, эргэлзээгүй, үнэ зөв талаас нь үнэлж, үндэслэл бүхий дүгнэлт хийжээ.

Хэргийн 19 дүгээр талд авагдсан Даралтат сав бүхий хий нь гагнуурын ажилд хэрэглэгддэг бөгөөд тус хийг худалдаж авсан цаг хугацаа нь нэхэмжлэгчийн ажил гүйцэтгэсэн цаг хугацаатай давхцаж байх тул экскаваторын шанаганы засварын ажилд зарцуулсан баримт мөн гэж үзлээ.

6. Нэхэмжлэгч ******* нэхэмжлэлийн шаардлагын нэг хэсэг болох олох байсан орлогоо нотлохоор 2022 оны 05 дугаар сарын 02-ны өдрөөс 2022 оны 05 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацааны ХААН банк дахь өөрийн эзэмшлийн дугаартай дипозит дансны дэлгэрэнгүй хуулгыг ирүүлсэн боловч энэхүү баримт нь нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацаа буюу 2022 оны 06 дугаар сараас 2022 оны 09 дүгээр сарын хугацаанд олох байсан орлогыг нотолсон баримт гэж үзэхээргүй байна.

Зөвхөн энэ баримтаар нэхэмжлэгчийг сар бүр 1,000,000 төгрөгийн орлоготой байсан гэж үзэх нь учир дутагдалтай болно.

Өөрөөр хэлбэл тухайн маргаанд хамааралгүй баримт байна.

7. Иймд хариуцагч *******ээс түрээсийн төлбөрт авсан 1,713,500 төгрөг, хариуцагч *******оос гүйцэтгэсэн ажлын хөлс 2,515,650 төгрөг тус тус гаргуулж нэхэмжлэгч *******ид олгож, нэхэмжлэлийн үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож, шийдвэрт хууль хэрэглээний болон нотлох баримтын үнэлгээтэй холбогдон гарсан тооцооллын өөрчлөлт оруулж шийдвэрлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэж байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ  нь:

1. Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 09 дүгээр сарын 21-ий өдрийн  135/ШШ2023/01203 дугаартай шийдвэрийн ТОГТООХ хэсгийн 1 дүгээр заалтын

"Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, 227 дугаар зүйлийн 227.3, 343 дугаар зүйлийн 343.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д тус тус заасныг баримтлан хариуцагч *******ээс 2,567,100 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч *******ид олгож, 1,713,500 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, хариуцагч *******оос хүлээн зөвшөөрсөн 769.40 / хүлээн зөвшөөрсөн 600,000 төгрөг,нэхэмжлэлийн шаардлагаа нотолсон 169,400 / төгрөг гаргуулж, нэхэмжлэгч *******ид олгож, 1,746,250 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай" гэснийг,

"Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, 227 дугаар зүйлийн 227.3, 343 дугаар зүйлийн 343.1, 492 дугаар зүйлийн 492.1 дэх хэсгийн 492.1.1-д тус тус заасныг баримтлан хариуцагч *******ээс 1,713,500 төгрөг, хариуцагч *******оос 2,515,650 төгрөг тус тус гаргуулж нэхэмжлэгч *******ид олгож, нэхэмжлэлээс үлдэх 2,567,100 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай" гэж,

2 дугаар заалтын

“...хариуцагч *******ээс 56,024 төгрөг, хариуцагч *******оос 23,016 төгрөг  тус тус гаргуулж, нэхэмжлэгч *******ид олгосугай" гэснийг

"...хариуцагч *******ээс 42,366 төгрөг, хариуцагч *******оос 55,200 төгрөг тус тус гаргуулж, нэхэмжлэгч *******ид олгосугай" гэж тус тус өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

   2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар нэхэмжлэгч *******оос давж заалдсан гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,700 төгрөг, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч *******ээс давж заалдсан гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 56,023 төгрөгийг тус тус Төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалын агуулгыг танилцуулан сонсгож 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүрэгтэй, энэ үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

   4. Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1-т зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч  магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын Дээд Шүүхийн тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.   

 

                          ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Г.МЯГМАРСҮРЭН                                                              

                                            ШҮҮГЧИД                                   Я.ТУУЛ                                                                                           

                                                                                                      Л.АМАРСАНАА