| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Шагдарсүрэнгийн Гандансүрэн |
| Хэргийн индекс | 176/2019/0020/Э |
| Дугаар | 36 |
| Огноо | 2019-01-30 |
| Зүйл хэсэг | 17.12.1., |
| Улсын яллагч | Г.Энхмаа |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 01 сарын 30 өдөр
Дугаар 36
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Ш.Гандансүрэн даргалж,
нарийн бичгийн дарга У.Золчимэг,
улсын яллагч Г.Энхмаа,
шүүгдэгч Б.Н, түүний өмгөөлөгч Ц.Хүрэлбаатар нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар,
Төв аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Б овгийн Б.Н-д холбогдох эрүүгийн 1834003660341 дугаартай хэргийг 2019 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт
Шүүгдэгч: Монгол улсын иргэн, Увс аймгийн Цагаанхайрхан суманд төрсөн 1978 оны 10 дугаар сарын 29-ний өдөр төрсөн, 40 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, ганцаараа Чингэлтэй дүүрэг, 16 дугаар хороо, Согоотын 77-1059-Б тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй,
урьд Увс аймгийн сум дундын шүүхийн 2000 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 194 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор 1986 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 жилийн хорих ялаар шийтгүүлж, мөн шүүхийн шүүгчийн 2001 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 09 дугаартай захирамжаар эдлээгүй үлдсэн 3 сар 26 хоногийн хорих ялыг тэнсэж, мөн хугацаагаар хянан харгалзсан, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай гэх, ОС78102912 дугаарын регистртэй, Б овгийн Б.Н
Холбогдсон хэргийн талаар
/Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Яллагдагч Б.Н нь Төв аймгийн Угтаалцайдам сумын Ар-Асгат 2 дугаар багийн нутаг “Долоон тэмээт” гэх газраас 2018 оны 05 дугаар сарын 27-ны өдөр Д.Батхуягийн эзэмшлийн 3 тооны адууг хулгайлж, 8.300.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчээс
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Н:
...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул дахин мэдүүлэг өгөхгүй гэв...
Эрүүгийн 1834003660341 дугаартай хэрэгт хохирогч Д.Батхуягийн /хх-ийн 11-14 дүгээр хуудас/, гэрч Б.Мэндсайханы /хх-ийн 16-17 дугаар хуудас/, гэрч Б.Уртнасангийн /хх-ийн 18-19 дүгээр хуудас/, гэрч Ц.Амарбаясгалангийн /хх-ийн 20 дугаар хуудас/, гэрч Г.Цэнгэлийн /хх-ийн 21 дүгээр хуудас/, гэрч Т.Чадраабалын /хх-ийн 22 дугаар хуудас/, яллагдагч Б.Н-ын /хх-ийн 33-34 дугаар хуудас/ гэх мэдүүлгүүд,
2018 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн Төв аймгийн Угтаалцайдам сумын үнэлгээний комиссын эд зүйлийн үнэлгээ /хх-ийн 25 дугаар хуудас/, гэмт хэргийн талаар гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 5 дугаар хуудас/, протокол /хх-ийн 8 дугаар хуудас/, мал хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-ийн 9 дүгээр хуудас/, Б.Мэндбаярын малын А дансны хуулбар /хх-ийн 28-29 дүгээр хуудас/, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 54 дүгээр хуудас/, эд мөрийн баримтаар тооцох тухай баримт, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 55-56 дугаар хуудас/, шүүгдэгчийн хувийн байдлыг тодорхойлсон баримтууд /хх-ийн 35-48, 58-59, 60-63 дугаар хуудас/ зэргийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой гэж бусад бичгийн нотлох баримтаар цуглуулж, бэхжүүлж авсан байна.
Шүүгдэгч Б.Н нь 2018 оны 05 дугаар сарын 27-ны өдөр Төв аймгийн Угтаалцайдам сумын Ар-Асгат 2 дугаар багийн нутаг “Долоон тэмээт” гэх газраас Д.Батхуягийн эзэмшлийн 3 тооны адууг хулгайлж, 8.300.000 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт нь хэрэгт цугларсан дээрх баримтуудаас шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн дараах хохирогч Д.Батхуягийн ...2018 оны 05 дугаар сарын 31-ний өдөр манай сумын хэсгийн төлөөлөгч манай хүүхэд Мэндсайхан руу залгаад эмээлтэд ХЦ тамгатай 3-н тооны адуу хулгай хийсэн хүн баригдсан байна. Угтаалын сумын төвийн урд талаас Б.Н морьдоо хулгай хийсэн гэж байна чи очоод адуугаа үзчих гэсэн... ...Би саарал морио 2.5 сая төгрөгөөр, хүрэн морио 5 сая төгрөг, хээр морио 2 сая төгрөгөөр тус тус үнэлнэ... ...манай адуу сумын төв тойроод уушгийн өвөр Долоон тэмээт, Нэвсэн гээд сумын төвийн урд Цагаан үнээ орчмоор байдаг юм. Морьд алдагдах үед газар тариалангийн ажил эхэлчихсэн адуундаа явах завтай хүн байхгүй байсан тул адуугаа эргээгүй 3 хоног болсон байсан юм... ...манай хүүхэд Б.Мэндсайхан очоод үзсэн чинь манай 3 адуу мөн байсан гэсэн... ...Манайх дээрх хулгайд алдсан морьдоо хүү Мэндбаярын нэр дээр малын А данс нээлгэж бүртгүүлсэн байдаг юм... /хх-ийн 11-14 дүгээр хуудас/,
гэрч Б.Мэндсайханы ...тэр өдөр 20 цаг өнгөрч байхад над руу 80083352 гэсэн дугаараас манай сумын хэсгийн төлөөлөгч утастаад манай сумаас 3-н тооны адуу нэг хүн хулгайлаад Эмээлт орчимд явж байгаад Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн 1-р хэлтсийн алба хаагчдад баригдсан байна тэр адууны тамга нь танай адууны тамгатай таараад байна. Яи очоод тэр адуунуудыг нь үзчих гэхээр нь би очиж үзсэн чинь манай 3 тооны адуу мөн байсан... ...Тэгээд тэр адуу хулгай хийсэн хүнээр адуунуудыг хөтлүүлж байгаад зургийг нь дарсан... /хх-ийн 16-17 дугаар хуудас/,
гэрч Б.Уртнасангийн ...Манай ах Б.Н одоо хаана байгааг би одоо мэдэхгүй байна. Хамгийн сүүлд 2018 оны 05 дугаар сарын 31-ний орой 23 цагийн үед цагдаагаас ярьж байна Нямдагвын дүү мөн үү гэхээр нь тийм байна гэсэн чинь тэр цагдаа нь манайд ахыг авч ирж өгөөд ирэх 7 хоногийн 1 дэх өдөр ирж уулзаарай гээд явсан. Б.Н манайд 2 хоноод Төв аймаг орж цагдаатай уулзана гээд явсан. Би тэр хүргэж ирсэн цагдаагийнх нь хажууд ганцаараа яваагүй нь тодорхой, ямар хүнтэй явснаа хэл гэсэн чинь би ганцаараа явж хулгай хийсэн гээд байсан. Би дараа нь гэртээ байхдаа хаанаас яаж яваад хулгай хийсэн талаар нь асуухад би Төв аймгаас ганцаараа явж байгаад хулгай хийсэн гээд байсан... /хх-ийн 18-19 дүгээр хуудас/,
гэрч Ц.Амарбаясгалангийн ...Би 2018 оны 05 дугаар сарын 31-ний өдөр Монгол наадам цогцолборын арга хэмжээнд ажиллаж байхад ахмад Чадраабал залгаад мал хулгайлсан байж болзошгүй хүн эмээлт өртөө рүү явчихлаа. Уулан дээгүүр та нар урдаас нь андаад хүрээд ир гэсэн. Тэгээд дэслэгч Оргодол, дэслэгч Мөнхжаргал нарын хамтаар Эмээлт өртөө гэдэг газар андаж барьж авахад 3 тооны морь хөтөлсөн хүн тухайн үедээ өөрийгөө Б.Н гэж байсан. Тэгээд шалгахад тухайн 3 тооны адууг Төв аймгийн Угтаал Цайдам сумын нутгаас хулгайлсан гэж байсан... ...Тэгээд Төв аймгийн Цагдаатай холбогдож хүлээлгэж өгсөн... /хх-ийн 20 дугаар хуудас/,
гэрч Г.Цэнгэлийн ...Б.Н нь 2018 оны хавар манайд байсан. Цагаан сараас хойш байж байгаад 5-н сарын үед гарч яваад ирэхдээ малын хулгайн гэмт хэрэгт холбогдсон байсан... /хх-ийн 21 дүгээр хуудас/,
гэрч Т.Чадраабалын ...3 морь хөтөлсөн хүн яваад байна хулгай хийсэн байж магадгүй байна гэхээр нь очиж шалгахад тухайн 3 тооны морь хөтөлсөн хүн уул руу гараад зугтсан. Гарамны хойд талын уул руу ороод зугтахаар нь хойноос нь хөөж барьж авахад өөрийгөө Б.Нгэж танилцуулсан. Хөтөлж яваа 3 морийг нь тодруулахад Төв аймгийн Угтаалцайдам сумын нутгаас хулгайлж авсан гэж байсан... ...Саарал, хээр, хүрэн зүсмийн ХЦ үсгэн тамгатай байсан... /хх-ийн 22 дугаар хуудас/,
яллагдагч Б.Н-ын...2018 оны 05 дугаар сарын 28-ны өглөө 06 цагийн үед босоод урагшаа ам дагаад алхаж яваад усан дээр очиж ус ууж жаахан хэвтэж байтал 11 цагийн орчим 2-3 хэсэг адуу ус руу орж ирэхээр нь би ус уусан адуунаас хоргоож байгаад эхлээд саарал зүсмийн морь бугуйлдаж барьж аваад эмээллэж аваад дахиж хээр зүсмийн морь, хүрэн зүсмийн морь, нийт 3 тоон морь барьж аваад тэндээсээ буцаж хоносон газраа ирээд хэсэг сууж байгаад орой харанхуй болонгуут Улаанбаатар хот руу явж байгаад замдаа нэг хоноод маргааш нь буюу 2018 он 05 дугаар сарын 29-ны өдөр Улаанбаатар хот Сонгинохайрхан дүүргийн 61-ийн гарам гэх газарт явж байгаад эргүүлийн цагдаа нарт баригдаж саатуулагдсан юм... ...мөнгөний хэрэг болоод байхаар нь хулгай хийж хэдэн төгрөгтэй болъё гэж бодсон юм... /хх-ийн 33-34 дүгээр хуудас/ гэсэн мэдүүлгүүд,
2018 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн үнэлгээний комиссын хурдан удамтай гэх ХЦ тамгатай хээр зүсмийн морь, ХЦ, Я үсгэн тамгатай саарал зүсмийн морь, ширээтэй магатай хүрэн зүсмийн морийг нийт 8.300.000 төгрөгөөр үнэлсэн эд зүйлийн үнэлгээ, гэмт хэргийн талаар гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, протокол, мал хүлээлгэн өгсөн тэмдэглэл, Б.Мэндбаярын малын А дансны хуулбар, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, эд мөрийн баримтаар тооцох тухай баримт, гэрэл зургийн үзүүлэлт, шүүгдэгчийн хувийн байдлыг тодорхойлсон баримтууд зэрэг бусад бичгийн нотлох баримтуудаар тус тус тогтоогдож байна.
Түүнчлэн дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу олж авсан, цуглуулж, бэхжүүлж, шалгасан, шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдэж, шүүх хуралдаанд талуудын хүсэлтээр шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтууд, мөрдөн байцаалтын шатанд хэрэгт нотолбол зохих байдлыг бүгдийг шалгасан, прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд хянан хэлэлцэж, шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэлээ.
Шүүхээс дээрх нөхцөл байдалд хийсэн гэм буруугийн болон хууль зүйн дүгнэлтийн талаар:
Шүүгдэгч Б.Н-ын Д.Батхуягийн эзэмшлийн 3 тооны адууг хулгайлсан үйл баримт нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно.” гэсний дагуу бусдын 3 тооны малыг хулгайлж байгаа үйлдэл, эс үйлдэхүйгээ хууль бус гэдгийг мэдсээр байж уг үйлдэл, эс үйлдэхүйгээ хууль ёсны эзэмшигчид нь мэдэгдэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хүсч үйлдсэн, үүний улмаас эзэмшигчид бий болж байгаа хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдсэн үйлдэл, эс үйлдэхүй гэж үзэх үндэслэлтэй байна.
Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангасан, прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч Б.Н-ыг бусдын малыг хулгайлсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж үзлээ.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:
Шүүгдэгч Б.Н-ын гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Д.Батхуягт 3 тооны мал /адуу/ хулгайд алдагдаж, 8.300.000 /найман сая гурван зуун мянга/ төгрөгийн хохирол учирсан байна.
Шүүгдэгч Б.Н нь бусдын малыг хулгайлах гэмт хэрэг үйлдэж авсан 3 тооны малыг /адууг/ мөрдөн байцаалтын шатанд хууль ёсны эзэмшигч Д.Батхуягт биет байдлаар нь буцаан өгсөн нь хавтас хэргийн 8 дугаар хуудсанд авагдсан 3 тооны адуу хураан авсан тухай протокол, мөн хавтас хэргийн 9 дүгээр хуудсанд авагдсан мал хүлээлгэн өгсөн тэмдэглэл зэргээр нотлогдож байх тул шүүгдэгч Б.Н-ыг энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзэхээр байна.
Харин хохирогч Б.Батхуяг шүүхийн хэлэлцүүлэгт шинээр 3 тооны морио эрж хайсан зардал болон ачиж авч явсан замын зардал болох нийт 924.118 /есөн зуун хорин дөрвөн мянга нэг зуун арван найман мянга/ төгрөгийн баримтыг гаргаж нэхэмжилсэн ба дээрх баримт нь нотлох баримтын шаардлага хангахгүй байх тул энэ шүүх хуралдаанаар хэлэлцэхгүй орхилоо.
Иймд шүүгдэгч Б.Н-ыг энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүйг, харин хохирогч Д.Батхуяг нь энэ гэмт хэргийн улмаас гарсан 924.118 /есөн зуун хорин дөрвөн мянга нэг зуун арван найман мянга/ төгрөгийн хор уршигтай холбоотой баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэлээ.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүх шүүгдэгч Б.Н-д хуульд заасан ял шийтгэлийг оногдуулахдаа хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг төлснийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон ба гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан хорих ял оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.
Түүнчлэн шүүгдэгч Б.Н-д энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан хорих ял дээр өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан хорих ялыг буюу хэд хэдэн шийтгэх тогтоолоор нэг төрлийн ялыг нэмж нэгтгэн, түүний нийт эдлэх хорих ялын хэмжээг тогтоох нь зүйтэй гэж үзэв.
Шүүхээс шүүгдэгч Б.Н-д оногдуулсан хорих ялыг гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, түүний хувийн байдлыг харгалзан мөн хуульд заасны дагуу нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэлээ.
Шүүгдэгч Б.Н-ын 2018 оны 12 дугаар сарын 13-ны өдрөөс 2019 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 47 /дөчин долоо/ хоногийг, 2018 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 893 дугаартай шийтгэх тогтоол гарахад мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар цагдан хоригдсон 41 /дөчин нэг/ хоногийг, нийт 88 /наян найм/ хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцохыг,
шүүгдэгч Б.Н нь энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүйг, хэрэгт бичгийн баримт ирээгүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг,
шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 2 ширхэг эсгий, мөн улаан хүрэн өнгийн цэцэгтэй 1 ширхэг нийт 3 ширхэг тохом, төмөр бүүрэгтэй, улаан өнгийн модон хавтастай, мяндсан цагаан жирэмтэй, хос төмөр дөрөөтэй, саарал өнгийн хавтгай оломтой эмээлийг устгахыг тус тус дурдаж шийдвэрлэсэн болно.
Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1, 31.3.1, Эрүүгийн хэрэг
хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2., 36.4.2., 36.6., 36.7., 36.8.,
36.10., 36.12., 36.13., 37.1 дүгээр зүйлийн 2., 38.2 дугаар
зүйлийн 1 дэх хэсэгт заасан зүйл, заалтуудыг тус
тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овгийн Б.Н-ыг бусдын малыг хулгайлсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч Б овгийн Б.Н-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан Б овгийн Б.Н-д энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 1 /нэг/ жилийн хорих ял дээр өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан 1 /нэг/ жилийн хорих ялыг нэмж нэгтгэн түүний нийт эдлэх ялыг 2 /хоёр/ жилийн хугацаагаар тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан Б овгийн Б.Н-д оногдуулсан 2 /хоёр/ жилийн хорих ялыг нээлттэй хорих ангид эдлүүлсүгэй.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Б овгийн Б.Н-ын2018 оны 12 дугаар сарын 13-ны өдрөөс 2019 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 47 /дөчин долоо/ хоног, 2018 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 893 дугаартай шийтгэх тогтоол гарахад мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар цагдан хоригдсон 41 /дөчин нэг/ хоног, нийт цагдан хоригдсон нийт 88 /наян найм/ хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцсугай.
6. Шүүгдэгч Б овгийн Б.Н нь энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүйг, хэрэгт бичгийн баримт ирээгүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг тус тус дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасныг баримтлан шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 2 ширхэг эсгий, мөн улаан хүрэн өнгийн цэцэгтэй 1 ширхэг нийт 3 ширхэг тохом, төмөр бүүрэгтэй, улаан өнгийн модон хавтастай, мяндсан цагаан жирэмтэй, хос төмөр дөрөөтэй, саарал өнгийн хавтгай оломтой эмээлийг устгахыг тус шүүхийн Тамгын газарт даалгасугай.
8. Хохирогч Д.Батхуягийн нэхэмжилсэн 924.118 /есөн зуун хорин дөрвөн мянга нэг зуун арван найман мянга/ төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг энэ шүүх хуралдаанаар хэлэлцэхгүй орхиж, 924.118 /есөн зуун хорин дөрвөн мянга нэг зуун арван найман мянга/ төгрөгийн хор уршигтай холбоотой баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу жич нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.
9. Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Б овгийн Б.Н-д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж, түүний хорих ял эдлэх хугацааг 2019 оны 01 дүгээр сарын 30-ны өдрөөс эхлэн тоолсугай.
10. Шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор цагаатгах, шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулахыг, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлэхийг тус тус дурдсугай.
11. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Төв аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.
12. Анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Б овгийн Б.Н-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ш.ГАНДАНСҮРЭН