Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 11 сарын 30 өдөр

Дугаар 209/МА2023/00097

 

*******гийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай

 

          Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Л.Амарсанаа даргалж, шүүгч Г.Мягмарсүрэн, шүүгч Я.Туул нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

           Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны  10 дугаар сарын 17-ны өдрийн 135/ШШ2023/01302 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч *******гийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч *******д холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: “1,278,000 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагатай,

Иргэний хэргийг нэхэмжлэгч *******гийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, 2023 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр хүлээн авч, шүүгч Я.Туулын илтгэснээр хянан хэлэлцэв.

           Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч *******, хариуцагч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Билгүүн нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн үндэслэл, шаардлага:
           ..Миний бие нь *******тай 2022 оны 06 дугаар сарын 03-ны өдөр ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, захиалагч миний материалаар 6 өрөөний 18 ширхэг хэсэг буйданг 1 ширхэгийг 100,000 төгрөгөөр үнэлэн 1,800,000 төгрөгөөр буйдангийн бүрээсийг сольж бүрэхээр тохиролцон хийлгэсэн.

Гэтэл буйдангууд удалгүй оёдол наалтаараа урагдан чанарын шаардлага хангахгүй сармайж унжих болсон. Иймд гэрээний дагуу *******тай утсаар холбогдон 2023 оны 08 дугаар сарын 19-ний өглөө 09 цагийн үед үзүүлэхэд 3өө завгүй, яах вэ? мөнгө өгвөл засаж өгье” гэхэд миний бие “гэрээний дагуу чанаргүй оёсон тул чи өөрөө засаж өгөх үүрэгтэй шүү дээ” гэтэл ******* “юун даварсан пизда вэ? юу гэж үнэгүй хийдэг юм гээд над руу салаавчаа гарган доромжлоод  барахгүй эд материал болон мөнгөн хөрөнгөний хохирол учруулсан билээ.

Иймд *******аас 1,800,000 төгрөгийн 50% болох 900,000 төгрөг, гэрээний дагуу хугацаандаа хийж гүйцэтгээгүй 21 хоног хугацаа алдалтын 21 хоногийн 0.3 хувь болох 378,000 төгрөг, нийт 1,278,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:

...Миний бие ******* нь буйдан бүрэх засах үйлчилгээ захиалгаар хийдэг.  2022 оны 6 дугаар сард “*******” төвийн подвалд байрлах караокены 6 өрөөний 18 буйданг бүрж, ажлын хөлс 1,800,000 төгрөгөөр тохирсон. Тухайн буйдан нь анх байгуулахдаа хийлгэсэн 10 гаран жил ашиглачихсан хуучин буйдан юм. Анх хийлгэсэн газар нь буйдангийн ерөнхий хэмжээ, стандартыг мэддэггүй буйдангийн мужаан цехээр хийлгэсэн болохоор хүн суух хэсэг нь 40 см, порлоныг нь урагш давуулаад маш урт нугалчихсан унжаад байгаа порлоныг нь тайраад хаячихна гэхээр 40 см байгаа суудал нь бүүр хүн суухын аргагүй болчхоод өөрт нь асуудлыг нь хэлээд “задалсан дээрээ приус мод нэмэх үү? арай тухтай болгохын тулд мужааны ажил нэмэгдэнэ, порлон нэмэх шаардлагатай”-г хэлэхэд тэр чигт нь бүрүүлчхээд бүтэн жилийн дараа бүх зүйл шинээрээ байх ёстой юм шиг чи луйварчин, хулгайч гэж гүтгэн гудамж талбайгаар орилж хашхирч миний нэр төрд халдаж байна.

1. Би хүний өчнөөн жил ашигласан хуучин хамрын тамхи шиг үйрсэн порлонтой хамгийн заваан зүйлийг нь бүрж өгчхөөд хулгайч луйварчнаараа дуудуулж байгаадаа гомдолтой байна.

2. Гэрээний дагуу хугацаа гэж юу яриад байгааг ойлгохгүй байна. Буйданг ажлын байранд бид нар өөрсдөө очиж бүрж өгсөн. Биднээс шалтгаалж ажил нь ажиллаагүй өдөр байхгүй. Лидринээ гүйцэд авч өгөөгүй чинь чиний өөрийн чинь хэрэг, шар лидрин 5 м, саарал лидрин 1,5 метр тус тус дахиж авсан.

Миний зүгээс би хэдэн төгрөгийг хичнээн метр лидрин хулгайлж луйвардсаныг нотол. Хэрвээ нотолж чадахгүй бол албан ёсоор бичгээр уучлалт гуй. “*******” төв нь анх надаар хэмжээ авахуулсан. Буйдан нь ард талдаа дутна гээд хэлсэн, 20 метр лидрин авсан. Шар нь нийлээд 7 метр лидрин дутсан. Суудлын хэмжээ 50 см хэмжээтэй байдаг. Гэртээ удаагаад 1 нэг сарын хугацаа өнгөрсөн бол надаас хохирол нэхэмжилж болно. Суусан порлон ямар ч аргагүй, эдний хийсэн борлон модонд нь бариулж хийсэн. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

3. Анхан шатны шүүхийн  шийдвэрийн агуулга:

Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6, 352 дугаар зүйлийн 352.2.2-т заасныг баримтлан *******гийн хариуцагч *******д холбогдуулан гаргасан 1,278,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1,60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д тус тус зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 35,222 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

5. Нэхэмжлэгч ******* давж заалдах гомдолдоо:

            Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрөн гомдол гаргаж байна. 2022 оны 06 дугаар сарын 03-ны өдөр иргэн *******тай ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан. Гэрээнд тусгахдаа караокены 6 өрөөний буйданг 18 хэсэг гэж тооцоод, нэг хэсгийг нь 100,000 төгрөгөөр ажлын хөлс гэж тооцож 1,800,000 төгрөг байхаар гэрээ байгуулсан. Ажлыг чанартай сайн гүйцэтгэхээр ярилцаж тохирсон. Чанаргүй хийвэл засаж залруулж өгөхөөр баталгаат хугацааг 36 сар гэж гэрээндээ тусгасан. Ажлаа хийлгээд хөлс мөнгөө ч өгсөн. Би өөрийн ажлаа шалгаж яваад 2023         оны 07 сард буйдангууд оёдлоороо урагдаад унжсаныг мэдсэн. Манай ажилчид энэ байдлыг эрт мэдсэн боловч надад хэлээгүй байсан. Энэ байдлыг *******д хэлэхэд “мөнгө өгчих, янзлаад өгье” гээд хэрэлдсэн. Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй, бодит нөхцөл байдалд нийцээгүй гэж бодож байна. Миний зүгээс гомдолтой байна.

            Анхан шатны шүүх зураг дээр урагдсан байгаа нь харагдаж байгаа боловч 18 буйдангийн хэд нь урагдсан нь тодорхойгүй гэж байгаа нь үндэслэлгүй. Анх *******д доголдлыг бүгдийг нь үзүүлсэн яаж урагдсаныг, шүүх дээр ******* 18 гэдэг дээр ч маргаагүй . Ахиж хийхдээ мөнгө авч хийж өгнө гэсэн болохоос доголдол байгаагүй гэж маргаагүй. Гэтэл шүүх бодит байдлаас өөр дүгнэлт гаргаж хэргийг шийдвэрлэсэнд гомдолтой байна. Хэргийг буцааж дахин хянуулж өгнө үү гэжээ.

            6. Хариуцагчаас давж заалдах гомдолд гаргасан хариу тайлбар ирүүлээгүй байна.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүхээс  нэхэмжлэгч *******гийн гаргасан давж заалдсан гомдлоор хэргийг хүлээн авч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-т зааснаар зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдсан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж дүгнэлээ.

2. Анхан шатны шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулахдаа хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй, зохигчийн хуулиар олгогдсон эрхийг хязгаарлаагүй, Иргэний хуулийн холбогдох заалтыг зөв тайлбарлан хэрэглэж хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн баримтуудад үндэслэл бүхий дүгнэлт хийж хэргийг хянан шийдвэрлэсэн байх тул шийдвэр нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцсэн байна.

Хэргээс судлан үзэхэд:

3.  Нэхэмжлэгч ******* нь ажил гүйцэтгэх гэрээний дагуу гүйцэтгүүлсэн ажил чанарын шаардлага хангахгүй байгаа учир гэрээний үнийн дүнгийн 50 хувь болох 900,000 төгрөг, гэрээний дагуу ажлыг хугацаандаа хийж гүйцэтгээгүй 21 хоногийн хугацааны алданги 378,000 төгрөг, нийт 1,278,000 төгрөг гаргуулна гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлж,

Хариуцагч ******* нь тухайн буйдангуудын хэмжээ стандартын бус, порлон суусан зэргээс үүдэн бүрээс сул зайтай болсон, миний хийсэн ажилд ямар нэг доголдол байхгүй гэж нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргажээ.

            4. Талуудын хооронд 2022 оны 06 дугаар сарын 03-ны өдөр 01 дугаартай гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн материалаар 2022 оны 06 дугаар сарын 03-ны өдрөөс 2022 оны 07 дугаар сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд караокены 6 өрөөний 18 ширхэг буйдангийн бүрээсийг нэхэмжлэгчийн өөрийнх нь гаргаж өгсөн материалаар, 1 ширхэг буйдан бүрэх ажлын хөлсийг 100,000 төгрөгөөр тооцож, нийт 1,800,000 төгрөгийн ажлын хөлс авч буйдангийн бүрээсийг солихоор тохиролцсон байх тул талуудын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д заасны дагуу ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт зөв байна. /хэргийн 5-7/

            5. Иргэний хуулийн 349 дүгээр зүйлийн 349.1-д “ажил гүйцэтгэгч гэрээний нөхцөлийг зөрчсөн буюу гүйцэтгэсэн ажилд ямар нэг доголдол байвал захиалагч энэ тухай гомдлын шаардлагыг хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй бол ажил хүлээн авснаас хойш зургаан сарын дотор, хэвийн байдлаар хүлээн авах үед илрүүлэх боломжгүй дутагдлын тухай гомдлын шаардлагыг ажил хүлээн авснаас хойш нэг жилийн дотор гаргана” гэж хуульчилсан боловч талуудын хооронд байгуулсан гэрээний 4.3-т “гүйцэтгэсэн ажилд ямар нэгэн доголдол байвал ажил хүлээн авснаас хойш 36 сарын дотор гомдлын шаардлага гаргах эрхтэй” гэж заасан байх тул нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******аас ажлын доголдлыг арилгуулахаар шаардах эрхтэй байна.

6. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******ыг 1,800,000 төгрөгийн ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, ажлаа чанаргүй хийсэн учир үнийн дүнгийн 50 хувь буюу 900,000 төгрөгийг гаргуулна гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлж байгаа боловч нийт бүрэхээр тохирсон 18 ширхэг буйдангийн хэдэн буйданд доголдол үүссэн нь тодорхойгүй, доголдлыг арилгахад 900,000 төгрөгийн зардал нэхэмжлэгчээс гарсан эсэх нь тогтоогдохгүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т хэргийн оролцогч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй гэж заасан ба нэхэмжлэгч уг үүргээ биелүүлээгүй байна.

Иймд тохирсон ажлаа чанаргүй хийсэн гэдэг нь нотлогдохгүй байгаа тул ажил гүйцэтгэх гэрээний үнийн дүнгийн 50 хувь буюу 900,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулах үндэслэлгүй.

7. Мөн талууд буйдангийн бүрээс бүрэх ажлыг 2022 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн дотор хийж гүйцэтгэхээр хугацааг тохиролцсон боловч 2022 оны 07 дугаар сарын 22-ны өдөр хариуцагч ажлын үр дүнг хүлээлгэн өгчээ.

Ажлын үр дүнг хүлээн аваад нэхэмжлэгч нь үлдэгдэл хөлсийг төлсөн, талуудын хооронд байгуулагдсан ажил гүйцэтгэх гэрээний 6.1-д “ гүйцэтгэгч ажлыг хугацаандаа гүйцэтгээгүй бол хугацаа хэтрүүлсэн хоног тутам 0.3 хувийн алданги тооцно” гэж заасан боловч талууд алдангийг хэрхэн тооцох буюу ямар үнийн дүнгээс 0.3 хувиар тооцохоор тохиролцсон эсэх нь тодорхойгүй, нэхэмжлэгч нь ажлын үр дүнг хүлээж авч, үлдэгдэл ажлын хөлсийг төлөхдөө алдангийг суутгаагүй байгаа нь алданги шаардах эрхээс татгалзсан гэж үзэх үндэслэлтэй гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт зөв байна.

Иймд шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдсан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж дүгнэлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1 дэх хэсгийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ  нь:

1. Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 135/ШШ2023/01302 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдсан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар нэхэмжлэгч *******гаас давж заалдсан гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 35,222 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалын агуулгыг танилцуулан сонсгож 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүрэгтэй, энэ үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 4.  Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1-т зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч  магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын Дээд Шүүхийн тогтоол тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл  хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.     

 

 

      ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                     Л.АМАРСАНАА

                                                               

                                            ШҮҮГЧИД                                   Г.МЯГМАРСҮРЭН

                                                                                            

                                                                                                      Я.ТУУЛ