Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 11 сарын 30 өдөр

Дугаар 209/МА2023/00099

 

*******ын нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай

 

          Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Л.Амарсанаа даргалж, шүүгч Я.Туул, шүүгч Г.Мягмарсүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

           Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны  10 дугаар сарын 18-ны өдрийн 135/ШШ2023/01316 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч *******ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч *******д холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: “Хүүхдийн асрамж өөрчлүүлэх” тухай нэхэмжлэлийн шаардлагатай,

Иргэний хэргийг хариуцагч *******гийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, 2023 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр хүлээн авч, шүүгч Г.Мягмарсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

           Шүүх хуралдаанд нэхэмжлэгч *******, түүний өмгөөлөгч *******, хариуцагч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Билгүүн нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн үндэслэл, шаардлага:
           ******* миний бие нь *******тай гэр бүлийн харилцаатай байж байгаад дундаасаа охин *******г 2022 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр төрүүлсэн. Бид хоорондын таарамжгүй харилцааны улмаас тусдаа амьдарч байгаад *******гийн нэхэмжлэлтэй 2023 оны 06 дугаар сарын 30-ны өдөр тус шүүхийн ******* дугаартай шийдвэрээр охин *******г эх *******гийн асрамжид үлдээж, надаас хүүхдийн тэтгэлэг гаргуулахаар шийдвэрлэсэн. Гэтэл энэ шүүх хурлаас өмнө ч ******* нь тусдаа байх хугацаандаа охиноо надад үлдээж, эхийн хайр халамжаар дутаадаг байсан ба шүүх хурал дуусмагц ч надад охиноо үлдээгээд яваад өгсөн. Шүүхийн шийдвэрийн дагуу би тэтгэлгээ төлье, эх нь охиноо өсгөх үүргээ хүлээх хэрэгтэй гэж хэлээд би төрсөн эгчид нь хүргэж өгсөн ч 14 хоногийн дараа ******* нь 2023 оны 08 дугаар сарын 07-ны өдөр цаашид охиноо өөрөө өсгөж чадахгүй, боломжгүй гэж надад хэлээд хавсаргасан хүсэлтийн хамт охиноо үлдээгээд явсан. Үүнээс хойш би охин *******г харж халамжлан, эрүүл саруул өсгөж байна. Иймд төрсөн эх *******гийн хүсэлт, хүүхдийн эрх ашгийг хангуулж охин *******гийн албан ёсны асрамжийг өөрчилж, нэхэмжлэгч төрсөн эцэг ******* надад  үлдээн шийдвэрлэж өгнө үү гэжээ.

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:

Нэхэмжлэгч *******ын тавьсан шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Би өөрөө охиноо өөрийн боломжоор өсгөж, хүмүүжүүлж асарч чадна гэж бодож байна. Миний зүгээс охины маань төрсөн аав нь ******* мөн болохоор харж хандах, асран тэтгэх үүрэгтэй гэж ойлгож байгаа. Хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай шүүхийн шийдвэр гарсан хэдий ч одоо хүртэл албан ёсоор төлсөн зүйл байхгүй. Хүүхдээ өөрөө асарч байгаа юм чинь мөнгө өгөхгүй, тэгээд асрамждаа авна гэж байгаа бол миний хувьд хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

4. Анхан шатны шүүхийн  шийдвэрийн агуулга:

Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар 2022 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр төрсөн охин *******г эцэг *******ын асрамжид шилжүүлж,

Нэхэмжлэгч нь хүүхдийн тэтгэлэг гаргуулах шаардлага гаргаагүй болохыг дурдаж,

Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т заасан хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх, үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, түүнд суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах үүргээ хэрэгжүүлж байхыг эцэг *******, эх ******* нарт даалгаж,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д тус тус зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн нийт 70,200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

6. Хариуцагч ******* давж заалдах гомдолдоо:

   Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах журмаар гомдол гаргаж байна.

...Шийдвэр гарсны дараа ******* бид хоёр буцаад нийлье, охиноо элэг бүтэн өсгөе гээд уулзаж учирч байгаад миний бие жирэмсэн болсон. Болно, бүтнэ, буцаад нийлье гээд байсан учраас шүүхэд охиноо аавд нь үлдээхийг зөвшөөрсөн агуулгатай тайлбар бичсэн байсныг ******* машинаас маань аваад шүүхэд өгсөн байсан.

Шүүх хуралдаанд миний бие өөрийн боломжоор охиноо өөрөө өсгөж, хүмүүжүүлж асарч чадна гэдгээ хэлсэн. Гэтэл шүүх өмнө нь бичгээр өгсөн тайлбар байна гээд зөвшөөрсөн гэж үзэж, миний бие шүүх хуралдаанд өөрийн биеэр охин *******г эцэг *******ын асрамжид үлдээхийг хүлээн зөвшөөрөхгүй, өөрөө өсгөнө гэдгээ илэрхийлсээр байхад шүүх хүлээн зөвшөөрсөн гэж шийдвэрлэсэнд гомдолтой байна. Мөн өмнөх шүүхийн шийдвэрээр охин *******г миний асрамжид үлдээсэн бөгөөд хүүхдийн асрамжийг өөрчлөх үндэслэл байхгүй байхад *******ын нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн нь хуульд нийцээгүй гэж үзэж байна.

Охин маань одоо ой хүрэх гэж байгаа бөгөөд ******* болон түүний ээж охинтой минь огт уулзуулахгүй, утсаа блок хийсэн. Охиндоо маш их санаа зовж байна. ******* нь хамт амьдарч байх хугацаанд амрах болгондоо гэртээ архи согтууруулах ундааны зүйл хэрэглэдэг, гэр орондоо бусадтай гэр бүлээс гадуурх харилцаа 2 ч удаа үүсгэж байсан бөгөөд гэртээ агсам согтуу тавьж улмаар торгуулийн шийтгэл авч байсан удаатай. Архидан согтуурсан, бусадтай завхайрсан хүнд ой хүрээгүй охин хүүхэд маань байгаа учраас маш их санаа зовж байна. ******* нь зан үйл, ёс суртахууны хувьд ойтой охин хүүхдийг өөрөө өсгөж, байнга харж хандаж чадахгүй гэж үзэж байна гэжээ.

            5. Нэхэмжлэгч талаас давж заалдах гомдолд гаргасан хариу тайлбар ирүүлээгүй байна.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх нь зөвхөн хариуцагч *******гийн гаргасан гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзэж, шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр тухайн шүүхэд буцаах үндэслэлтэй гэж үзлээ.

2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******д холбогдуулан хүүхдийн асрамж өөрчлүүлэх тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

3. Анхан шатны шүүх 2022 оны 11 дүгээр сарын 4-ний өдөр төрсөн охин *******г эцэг *******ын асрамжид шилжүүлж шийдвэрлэсэн бөгөөд хариуцагч ******* дээрх шийдвэрийг эс зөвшөөрч “миний бие шүүх хуралдаанд охин *******г эцэг *******ын асрамжид үлдээхийг хүлээн зөвшөөрөхгүй, өөрөө өсгөнө гэдгээ илэрхийлсээр байхад шүүх хүлээн зөвшөөрсөн гэж шийдвэрлэсэнд гомдолтой байна” гэх давж заалдах гомдлыг гаргажээ.

Хэргээс судлан үзвэл:

4. Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн ******* дугаартай шийдвэрээр 2022 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр төрсөн охин *******г эх *******гийн асрамжид үлдээж, эцэг *******аар тэжээн тэтгүүлэхээр шийдвэрлэсэн байна.

5. Нэхэмжлэгч ******* нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “... шүүхийн шийдвэрээр охин *******г эх *******гийн асрамжид үлдээж, надаас хүүхдийн тэтгэлэг гаргуулахаар шийдвэрлэсэн. Гэтэл энэ шүүх хурлаас өмнө ч ******* нь тусдаа байх хугацаандаа охиноо надад үлдээж, эхийн хайр халамжаар дутаадаг байсан ба шүүх хурал дуусмагц ч надад охиноо үлдээгээд явсан. ...******* нь 2023 оны 08 дугаар сарын 07-ны өдөр цаашид охиноо өөрөө өсгөж чадахгүй, боломжгүй гэж надад хэлээд хавсаргасан хүсэлтийн хамт охиноо үлдээгээд явсан учраас эх *******гийн хүсэлт, хүүхдийн эрх ашгийг хангуулж охин *******гийн албан ёсны асрамжийг өөрчилж, эцгийн асрамжид үлдээж өгнө үү” гэжээ.

6. Хариуцагч ******* нь нэхэмжлэлийг эс зөвшөөрч “өөрийн асрамжид охиноо үлдээнэ” гэж маргасан байна.

7. Анхан шатны шүүх хариуцагч *******гийн шүүх хуралдаанд гаргасан “хүүхдийг аавынх нь асрамжид үлдээхийг зөвшөөрсөн” гэх тайлбарыг үндэслэн охин *******гийн одоо байгаа орчин нөхцөлд хүүхдийн эрх ашиг, сонирхол хөндөгдсөн нөхцөл байдал тогтоогдохгүй байна гэж дүгнэн түүнийг эцэг *******ын асрамжид шилжүүлж шийдвэрлэжээ.

Хүүхдийн одоо амьдарч байгаа орчин нөхцөл нь  түүний эрх ашиг сонирхлыг хөндөөгүй гэх нөхцөл байдлыг нотолсон баримт хэрэгт авагдаагүй, түүнчлэн зохигчид хүүхдийн асрамжийн талаар маргаж байхад дээрх нөхцөл байдлыг анхан шатны шүүх анхаарч үзээгүй байна.

8. Гэр бүлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-д “Хүүхэд төрснөөр эцэг, эх, хүүхдийн хооронд эрх, үүрэг үүснэ”, 21.5-д “Гэрлэлтээ бүртгүүлээгүй хүмүүсийн дундаас төрсөн хүүхэд нь гэрлэлтээ бүртгүүлсэн гэр бүлээс төрсөн хүүхдийн адил эрх эдэлж, үүрэг хүлээнэ” гэж, 14 дүгээр зүйлийн 14.6-д  Гэрлэгчид энэ хуулийн 14.5-д заасны дагуу тохиролцоогүй бол хүүхдийн нас, эцэг, эхийн халамж, ахуйн нөхцөл, бололцоо, ёс суртахууны байдал, хүчирхийлэл үйлдсэн эсэхийг нь харгалзан хүүхдийг эцэг, эхийн хэн нэгний асрамжид үлдээх...асуудлыг шүүх шийдвэрлэнэ” гэж тус тус заасан.

   Хүүхэд эцэг, эхийнхээ хэнтэй амьдрахыг тогтооход хүүхдийн нас, эцэг эх, ах дүү гэр бүлийн бусад гишүүдэд ээнэгшин дассан байдал, эцэг эхийн ёс суртахуун болон хувийн шинж чанарууд, эцэг, эх, хүүхдийн хоорондын харилцаа, хүүхдийг хүмүүжүүлэх, хөгжүүлэх нөхцөлийг бүрдүүлэх боломж, эцэг эхийн оршин сууж буй газрын нөхцөл байдал /ажил хөдөлмөр, цалин, орлого, өмчлөх эд хөрөнгө/ зэргийг баримтаар тогтоосон байхыг шаардах бөгөөд маргаж байгаа талууд ямар байдлыг нотлох, нотолгооны зүйл юу болох талаар шүүх талуудад тайлбарлан таниулж, идэвхтэй байр сууринаас хандах нь зүйтэй юм.  

   Өөрөөр хэлбэл дээрх нөхцөл байдлыг тогтоохоор шинжээч томилох, холбогдох бичгийн нотлох баримтуудыг талуудаас гаргуулж, үнэлэлт дүгнэлт өгч хүүхдийн асрамжийг өөрчлөх эсэх асуудлыг шийдвэрлэх нь зүйтэй байна.

   Энэ нь Хүүхдийн эрхийн тухай хууль болон Гэр бүлийн тухай хуульд заасан хүүхдийн эрх, ашиг сонирхлыг хамгаалахад оршино.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5-д заасныг удирдлага болгон ТОГТООХ  нь:

1. Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны  10 дугаар сарын 18-ны өдрийн 135/ШШ2023/01316 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа төлсөн улсын тэмдэгтийн хураамж 70200 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалын агуулгыг танилцуулан сонсгож 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүрэгтэй, энэ үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

   4.  Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1-т зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч  магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын Дээд Шүүхийн тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.     

 

    ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                         Л.АМАРСАНАА                                               

                                            ШҮҮГЧИД                                  Я.ТУУЛ                                                                                

                                     13                                                                Г.МЯГМАРСҮРЭН