Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 01 сарын 29 өдөр

Дугаар 34

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                               МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Ш.Гандансүрэн даргалж,

нарийн бичгийн дарга Б.Буянхишиг, 

улсын яллагч Г.Энхмаа,

шүүгдэгч Ч.Н нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар,

 

Төв аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Б овгийн Ч.Н-од холбогдох эрүүгийн 1834007730473 дугаартай хэргийг 2018 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.  

 

                                 Шүүгдэгчийн биеийн байцаалт

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Төв аймгийн Заамар суманд 1970 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр төрсөн, 50 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, охины хамт Төв аймгийн Заамар сумын Хайлааст 3 дугаар баг 15-09 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагнал, ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай гэх, ИЦ70111863 дугаарын регистртэй, Б овгийн Ч.Н

 

                                     Холбогдсон хэргийн талаар

                                    /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

Яллагдагч Ч.Н нь согтуугаар 2018 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн орой Төв аймгийн Заамар сумын Тосон 4 дүгээр багийн нутаг “Дөтлүүрийн ам” гэх газарт шороо ачуулахгүй гэж хэрүүл маргаан үүсгэн, Б.Бат-Энхийн эзэмшлийн “Хово” маркийн 80-70 ОРХ улсын дугаартай тээврийн хэрэгсэл М.Баасанжаргалын эзэмшлийн “Хьюндэй” маркийн экскаваторын салхины шилийг чулуу шидэж тус тус хагалж гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.             

 

                                                 ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчээс

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ч.Н-ын:

...2018 оны 8 дугаар сарын 17-ны өдөр найзынхаа хүүхдийн хуриманд очоод орой 8 цаг өнгөрч байхад гэртээ ирсэн. Тухайн хэрэг гарсан газар миний эзэмшлийн газар юм. Тухайн үед М.Баасанжаргал согтуу байсан. Тэгээд би миний газраас гар гэхэд хуц зайл балай авга минь гээд байсан. Тэнд байсан жолооч нар бүгд согтуу байсан. Тэгээд би жаахан чулуу аваад машин руу шидчихээд гэртээ орсон. Тэгээд манай охин гарах гэхээр нь би яахын гээд унтаад өгсөн. Тэгсэн цагдаа ирээд намайг аваад явсан. Би цагдаа дээр очоод мэдүүлэг өгсөн. Тэгээд сураггүй байж байгаад Гантулга цагдаа надтай уулзах хэрэг байна гээд Улаанбаатар хотод уулзсан чинь нэг энгийн хувцастай залуутай хамт байсан. Тэр хүн нь Төв аймгийн цагдаагийн газрын мөрдөн байцаагч байсан. Тэгээд таныг олохгүй байна, та яагаад алга болчихов гэсэн. Тэгээд би цагдаа дээр ирээд мэдүүлэг өгсөн гэв...

 

Эрүүгийн 1834007730473 дугаартай хэрэгт хохирогч Б.Бат-Энхийн /хх-ийн 21 дүгээр хуудас/, хохирогч М.Баасанжаргалын /хх-ийн 23 дугаар хуудас/, гэрч А.Наранхүүгийн /хх-ийн 24 дүгээр хуудас/, гэрч А.Наранхүүгийн /хх-ийн 16 дугаар хуудас/, гэрч Б.Бат-Энхийн /хх-ийн 17 дугаар хуудас/, гэрч Б.Ганбаатарын /хх-ийн 18 дугаар хуудас/, яллагдагч Ч.Н-ын /хх-ийн 48-51 дүгээр хуудас/ гэх мэдүүлгүүд,

Хан Үнэлэмж ХХК-ийн 2018 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 039 дугаартай хохирлын үнэлгээ, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 26-27 дугаар хуудас/, Хан Үнэлэмж ХХК-ийн 2018 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 040 дугаартай хохирлын үнэлгээ, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 28-29 дүгээр хуудас/, Зөрчлийн талаар амаар болон холбоо, мэдээллийн хэрэгслээр гаргасан гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай /хх-ийн 07 дугаар хуудас/, А.Наранхүүгийн гаргасан өргөдөл /хх-ийн 08 дугаар хуудас/ хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 09-12 дугаар хуудас/, хохирогч Б.Бат-Энхийн тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар /хх-ийн 40 дүгээр хуудас/, Сумын засаг  даргын бичил уурхайгаар ашигт малтмал олборлосон талбайд нөхөн сэргээлт хийх тухай гэрээ /хх-ийн 41-43 дугаар хуудас/, шүүгдэгч Ч.Н-ын хувийн байдлыг тодорхойлсон баримтууд /хх-ийн 36-38, 52-58 дугаар хуудас/ зэргийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой гэж бусад бичгийн нотлох баримтуудаар хэрэгт цуглуулж, бэхжүүлж авсан байна.

 

Шүүгдэгч Ч.Н нь согтуугаар 2018 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн орой Төв аймгийн Заамар сумын Тосон 4 дүгээр багийн нутаг “Дөтлүүрийн ам” гэх газарт шороо ачуулахгүй гэж хэрүүл маргаан үүсгэн, Б.Бат-Энхийн эзэмшлийн “Хово” маркийн 80-70 ОРХ улсын дугаартай тээврийн хэрэгсэл М.Баасанжаргалын эзэмшлийн “Хьюндэй” маркийн экскаваторын салхины шилийг чулуу шидэж тус тус хагалж гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан үйл баримт нь хэрэгт цугларсан дээрх баримтуудаас шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн дараах хохирогч  Б.Бат-Энхийн ...Хово маркийн тээврийн хэрэгсэл дээрээ шороо ачаад хөдөлсөн чинь согтуу нөмгөн дээл өмссөн нэг эмэгтэй гарч ирээд өөдөөс чулуу шидээд миний тээврийн хэрэгслийн урд талын салхины шилийг хагалчихаар нь би зогсоод буутал хамт байсан Баасанжаргал ах очоод нөгөө хүүхнийг бариад авахаар нь очиж уулзтал бид нарыг шороо ачуулахгүй гээд агсраад байсан... /хх-ийн 21 дүгээр хуудас/,

хохирогч М.Баасанжаргалын ...өөрийнхөө эзэмшлийн Экскаватортой шороо түрж байсан чинь нэг нөмгөн дээлтэй хүүхэн ирээд чулуу шидэж Бат-Энхийн Хово, миний экскаварторын цонхыг хагалчихаар нь бид нар Наранхүүд хэлж цагдаад өргөдөл өгүүлсэн юм... /хх-ийн 23 дугаар хуудас/,

гэрч А.Наранхүүгийн ...Заамар сумын Тосонгийн гол гэх газарт Бат-Энх бид хоёрын Хово, Экскавартор хоёрын шилийг Ч.Н гэх хүүхэн согтуу чулуу шидээд хагалчихлаа чи маргааш өргөдөл бичээд өгчих гэхээр нь би 2018 оны 08 дугаар сарын 18-ны өдөр болсон хэргийн талаар нь өргөдөл бичиж Заамар сумын сум дундын цагдаагийн хэлтсийн жижүүрт өгсөн юм... /хх-ийн 24 дүгээр хуудас/,

гэрч А.Наранхүүгийн ...Баасанжаргал ахаас Под станцын хажуу талд манай нөхөн сэргээлтийн гэрээтэй эпль дээр Насаа гээд хүүхэн машины цонх хагалаад согтуу танхайраад байна аа цагдаад дуудлага өгчих гээд залгасан. Маргааш өглөө нь би өргөдөл бичиж өгсөн... /хх-ийн 16 дугаар хуудас/,

гэрч Б.Бат-Энхийн ...F-3000 Хово маркийн машинтай шороо ачаад хөдөлсөн чинь цэнхэр нөмгөн дээлтэй хүүхэн чулуу барьцан явж байснаа өөдөөс гарч ирснээ 1 чулуугаар урд шил рүү шидчихээд дахиад шидэх гэхэд нь барьж аваад болиулсан... ...урд шилийг хотоос 500.000 төгрөгөөр захиж авчруулна... /хх-ийн 17 дугаар хуудас/,

гэрч Б.Ганбаатарын ...Заамар сумын Дөтлүүрийн ам гэх газарт 1 хүүхэн ирээд чулуу шидээд Хово, Экскаварорын шил хагалаад ажил зогссон... ...тэр хүүхнийг Насаа гээд байх шиг байсан... /хх-ийн 18 дугаар хуудас/,

яллагдагч Ч.Н-ын ...Бааска согтуу Ланд 100 маркийн тээврийн хэрэгсэлтэйгээ ирчихсэн зогсож байхаар нь би очиж уулзаад Бааска чи яаж байгаа юм бэ урд жил хамт ажиллая гэж гуйхад зөвшөөрөхгүй байж одоо яагаад миний газар руу орж байгаа талаар асуухад намайг хуц балай авгай минь, чи эндээс зайл гэхээр нь би гэнэт уур хүрээд чи намайг балайгаар нь дууддаг хэн бэ гэж хэлээд газраас чулуу аваад шидсэн чинь Ховоных нь жижиг цонхыг оноод хагалчихсан юм... /хх-ийн 48-51 дүгээр хуудас/ гэх мэдүүлгүүд ,

Хан Үнэлэмж ХХК-ийн 2018 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 039 дугаартай ...“Shanshi HOWO” маркийн 8070ОРХ улсын дугаартай тээврийн хэрэгслийн урд салхины шилийг 400.000 төгрөгөөр үнэлсэн... хохирлын үнэлгээ, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 26-27 дугаар хуудас/, Хан Үнэлэмж ХХК-ийн 2018 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 040 дугаартай ...“Hyundai ML” 5104УБ улсын дугаартай авто машины зүүн салхивчны шилийг 65.000 төгрөгөөр үнэлсэн... хохирлын үнэлгээ, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 28-29 дүгээр хуудас/, зөрчлийн талаар амаар болон холбоо, мэдээллийн хэрэгслээр гаргасан гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай /хх-ийн 07 дугаар хуудас/, А.Наранхүүгийн гаргасан өргөдөл /хх-ийн 08 дугаар хуудас/ хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 09-12 дугаар хуудас/, хохирогч Б.Бат-Энхийн тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар /хх-ийн 40 дүгээр хуудас/, Сумын засаг  даргын бичил уурхайгаар ашигт малтмал олборлосон талбайд нөхөн сэргээлт хийх тухай гэрээ /хх-ийн 41-43 дугаар хуудас/, шүүгдэгч Ч.Н-ын хувийн байдлыг тодорхойлсон баримтууд /хх-ийн 36-38, 52-58 дугаар хуудас/ зэрэг бусад бичгийн нотлох баримтуудаар тус тус тогтоогдож байна.

 

Түүнчлэн дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу олж авсан, цуглуулж, бэхжүүлж, шалгасан, шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдэж, шүүх хуралдаанд талуудын хүсэлтээр шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтууд, мөрдөн байцаалтын шатанд хэрэгт нотолбол зохих байдлыг бүгдийг шалгасан, прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд хянан хэлэлцэж, шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэлээ.

 

Шүүхээс дээрх нөхцөл байдалд хийсэн хууль зүйн дүгнэлт болон гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Ч.Н нь согтуурсан үедээ иргэн Б.Бат-Энхийн эзэмшлийн “Хово” маркийн 80-70 ОРХ улсын дугаартай тээврийн хэрэгсэл М.Баасанжаргалын эзэмшлийн “Хьюндэй” маркийн экскаваторын салхины шилийг чулуу шидэж тус тус хагалж гэмтээсэн үйлдэл, эс үйлдэхүй нь нэг гэмт хэргийн шинжийг хэд хэдэн удаагийн үйлдлээр хангасан хууль бус шинжтэйг мэдсээр байж өөрөө түүнийг хүсч үйлдсэн, дээрх үйлдлийн улмаас бусдад бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэм буруугийн санаатай үйлдэл тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангасан, прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон, яллах дүгнэлт хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий шаардлагыг хангасан байна.

 

Иймд шүүгдэгч Ч.Н-ыг үргэлжилсэн үйлдлээр бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгасан, гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж үзлээ.

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

Шүүгдэгч Ч.Н-ын гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Б.Бат-Энх, хохирогч М.Баасанжаргал нар эд хөрөнгийн хохирол буюу 465.000 төгрөгийн хохирол учирсан байна.

 

Хохирогч Б.Бат-Энх, М.Баасанжаргал нар нь хохирол төлбөрөө барагдуулж авсан гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй болох нь шүүхийн шатанд шүүгчийн туслахын шүүх хуралдааны тов мэдэгдсэн мэдэгдэх хуудсаар нотлогдож байх тул шүүгдэгч Ч.Н-ыг энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүх шүүгдэгч  Ч.Н-д хуульд заасан ял шийтгэлийг оногдуулахдаа хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг, харин тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон ба гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан торгох ял оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.

 

Шүүхээс шүүгдэгч Ч.Н-д торгох ял оногдуулсан шүүхийн шийдвэрийг биелүүлэх хугацааг хэсэгчлэн төлүүлэх шаардлагагүй гэж үзсэн ба уг торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан ...ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор... ...биелүүлэх үүрэгтэй... гэсний дагуу төлүүлэхээр шийдвэрлэж,

шүүхээс түүнд оногдуулсан торгох ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг харьяа нутаг дэвсгэрийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгах нь зүйтэй.    

 

Шүүгдэгч Ч.Н нь цагдан хоригдсон хоноггүйг, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүйг, хохирогч нар нь шүүгдэгчид гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй, эвлэрснийг, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүйг, бичгийн баримт ирээгүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг тус тус дурдаж шийдвэрлэсэн болно.

 

Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1, 31.3.1., Эрүүгийн хэрэг

хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2., 36.6., 36.7., 36.8., 36.10.,

36.13., 37.1 дүгээр зүйлийн 2., 38.2 дугаар зүйлийн 1

дэх хэсэгт заасан зүйл, заалтуудыг

тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Б овгийн Ч.Н-ыг үргэлжилсэн үйлдлээр, бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгасан, гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Б овгийн Ч.Н-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зургаан зуун нэгж буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгийн торгох ялаар шийтгэсүгэй.   

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Б овгийн Ч.Н-од Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан зургаан зуун нэгж буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгийн торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан хугацаанд биелүүлэхийг, биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгж буюу 15.000 /арван таван мянга/ төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй. 

     

4. Шүүгдэгч Б овгийн Ч.Н-од шүүхээс оногдуулсан торгох ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг харьяа нутаг дэвсгэрийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

 

5. Шүүгдэгч Б овгийн Ч.Н нь цагдан хоригдсон хоноггүйг, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүйг, хохирогч Б.Бат-Энх, М.Баасанжаргал нар гомдол санал, нэхэмжлэх зүйлгүйг, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүйг, бичгийн баримт ирээгүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг тус тус дурдсугай.   

 

6. Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Б овгийн Ч.Н-од урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.  

 

7. Шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор цагаатгах, шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулахыг, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлэхийг тус тус дурдсугай.

 

8. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Төв аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.

 

9. Анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Б овгийн Ч.Н-од авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.   

 

 

 

          ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Ш.ГАНДАНСҮРЭН