Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 11 сарын 30 өдөр

Дугаар 209/МА2023/00098

 

 

*******ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай

 

          Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Мягмарсүрэн даргалж, шүүгч Я.Туул, Ерөнхий шүүгч Л.Амарсанаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

           Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны  10 дугаар сарын 05-ны өдрийн 135/ШШ2023/01253 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч *******ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч *******д холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: “Худалдах, худалдан авах гэрээний үүрэг болон нэмэлт зардалд нийт 4,500,000 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагатай,

Иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******ын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, 2023 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Л.Амарсанаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

           Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Билгүүн нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн үндэслэл, шаардлага:
           Нэхэмжлэгч нь хариуцагчид 2021 оны 10 дугаар сарын 13-ны өдөр байраа зарсан байдаг. Бүх тавилгуудаа боож баглаад аваад явна гэж байх үед хариуцагч нь 3 тавилгыг худалдаж авъя гээд аваад үлдсэн. Нэг нь 3,000,000 төгрөгийн үнэтэй цайны шкаф худалдаж авахыг зөвшөөрөөд аваад үлдсэн. Мөн 1,000,000 төгрөгийн үнэтэй буйдан, 1,000,000 төгрөгийн үнэтэй хувцасны шкаф нийт 5,000,000 төгрөгийн үнэтэй тавилгуудыг худалдаж авахаар тохиролцсон. Тус зүйлүүдийг худалдан авагч руу шилжүүлсний дараагаар 2022 оны 05 дугаар сарын 06-ны өдрийг хүртэл хувцасны шкафын үнэ 1,000,000 төгрөгийг хэсэгчилж авч дуусгасан. Цаана нь буйдангийн үнэ болон цайны шкафын үнэ 4,000,000 төгрөг үлдэж байгаа. Энэ мөнгийг удаа дараа авахыг шаардаж байсан. Хариуцагч нь хариу тайлбартаа бичсэн байгаа.

... хариуцагч анх удаа энэ байрыг аваагүй. Буйдангийн үнэ болох 1,000,000 төгрөгийг нэхэмжлэгчид өгөх ёстой гэж үзэж байна. Цайны шкафын тухайд худалдаж аваад 2 жил гарны хугацаа өнгөрсний дараа эргүүлээд ав гэж байгаа нь ойлгомжгүй байна. Эдэлгээ орсон учраас ямар нэгэн байдлаар буцааж авах боломжгүй. Зээлээр худалдах худалдан авах гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулж шилжүүлэн өгсөн тавилгуудын үнийг нэхэмжлэгч шилжүүлж авъя гэж байгаа. Хариуцагч нь татгалзах зүйлгүй байх нэхэмжлэгч ******* нь ковидын үед хэдэн удаа Улаанбаатараас ирсэн, зам ямар байсан ачааны үнэ ханш ямар байсан билээ нийт нэхэмжлэлдээ 500,000-700,000 төгрөг гэж бичсэн байгаа боловч тэрнээс ч их зардал гаргасан байгаа. ******* нь шкафаа авах зорилгоор л ирж байгаа болохоос шүүхдэнэ гэсэн ямар нэгэн бодол тухайн үед байгаагүй учраас замын зардалтай холбоотой ямар нэгэн баримтуудаа авч үлдээгүй. Шүүх итгэл үнэмшлээрээ шийдвэрлэх байх. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага 4,500,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:

Миний бие нэхэмжлэгч *******ээс 85,000,000 төгрөгөөр 3 өрөө байр авсан гэдэг нь үнэн. ... Хувцасны шкафын үнэ болох 1,000,000 төгрөгийн үнэ төлөгдсөн. Гал тогооны шкаф дээр бид хоёр үнэ ханш тохиролцоогүй. Яагаад гэвэл ******* нь зармаар байна гэсэн хүсэлтээ хэлсэн.

Гал тогооны шкафыг та авч яваад өөр газар хэмжээ дамжаа нь таарахгүй юм чинь би танаас 85,000,000 төгрөгийн байрыг доош нь буулгахгүй авч байгаа, гал тогооны шкафыг дагуулаад өгөөч гэхэд за за тэгвэл байрны үнэндээ оруулаад дагалдуулаад өглөө гэсэн харин тохирсон гэж байгаа бол тохиролцсон талаарх баримтаа гаргаад ирэх хэрэгтэй. Тэгэхээр ингэж тохиролцсон тухайн үед нэхэмжлэгчтэй тооцоо хийхдээ нэг ч төгрөгийн тооцоо үлдэгдэл байхгүй байсан. 1,000,000 төгрөгийн хувцасны шкафын үнийг манай ээж өөрөө нэхэмжлэгчтэй тохирсон.

...Шкафаа авахгүй элэгдэл хорогдол гээд 3,000,000 төгрөг нэхэмжилж байх шиг байна. Би захаас гал тогооны шкафын үнэ ямар үнэтэй байдаг юм байна гээд асууж үзэхэд одоогийн зах зээлийн ханшаар 4 хаалгатай шкаф 300,000 төгрөгтэй байна. 4 хаалгатай шкаф 300,000 төгрөг гэж байхад манайх үсрээд л 700,000-800,000 төгрөгийн үнэтэй байгаа одоогийн ханшаар. Гэтэл 3,000,00 төгрөг нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөхгүй. Одоогийн байгаа гал тогооны шкаф нь орчин үеийн тансаг зэрэглэлийн шкаф биш. Хэрвээ үнэхээр гомдолтой байгаад байвал тухайн үеийн ханшаар нь үнэлүүлж болно эсхүл авч болно. Манай аав хэл амтай яасан хэцүү юм буцаагаад өгчхөөч аав нь өөрөө аргалаад юм хийгээд тавьчихна гэж хүртэл хэлж байсан. Хэрвээ энэ шкафыг 3,000,000 гэж байсан бол би хэзээ ч авахгүй. Би өөрөө наймаа хийдэг хүн ямар ч юмыг ямар үнэ ханштай байдаг гэдгийг мэнднэ гэжээ.

3. Анхан шатны шүүхийн  шийдвэрийн агуулга:

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасныг баримтлан хариуцагч *******гээс 4,500,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч *******ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д тус тус заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 86,950 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

5. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* давж заалдах гомдолдоо:

            Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь эс зөвшөөрч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 161, 162 дугаар зүйлийг тус тус баримтлан дараах үндэслэлээр давж заалдах гомдол гаргаж байна.

            5.1. Нэхэмжлэгч хариуцагч нарын хооронд гал тогооны шкафыг зээлээр худалдах, худалдан авах гэрээ хуулийн дагуу байгуулагдсан талаар:

Нэхэмжлэгч нь хариуцагчид өөрийн орон сууцыг худалдах үедээ авч явахаар бэлдсэн байсан гал тогооны шкафыг хариуцагчийн хүсэлтээр түүнд зээлээр худалдсан гэж тайлбарладаг. Шүүхийн зүгээс гэрээг бичгээр байгуулаагүй, нотлох баримт байхгүй, хариуцагч нь зээлээр худалдан авсан бус орон сууцандаа дагалдуулан авсан гэж энэхүү шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байх тул дээрх зээлийн гэрээг байгуулагдаагүй гэж үзсэн боловч хариуцагч нь хариу тайлбартаа “... очиход гал тогооны тавилгын хаалгануудыг боогоод тавьчихсан байсан” гэж нэхэмжлэгчийн тайлбарыг үгүйсгэхгүй байгаагаас харахад нэхэмжлэгч нь тус гал тогооны тавилгуудыг орон сууцтайгаа дагалдуулж өгөх бодолгүй харин тусад худалдахаар бусадтай тохирчихсон байсныг нотолж байна. ...Гэтэл хариуцагч нь 2021 оны 10 сарын 13-аас хойш гал тогооны шкафыг эдэлж хэрэглэж, элэгдэл хорогдолд орсных нь дараа харилцан тохиролцсон тохиролцооноосоо буцаж, шкафаа буцааж ав гэж байгаа нь үндэслэлгүй байна.

            5.2. Буйдангийн үнэ 1 сая төгрөгийг хариуцагч нь нэхэмжлэгчид төлөх эсэх талаар: Хариуцагч нэхэмжлэгч нар хэдий орон сууц худалдаалах гэрээг 85,000,000 төгрөг бус 35,000,000 төгрөг гэж татварт суутгуулах үнийн дүнг бууруулан худалдаалсан талаар ижил тайлбарлаж, энэ талаар маргаагүй ч хариуцагч нь энэхүү бууруулсан үнийн дүнд буйдангийн 1,000,000      төгрөгийг хасаж тооцсон гэдэгтэй нэхэмжлэгч нь маргадаг юм. Тухайн үед хариуцагч нь нэхэмжлэгчийн хүсэлтээр орон сууц худалдаж буй үнийн дүнг хасаж худалдах, худалдан авах гэрээ байгуулсан хэдий ч тухайн үедээ энэхүү татварын зөрүүндээ буйдангийн үнийг хасаж тооцох талаар тохиролцоогүй байдаг. Иймд талууд татварт өгөх үнийн дүнг багасгасан нь хариуцагч нь нэхэмжлэгчид төлөх буйдангийн төлбөрийг чөлөөлөх үндэслэл болохгүй байх юм.

            5.3. Хариуцагч нь гэрээний үүргээ биелүүлээгүйгээс шалтгаалж нэхэмжлэгчид учирсан хохирлыг нотлох баримтгүй гэсэн үндэслэлээр хангахаас татгалзсан нь үндэслэлгүй талаар: ...Хариуцагч нь нэхэмжлэгчийг ингэж зорчсон талаар маргадаггүй боловч шүүхийн зүгээс нэхэмжлэгчийн энэхүү эд хөрөнгөө эргүүлэн авах эсэх асуудал нь хариуцагчаас шалтгаалаагүй гэсэн үндэслэлгүй дүгнэлт хийсэн. Өөрийн эд хөрөнгийг авахаар ирэх, овор хэмжээ ихтэй тавилгыг зөөхөд ачааны машин, ачих хүн хөлслөх нь илэрхий ойлгомжтой зүйл учир энэхүү үйл баримт нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэгт "Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон буюу нийтэд илэрхий үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй гэж заасны дагуу илэрхий үйл баримт тул дахин нотлох шаардлагагүй юм.

            Иймд тус иргэний хэрэгт цугларсан нотлох баримт хангалтгүй хэдий ч хэргийн үйл баримтыг дүгнэн үзэхэд талуудын хооронд зээлээр худалдах, худалдан авах гэрээ хуулийн дагуу байгуулагдсан, хариуцагч нь гэрээний үүргээ биелүүлээгүйгээс нэхэмжлэгчид хохирол учирсан байх тул хуулийн дагуу, үндэслэл бүхий бус шийдвэр гаргасан анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

            6. Хариуцагч нараас давж заалдах гомдолд гаргасан хариу тайлбар ирүүлээгүй байна.

                                              ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх *******ийн нэхэмжлэлтэй *******д холбогдох 4,500,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдсан гомдлоор хүлээн авч, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-т зааснаар зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй,бүхэлд нь хянаад шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдсан гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, хэргийн оролцогчдын хуулиар олгогдсон эрхийг бүрэн эдлүүлж, болсон үйл баримт болон хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т зааснаар тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, холбогдох эрх зүйн харилцааг зөв тодорхойлж, хэргийг зөв шийдвэрлэсэн байх тул шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т зааснаар хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан байна. 

2. Нэхэмжлэгч *******ээс хариуцагч *******д холбогдуулан зээлээр худалдсан цайны шкафны үнэ 3.000.000 төгрөг, буйдангийн үнэ 1,000,000 төгрөг, Улаанбаатар-Дарханы хооронд шкаф, буйдангаа авахаар олон удаа ирж буцсан зардал 500,000 төгрөг нийт 4,500,000 төгрөг нэхэмжилсэн бөгөөд хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй маргажээ.

Анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан Худалдах-худалдан авах гэрээний харилцаа үүссэн, нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа нотолж чадаагүй гэж дүгнэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

3.Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлага тус бүрийг хэрэгт цугларсан бичгийн баримтыг үндэслэн дүгнэснийг судлан үзвэл:

  Талуудын хооронд 3,000,000 төгрөгийн үнэ бүхий гал тогооны тавилга худалдах-худалдан авах гэрээ, хэлцэл хийгдсэн гэх үйл баримт тогтоогдоогүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т зохигч “шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй”, мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д “Зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаарх нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй” гэж зааснаар энэ талаарх нотлох баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй, нотлох үүргээ биелүүлээгүй гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт хуульд нийцсэн дүгнэлт болсон гэж үзнэ.

4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхэд болон шүүх хуралдаанд  “маргаж буй тавилга” -ыг боогоод тавьчихсан байсан гэж тайлбарлаж байгаа нь тухайн тавилгыг худалдах, эсхүл худалдахгүй байсныг нотолсон нотлох баримт байхгүй.

5. Мөн буйдангийн 1,000,000 төгрөг гаргуулах шаардлагын тухайд нэхэмжлэгчээс хариуцагчийг 1,000,000 төгрөг татварт тушаагаагүй, тийм зардал гараагүй гэж маргаж байгаа боловч талуудын хэн хэнийх нь шүүхэд гаргасан тайлбараар 85,000,000 төгрөгөөр худалдсан байрыг худалдах-худалдан авах гэрээндээ 35,000,000 төгрөгөөр багасган бичсэн нь 1,000,000 төгрөгийг орон сууц худалдан борлуулсны орлогын татварт төлөх төлбөрөө багасгасан дүнд оруулан тооцсон болох нь тогтоогдож байна гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлтийг буруутгах үндэслэлгүй байна.

6. Нэхэмжлэгч *******ийн Улаанбаатар хот-Дархан-Уул аймгийн хооронд 3 удаа ирж, буцсан зардал 500,000 төгрөг шаардаж байгаа нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүй, талуудын хооронд маргаж буй тавилгыг худалдах-худалдан авах гэрээ байгуулагдаагүй гэж дүгнэсэн тул энэхүү зардлыг гэрээний үүрэгтэй холбогдон гарсан зардал гэж үзэхгүй гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт зөв байна.

7. Иймд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн орон сууц худалдах үедээ гал тогооны тавилгыг авч явахаар бэлдсэн байсан, орон сууцтайгаа дагалдуулж өгөх бодолгүй тусад нь худалдахаар бусадтай тохирчихсон байсан, талууд татварт төлөх үнийн дүнг багасгасан нь буйдангийн төлбөрөөс чөлөөлөх үндэслэл болохгүй гэсэн давж заалдсан гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1 дэх хэсгийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ  нь:

1. Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 135/ШШ2023/01253 дугаартай шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******ын давж заалдсан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдсан гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 87,000 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 3.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалын агуулгыг танилцуулан сонсгож 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүрэгтэй, энэ үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 4. Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1-т зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч  магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын Дээд Шүүхийн тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

                          ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Г.МЯГМАРСҮРЭН                                                         

                                            ШҮҮГЧИД                                   Я.ТУУЛ

                                                                                     

                                                                                                      Л.АМАРСАНАА