Өвөрхангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх ийн Шүүгчийн захирамж

2016 оны 07 сарын 04 өдөр

Дугаар 284

 

Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

Өвөрхангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн  шүүгч  Д.Мөнхтуяа би

Нэхэмжлэгч: Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 5 дугаар баг, 345 дугаар байрны 27 тоотод оршин суух, Боржигон овгийн Сүхбатын Нямдоржийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 5 дугаар баг, 13-10 тоотод оршин суух, Онолт овгийн Дашдэлэгийн Ядамсүрэнд холбогдох  

“Гэм хорын хохирол болох 650000 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийг 2016 оны 05 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч, иргэний хэрэг үүсгээд 

ТОДОРХОЙЛОХ  нь:

Нэхэмжлэгч  С.Нямдорж шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: 2016 оны 05 дугаар сарын 04-ний өдөр “Баку” худалдааны төвийн 3 давхарт байрлах баталгаат телевизор засварын Д.Ядамсүрэн дээр очиж LG32LN570V лед телевизор засуулахаар тохиролцсон. Тухайн үед засварчин манайх баталгаат засварын газар ах нь өөрөө сайн үзэж оношлоод эвдрэлийг нь тогтоолгоод үнээ хэлье гэсэн. Тэгээд дэлгэцний гэрэл нь шатчихаж ээ ийм гэрэл байдаг юм энэ гурван гэрэлийг бүгдийг, дунд гэрэлийнх нь 1 ширхэгийг сольж тавиад болоо үнэ нь 70000 төгрөг болно гэсэн. Тэгээд засварчин задлах гээд бүгдийг нь задласан нүүрний шилийг нь салгаж аваад ар талдаа тавьсан. Тэгээд 3 цуваа гэрэлнүүдийнх нь доод гэрэлийг бүгдийг, дунд гэрэлийнх нь 1 ширхэгийг сольсон.  Гэтэл буруу холбосон байна гээд ар талынх нь залгууртай хэсэгт байдаг самбар дээрхийг гагнаад, салгаад л байсан. Ах нь жаахан будилаад буруу холбочихоод байх шиг байна. Толгойны эргээ гартал энэ зурагтыг үзээтье гээд гаднаас орж ирсэн хүний хуучин телевизорыг үзээд эхэлсэн. Тэр үед 15 цаг болж байсан. Тэгэж байснаа 18 цагт хүрч ирээд зурагтаа аваарай би засчихаад байж байя гэхээр нь би тэгье гээд орхиод явсан. Гэтэл 16 цаг 20 минутанд 94934807 дугаарын утаснаас залгаад ах нь маргаан найдвартай засаад өгье чи маргааш ирээд телевизороо авчих гэсэн. Тэгээд би явж очоод та маргааш хэдийд дуусах вэ? гэхэд 11 цагт дуусна найдвартай ирээд авчих гэсэн. Маргааш нь 10 цаг 19 минутанд 94394807 дугаараас залгаад телевизорын чинь шил хагарсан байна ш дэ одоо өөр арга байхгүй гэсэн би гайхаад яваад очтол хагархай телевизор надад үзүүлсэн.  Тухайн үед намайг байж байхад засварчин өөрөө оношлож эвдрэлийг нь тогтоож лед гэрэл нь шатсан байна гэж хэлээд хүлээж авсан. Гэтэл маргааш нь нүүр нь хагарсан байна энийгээ ав гэсэн. Миний эд хөрөнгө бусдын мэдэлд байж байгаад эвдрэл гэмтэлтэй болсон тул танайх миний телевизорыг төлж өг би хагархай нүүртэй телевизор хүлээлгэж өгөөгүй гэтэл бид төлөхгүй гэсэн. Иймд телевизорын үнэ 650000 төгрөгийг Д.Ядамсүрэнгээс гаргуулж өгнө үү гэжээ.   

 Нэхэмжлэгч С.Нямдорж, хариуцагч Д.Ядамсүрэн нар шүүхэд гаргасан хүсэлтэндээ: С.Нямдорж би телевизорын үнэ болох 650000 төгрөгийг Д.Ядамсүрэнгээс гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Бид харилцан тохиролцож Д.Ядамсүрэн нь 650000 төгрөгний оронд 32 инчийн (япон эсвэл солонгос) телевизорыг 2016 оны 07 дугаар сарын  16-ны өдөр авчирч өгөхөөр тохиролцов.

ҮНДЭСЛЭХ нь:

    Нэхэмжлэгч С.Нямдорж нь “хариуцагч Д.Ядамсүрэнд холбогдуулан 650000 төгрөг гаргуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч хариуцагчаас 32 инчийн (япон эсвэл солонгос) телевиз авахаар харилцан тохиролцож зохигчид эвлэрсэн нь эвлэрлийн гэрээгээр нотлогдож байна.

Нэхэмжлэгч хариуцагч нар нь эвлэрлийн гэрээ байгуулсан нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй тул зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

          1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар нэхэмжлэгч С.Нямдорж, хариуцагч Д.Ядамсүрэн нар 32 инчийн (япон эсвэл солонгос) телевиз гаргуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийн хүрээнд зохигчид эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Д.Ядамсүрэнгээс 11275 төгрөг, орон нутгийн орлогын 5540607728 тоот данснаас 11275 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч С.Нямдоржид олгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 22550 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Шүүгчийн захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг хариуцагчид мэдэгдсүгэй.

4. Шүүгчийн захирамжинд нэхэмжлэгч, хариуцагч нар давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурьдсугай.

 

 

ШҮҮГЧ                                 Д.МӨНХТУЯА