Шүүх | Өвөрхангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Адшаагийн Үүрийнтуяа |
Хэргийн индекс | 145/2016/00286/И |
Дугаар | 286 |
Огноо | 2016-07-04 |
Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Өвөрхангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх ийн Шүүгчийн захирамж
2016 оны 07 сарын 04 өдөр
Дугаар 286
Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Өвөрхангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Үүрийнтуяа би
Нэхэмжлэгч: “Бэрскапитал” ХХК-ний нэхэмжлэлтэй
Хариуцагч: Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 4 дүгээр баг 5-75 тоотод оршин суух, 1987 онд төрсөн, 29 настай, Дэлгэрсайханы Отгонбаатарт холбогдох
“2257212 төгрөг гаргуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийг 2016 оны 05 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч, иргэний хэрэг үүсгээд
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “Бэрскапитал” ХХК-ний гүйцэтгэх захирал С.Отгонбат шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Иргэн Дэлгэрсайхан овогтой Отгонбаатар нь тус байгууллагатай 2014 оны 09 дүгээр сарын 04-нд дугаар:СЗ-128 тоот зээлийн гэрээ байгуулан 2500000 төгрөгийг 6 хувийн хүүтэй, 6 сарын хугацаатайгаар зээлсэн. Тухайн зээлийн барьцаанд 57-81 ӨВР улсын дугаартай Тоёота марк-2 /арал №GX1000099660/ автомашиныг барьцаалан зээлийн гэрээ байгуулсан. Д.Отгонбаатарын зээлийн гэрээний хугацаа 2015 оны 10 дугаар сарын 10-нд дууссан бөгөөд хугацаа дууссанаас хойш ямар ч төлөлт хийгээгүй. Иймд Д.Отгонбаатараас үндсэн зээлийн үлдэгдэл 2120100 төгрөг, алданги 127212 төгрөг, нотариатын зардал 9900 төгрөг, нийт 2257212 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Бямба болон хариуцагч Д.Отгонбаатар нар шүүхэд гаргасан хүсэлтэндээ:Хариуцагч Д.Отгонбаатар миний бие Бэрскапитал ХХК-ний итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Бямбатай эвлэрч нэхэмжлэлийн шаардлага болох 2257212 төгрөгнөөс нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Бямба нь нэхэмжлэлийн үнийн дүнгээс 757212 төгрөг хасч 1500000 төгрөгийг нэхэмжилсэн бөгөөд хариуцагч Д.Отгонбаатар миний бие 1500000 төгрөгийг хүлээн зөвшөөрч бид хоорондоо эвлэрсэн тул эвлэрлийн гэрээг баталгаажуулж өгнө үү. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү. Шүүгчийн захирамжинд гомдол гаргах эрхгүй гэдгээ ойлголоо гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Бэрскапитал ХХК нь хариуцагч Д.Отгонбаатарт холбогдуулан “2257212 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Бямба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж, 1500000 төгрөгийг хариуцагч Д.Отгонбаатараас гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч Д.Отгонбаатарзөвшөөрч, талууд эвлэрсэн нь зохигчдийн байгуулсан эвлэрлийн гэрээгээр нотлогдож байна.
Нэхэмжлэгч, хариуцагч нар эвлэрсэн нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй тул зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар нэхэмжлэгч Бэрскапитал ХХК хариуцагч Д.Отгонбаатараас 2257212 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж, 1500.000 төгрөгийг хариуцагчД.Отгонбаатараас гаргуулах нэхэмжлэлийн хүрээнд зохигчид эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Д.Отгонбаатараас 25535 төгрөг, орон нутгийн орлогын 5540607728 тоот данснаас 25535 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 51070 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Шүүгчийн захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг хариуцагчид мэдэгдсүгэй.
4. Шүүгчийн захирамжид нэхэмжлэгч, хариуцагч нар давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ А.ҮҮРИЙНТУЯА