Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 12 сарын 21 өдөр

Дугаар 209/МА2024/00001

 

*******ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай

 

          Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Мягмарсүрэн даргалж, шүүгч Я.Туул, Ерөнхий шүүгч Л.Амарсанаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

           Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны  10 дугаар сарын 20-ны өдрийн 135/ШШ2023/01340 дүгээр шийдвэртэй,

Нэхэмжлэгч *******ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч *******д холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: “Өмгөөллийн хөлс 2,500,000 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагатай,

Иргэний хэргийг нэхэмжлэгч *******ийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, 2023 оны 11 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Л.Амарсанаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

           Шүүх хуралдаанд нэхэмжлэгч ******* /цахимаар/, хариуцагч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Билгүүн нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн үндэслэл, шаардлага:
           2019 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр ******* нь өөрийн төрсөн хүү *******д эрх зүйн туслалцаа байгуулах гэрээг 2019 оны 01 дүгээр сарын 25-ны өдрөөс 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацаатай байгуулсан.

...Үнэ хөлсөө тавиагүй гэрээгээ шүүхэд гаргаж өгөөрэй. Үнэ хөлсөө тавьсан гэрээг өөрөө аваарай гэж хэлсэн. Тэгээд гэрийн гадаа ирэхэд 5,000,000 төгрөгөөр гэрээ хийгээд манай хүүхдийн зүйлчлэл хөнгөрөөд гайгүй гарвал нэмж 5,000,000 төгрөг өгнө гээд өөрт үлдсэн гэрээ дээрээ нэмчихлээ та өөрт байгаа гэрээ дээрээ нэмчхээрэй гэж хэлсэн. 2019 оны 10 дугаар сарын 28-ны орой Улаанбаатар орсон. Шүүгч 200,000 төгрөгөөр шилжүүлсэн байна гэдэг талаар сая асуусан. Тухайн мөнгийг тэр үед замын зардал гэж шилжүүлсэн. Намайг Улаанбаатарт очиход энэ хүмүүс Эрдэнэтийн билет авчихсан байсан. Тэгээд вагонд суугаад 29-ний өглөө Эрдэнэтэд очсон. Очоод хохирогчтой уулзаж гуйж байж нэхэмжилж байсан мөнгөн дүнг нь багасгасан. Давж заалдах шатны шүүх хуралдаанаар мөн ял нь хөнгөрсөн. Ингээд урамшуулал 5,000,000 төгрөгөөс 2,500,000 төгрөгийг нь өгчихье гэж ярилцсан. ...би 1,800,000 төгрөгөөр хивс плаж хоёр авсан. Дараа нь 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр яриад 2,500,000 төгрөгөө гүйцээчихье гээд 700,000 төгрөг шилжүүлсэн.

Дараагийн 200,000 төгрөгийн тухайд хяналтын шатны шүүх хуралдаан нэг удаа хойшилсон. Хяналтын шатны шүүх хуралдаан дээрээ ******* өмгөөлөгчөө оролцуулчих би өвчтэй байна гэхэд та орчхооч гэсэн. Урамшуулалд өгнө гэсэн 5,000,000 төгрөгийн үлдэгдэл 2,500,000 төгрөгөө өгчих, өөр үнэ хөлс гэхгүй гээд тохирсон гэжээ.

2. Хариуцагчаас шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:

...Миний бие 2019 онд хүүгийнхээ өмгөөлөгчөөр ******* өмгөөлөгчийг авсан нь үнэн. Тухай үед өмгөөллийн хөлс 5,000,000 төгрөг гэж гэрээ байгуулсан. Үүнийхээ дагуу боломжоороо өгч байсан. Эхлээд 1,800,000 төгрөг өгсөн, дараа нь 700,000 төгрөг өгсөн, дахиад хугацаа дууссан энэ тэр гэсэн зүйл яриагүй, санах ч үгүй байна. Хүний тус авчхаад яах вэ гээд 5,000,000 төгрөгийг нь өгчихье гэж бодоод байж байсан. Огт юу ч өгөөгүй биш чадлаараа өгсөн. Давж заалдах шатны шүүхээр ороход би барахгүй, нэмж хүн ав гэж хэлсэн. Тэгээд ******* өмгөөлөгчийг хөлсөлсөн. Тэгээд ******* өмгөөлөгчтэй нэг удаа утсаар ярихад хэн чамайг надаас илүү өмгөөлөгч ав гэж байхад муу өмгөөлөгч ав гэсэн юм бэ гэж хэлсэн. Би 5,000,000 төгрөгөөр өмгөөлөгч авчихсан байж дахиад өмгөөлөгчийн хөлс төлж өөр өмгөөлөгч авсан. Тухайн үед ******* өмгөөлөгч би барахгүй, дахиад өмгөөлөгч нэмж ав гээгүй бол дахиж өмгөөлөгч авахгүй байсан гэж бодож байгаа. Гэхдээ ямар ч байсан боломжоороо 2,500,000 төгрөг өгсөн гэжээ.

3. Анхан шатны шүүхийн  шийдвэрийн агуулга:

Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч *******ийн хариуцагч *******д холбогдуулан өмгөөллийн хөлс 2,500,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д тус тус зааснаар нэхэмжлэгч *******ээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 54,950 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

4. Нэхэмжлэгч ******* давж заалдах гомдолдоо:

            Иргэний хэргийн анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага бодгон Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1-д заасныг баримтлан нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй болжээ. Давж заалдаж байгаа хууль зүйн үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна.

            4.1. Шүүх Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1-д зааснаар: “ Хөлсөөр ажиллах гэрээгээр ажиллагч нь тохиролцсон ажил, үйлчилгээг гүйцэтгэх, ажиллуулагч нь хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ” гэж хуулийг зөв хэрэглэсэн хэр нь энэ хуулийн заалтыг баримтлан хэргийг хэрэгсэхгүй болгосон нь хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн байна гэж үзэж байна.

            ...Харин гэрээний 4.3-т "..зүйлчлэл өөрчлөгдөж , хөнгөрүүлж шийдвэрлүүлбэл 5 000 000 төгрөг өгнө гэж нэмж оруулав.” гэж гараар нэмж бичсэнийг шүүх үнэлэх боломжгүй, мөн шүүх хуралдаанд Улсын дээд шүүхэд хуралд орохдоо нэмж хөлс авахаар тохиролцсон гэж байгаа боловч энэ талаар гэрээ байхгүй, нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа нотолж чадаагүй...гэж дүгнэсэн нь үнэлсэнгүй.

            Шүүх дараах хуулиудын заалтыг хэрэглэх ёстой байсан. Иргэний хуулийн 366 дугаар зүйлийн 366.1-д: “Гэрээний хугацаа дууссаныг ажиллагч тал нөгөө талдаа мэдэгдэн гэрээг үргэлжлүүлэхийг хүссэнийг ажиллуулагч эсэргүүцээгүй тохиолдолд гэрээг тодорхой бус хугацаагаар сунгагдсанд тооцно” гэж заасныг -хөлсөөр ажиллах гэрээг заавал бичгээр байгуулна гэж хуульд заагаагүй ба өөрөөр хэлбэл Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд 34 дүгээр зүйлийн 34.1 дэх хэсэгт: “ Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох өмгөөлөгчийн төлөөлөх эрх нь эрхзүйн туслалцаа авч байгаа талын хүсэлтээр тодорхойлогдоно. - Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.1 дүгээр зүйлийн 4-д: “ Өмгөөлөгч тухайн хүн,хуулийн этгээдийн өмгөөлөгчөөр оролцох болсон тухай шүүх, прокурор, мөрдөгчид бичгээр мэдэгдэнэ” гэж заасан байх тул заавал бичгээр эрхзүйн туслалцаа байгуулж оролцоно гэж заагаагүй байна. Мөн Иргэний хуульд хөлсөөр ажиллах гэрээг заавал бичгээр байгуулж хөлсөө авна гэж заагаагүй байгааг шүүх анхаараагүй...

            4.2. Анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.9-д заасныг ноцтойгоор зөрчсөн гэж нэхэмжлэгчийн хувьд үзэж байгаа. Учир нь:            Энэ     хуульд ...хэрэгт хамааралгүй, нотолгооны ач холбогдолгүй... нотлох баримтаас хасах буюу ...эрхийг шүүх эдлэх бөгөөд эдгээр тохиолдолд...шүүгч захирамж гаргана гэж заасан байхад миний нотлох баримтаар өгсөн FB чатын хуулгыг та өөрөө ч зохиогоод бичсэн юм билүү гэснээ нотлох баримтаас хасаж байна гээд шинжлэн судлаагүй байж шүүгчийн захирамж гаргаагүй байна. Уг нь энэ баримтаар ******* нь надад хөлс төлөхөө илэрхийлсэн, хөлсөө мөнгөөр өгөх боломжгүй байгаа талаараа, тамхиар өгөх талаар бичиж байсан юм. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт нэмэлт өөрчлөлт оруулж нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

            6. Хариуцагч талаас давж заалдах гомдолд гаргасан хариу тайлбар ирүүлээгүй байна.

ХЯНАВАЛ:

1. Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх *******ийн нэхэмжлэлтэй *******д холбогдох өмгөөллийн хөлс 2,500,000 гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгч *******ийн давж заалдсан гомдлоор хүлээн авч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-т зааснаар зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянав.

2. Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, хэргийн оролцогчдын хуулиар олгогдсон эрхийг эдлүүлж, хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтууд болон хэргийн үйл баримтыг хуульд зааснаар үнэлж, хуулийг зөв тайлбарлан хэрэглэж, шийдвэрлэсэн байх тул нэхэмжлэгчийн давж заалдсан гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.

3. Нэхэмжлэгч *******: 2019 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр хариуцагч *******гийн хүү *******д “Эрх зүйн туслалцаа үзүүлэх” гэрээ байгуулан 2020 оны 03 дугаар сарын 09-ний өдрийг хүртэл өмгөөлөгчөөр нь ажилласан. Өмгөөллийн хөлс 5,000,000 төгрөгөөр тохиролцсон. Мөрдөн шалгах ажиллагаанаас эхлээд гурван шатны шүүх хуралдаан дуустал ажилласан. Анхан шатны шүүх 4 жилийн хорих ял оногдуулсан, давж заалдах гомдол гаргаснаар давж заалдах шатны шүүх оногдуулсан ялыг хөнгөрүүлсэн. Эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээний 4.3-т зүйлчлэл өөрчлөгдөж, хөнгөрүүлж шийдвэрлэвэл 5,000,000 төгрөг өгнө гэж нэмж оруулсан бөгөөд өмгөөллийн хөлсний үлдэгдэл 2,500,000 төгрөг гаргуулан өгнө үү гэж нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тодорхойлжээ.

4. Хариуцагч *******: Нэмэлт гэрээ байгуулаагүй, дахин хөлсний тухай ярилцаагүй, 2019 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн гэрээн дээр урамшууллын талаар дурдаагүй, өөрт байгаа гэрээ дээрээ нэмэлтээр урамшууллын талаар гараар нэмж бичиж оруулсан байна, энэ бичвэрийг хэзээ нэмж бичсэнийг би мэдэхгүй гэж татгалзлаа тайлбарлажээ.

5. Хэрэгт авагдсан баримтаас үзвэл талуудын хооронд 2019 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр Эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээ байгуулагдсан, ажил үйлчилгээ үзүүлсний төлбөрт 5,000,000 төгрөг өгч авалцахаар харилцан тохиролцсон байх бөгөөд талууд энэ талаар маргаагүй байна.

Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1-д “Хөлсөөр ажиллах гэрээгээр ажиллагч нь тохиролцсон ажил үйлчилгээг үзүүлэх ажиллуулагч нь хөлс төлөх үүргийг хүлээнэ”, 359.2-т “Энэ гэрээний зүйл нь бүх төрлийн ажил үйлчилгээ байж болно” гэж тус тус зааснаар талуудын хооронд хөлсөөр ажиллах гэрээний харилцаа үүссэн байх бөгөөд анхан шатны шүүх эрх зүйн харилцааг зөв тодорхойлжээ.

6. Маргаж буй гол үндэслэл нь гэрээний 4.3-т гар бичвэрээр оруулсан 5,000,000 төгрөгийн нэмэлт урамшуулал бөгөөд нэхэмжлэгч нь тэрхүү нэмэлт урамшууллаас 1,800,000 төгрөгийн хивс, 700,000 төгрөг авч, үлдэгдэл 2,500,000 төгрөгийг аваагүй гэж, хариуцагч нь гэрээнд гараар бичсэн нэмэлт урамшууллыг мэдэхгүй, тэгж тохиролцоогүй гэж маргажээ.

Хэргийн 6 дугаар талд авагдсан баримтыг нэхэмжлэгчээс гаргаж өгсөн бөгөөд хариуцагч тэрхүү баримтыг бүхэлд нь үгүйсгээгүй бөгөөд гэрээний 4.3-т гараар нэмж бичсэнийг үгүйсгэж байгаа болно.

Хариуцагч ******* шүүх хуралдааны хэлэлцүүлэгт анхны хөлс 5,000,000 төгрөг өгсөн, дараа нь урамшуулал гэж 1,822,000 төгрөг, 700,000 төгрөг өгсөн гэж тайлбарласныг нэхэмжлэгч тал үгүйсгээгүй байна.

7. Нэхэмжлэгч ******* хариуцагч *******гийн нэмэлт урамшууллын 2,500,000 төгрөг өгөхөө илэрхийлж байсныг нотлохоор хариуцагчаас ирүүлж байсан цахим бичвэрүүдийг хэрэгт нотлох баримтаар өгсөн бөгөөд эдгээр баримтыг хэрхэн үнэлсэн нь тодорхойгүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.9-д заасныг ноцтой зөрчсөн гэж шүүхийг буруутгажээ.

Хэргийн 52-62 дугаар талд авагдсан бичгийн баримтуудыг судлан үзвэл эрх зүйн туслалцаа үзүүлсний үлдэгдэл төлбөрийн талаар зохигчдын хоорондоо харилцсан цахим бичвэрүүд байх бөгөөд эдгээр бичвэрүүдэд үзлэг хийлгүүлэх тухай хүсэлтийг талуудын хэн аль нь гаргаагүй байна.

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.3-т “Шүүх зохигч аль нэг талын хүсэлтээр эсрэг талаас нотлох баримтыг албадан гаргуулж болно”, 38.6-д “ ...түүнчлэн туршилт, үзлэг, ...авах тохиолдолд нотлох баримтыг хэргийн оролцогчийн хүсэлтээр шүүх бүрдүүлнэ” гэж тус тус зааснаар талуудын хүсэлтээр шүүх дээрх ажиллагааг хийхээр хуульчилжээ.

Нэгэнт хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг нотлох баримтын шаардлага хангуулахаар үзлэг хийлгэх хүсэлт гаргаж үзлэг хийлгүүлээгүй, талуудын хэн аль нь энэ талаар шүүхэд хүсэлт гаргасан баримт хэрэгт авагдаагүй байх тул эрх зүйн туслалцаа үзүүлсний үлдэгдэл төлбөрийн талаар зохигчдын хоорондоо харилцсан цахим бичвэрийг нотлох баримтын хэмжээнд үнэлэх боломжгүй байна.

8. Анхан шатны шүүх талуудын хооронд үүссэн эрх зүйн харилцааг зөв тодорхойлж, хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтад Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т зааснаар тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үндэслэл бүхий дүгнэлт хийж, хэргийг зөв шийдвэрлэсэн байна.

Иймд нэхэмжлэгчийн хууль буруу тайлбарлан хэрэглэсэн, нотлох баримтыг хуульд зааснаар үнэлээгүй, болсон үйл баримтыг дутуу үнэлж хэргийг шийдвэрлэсэн тул шийдвэрт өөрчлөлт оруулах гэсэн агуулга бүхий давж заалдсан гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1 дэх хэсгийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ  нь:

1. Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны  10 дугаар сарын 20-ны өдрийн 135/ШШ2023/01340 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч *******ийн давж заалдсан гомдлыг хангахгүй орхисугай.

            2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар нэхэмжлэгчээс давж заалдсан гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 54,950 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

   3.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалын агуулгыг танилцуулан сонсгож 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүрэгтэй, энэ үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

   4. Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1-т зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч  магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын Дээд Шүүхийн тогтоол тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл  хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.     

 

 

                         ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                       Г.МЯГМАРСҮРЭН                                                      

                                            ШҮҮГЧИД                                    Я.ТУУЛ

     

                                                                                                      Л.АМАРСАНАА