Өвөрхангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх ийн Шийдвэр

2016 оны 07 сарын 06 өдөр

Дугаар 291

 

Өвөрхангай аймаг дахь иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч А.Үүрийнтуяа даргалж

 

          Хүсэлт гаргагч: Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 7 дугаар баг Дэлгэрэхийн дэнж 21-12 тоотод оршин суух, 1965 онд төрсөн, 50 настай, Малчин овгийн Цэндийн Лхампүрэвийн хүсэлттэй

“Ажиллаж байсан байдлаа тогтоолгох”-ыг хүссэн тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: хүсэлт гаргагч Ц.Лхампүрэв, нарийн бичгийн дарга Т.Эрдэнэ нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч Ц.Лхампүрэв шүүхэд гаргасан хүсэлтэндээ: Намайг Өвөрхангай аймгийн Барилга угсралтын конторт 1983 оны 07 дугаар сарын 04-ний өдрөөс 1991 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл нормчноор ажиллаж байсныг тогтоож өгнө үү гэжээ.

            Хүсэлт гаргагч Ц.Лхампүрэв шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 1983 оны 7 дугаар сарын 02-ны өдрөөс 1991 оны 1 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл Барилга угсралтын конторт засал чимэглэлчээр ажиллаж байсан. Ингээд өндөр насны тэтгэвэр тогтоолгох гэтэл хөдөлмөрийн дэвтрээ үрэгдүүлсэний улмаас улсад ажилласан хугацаа маань ажилласан жилд орж тооцогдохгүй хохироход хүрээд байна. Иймд намайг дээрх хугацаанд ажиллаж байсныг сэргээн тогтоож өгнө үү гэв.

Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Хүсэлт гаргагч Ц.Лхампүрэв “Ажиллаж байсан байдлаа тогтоолгох-ыг хүссэн хүсэлтийг тус шүүхэдгаргажээ.

Ц.Лхампүрэв нь Өвөрхангай аймгийн Барилга угсралтын конторт 1983 оны 07 дугаар сарын 04-ний өдрөөс 1991 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл нормчноор ажиллаж байсан болох нь Барилгын яамны харъяа Өвөрхангай аймгийн Барилга угсралтын трестийн даргын 1990 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 232 тоот тушаал, Өвөрхангай аймгийн Барилга угсралтын конторын даргын 1983 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 93 тоот тушаал, Өвөрхангай аймгийн архивын тасгийн 2015 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 787 тоот, 2016 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 265 тоот лавлагаанууд, гэрч И.Энхтуяа, П.Цэцэгмаа, Д.Өлзийхишиг нарын мэдүүлэг зэрэг бичгийн нотлох баримтаар тус тус нотлогдож байх тул хүсэлтийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаарМалчин овгийн Цэндийн Лхампүрэвийг Барилга, барилгын материалын үйлдвэрийн яамны харъяа Өвөрхангай аймгийн Барилга угсралтын конторт 1983 оны 07 дугаар сарын 04-ний өдрөөс 1991 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл засал чимэглэлчнээр   ажиллаж  байсан болохыг тогтоосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээсүгэй. 

3. Шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй бөгөөд хүсэлт гаргагч шийдвэрийг эс зөвшөөрвөлгардан авснаас хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 А.ҮҮРИЙНТУЯА