| Шүүх | Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Баасанжавын Эрдэнэхишиг |
| Хэргийн индекс | 175/2019/0041/Э |
| Дугаар | 41 |
| Огноо | 2019-02-22 |
| Зүйл хэсэг | 11.4.1., |
| Улсын яллагч | М.Энхбаатар |
Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 02 сарын 22 өдөр
Дугаар 41
Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Эрдэнэхишиг даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд: Улсын яллагч М.Энхбаатар Нарийн бичгийн дарга Б.Эрдэнэдөш нар оролцов. Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1-д зааснаар Х.Хишигсайханд холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1831004220022 дугаартай хэргийг хянан хэлэлцэв. Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол улсын иргэн, 1991 оны 05 дугаар сарын 29-нд Сэлэнгэ аймгийн Сүхбаатар суманд төрсөн, 28 настай, эрэгтэй, дээд боловсролтой, багш мэргэжилтэй, ам бүл 1, Сэлэнгэ аймаг, Сүхбаатар сум 2 дугаар баг, 2 дугаар хэсгийн 101 тоотод оршин суух, Улаанбаатар төмөр замын Сүхбаатар өртөөнд галт тэрэгний туслах найруулагч ажилтай, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, Хаян овогт Хишигтогтохын Хишигсайхан РД:/МЮ91052939/ Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч Х.Хишигсайхан нь 2018 оны 12 дугаар сарын 13-14-нд шилжих шөнө Сүхбаатар сумын 8-р багт байрлах Дельфин баарны гадаа иргэн Г.Гантулгатай маргаж улмаар түүний зүүн шанаан тус газар нь гараараа цохиж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. ТОДОРХОЙЛОХ нь: Нэг: Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэх талаар: Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3-д зааснаар талуудын мэтгэлцээн дээр шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд шүүгдэгч Х.Хишигсайхан нь 2018 оны 12 дугаар сарын 13-14-нд шилжих шөнө Сүхбаатар сумын 8-р багт байрлах Дельфин баарны гадаа иргэн Г.Гантулгатай маргаж улмаар түүний зүүн шанаан тус газар нь гараараа цохиж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан үйл баримт тогтоогдож, уг гэмт хэрэгт шүүгдэгч Х.Хишигсайхан гэм буруутай болох нь нотлогдон тогтоогдлоо гэж шүүх дүгнэв. Энэхүү үйл баримт нь шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж хэлэлцэгдсэн доор нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдсон болно. Үүнд: Шүүгдэгч Х.Хишигсайханы шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: “...Гэм буруугаа хүлээж байна...” гэх мэдүүлэг Хохирогч Г.Гантулгын 2018 оны 12 дугаар сарын 26-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би 2018 оны 12 дугаар сарын 13-ны орой 23 цаг өнгөрч байхад Делфин бааранд ганцаараа орж текнийх нь урд ганцаараа сууж байгаад 300 орчим грамм архи уусан тэгээд тамхи татахаар гарсан чинь гадаа Х.Хишигсайхан гэх залуу, зүс мэдэх 2 залуугийн хамт зогсож байснаа Х.Хишигсайхан нь хүрч ирээд чи дуугарахгүй их зантай болжээ гэх мэтээр хэлэхэд нь би толгой дохио биз дээ гэж хэлсэн тэгээд жаахан хэрүүл маргаан болох янзтай болохоор нь би буцаад баар луу орж текний урд суугаад архи уусан нөгөө хэд бас орж ирээд ширээндээ сууцгааж байсан тэгээд хэсэг байж байгаад би тамхи татахаар дахиад гарсан юм. Тэгэхэд нөгөө залуучууд дахиад гарч ирсэн би Х.Хишигсайхантай хамт явж байсан авто тээрийн газар ажилладаг залуутай нь юм яриад тамхиа татаад байж байсан чинь Х.Хишигсайхан миний зүүн талаас хүрч ирээд л дахиад л хэрүүл өдөөд чи их том болсон байна хүнтэй дугарч чадахаа больсон байна гэх мэтээр хэлээд байсан тэгэхэд нь би за сүртээ шүү дээ би чамтай толгой дохиж мэндлээ биз дээ гэж хэлэхэд миний зүүн шанаа руу 2 удаа цохиод авсан тэгэхээр нь би за та нар намайг зодох гэж байгаа бол зод зод би хөдлөхгүй та нар гурвуулаа би ганцаараа байна гэж хэлэхэд нөгөө хамт явсан хоёр залуу нь бас намайг дээрэлхэх маягтай үг хэллэг хэлээд ...чи намайг мэдэх үү таних уу гэх мэтээр л хэлээд байсан тэгж байгаад тэд нар баар луу орсон би хэсэг байж байгаад баарлуу буцаж ороод ууж байсан архиа уучхаад гарахдаа нөгөө Х.Хишигсайхан болон хамт явсан залуучуудынх нь ширээн дээр очоод ...согтуудаа хэдүүлээ жаахан үл ойлголцлоо... гэх мэтийн юм хэлчхээд би баарнаас гараад гэрлүүгээ хариад унтсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 8-9 дүгээр тал/ Гэрч Б.Хунцэцэгийн 2019 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би 2018.12.13-ны орой ажилтай байж 21 цаг өнгөрч байхад гэртээ ирэхэд манай нөхөр Г.Гантулга гэртээ байхгүй байсан ба гар утас руу нь залгахаар утсаа авахгүй байсан тэгээд 22-00 цагийн хугацаанд над руу утасдаад байсан би тухайн үед Г.Гантулгад уур хүрээд утсыг нь аваагүй юм тэгсэн чинь 01 цагийн үед Г.Гантулга архи уучихсан согтуу орж ирсэн юм. Тухайн үед Г.Гантулгын хамраас нь бага зэрэг цус гарсан байсан ба би тэр үед Г.Гантулгыг хүнтэй л зодолдож дээ гэж бодоод одоо согтуу хүнээс юу асуухав дээ гэж бодод нэг их юм ярилгүй хоолоо идээрэй гэж хэлчихээд унтсан юм. Маргааш өглөө нь би Г.Гантулгыг унтаж байхад нь би ажилдаа гараад явсан юм тэгээд өдөр Г.Гантулга руу утсаар залгахад утсаа авчхаад ярьж чадахгүй юу гээд байгаа нь мэдэхгдэхгүй юм хэлээд байсан тэгээд би утасаа салгасан юм. Орой ажлаасаа тараад гэртээ ирэхэд Г.Гантулгын эрүүний зүүн тал нь их хавдчихсан юм дуугарч чадахгүй байсан тэгээд би юу болсон талаар нь асуухад юм дуугарахгүй байсан, тэгээд тэр өдрөө гэрээс гарахгүй бүтэн гэрт хэвтэж өнжсөн юм. Тэгээд маргааш нь шиг санаж байна амралтын өдөр байсан эрүү нь өвдөөд болохгүй байна гээд өөрөө эмнэлэг рүү явсан юм тэгээд очиж эрүүнийхээ зургийг авахуулаад ирсэн тэгсэн чинь эрүүнийх нь яс цуурчихсан байсан, тэгээд би Г.Гантулгаас шалсаар байгаад юу болсон талаар яриулахад ...12 дугаар сарын 13-ны орой архи уугаад ирэхдээ Х.Хишигсайхантай таарч муудалцаад Х.Хишигсайханд зодуулсан... гэж хэлсэн юм. Тэгээд Г.Гантулга утсаар ярьж чадахгүй эрүү нь хөдөлж болохгүй байсан болохоор би Х.Хишигсайхантай 10 нэг ангид сурч байсны хувьд Х.Хишигсайханруу утасдаад .чи манай нөхрийг зодоод эрүүг нь гэмтээчихжээ, эрүүнийх нь яс цуурчхаад энэ хүн юм ярьж чадахгүй эрүү ам нь хөдлөхгүй байна... гэж хэлсэн чинь өөдөөс ...Би бол эрүү хугартал цохих хүн биш... гэх мэтийн юм хэлсэн тэгэхэд нь би би чамтай нэг ангид сурч байсны хувьд хэлж байна энэ хүний эрүүг эртхэн эмчлүүлэх хэрэгтэй байна цаашлаад тархи толгойд нь нөлөөлбөл яах юм болж байна, чи туслахгүй бол бид цагдаа сэргийлэхэд гомдлоо гаргана шүү... гэж хэлсэн юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 13 дугаар тал/ Гэрч Г.Алтан-Эрдэнийн 2019 оны 02 дугаар сарын 11-ний өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Тэр өдөр би найз нар болох Ч.Мөнгөнсүх, Х.Хишигсайхан болон Х.Хишигсайханы найз Ганбаатар, Батмөнх бид нар Делфин” бааранд орж сууцгаасан юм бааранд ороод Батмөнх удалгүй яваад өгсөн юм. Тэгээд бид нар бааранд сууж байхдаа тамхилахаар бөөндөө гарсан. Тэгэхэд Ч.Мөнгөнсүх Х.Хишигсайхан хоёр хоорондоо юунаас болсоныг мэдэхгүй маргаад эхэлсэн тэгэхэд тэр хоёрыг таньдаг бололтой улаан алаг куртиктэй /Гантулга/ залуу ирээд Ч.Мөнгөнсухийг түлхээд холдуулсан. Тэгэхэд Х.Хишигсайхан тэр Г.Гантулга гэх залуутай маргалдаад байгаад зүүн шанаа руу нь миний мэдэхээр 1 удаа гараараа цохиод авсан. Тэгэхэд нь тэнд байсан хүмүүс болон би очиж салгасан юм. Тэгээд тэр хоёр хоорондоо юм ярилцаж байгаад эвлэрээд баар руу орцгоосон. Тэгээд л бид нар нэг их удалгүй явцгаасан юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 14 дүгээр тал/ Гэрч Ч.Мөнгөнсүхийн 2019 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Тиймээ тэр орой би найз Г.Аптан-Эрдэнэ, Х.Хишигсайхан нартай хамт “Дөлфин” бааранд орсон юм тухайн үед бааранд орохоосоо өмнө бид нар архи уучихсан байсан, бааранд ороод хэдэн шил архи ууснаа мэдэхгүй байна нэг мэдэхэд баарны гадна бид нар тамхи татаад байж байхдаа Х.Хишигсайхан бид хоёр нэг нэгнийхээ үгийг даалгүй маргалдсан тэгэхэд миний муухан таньдаг Г.Гантулга гэх залуу намайг ...яах гээд байгаа юм бэ боль боль... гээд түлхээд Х.Хишигсайханаас холдуулсан тэгэхэд Х.Хишигсайхан араас ирээд Г.Гантулгыг бас элдвээр хэлээд байх шиг байсан тэгснээ Г.Гантулгын зүүн шанааруу нь 2, 3 удаа цохиод авсан тэгэхэд нь би дундуур нь орж Г.Гантулгыг холдуулсан тэгэхэд Х.Хишигсайхан дахиад Г.Гантулгыг зодох гээд дайраад байсан тэр үед нь Г.Аптан-Эрдэнэ бид хоёр Х.Хишигсайханыг араас нь татаж хорьж салгасан юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 15 дугаар тал/ Гэрч П.Эрдэнэтуяагийн 2019 оны 02 дугаар сарын 02-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Тэр өдөр бааран дотор ямар нэгэн зодоон болоогүй, баарны гадна зодоон болсон эсэхийг би мэдэхгүй байна. Г.Гантулга гэх хүн хэн нэгэнд зодуулсан талаараа ямар нэгэн юм яриагүй, тэр тухай би ч гэсэн мэдээгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 16 дугаар тал/ Гэрч Б.Халиунаагийн 2019 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Х.Хишигсайханыг танихгүй хүн харахад бол их л түргэн ууртай ааштай хүн шиг харагддаг байх, гэхдээ тийм хүн биш их цайлган бас аймхай, хүнд дэндүү тусархуу хүний өмнөөс юманд өртчих гээд байдаг хүн байгаа юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 17 дугаар тал/ Гэрч А.Энхсайханы 2019 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би Х.Хишигсайханыг ер нь бол 6, 7 орчим настай байхаас нь мэднэ учир нь Х.Хишигсайханы аав Хишигдорж гэх хүнтэй хамт ахуй үйлчилгээнд жолоочоор ажилладаг байсан юм, тэгээд л тэдний гэрээр орж гардаг болсон Х.Хишигсайхан өөрөөр хэлвэл миний хуурай дүү байгаа юм. Х.Хишигсайхан хүнд тусархуу хүнтэй аль болох эвтэй харьцдаг, өөрөөсөө ах хүний дандаа агаа, эгчээ гэж харьццаг хүн байгаа юм....” гэх мэдүүлэг /хх-ийн 18 дугаар тал/ Шинжээчийн 2018 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн №03 дугаартай: “..1.Г.Гантулгын биед эрүуний зүүн доод хэсэг хугарсан зөөлөн эдийн няцралтын гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. 3.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. 4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх нь эмчилгээ, эдгэрэлтээс хамаарна...” гэх дүгнэлт /хх-ийн 23 дугаар тал/ Шүүгдэгч Х.Хишигсайханы 2019 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 31-32 дугаар тал/ Эрүүгийн хариуцлага, Захиргааны шийтгэл хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 38-39 дүгээр тал/ зэрэг болно. Мөрдөгч дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн хуулинд заасан шаардлагыг хангасан байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрүүгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгож шүүх үнэлэв. Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаас нотлох чадвараа алдах болон шүүхээс тогтоосон үйл баримтыг үгүйсгэх нотлох баримт байхгүй, мөн шүүгдэгч шүүхээс тогтоосон үйл баримтаас зөрүүтэй байдлаар мэдүүлээгүй, хэргийн үйл баримт зүйлчлэлийн талаар маргаагүй болохыг дурьдах нь зүйтэй. Шүүгдэгч Х.Хишигсайхан нь хувийн таарамжгүй харилцаа үүсгэн маргалдаж Г.Гантулгын нүүрэн тус газарт цохиж эрүүний зүүн доод хэсэг хугарсан, зөөлөн эдийн няцралтын гэмтэл учруулж хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийн үндсэн шинжийг хангаж байх бөгөөд тухайн зүйл хэсэгт заасан хүндрүүлэх үндэслэл тогтоогдоогүй байна. Шүүгдэгч Г.Гантулгын гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1-д заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх бөгөөд шүүхээс яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн бүрдэл хангагдсан, нотолбол зохих асуудлыг бүрэн нотолсон, прокурорын зүйлчлэл хэргийн бодит байдалтай тохирсон гэж үзлээ. Түүнчлэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1-д заасны дагуу хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлснийг шүүх хүлээн авч хянан үзэхэд мөн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4-д заасан нөхцөл байдал хангагдсан байх тул хуулийн хугацаанд шийдвэрлэсэн болно. Хоёр: Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршиг Шүүгдэгч Х.Хишигсайханы гэмт үйлдлийн улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан бөгөөд хохирогч Г.Гантулгад эрүүний зүүн доод хэсэг хугарсан зөөлөн эдийн няцралтын гэмтэл тогтоогдсныг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1-д зааснаар хохиролд тооцов. Энэ хэрэгт хохирогчоор тогтоогдсон Г.Гантулгад шүүгдэгч Х.Хишигсайханы зүгээс эмчилгээний зардалд 600.000 төгрөгийг төлж барагдуулсан байх бөгөөд хохирогчоос нэмж хохирол төлбөр нэхэмжлэхгүй гэсэн тодорхойлолт гарган ирүүлсэнд үндэслэн шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүйд тооцов. Гурав: Эрүүгийн хариуцлагын талаар: Шүүгдэгч үйлдсэн гэмт хэрэгтээ гэм буруугийн талаар маргаангүй байгаа, учирсан бодит хохирлыг нөхөн төлсөн зэрэг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан шүүх хуралдаанд оролцсон Прокуророос санал болгосон 650 нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 650.000 төгрөгөөр торгох ялыг оногдуулах нь зүйтэй гэж үзэв. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1-д заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно. Шүүгдэгч Х.Хишигсайханы цалин хөлс орлого олдог байдал, хувийн болон ар гэрийн нөхцөл байдал зэргийг харгалзан шүүхээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүгдэгчид оногдуулсан торгуулийн ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц 90 хоногийн дотор хэсэгчлэн сар бүр тэнцүү хэмжээгээр төлөхийг үүрэг болгов. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар Х.Хишигсайхан нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 нэгж буюу 15000 төгрөгийг нэг хоногтой дүйцүүлж хорих ялаар солихыг анхааруулав. Шүүгдэгч энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэн ирүүлсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурьдав. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.2-д зааснаар энэ гэмт хэргийн улмаас эд мөрийн баримтаар хураагдан ирсэн СД-г хэрэгт хавсарган үлдээхээр тогтов.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 9, 36.2 дугаар зүйлийн 4, 36.8 дугаар зүйлийн 1, 4-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1-д заасныг журамлан шүүгдэгч Хаян овогт Хишигтогтохын Хишигсайханыг мөн хуулийн тусгай ангийн 11.4 дугаар зүйлийн 1-д заасан “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэрэгт гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Хаян овогт Хишигтогтохын Хишигсайханыг 650 нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 650.000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар ялтан Х.Хишигсайханд оногдуулсан торгуулын ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц 90 хоногийн дотор сар бүр тэнцүү хэмжээгээр хэсэгчлэн төлж барагдуулахыг үүрэг болгосугай. 4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар ялтан Х.Хишигсайхан нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 нэгж буюу 15000 төгрөгийг нэг хоногтой дүйцүүлж хорих ялаар солихыг анхааруулсугай.
5.Ялтан Х.Хишигсайхан нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэн ирүүлсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурьдсугай.
6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.2-д зааснаар энэ гэмт хэргийн улмаас эд мөрийн баримтаар хураагдан ирсэн СД-г хэрэгт хавсарган үлдээсүгэй.
7.Ялтан Х.Хишигсайханд урд авсан хувийн баталгаа гаргуулах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй.
8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10-р зүйлийн 4-д зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурьдсугай.
9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардан авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ Б.ЭРДЭНЭХИШИГ