Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 11 сарын 30 өдөр

Дугаар 209/МА2023/00096

 

*******ын нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай

                                                  

          Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Л.Амарсанаа даргалж, шүүгч Г.Мягмарсүрэн, шүүгч  Я.Туул нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

           Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны  09 дүгээр сарын 14-ний өдрийн 135/ШШ2023/01163 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч *******ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч *******,

            ******* нарт холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: “Тэтгэмж 4,077,075 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагатай,

Иргэний хэргийг нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******ын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, 2023 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр хүлээн авч, шүүгч Я.Туулын илтгэснээр хянан хэлэлцэв.

           Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******, хариуцагч байгууллагын төлөөлөгч ******* нар танхимаар, хариуцагч ******* ******* /цахимаар/, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Билгүүн нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн үндэслэл, шаардлага:
           ******* миний бие 2019 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр аймгийн засаг даргын 01/ тоот захирамжаар Шарын гол сумын ерөнхий боловсролын 6 дугаар сургуулийн захирлаар томилогдон ажиллаж байгаад Шарын гол сумын засаг даргын 2022 оны 04 сарын 01-ний өдрийн ******* тоот захирамжаар үүрэгт ажлаасаа чөлөөлөгдсөн.


            Тус захирамжийн 3 дахь хэсэгт холбогдох хууль тогтоомжийн дагуу надад тэтгэмж олгохыг заасан боловч тус үүргийг биелүүлэх эрх бүхий этгээд нь төсөвт мөнгө байхгүй гэх хариуг удаа дараа ирүүлсний улмаас одоо болтол уг тэтгэмжээ авч чадахгүй байна. Захирамжид дурдагдсан тэтгэмжийн талаар 6 дугаар сургуулийн нягтлан бодогч гаас удаа дараа захирамжийн биелэлтийг шаардсан боловч төсөвт мөнгө байхгүй гэх үндэслэлээр хойшлуулж байна. Энэ тухай захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгч *******тэй ярилцах гэхээр утсаа огт авдаггүй тус сумын засаг дарга тэй ярьж онд нь багтааж шийдвэрлэж өгөхийг хүсэхэд 6 дугаар сургуулийн захиралд хэлсэн гэх хариуг удаа дараа өгсөн. Уг асуудлаар Шарын гол сумын хөдөлмөрийн 3 талт хороонд гомдол гаргасан.

Гэтэл миний гомдлыг Дархан-Уул аймгийн Шарын гол сумын ерөнхий боловсролын 6 дугаар сургуульд шилжүүлж, сургуулийн захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгч ******* 2023 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 11 тоот албан бичгийг сургуулийн нарийн бичиг *******ээс шуудангаар явуулсныг 2022 оны 03 дугаар сарын 31-ний өдөр хүлээж авлаа. Тус албан бичигт уг асуудлыг шийдвэрлэхэд 2022 оны цалингийн сан хүрэлцэхгүй болон төсөвт тэтгэмж олгох төсөв суугддаггүй тул энэ асуудлыг шийдвэрлэх боломжгүй гэсэн хариуг ирүүлсэн.

Иймд 3 талт хороо нь миний гомдлыг шийдвэрлэж өгөхгүй байх тул миний бие 2022 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн Б/3 тоот захирамжийн гурав дахь заалтыг хангуулж 3 сарын тэтгэмж 4,077,075 төгрөгийн тэтгэмжийг Шарын гол сумын ерөнхий боловсролын 6 дугаар сургуулиас гаргуулж өгнө үү гэжээ.

2. Хариуцагч ******* *******гийн татгалзал, тайлбарын агуулга:

Дархан-Уул аймгийн Төрийн Аудитын газраас 2020 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн огноотой албан шаардлагыг ирүүлсэн бөгөөд уг албан шаардлагад Шарын гол сумын ерөнхий боловсролын 12 жилийн 6 дугаар сургуулийн захирал ын нь Төрийн үйлчилгээний албаны удирдах ажилтны сонгон шалгаруулалтад ороогүй, ажлын байрны тодорхойлолтод заасан ерөнхий боловсролын сургуульд үндсэн орон тоонд 5-аас доошгүй жил ажилласан байх тусгай шаардлагыг хангаагүй талаар дурдаж, сонгон шалгаруулалтад оролцуулан тэнцсэн иргэнийг томилох тухай шаардлага ирүүлсэн байсан. Тиймээс 2022 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр ******* тоот *******ыг ажлаас чөлөөлөх тухай захирамжийг гаргасан билээ. Ийнхүү захирамж гаргахдаа холбогдох хууль тогтоомжийн дагуу тэтгэмж олгож болохыг нэхэмжлэгчийн ажиллаж байсан сургуулийн нягтланд зөвшөөрсөн заалт л оруулсан. Нэхэмжлэгч нь Дархан-Уул аймгийн Шарын гол сумын засаг даргыг хариуцагчаар татсан нь үндэслэлгүй. Учир нь нэхэмжлэгч нь ажлаас чөлөөлсөнтэй холбоотой маргаагүй.

Мөн Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-д заасны дагуу Шарын гол сумын засаг даргын хувьд эрх хэмжээнийхээ хүрээнд л захирамж гаргасан. Удирдлагын хувьд Монгол Улсын Боловсролын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1.12-т заасны дагуу томилж, чөлөөлнө гэсний дагуу шийдвэр гаргасан. Санхүүжилтийн хувьд бол өөр. Тус сумын засаг дарга түүний ажлын алба, мөн 6 дугаар сургууль нь санхүүжилтийн хувьд төсвийн өөр байгууллага учраас энд дурдагдаж буй хоёр байгууллага өөрсдийн эрх хэмжээний хүрээнд захиран зарцуулдаг. Өөрөөр хэлбэл Засаг даргад хуваарилагдсан төсвийг сургуулийн хөдөлмөрийн харилцаанаас үүссэн асуудлаар захиран зарцуулах боломжгүй. Тиймээс Дархан-Уул аймгийн Шарын гол сумын засаг даргад холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хэсэгчлэн хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

3. Хариуцагч Шарын гол сумын Ерөнхий боловсролын 6 дугаар сургуулийн төлөөлөгч *******гийн татгалзал, тайлбарын агуулга:

*******т Шарын гол сумын Засаг даргын 2022 оны ******* дугаар захирамжийн 3-т холбогдох хууль тогтоомжийн дагуу тэтгэмж олгохыг 12 жилийн 6 дугаар сургуулийн нягтлан бодогч д зөвшөөрсүгэй гэж заасан заалтыг шийдвэрлэхэд 2022 оны цалингийн сан хүрэлцэхгүй болон төсөвт тэтгэмж олгох төсөв /хүүхдийн тоогоор хувьсах зардал хуваарилагддаг/ суугддаггүй тул энэ асуудлыг шийдвэрлэх боломжгүй гэжээ.

4. Анхан шатны шүүхийн  шийдвэрийн агуулга:

Хөдөлмөрийн тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.6-т заасныг баримтлан нэхэмжлэгч *******ын хариуцагч Шарын гол сумын ерөнхий боловсролын 6 дугаар сургууль, Шарын гол сумын Засаг дарга нарт холбогдуулан гаргасан 4,077,075 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 82,100 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

5. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч ******* давж заалдах гомдолдоо:

  Дархан- Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь эс зөвшөөрч, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 161 дүгээр зүйлийн 161.1-т заасны дагуу дараах давж заалдах гомдлыг гаргаж байна.

  Хөдөлмөрийн тухай хуулийн 82 дугаар зүйлийн 6-т “Ажил олгогч ажлын байр нь хадгалагдаж байгаа ажилтны оронд түр ажиллаж байсан ажилтны хөдөлмөр эрхлэлтийн харилцаа дуусгавар болоход энэ хуулийн 82.1-д заасан тэтгэмжийг олгох үүрэг хүлээхгүй." гэж заасан байдаг. Анхан шатны шүүхээс нэхэмжлэгч *******ыг ажлын байр нь хадгалагдаж байсан ажилтны оронд түр ажиллаж байсан гэж үзсэн тул тухайн хуулийн 82 дугаар зүйлийн 82.1-д заасан тэтгэмжийг авах эрхгүй гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна.

   Учир нь Хөдөлмөрийн тухай хуулийн дугаар зүйлийн .1 дэх хэсэгт дараах ажилтны ажлын байрыг хэвээр хадгалах ажлын байр бүрийг нэг бүрчлэн тодорхой заасан ба уг ажлын байр нь хэвээр хадгалагдах ажлын байрны жагсаалтад нэхэмжлэгч ******* хариуцагч Шарын гол сумын ерөнхий боловсролын 6 дугаар сургууль нарын хооронд үүссэн “...сургуулийн захирлын ажлын байрны сонгон шалгаруулалт зарлагдах хүртэл хугацаагаар түр томилох” тохиолдлыг хуульчлаагүй байна.

   Нэхэмжлэгч *******ын ажлын байрыг хэвээр хадгалагдах ажлын байр гэж үзсэн бол тухайн ажлын байранд хуульд зааснаар түр ажлаас чөлөөлөгдсөн, ажлын байрандаа эргэж ирэх ажилтан байх ёстой боловч *******ын ажлын байранд эргэж ирэх ажилтан байхгүй, шинээр сонгон шалгаруулж ажилд авна гэж байгаа нь *******ын ажлын байр нь Хөдөлмөрийн тухай хуулийн дугаар зүйл, 82.6 дахь хэсэгт заасан ажлын байр нь хэвээр хадгалагдах ажлын байранд хамаарахгүй юм.

   Иймд анхан шатны шүүх нэхэмжлэгч *******т хамааралгүй хуулийн заалт, хэсгийг баримтлан хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсний улмаас шүүхийн шийдвэр хууль ёсны ба үндэслэл бүхий шаардлагыг хангахгүй байх тул Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

            5. Хариуцагч нараас давж заалдах гомдолд гаргасан хариу тайлбар ирүүлээгүй байна.

ХЯНАВАЛ:           

1. Давж заалдах шатны шүүх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-т зааснаар нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******ын гаргасан гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангах нь зүйтэй гэж дүгнэв.

2. Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан, зохигчийн хуулиар олгогдсон эрхийг хязгаарлаагүй, мэтгэлцэх эрхийг бүрэн хэрэгжүүлсэн байх боловч Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох заалтыг буруу тайлбарлан хэрэглэсний улмаас хэрэгт цугларсан нотлох баримтанд үндэслэл бүхий дүгнэлт хийж чадаагүй байх тул шийдвэр нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцээгүй байна.   

3. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******, ******* нарт холбогдуулан хөдөлмөр эрхлэлтийн харилцаа цуцалсны тэтгэмж 4,077,075 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба хариуцагч ******* нь төсөвт мөнгө байхгүй учир тэтгэмж олгох боломжгүй гэж,

Хариуцагч ******* нь “...Засаг даргад хуваарилагдсан төсвийг сургуулийн хөдөлмөрийн харилцаанаас үүссэн асуудлаар захиран зарцуулах боломжгүй” гэж тус тус маргаж, нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөөгүй байна.

4. Дархан-Уул аймгийн Засаг дарга нь 2019 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 01/ тоот захирамжаар нэхэмжлэгч *******ыг 2019 оны 09 дүгээр сарын 09-ний өдрөөс Дархан-Уул аймгийн Шарын гол сумын Ерөнхий боловсролын 6 дугаар сургуулийн захирлын албан тушаалд түр томилжээ. /хэргийн 44-45/

5. Нэхэмжлэгч *******ыг сургуулийн захирлын албан тушаалд томилогдох үед Төрийн албаны зөвлөлийн 2013 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн дугаар тогтоолоор батлагдсан “Төрийн үйлчилгээний албаны удирдах албан тушаалд томилогдох ажилтныг сонгон шалгаруулах журам” хүчин төгөлдөр үйлчилж байсан бөгөөд тус журамд заасны дагуу сургуулийн захирлын албан тушаалд томилогдох этгээд нь ерөнхий боловсролын сургуульд үндсэн орон тоонд 5-аас доошгүй жил ажилласан байх тусгай шаардлагыг хангах ёстой байсан. / хэргийн 27/

Гэтэл ******* нь сонгон шалгаруулалтад оролцоогүй, сургуулийн захирлын албан тушаалд томилоход харгалзан үзэх тусгай шаардлагыг хангаагүй байсан учир Засаг дарга өөрийн эрх хэмжээний хүрээнд сонгон шалгаруулалт зарлаж, тусгай шаардлагад нийцсэн этгээд сонгон шалгаруулалтад оролцон тэнцэж, тус албан тушаалд томилогдох хүртэл нэхэмжлэгч *******ыг Дархан-Уул аймгийн Шарын гол сумын Ерөнхий боловсролын 6 дугаар сургуулийн захирлын албан тушаалд түр томилсон гэж үзэхээр байна.

Учир нь тус албан тушаалд ажиллаж байсан этгээд ажил үүргээ гүйцэтгэх боломжгүй болсны улмаас Хөдөлмөрийн тухай хуулийн дугаар зүйлийн .1-т зааснаар ажлын байр нь хадгалагдаагүй ба сонгон шалгаруулалт зарлаж, тусгай шаардлагад нийцсэн иргэнийг сонгон шалгаруулалтад оролцуулж, сонгон шалгаруулалтын үнэлгээгээр хамгийн өндөр оноо авсан иргэнийг томилогдох хүртэл түр томилогджээ.

6. Хөдөлмөрийн тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.6-т “Ажил олгогч ажлын байр нь хадгалагдаж байгаа ажилтны оронд түр ажиллаж байсан ажилтны хөдөлмөр эрхлэлтийн харилцаа дуусгавар болоход энэ хуулийн 82.1-д заасан тэтгэмжийг олгох үүрэг хүлээхгүй.” гэж хуульчилжээ.

Хөдөлмөрийн тухай хуулийн дугаар зүйлийн .1-д ажлын байр нь хадгалагдаж байгаа ажилтныг нэг бүрчлэн нэрлэн заасан ба нэхэмжлэгч *******ын сургуулийн захирлын албан тушаалд түр томилогдсон үндэслэл нь дээрх үндэслэлийн алинд ч хамаарахгүй байна.

Нэхэмжлэгч ******* нь “...төрийн аудитын газрын 490 дүгээр албан бичгээр ирүүлсэн хяналтын хуудас, дүгнэлтийг үндэслэн үүрэгт ажлаас чөлөөлөгдөхөд татгалзах зүйлгүй болно” гэж ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ өгсөн боловч ******* нь нэхэмжлэгч *******ын хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгохдоо Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.2 буюу “ажилтан мэргэжил, мэргэшлийн түвшин, ур чадвар, ажлын гүйцэтгэлийн хувьд гүйцэтгэж байгаа ажил үүрэгтээ тэнцэхгүй…” гэж ажлаас чөлөөлжээ.

Нэгэнт ажилтныг “ажилтан мэргэжил, мэргэшлийн түвшин, ур чадвар, ажлын гүйцэтгэлийн хувьд гүйцэтгэж байгаа ажил үүрэгтээ тэнцэхгүй...” гэх үндэслэлээр хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгосон бол нэхэмжлэгч ******* нь Хөдөлмөрийн тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1-д заасан хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсны тэтгэмж авах эрхтэй байна.  / хэргийн 21, 28/

7. Нэхэмжлэгч ******* нь тус сургуульд 3 дахь жилдээ ажиллаж байсан учир хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсны тэтгэмжийг Хөдөлмөрийн тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1.2-т заасны дагуу тухайн байгууллагад хоёр жилээс дээш жил ажилласан гэдгийг үндэслэн 3 сарын цалинтай тэнцэх хэмжээний буюу 4,077,075 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлсон.

Хөдөлмөрийн тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.3-т “хууль тогтоомж, хамтын гэрээ, хамтын хэлэлцээрээр энэ хуулийн 82.1, 82.2-т заасан тэтгэмжийн хэмжээг нэмэгдүүлэн олгохоор тогтоож болно.” гэж хуульчилсан бөгөөд хавтаст хэрэгт хамтын гэрээ, хамтын хэлэлцээр авагдаагүй байх тул хуульд заасан доод хэмжээгээр буюу 2 сарын цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмж 2,718,050 төгрөгийг Дархан-Уул аймгийн Шарын гол сумын Ерөнхий боловсролын 6 дугаар сургуулиас гаргуулж, нэхэмжлэгч *******т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 1,359,025 төгрөгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж дүгнэлээ. / хэргийн 6/

Засаг даргын хувьд хуулиар өөрт олгогдсон бүрэн эрхийн хүрээнд Боловсролын тухай хуулийн /2002 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн/ 31 дүгээр зүйлийн 31.1.2-т заасны дагуу сургуулийн захирлыг томилж байгаа боловч цалин хөлстэй холбоотой асуудлыг шийдвэрлэх эрхгүй учир хариуцагч ******* нь ажилтны хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсны тэтгэмжийг олгох үүрэг хүлээхгүй.

Иймд *******д холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж дүгнэлээ.

8. Нэхэмжлэгч *******ын давж заалдсан гомдлын зарим хэсгийг хангасан учир давж заалдсан гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 82,100 төгрөгөөс 58,439 төгрөгийг улсын орлогоос гаргуулж нэхэмжлэгч *******т олгож, үлдэх 23,661 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээхээр шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1 дэх хэсгийн 167.1.2-д заасныг удирдлага болгон ТОГТООХ  нь:

   1. Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн 135/ШШ2023/01163 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын

   “Хөдөлмөрийн тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.6-д заасныг баримтлан нэхэмжлэгч *******ын хариуцагч Шарын гол сумын ерөнхий боловсролын 6 дугаар сургууль, Шарын гол сумын Засаг дарга нарт холбогдуулан гаргасан 4,077,075 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.” гэснийг

   “Хөдөлмөрийн тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1.2-т заасныг баримтлан хариуцагч Дархан-Уул аймгийн Шарын гол сумын ерөнхий боловсролын 6 дугаар сургуулиас хөдөлмөр эрхлэлтийн харилцаа цуцалсны тэтгэмжид 2,718,050 /хоёр сая долоон зуун арван найман мянга тавин төгрөг/ төгрөг гаргуулж, нэхэмжлэгч *******т олгож, нэхэмжлэгч *******ын нэхэмжлэлээс 1,359,025 төгрөг болон *******д холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.”

   2 дахь заалтын

   “...нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 82,100 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.” гэснийг,

   “нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 82,100 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Дархан-Уул аймгийн Шарын гол сумын ерөнхий боловсролын 6 дугаар сургуулиас улсын тэмдэгтийн хураамжид 58,439 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч *******т олгосугай.” гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

   2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3, 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар нэхэмжлэгч *******аас давж заалдсан гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 82,100 төгрөгөөс 58,439 төгрөгийг шүүгчийн захирамжаар нэхэмжлэгч *******т буцаан олгож, 23,661 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

   3.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалын агуулгыг танилцуулан сонсгож 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүрэгтэй, энэ үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

   4.  Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1-т зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч  магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын Дээд Шүүхийн тогтоол тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл  хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.     

 

      ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                     Л.АМАРСАНАА                                                            

                                            ШҮҮГЧИД                                   Г.МЯГМАРСҮРЭН

          

                                                                                                      Я.ТУУЛ