| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дагийшаравын Бямбасүрэн |
| Хэргийн индекс | 182/2023/02187/И |
| Дугаар | 210/МА2024/00026 |
| Огноо | 2023-12-25 |
| Маргааны төрөл | Хөдөлмөрийн хуулиар бусад, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2023 оны 12 сарын 25 өдөр
Дугаар 210/МА2024/00026
| 2023 оны 12 сарын 25 өдөр | Дугаар 210/МА2024/00026 |
С.Э-ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Золзаяа даргалж, шүүгч Ц.Алтанцэцэг, Д.Бямбасүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 182/ШШ2023/03006 дугаар шийдвэртэй
С.Э-ийн нэхэмжлэлтэй
Э ХК-д холбогдох
гүйцэтгэх захирлын 2022 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн Б/1458 дугаар тушаалыг хүчингүй болгож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 51,721,851 төгрөг, үр дүнгийн урамшуулал болон 13 дахь сарын шагналт цалинд 26,042,170 төгрөг тус тус гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж баталгаажуулахыг хариуцагчид даалгах тухай иргэний хэргийг
нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Д.Бямбасүрэн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч С.Э, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т.О, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Р.Энхзаяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, түүний үндэслэлийн агуулга: Миний бие 2022 оны 10 дугаар сарын 27-ны өдөр Э ХК-ийн шинэ суурьшлын бүсийн төслийн албаны даргаар томилогдсон. Монгол Улсын Засгийн газраас Э ХК-д 2022 оны 10 дугаар сарын 28-ны өдрөөс эхлэн Засгийн газрын онцгой дэглэм тогтоож, намайг 2022 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн гүйцэтгэх захирлын Б/1458 дугаар тушаалаар намайг ажлаас чөлөөлөхдөө Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.1.-д заасан үндэслэлээр надтай байгуулсан хөдөлмөрийн харилцааг цуцалсан нь илтэд үндэслэлгүй миний хөдөлмөрлөх эрхийг ноцтой зөрчсөн учир нэхэмжлэл гаргасан.
1.1. Миний бие 2022 оны 12 дугаар сарын 09-ний өдрөөс 2023 оны 03 дугаар сарын 06-ны өдрийг хүртэлх хугацаанд шүүгчийн захирамжийн дагуу цагдан хоригдсон ба дээрх хугацаанд намайг ажлаас чөлөөлсөн тушаал гаргасныг 2023 оны 03 дугаар сарын 07-ны өдөр би мэдсэн. Намайг ажлаас чөлөөлөхдөө Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.1-д заасныг баримталж ажлаас чөлөөлсөн бөгөөд нэхэмжлэгчийн ажиллаж байсан алба, нэгж татан буугдсан гэдгийг ойлгохгүй байна. Э ХК-д нэхэмжлэгч ажиллаж байсан, компани татан буугдаагүй учраас Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.1-д заасан үндэслэл хамаарахгүй.
1.2. Хуулийн 80 дугаар зүйлийн 80.2 дахь хэсэгт аж ахуй нэгж байгууллага, түүний салбар, нэгж татан буугдсанаас бусад тохиолдолд ажлын байр хэвээр хадгалагдаж байгаа ажилтны хөдөлмөрийн харилцааг ажил олгогчийн санаачилгаар цуулахыг хориглоно гэж заасан. Нэхэмжлэгчийн ажлын байр 2 үндэслэлээр хэвээр хадгалагдаж байсан. Мөн аж ахуй нэгж татан буугдаагүй. Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.4 дэх хэсэгт заасан үүргээ биелүүлээгүй хууль зөрчсөн.
1.3. Хариуцагчаас ирүүлсэн баримтад 2022 оны 12 дугаар сарын 07-ны өдрөөс ээлжийн амралтаа нөхөн эдлүүлэх талаар баримт байна. Хөдөлмөрийн гэрээг цуцлах үед би ээлжийн амралтаа эдэлж байх үед ажлын байр хэвээр хадгалагдах ёстой. Хөдөлмөрийн тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1.1, 60.1.9.-д заасныг тушаал гаргахдаа зөрчсөн. Хөдөлмөрийн тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.4 дэх хэсэгт ажиллагаа хийгдээгүй. Нэхэмжлэгч Э ХК-д ажиллах сонирхолгүй байгаа учир ажилд эгүүлэн тогтоолгох шаардлага гаргаагүй.
1.4. Хөдөлмөрийн тухай хуулийн 55 дугаар зүйлд үүргээ ажил олгогч биелүүлээгүй, 2023 оны 03 дугаар сарын 07-ны өдөр нэхэмжлэгчийг гарч ирэхэд ажил үүргийг түдгэлзүүлж, цалин хөлсийг зогсоож, асуудлыг танилцуулж, тохиролцох, тайлбарлах ёстой байсан. Хариуцагч байгууллага 1991 оны Засгийн газарт эрх олгох тухай хууль буюу Үндсэн хууль батлагдахаас өмнөх хуулиар өнөөдрийн нийгмийн харилцааг зохицуулах ёстой гэж үзэж байгаа үндэслэлгүй. Иймээс 1991 оны БНМАУ-ын Засгийн газарт эрх олгох тухай хуулийг үндэслэж ажлаас чөлөөлсөн нь хуульд нийцэхгүй байна.
1.5. Хариуцагч Э ХК-ийн гүйцэтгэх захирлын Б/1458 тоот тушаал хууль бус болсон тул нэхэмжлэгч ажилгүй байсан хугацааны олговрыг 2022 оны 12 дугаар сарын 09-ний өдрөөс өнөөдрийг хүртэл буюу шүүхийн шийдвэр гарах хүртэл хугацаагаар тооцож нэхэмжилж байна. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн А/192 дугаар тушаалаар батлагдсан Дундаж цалин хөлс тодорхойлох журам-ын 2.3-т зааснаар нийт 10 сар 15 хоног ажилгүй байсан хугацаанд 51,721,851 төгрөг, мөн Э ХК, үйлдвэрчний байгууллагатай байгуулсан Хамтын гэрээ-ний 3.3.1, гүйцэтгэх захирлын 2022 оны А/752, А/753 дугаар тушаалуудыг үндэслэж, 13 дахь сарын шагналт цалинг 1 сарын дундаж цалин 4,831,295 төгрөг, хариуцагчийн өгсөн лавлагаанаас харахад жилийн үр дүнгийн урамшуулалд компанийн дундаж цалин 3,534,135 төгрөгийг 6 сараар тооцон 21,204,875 төгрөг нэхэмжилж байна. Нэхэмжлэгч нь 2022 онд бүтэн ажилласан бөгөөд урамшуулал олгох үед үндэслэлгүйгээр ажлаас нь чөлөөлсөн тул урамшуулал, шагналт цалин авах үндэслэлтэй.
Хөдөлмөрийн дотоод журамд ажилтан ажлын гүйцэтгэл, үр дүнгийн урамшууллыг дээд шатны нэгжийн удирдлагын хүн бүрэн хариуцна. Хагас, бүтэн жилээр ажлаа тайлагнана. Ажил олгогч ажилтны хагас, бүтэн жилийн ажлыг дүгнэж, үр дүнд нь тохирсон цалин, хөлс нэмэгдэл, урамшууллыг олгох үүрэгтэй гэж, 8.4.2-т ажилтан холбогдох журамд заасан хийсэн ажлын тайланг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гарган өгөөгүй бол ноцтой зөрчилд тооцон, ажлаас халах хүртэл сахилгын шийтгэл ноогдуулна гэж заасан. Нэхэмжлэгч тайлангаа өгөөгүй бол сахилгын шийтгэл ноогдуулна, гэтэл энэ тухай баримтыг хариуцагч гаргаж өгөөгүй тул урамшуулал олгохгүй байх үндэслэлгүй нь харагдаж байна.
Би 2021 оноос хойш Э ХК-д өөрийн хийх ёстой ажил үүргээ дүрэм, журмын дагуу хийсэн болоод компанийн удирдлагууд дараагийн ажилд дэвшүүлэн томилсон гэж бодож байна. Би Э ХК-д өөрийн хариуцсан ажлуудыг журмын дагуу хийж байтал Э ХК-д ажилласан гэдгээр эрхээ зөрчүүлж, цагдан хоригдсон. Би энэ хохирлоо нэхэмжлээгүй.
Иймд Э ХК-ийн гүйцэтгэх захирлын 2022 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн Б/1458 дугаар тушаал хүчингүй болгуулах, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 51,721,851 төгрөг гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж баталгаажуулахыг даалгах, үр дүнгийн урамшуулалд болон 13 дахь сарын шагналт цалинд 26,042,170 төгрөг тус тус гаргуулж өгнө үү гэв.
2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга: Э ХК-ийн ТУЗ-ийн 2022 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 27 дугаар тогтоолоор компанийн орон тооны хязгаар, зохион байгуулалтын бүтцийг хамгийн сүүлийн байдлаар шинэчлэн баталсан бөгөөд энэ тогтоолоор Шинэ суурьшлын бүсийн төсөл хариуцсан алба гэх нэгжийг байгуулаагүй боловч гүйцэтгэх захирлын 2021 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн тушаалаар уг албыг дарга, ахлах ажилтан 2, мэргэжилтэн 2, нийт 5 орон тоотой байхаар байгуулсан. Мөн өдрийн Б/1179 дүгээр тушаалаар Барилга, дэд бүтцийн газрын барилга, төсөл хариуцсан ахлах шинжээч С.Э-тэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгож, Б/1180 дугаар тушаалаар түүнийг 2022 оны 10 дугаар сарын 18-ны өдрөөс Шинэ суурьшлын бүсийн төсөл хариуцсан албаны даргаар томилсон.
2.1. Засгийн газрын 2022 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 385 дугаар тогтоолоор Э ХК-д 6 сарын хугацаагаар онцгой дэглэм тогтоож, Засгийн газрын онцгой бүрэн эрхт төлөөлөгчийг томилсон. Засгийн газрын онцгой бүрэн эрхт төлөөлөгч нь Засгийн газраас өгсөн үүрэг даалгаврын биелэлтийг хангуулах ажлын хүрээнд компанийн газар, хэлтэс нэгжийн үйл ажиллагаатай танилцан бүтэц, зохион байгуулалтыг оновчтой тогтоох арга хэмжээг шуурхай авч хэрэгжүүлэх чиг хүрээнд үйл ажиллагаа нь тодорхойгүй зарим алба нэгжийг татан буулгах, өөрчлөн зохион байгуулах шаардлагатай гэж үзэж 2022 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн А/737 дугаар тушаалаар Шинэ суурьшлын бүсийн төсөл хариуцсан албыг татан буулгаж шийдвэрлэсэн. Э ХК-д тогтоосон онцгой дэглэм нь Монгол Улсын Засгийн газарт эрх олгох тухай хуулийн тусгайлан эрх олгосон онцгой харилцаа бөгөөд онцгой дэглэм тогтоосон үед хийж хэрэгжүүлэх, авах арга хэмжээг шаардлагатай гэж үзвэл нийтлэг баримталдаг хууль тогтоомжийн заалтыг хэрэглэхгүй байж болохоор зохицуулсан. Тухайн хуулийн 1, 2 дугаар зүйл болон Засгийн газрын 2022 оны 385 дугаар тогтоолын 3.1-д заасны дагуу ТУЗ-с баталсан зохион байгуулалтын бүтцийн нэгжээс гадуур бий болгосон, чиг үүрэг тодорхойгүй алба нэгжийг татан буулгаж шийдвэрлэсэн. Засгийн газрын онцгой бүрэн эрхт төлөөлөгчийн шуурхай шийдвэрлэх, шаардлагатай гэж үзсэн асуудлын хүрээнд энэ тушаал гарсан тул нийтлэг баримталдаг хууль тогтоомж буюу Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох заалтыг буюу ажлын байрыг хэвээр хадгалах, 30-с доошгүй хоногийн өмнө мэдэгдэх зохицуулалтуудыг баримтлаагүй.
2.2. С.Э-ийг ажлаас чөлөөлсөн тушаалын хувьд 6 сарын хугацаанд Э ХК-д онцгой дэглэм тогтоож, бүтэц, орон тоотой холбоотой үйл ажиллагаа хийхгүйгээр нэхэмжлэгчийн ээлжийн амралт дуусах, эсвэл эрх бүхий байгууллагаас суллахыг хүлээх боломжгүй байсан. Хойшлуулшгүй ажиллагаа учраас 30-с доошгүй хоногийн өмнө мэдэгдэх боломжгүй байсан. Ажлаас чөлөөлсөн 2022 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн Б/1180 дугаар тушаалд С.Э д холбогдох тэтгэмж олгох зорилгоор Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.1, 80.2-т заасныг баримталсан. Тушаалын 1 дэх заалтад ямар үндэслэлээр ажлаас чөлөөлсөн буюу Засгийн газрын онцгой дэглэм бүхий компанийн бүтэц, зохион байгуулалтыг оновчтой тогтоож, шинэчлэх шаардлагаар Шинэ суурьшлын бүсийн төсөл хариуцсан албаны дарга С.Э-ийг үүрэгт ажлаас чөлөөлж байгааг тушаалд тодорхой тусгасан. Нэхэмжлэгч нь БНМАУ-ын Засгийн газарт эрх олгох тухай хууль болон Засгийн газрын 2022 оны 385 дугаар тогтоол нь Үндсэн хууль зөрчсөн эсэх талаарх шийдвэр гараагүй, хүчин төгөлдөр байна. Иймээс дээрх харилцаанд хэрэглэх ёстой хууль хэрэглэгдсэн. Мөн уг албыг татан буулгасан үйл баримтыг нэхэмжлэгч хүлээн зөвшөөрсөн бөгөөд ажилдаа эгүүлэн тогтоолгох шаардлага гаргаагүй. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээ тодорхойлох ёстой. Гэтэл ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг нэхэж байгаа бол ажилд эгүүлэн тогтоолгох шаардлагатайгаа уялдаж гарах ёстой.
Нэхэмжлэгч нь 2022 оны 02 сараас эхлэн 9 сарын хугацаанд доторх бүтцийн нэгжүүдэд шилжин ажилласан. Цахимаар тайлан гаргаж байсан гэж тайлбарлаж байгаа боловч Хөдөлмөрийн дотоод журмаар тайланг бичгээр гарган өгөх үүргийг хүлээсэн. Компанийн доторх алба, нэгжүүдэд шилжин ажилласан тохиолдолд тайланг хүлээлгэн өгөх ёстой. Ингэж тайлангаа хүлээлгэн өгсөн баримтгүй байна. Мөн 2022 оны 12 дугаар сарын 20-ны өдөр буюу тухайн жилийн үр дүн, урамшуулалт цалин олгох үед С.Э ажлаас чөлөөлөгдсөн буюу компанийн ажилтан биш болсон учраас үр дүн, урамшуулалт цалин олгох боломжгүй. Засгийн газрын онцгой бүрэн эрх төлөөлөгчийн 2022 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн Сахилга хариуцлагыг сайжруулах тухай А/683 дугаар тушаалыг баталсан бөгөөд тушаалын 6.5-д заасны дагуу Хүний нөөцийн албанаас нэхэмжлэгчтэй холбогдох гэсэн боловч утас нь холбогдохгүй, дуудан ирүүлэх боломжгүй байсан болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4.-т заасан нь Хөдөлмөрийн тухай хуультай уялдаж, ажилтан, ажил олгогчийн хоорондын асуудал яригдах ёстой. Манай байгууллагад С.Э-ийг таслан сэргийлэх арга хэмжээ авагдаж цагдан хоригдсон талаар шийдвэр ирээгүй. Тушаалыг гэрийн хаягаар нь шуудангаар хүргүүлсэн. Түдгэлзүүлэх асуудалд ажил олгогчийг буруутгах үндэслэлгүй. Ажлаас чөлөөлсөн үндэслэл нь Хөдөлмөрийн сахилгын зөрчилтэй хамааралгүй, бүтцийн нэгжийг татан буулгасантай маргаагүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:
Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.7, 127 дугаар зүйлийн 127.1, 101 дүгээр зүйлийн 101.1, 104 дүгээр зүйлийн 104.1, БНМАУ-ын Засгийн газарт эрх олгох тухай хуулийн 2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч С.Э-ийн , хариуцагч Э ХК-ийн гүйцэтгэх захирлын 2022 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн Б/1458 дугаар тушаалыг хүчингүй болгуулах, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 51,721,851 төгрөг гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж баталгаажуулахыг даалгах, үр дүнгийн урамшуулалд болон 13 дахв сарын шагналт цалинд 26,042,170 төгрөг тус тус гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж шийдвэрлэжээ.
4. Нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлын агуулга:
Анхан шатны шүүх хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн үндэслэлээр давж заалдах гомдол гаргаж байна.
4.1. Шүүхийн шийдвэрт зөвхөн БНМАУ-ын Засгийн газарт эрх олгох тухай 1991 оны хуулийг баримталж нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлж шийдвэрлэсэн бол нэг хэрэг. Гэтэл тушаалд ч шийдвэрт ч Хөдөлмөрийн тухай хуулийг баримталсан байна. Бүтцийн өөрчлөлт хийгдэж байдаг үйл ажиллагаа, гол нь хууль тогтоомжинд нийцүүлж хийх ёстой. Э ХК-ийн гүйцэтгэх захирлын Б/1458 тоот тушаал ойлгомжгүй, ажлаас чөлөөлөх тухай гээд Хөдөлмөрийн тухай хуулийн хөдөлмөрийн гэрээ цуцлах заалтыг баримтлаад С.Э-ийн хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгосон байна. Гэтэп шүүх шийдвэртээ ажлаас чөлөөлсөн, хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгосон, цуцалсан хэмээн янз бүрээр тайлбарласнаас гадна 1991 оны БНМАУ-ын хууль болон Хөдөлмөрийн тухай хуулийг баримталсан юм шиг тайлбарласнаар шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэп бүхий байх хуулийн шаардлагыг зөрчсөн байна. 1991 онд батлагдсан хууль хүчинтэй ч шүүх Иргэний хуулийн 10 дугаар зүйлд заасныг баримтлан хэрэг шийдвэрлэх, уг хууль 1992 онд батлагдсан Үндсэн хуульд нийцээгүй гэж үзвэл энэ талаар саналаа Улсын Дээд шүүхэд гаргахаар зохицуулсан байна.
4.2. Шүүх нэхэмжлэгчийг ээлжийн амралттай байсан тул ажлын байр нь хэвээр хадгалагдаж байгаа ажилтан гэж хүлээн зөвшөөрсөн ч аж ахуйн нэгж, байгууллага түүний салбар нэгж татан буугдсан тул хөдөлмөр эрхлэлтийн харилцаа цуцлагдсанд тооцсон хэмээн хуулийн заалтыг буруу хэрэглэсэн. Учир нь Э ХК татан буугдаагүй, нэхэмжлэгч түүний салбар нэгжид ажиллаагүй, түүний хариуцсан алба нь Э ХК-ийн бүтцэд багтдаг алба юм. Хуульд татан буугдсан гэдэг нь нэхэмжлэгчийн ажиллаж байсан албыг татан буулгасан гэдэг ойлголттой хамааралгүй юм. Иймд, шийдвэрийн ...хуулийн 60.4-т заасан үндэслэл тогтоогдохгүй байна гэдэг нь хуульд нийцээгүй. Нэхэмжлэгчид таслан сэргийлэх арга хэмжээ авсан талаарх эрх бүхий албан тушаалтны шийдвэр болон уг шийдвэрийг ажил олгогч байгууллагад хүргүүлсэн талаар хэрэгт баримт авагдаагүй тул хариуцагч байгууллага Хөдөлмөрийн тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1.9-д заасныг зөрчсөн гэх тайлбар үндэслэлгүй гэж шийдвэрт тусгажээ. Цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан талаар эрх бүхий албан тушаалтнаас хариуцагч байгууллагад шийдвэр хүргүүлээгүй талаар шүүх хуралдаанд яригдсан бөгөөд нэхэмжлэгч ямар ч тохиолдолд энэ шийдвэрийг ажил олгогчид тушаал гаргахаас өмнө хүргүүлэх боломжгүй байсныг, мөн хариуцагч байгууллага тушаал гаргахаас өмнө энэ асуудлыг мэдэх боломжтой байсанд шүүх оновчтой дүгнэлт хийгээгүй. Нэхэмжпэгч, эрх бүхий байгууллага, албан тушаалтан, ажил олгогчийн энэхүү хайхрамжгүй, хууль бус ажиллагаанаас болж хохирох ёсгүй ба зөрчигдсөн эрхээ хамгаалуулахаар хандсан шүүх зөвхөн нэг талыг баримтлан шийдвэр гаргасан нь шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцээгүй байна.
4.3. Ажил олгогч, Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.4 дэх заалтыг хэрэглэх шаардлагагүй гэж үзвэл мөн хуулийн 80 дугаар зүйлийн 80.5 дахь хэсэгт заасныг хэрэглэнэ гээд хууль тогтоогч зохицуулсан байхад энэ заалтыг баримтлахгүй гэж шүүх тайлбарлаж байгаа нь буруу юм.
4.4. Хариуцагч байгууллага, нэхэмжлэгчийн бүтэн жилийн турш хийсэн ажлыг үгүйсгэж, гаргаж байсан тайланг нь бичгээр гаргаагүй гэх тайлбар хийж шүүхэд гаргаж өгөөгүй. Хөдөлмөрийн дотоод журамд тайланг заавал бичгээр гаргана гэсэн ажилтны үүрэг байхгүй харин уг журмын 2.12- т заасны дагуу нэхэмжлэгч сар бүр хийсэн ажлын тайлангаа дотоод сүлжээгээр өөрийн хаягаар удирдлагад тайлагнадаг байсан ч шүүх хариуцагчийн тайлбарыг шийдвэрийн үндэслэл болгосон. Хариуцагч ажил олгогч байгууллага нь тайланг гаргаж өгөөгүйгээс гадна Хөдөлмөрийн дотоод журамд заагдсан ажилтны үнэлгээний хуудас, нэгжийн нэгдсэн тайлан, ажилтны сахилга хариуцлагын талаар авсан арга хэмжээний талаарх мэдээллийг шүүхэд гаргаж өгөөгүй нь хариуцагчийн ажлын хариуцлагыг харуулж байна. Гэтэл үүнийг шүүх, нэхэмжлэгчийг гаргаж өгөх ёстой байсан юм шиг шийдвэрийн үндэслэлээ болгосон нь ойлгомжгүй. Хэрэв нэхэмжлэгч ажлаа тайлагнадаггүй байсан гэж үзвэл хариуцагч байгууллага дүрэм журмаа мөрдөж нэхэмжлэгчид ажлаас халах хүртэл сахилгын шийтгэл ногдуулж болох байсан нь компаний Хөдөлмөрийн дотоод журмын 8.4.21 болон хөдөлмөрийн гэрээ, бусад дүрэм журамд зохицуулсан байхад шүүх энэ бүхнийг харгалзаж үзэлгүй шийдвэр гаргасан нь үндэслэлгүй байна. Энэ талаар болон цахим тайлангийн талаар шүүх хуралдаанд мэтгэлцээний үеэр тодорхой тайлбарласан боловч шүүх анхааралдаа авч шийдвэрт тусгасангүй. Нэхэмжлэгч ажиллаж байх хугацаандаа сахилгын арга хэмжээ авагдаж байгаагүйг хариуцагч албан ёсоор тайлбар гаргасныг хурлын тэмдэглэлд тэмдэглүүлж байсныг шүүх мөн үнэлээгүй байна.
Э ХК-ийн захиргаа, Үйлдвэрчний эвлэлийн хамтын гэрээний 3.3.1-т жилийн үр дүнгийн урамшууллыг бичгэн тайланг үндэслэнэ гээгүй ба ...нийт ажилтанд ажилтны тухайн жилд ажилласан хугацааг харгалзан 4-6 сарын компанийн дундаж цапинтай тэнцэх хэмжээгээр олгоно" гэсэн байдаг. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн, Хөдөлмөрийн тухай хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1, 104 дүгээр зүйлийн 104.1 дэх хэсэгт зааснаар уг урамшуулал болон шагналт цалинг олгох үндэслэл тогтоогдохгүй гэсэн нь шагналт цалин, урамшуулалд огт хамааралгүй, хуулийн уг заалтууд нь цалин хөлс, цалин хөлсний бүрдлийн талаарх заалт юм. Нэхэмжлэгч, 2023 оны 12 дугаар сарын 09-нийг хүртэл бүтэн жилийн турш компанидаа хоёргүй сэтгэлээр ажиллаж, өөрийн хариуцсан ажлаа өндөр бүтээмжтэй хийж гүйцэтгэж байсан тул энэ жилийн үр дүнгийн урамшуулал болон шагналт цалинг авах үндэслэлтэй гэж үзэж нэхэмжилсэн юм.
Иймд, анхан шатны шүүх нотлох баримтыг буруу үнэлж, хуулийг буруу тайлбарлан, гаргасан шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангахгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хянан үзэж шийдвэрлэж өгнө үү гэжээ.
5. Давж заалдах гомдолд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан тайлбарын агуулга: Нэхэмжлэгч талын гомдлыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй.
5.1.Э ХК-д онцгой дэглэм тогтсон, онцгой дэглэмт үйл ажиллагаа явуулж байгаа компани. Э ХК нь БНМАУ-ын Засгийн газарт эрх олгох тухай хуулийг баримталж үйл ажиллагаа явуулж байгаа. Тухайн хуулийн 2.1 дэх заалт болон үүнийг дагаж гарсан Засгийн газрын 2022 оны 385 дугаар тогтоолд холбогдох албан тушаалтныг томилж, чөлөөлөх эрх хэмжээг Засгийн газрын онцгой бүрэн эрхт төлөөлөгчид олгосон. Энэ эрх хэмжээг Засгийн газрын онцгой бүрэн эрхт төлөөлөгчөөс ТУЗ-ын 2022 оны 27 дугаар тогтоолоос гадуур зөрчиж байгуулагдсан албыг татан буулгаж шийдвэрлэсэн. Зөрчиж байгуулагдсан албанд шинэ суурьшлын бүсийн төслийн нэгж орж байгаа. Анхнаасаа энэ алба нь ТУЗ-ын тогтоолыг зөрчиж, ямар үйл ажиллагаа явуулах нь тодорхойгүй алба байсан тул энэ албыг цаашид шаардлагагүй гэж үзэж, татан буулгах асуудлыг БНМАУ-ын Засгийн газарт эрх олгох тухай хуулийг баримталж шийдвэрлэсэн. Хөдөлмөрийн тухай хуулийг яагаад барьсныг хариу тайлбартаа тодорхой тайлбарласан. Чөлөөлөгдөж байгаа ажилтанд тэтгэмж олгох гэхээр Засгийн газарт эрх олгох тухай хуульд тэтгэмж олгох тухай асуудлыг тодорхой тусгаагүй.
5.2. Ажилтанд тэтгэмж олгох үүднээс Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.1-д заасныг баримтлан 5,000,000 төгрөгийн тэтгэмж олгосон. С.Э ийг цагдан хоригдсоныг мэдсэн бол хэзээ гарч ирэхийг нь мэдэхгүй атлаа холбогдох бүтэц, нэгжийг татан буулгахгүй хүлээх боломжгүй. Энэ бол хойшлуулшгүй шуурхай авч хэрэгжүүлж байсан арга хэмжээ тул уг шийдвэрийг гаргасан гэв.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх хэргийг нэхэмжлэгч талын гаргасан гомдлын хүрээнд хянаад анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.
2. Нэхэмжлэгч С.Э нь Э ХК-д холбогдуулан гүйцэтгэх захирлын 2022 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн Б/1458 дугаар тушаалыг хүчингүй болгож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 51,721,851 төгрөг, үр дүнгийн урамшуулал болон 13 дахь сарын шагналт цалинд 26,042,170 төгрөг тус тус гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж баталгаажуулахыг хариуцагчид даалгах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.
3. Нэхэмжлэгч С.Э нь 2021 оны 09 дүгээр сарын 06-ны өдрөөс хариуцагч байгууллагад хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллаж байсан бөгөөд гүйцэтгэх захирлын 2022 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн Б/1180 дугаар тушаалаар Шинэ суурьшлын бүсийн төсөл хариуцсан албаны даргаар ажилласан үйл баримт тогтоогдсон, талууд энэ талаар маргаагүй.
4. Засгийн газрын онцгой бүрэн эрхт төлөөлөгчийн 2022 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн Б/1458 дугаар тушаалаар БНМАУ-ын Засгийн газарт эрх олгох тухай хуулийн 2 дугаар зүйлийн 1, Э ХК-ийн талаар авах зарим арга хэмжээний тухай Засгийн газрын 2022 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 385 дугаар тогтоолын 2 дугаар зүйл, 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэг, Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.1, 82 дугаар зүйлийн 82.1 дэх хэсэгт тус тус заасныг үндэслэн Засгийн газраас Э ХК-д онцгой дэглэм тогтоосонтой холбоотойгоор компанийн бүтэц, зохион байгуулалтыг оновчтой тогтоох шаардлагаар С.Э ийг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн байна.
4.1. БНМАУ-ын Засгийн газарт эрх олгох тухай 1991 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн хуулийн 1-д Улсын эдийн засгийн амьдрал, хүн амын үйлчилгээний хэвийн нөхцлийг хангахад нэн чухал үүрэг бүхий тодорхой үйлдвэрийн газар, байгууллагад шаардлагатай гэж үзвэл нийтлэг баримталдаг хууль тогтоомжийн заалтыг хэрэглэхгүйгээр 6 сар хүртэл хугацаагаар тусад нь онцгой дэглэм тогтоож, харъяалал харгалзахгүйгээр өөрийн шууд хяналтад авч ажиллуулах эрхийг БНМАУ-ын Засгийн газарт олгосугай гэж заасныг үндэслэн Монголын Улсын Засгийн газраас 2022 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 385 дугаартай тогтоол гаргажээ.
Уг тогтоолоор төлбөрийн тэнцлийн алдагдал өндөр байгаа өнөөгийн нөхцөлд гадаад валютын орох урсгалыг нэмэгдүүлж, Засгийн газрын 2022 оны 362 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх зайлшгүй шаардлагыг харгалзан Э ХК-д 6 сарын хугацаагаар онцгой дэглэм тогтоожээ. Тогтоолын 2 дахь заалтаар Э ХК-д тогтоосон онцгой дэглэмийн хугацаанд БНМАУ-ын Засгийн газарт эрх олгох тухай хууль, энэ тогтоолд заасан арга хэмжээг авч хэрэгжүүлэн компанийн үндсэн үйл ажиллагаа, удирдлага зохион байгуулалт, төлбөр тооцоог сайжруулж орлогыг нэмэгдүүлэх асуудлыг шууд хариуцан гүйцэтгэж, компанийг бүрэн төлөөлөх эрх бүхий Засгийн газрын онцгой бүрэн эрхт төлөөлөгчөөр Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ж.Ганбатыг томилж, тогтоолын 3.1 дэх заалтаар компанийн бүтэц, зохион байгуулалтыг оновчтой тогтоож шинэчлэх, шаардлагатай бол нэгжийн удирдлага, холбогдох албан тушаалтныг томилж, чөлөөлөхийг Засгийн газрын онцгой бүрэн эрхт төлөөлөгч Ж.Г-д даалгажээ.
4.2. Засгийн газрын онцгой бүрэн эрхт төлөөлөгчийн 2022 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн А/737 дугаар тушаалаар компанийн бүтэц, зохион байгуулалтыг оновчтой тогтоох шаардлагаар Шинэ суурьшлын бүсийн төсөл хариуцсан албыг татан буулгаж, үүнтэй холбоотойгоор мөн өдрийн Б/1458 дугаар тушаалаар С.Э ийг үүрэгт ажлаас чөлөөлсөн нь БНМАУ-ын Засгийн газарт эрх олгох тухай 1991 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн хууль болон Монгол Улсын Засгийн газрын 2022 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 385 дугаартай тогтоолыг үндэслэн өөрт олгогдсон эрхийн хүрээнд шийдвэрлэсэн байна.
5. Маргаан бүхий тушаалд БНМАУ-ын Засгийн газарт эрх олгох тухай 1991 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн хуулиас гадна Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.1, 82 дугаар зүйлийн 82.1 дэх хэсгийг тус тус баримталсан ба үүнтэй холбоотойгоор анхан шатны шүүх уг үндэслэлд дүгнэлт хийснийг буруутгахгүй.
Харин нэхэмжлэлийн үр дүнгийн урамшуулал болон 13 дахь сарын шагналт цалинтай холбоотой шаардлагын хувьд Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох зохицуулалтыг баримтлах үндэстэй. Гүйцэтгэх захирлын 2022 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн А/752 дугаар тушаалаар ажилтнуудад жилийн үр дүнгийн урамшуулал олгохоор, мөн өдрийн А/753 дугаар тушаалаар ажилтнуудад шагналт цалин олгохоор тус тус шийдвэрлэсэн ба нэхэмжлэгчийн ажлын тайлан, ажил дүгнэсэн баримт хэрэгт авагдаагүй, мөн нэхэмжлэгч ажлаас чөлөөлөгдсөнөөс хойно ажил олгогчийн тус шийдвэрүүд гарсан тул түүнд урамшуулал болон шагналт цалин олгох үндэслэлгүй талаар анхан шатны шүүх зөв дүгнэжээ.
6. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 182/ШШ2023/03006 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэлийг тэмдэгтийн хураамжаас чөлөөлсөнийг дурдсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ЗОЛЗАЯА
ШҮҮГЧИД Ц.АЛТАНЦЭЦЭГ
Д.БЯМБАСҮРЭН