Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | О.Зандраа |
Хэргийн индекс | 128/2015/0294/з |
Дугаар | 001/ХТ2016/0017 |
Огноо | 2016-01-12 |
Маргааны төрөл | Төрийн хяналт шалгалт, |
Улсын дээд шүүхийн Тогтоол
2016 оны 01 сарын 12 өдөр
Дугаар 001/ХТ2016/0017
“Э и” ХХК-ийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааныг шүүгч Х.Батсүрэн даргалж, шүүгч О.Зандраа, Д.Мөнхтуяа, Ц.Сумъяа, Ч.Тунгалаг нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Т.Өлзийтүвшин, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Д, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Ц нарыг оролцуулан хийж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн 563 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 510 дугаар магадлалыг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлоор “Э и” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын Санхүүгийн хяналт шалгалтын улсын ахлах байцаагчид холбогдох захиргааны хэргийг шүүгч О.Зандраагийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Нэхэмжлэгч “Э и” ХХК-ийн захирал Я.Э шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Э и ХХК нь Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт нийслэлийн Засаг даргын 2003 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн 395 дугаар шийдвэрийн дагуу олгогдсон 8030/0051 нэгж талбарын дугаар бүхий 193488 м.кв газарт өнөөг хүртэл тогтмол үйл ажиллагаа явуулж байна.
2005 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр Монгол Улсын Засгийн газар “Э и” ХХК-ийн Япон талын хөрөнгө оруулагч Дайнем инвестментийн хооронд хөрөнгө оруулагчийн үйл ажиллагаа явуулах татварын орчныг тодорхой хугацаанд тогтвортой байлгах баталгааг Монгол Улсын Засгийн газар олгохоор Тогтвортой байдлын гэрээ байгуулсан.
Монгол Улсын эдийн засгийн хөгжлийг бодит бүтээн байгуулалт болгохоор Улсын Их Хурлаас 2010 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн 36 тогтоолоор Шинэ бүтээн байгуулалт дунд хугацааны зорилтот хөтөлбөрийг баталсан. Уг хөтөлбөрийг хэрэгжүүлэх үүднээс Засгийн газрын 2010 оны 198 дугаар тогтоол, Засгийн газрын 2011 оны 391 дүгээр тоггоол, Барилга, хот байгуулалтын сайд, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчтай хамтран ажиллах санамж бичгүүдэд Эрин хороолол нэр заагдсан төдийгүй нийслэлийн Засаг даргын 2009 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн Эзэмшил газрын зориулалтыг өөрчилж барилга барих зөвшөөрөл олгох тухай 255 дугаар захирамжаар Эрин хорооллын барилга барих эрхийг “Э и” ХХК-д олгосон юм.
Тогтвортой байдлын гэрээнд тодорхойлсон татварын орчин, татварын тогтвортой нөхцөлөөр хангах асуудлын хүрээ хязгаар нь Татварын ерөнхий хуулийн 5.1-д “Монгол Улсын татвар нь албан татвар, хураамж, төлбөр ...-өөс бүрдэнэ” гэж заасны дагуу Монгол Улсын Засгийн газар нь албан татвар, хураамж, төлбөр гэсэн татварын цогц бүрдэлд тогтвортой байлгахаар үүрэг хүлээж, энэ хүрээний бүхий л асуудалд хүчин зүтгэл үзүүлж байсныг онцлох нь зүйтэй юм. Энэ ч үүднээс засаг төрийн бодлого, Тогтвортой байдлын гэрээний дагуу Улаанбаатар хотын үе үеийн удирдлага, албан тушаалтнууд манай компанитай хамтран ажиллаж, Эрин хорооллын ерөнхий төлөвлөгөө, барилгын ажил эхлэх тусгай зөвшөөрөл, хорооллын цахилгаан, дулаан, цэвэр бохир усны шугам, холбооны шугам барих зэрэг олон төрлийн зөвшөөрөл, барилгын улсын бүртгэлийн дугаар олгох зөвшөөрөл зэргийг Тогтвортой байдлын гэрээ болон нийслэлийн Засаг даргын 2009 оны 255 дугаар захирамжийн дагуу ямар нэг чирэгдэл сааталгүй авч 2000 гаруй айлын сууц бүхий Эрин хорооллын барилгын ажлыг эхлүүлэн өнөөдрийн байдлаар эхний ээлж нь ашиглалтад орж байна.
Гэтэл дээрх барилгын ажлыг хууль бус хэмээн үзэж Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын Санхүүгийн хяналт шалгалтын улсын ахлах байцаагч Д.Н, Санхүүгийн хяналт шалгалтын байцаагч Ч.Г, Б.Б нар “Э и” ХХК-д 102,261,362 төгрөгийн албан шаардлага тавьсныг “Э и” ХХК-ийн зүгээс дараах үндэслэлээр эс зөвшөөрч, хууль бус гэж үзэж байна.
1. Тухайн нөхцөл байдалд холбогдох буюу эрх олгосон хэм хэмжээг анхаараагүй талаар:
Дээрх хяналт шалгалтыг хийхдээ “Э и” ХХК-ийн нөхцөл байдлыг харгалзан үзэж бодит байдлыг зөв тогтоосонгүй. Тодруулбал, Улсын Их Хурлын 2010 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн 36 дугаар тогтоол, “Э и” ХХК болон Засгийн газар хоорондын Тогтвортой байдлын гэрээ, нийслэлийн Засаг даргын 2009 оны Эзэмшил газрын зориулалтыг өөрчилж барилга барих зөвшөөрөл олгох тухай захирамж болон газрын төлбөр төлсөн баримт зэрэг тухайн нөхцөл байдлыг зөв тогтооход хамаарах баримт бичгүүдийг нягтлан үзээгүй хирнээ шууд газрын зориулалтын /газрын зориулалтыг дур мэдэн өөрчилсөн/ төлбөрийн зөрчил байна гэж дүгнэсэн нь зүйд нийцэхгүй бөгөөд эрх зүйт төрийн үнэт зарчмуудыг зөрчиж, хууль дээдлэх зарчмыг алдагдуулан аж ахуй нэгжийг хохироосон шийдвэр гаргасан нь бодит байдалд нийцэхгүй бөгөөд хууль зүйн үндэслэлгүй юм.
2. Тогтвортой байдлын гэрээг дур мэдэн тайлбарлаж шийдвэр гаргасан талаар:
Нийслэлийн мэргэжлийн хяналтын газарт дээрх асуудлаар хандахад та нарын хооронд байгуулсан Тогтвортой байдлын гэрээ бол зөвхөн албан татварын хувьд үйлчлэх ёстой зэргээр дур мэдэн гэрээнд тайлбар хийж өөрсдийн гаргасан захиргааны актаа хамгаалж байгаа нь Засгийн газар болон “Э и” ХХК-ийн хооронд байгуулсан Тогтвортой байдлын гэрээний заалтыг явцууруулж, хуулийн этгээдүүдэд хохиролтой байдлаар гэрээг тайлбарлаж уг гэрээний зорилго, мөн чанарыг алдагдуулж, талуудын хүсэл зоригийг хязгаарлан үл ойшоож буй хууль бус үйлдэл юм. Мөн чанар, хууль тогтоомжийн хувьд Тогтвортой байдлын гэрээг тайлбарлах эрх нь Нийслэлийн мэргэжлийн хяналтын улсын байцаагч нарт олгогдоогүй бөгөөд гэрээгээр тайлбарлах нөхцөл байдал бий болсон бол гэрээний талуудаас тайлбар, мэдүүлэг авч байж, гэрээнд тусгагдсан асуудлаар дүгнэлт гаргах нь зүйтэй юм.
Учир нь дээрх гэрээ нь дурын хоёр этгээдийн хоорондох ашиг сонирхлын гэрээ бус Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэгдэж, Засгийн газрын өмнөөс Сангийн сайд гарын үсэг зурж баталгаажуулдаг олон улсын шинж чанартай Хамтын ажиллагааны гэрээ юм. Ийнхүү гүйцэтгэх эрх мэдлийн дээд байгууллагатай байгуулсан Тогтвортой байдлын гэрээний ач холбогдлыг алдагдуулж байгаа нь гадаадын хөрөнгө оруулагчдад томоохон эрсдлийг үүсгэж, эх орны бүтээн байгуулалт болон эдийн засагт сөрөг нөлөөг үзүүлж байна.
3. Албан шаардлага бодит байдалд нийцэхгүй байгаа талаар:
Тогтвортой байдлын гэрээнд “... хөрөнгө оруулагчийн үйл ажиллагаа явуулах татварын орчинг тодорхой хугацаанд тогтвортой байлгах баталгаа болгож энэхүү гэрээг байгуулав”, мөн гэрээний 1.1-д “... газар эзэмших эрхийн 00001701 дүгээр гэрчилгээгээр олгогдсон 19.3 буюу 193488 кв.м бүхий газарт” гэж уг гэрээний хамрагдах газрын хэмжээ, байршил, гэрчилгээний дугаарыг тусгайлан заасан байна. Гэтэл Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагч нар уг гэрээний хүрээ хязгаарыг анхааран үзээгүй хирнээ шууд л зөрчил эрэлхийлж дүгнэсэн бөгөөд нийслэлийн Засаг даргын захирамжийг ч үзэлгүй өөрсдийн хүсэл зоригоор бодит байдалд нийцэхгүй шийдвэр гаргасан нь уг акт үндэслэлгүй байгааг илтгэж байна. Тодруулбал, “Э и” ХХК нь өөрийн эзэмшил газрын тодорхой хэсгийг төрийн эрх бүхий байгууллагын шийдвэрээр өөрчилж, Эрин хорооллын барилгын ажлыг эхлүүлсэн байхад бүхэлд нь зориулалтаа өөрчилсөн эсэхийг ч тодруулаагүй шийдвэрлэсэн эсэхэд шууд эргэлзээ үүсгэж байгааг анхааран үзэх нь зүйтэй юм.
4. Санхүүгийн хяналт шалгалтын улсын ахлах байцаагчийн акт нь Газрын зориулалтын зөрүүтэй байгууллагуудын төлбөрийг төлүүлэх тухай гэсэн толгойтой бөгөөд “Э и” ХХК-ийг 193488 м.кв газрын хэмжээнд зөрүү тооцсон 102,261,632 төгрөг нь уг акт бодит байдалд нийцэж үнэн зөв гараагүйг илэрхийлнэ. Учир нь манай компани Улсын Их Хурал болон Засгийн газар, нийслэлийн Засаг дарга болон зохих байгууллагын шийдвэрийн дагуу орон сууц барихаар төлөвлөн зохих байгууллагуудын зөвшөөрлийг авч Эрин хорооллын ажлыг эхлүүлсэн. Гэтэл уг албан шаардлагаас үзвэл “Э и” ХХК өөрийн эзэмшил газар буюу нийт 193488 м.кв газрын зориулалтыг бүхэлд нь өөрчилсөн мэтээр дүгнэж шийдвэр гаргасан нь Төрийн байгууллагууд хоорондоо уялдаа холбоогүй буюу эрх бүхий байгууллагын шийдвэр, захирамжийг харж үзэлгүй шийдсэн гэдэг нь үүнээс харагдаж байна. Учир нь манай компани нийслэлийн Засаг даргын 2009 оны 255 дугаар захирамжийн дагуу “Э и” ХХК-ийн эзэмшил газрыг барилга болон сургуулийн хэмжээгээр орон сууцны зориулалтай болгож өөрчилсөн байдаг.
... Иймд Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын Санхүүгийн хяналт шалгалтын улсын ахлах байцаагч Д.Н, санхүүгийн хяналт шалгалтын байцаагч Ч.Г, Б.Б нарын 2014 оны 9 дүгээр сарын 03-ны өдрийн 22-08-46/609 дугаар албан шаардлагын “Э и” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Х шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “... Монгол Улсын Сангийн сайд, “Э и” ХХК-ийн Япон талын хөрөнгө оруулагч “Д и” ХХК-тай гаалийн тусгай бүс байгуулан үйл ажиллагаа явуулах зорилгоор тогтвортой байдлын гэрээг 2005 оны 01 дүгээр сарын 17-ны өдрөөс 2015 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийг хүртэл 10 жилийн хугацаатай байгуулсан байна.
Дээрх гэрээний 2.2-т “Хөрөнгө оруулагчийн төлбөл зохих аж ахуйн нэгжийн орлогын албан татвар 0-100.000.000 төгрөгийн албан татвар ногдуулах жилийн орлогод 15.000.000 төгрөг дээр 100.000.000 төгрөгөөс дээш орлогын дүнгийн 30 хувиар, импортын барааны гаалийн албан татвар 5 хувь, нэмэгдсэн өртөгийн албан татвар 15 хувь буюу энэхүү гэрээ аж ахуйн нэгжийн орлогын албан татвар, гаалийн албан татвар, нэмэгдсэн өртгийн албан татвар 15 хувь буюу энэхүү гэрээ хүчин төгөлдөр болох үед үйлчилж байгаа хууль тогтоомжид заасан хувь хэмжээнд байна” гэж заасан байна. Өөрөөр хэлбэл талууд аж ахуйн нэгжийн орлогын албан татвар, гаалийн албан татвар, нэмэгдсэн өртгийн албан татварыг тодорхой хугацаанд тогтвортой байлгах талаар харилцан тохиролцсон байна.
Иймд Санхүүгийн хяналт шалгалтын улсын ахлах байцаагч Д.Н-ийн 2014 оны 9 дүгээр сарын 03-ны өдрийн 22-08-46/609 дугаар албан шаардлагын “Э и” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгох хууль, эрх зүйн үндэслэл байхгүй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн 563 дугаар шийдвэрээр Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.9.1, Газрын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д заасныг баримтлан “Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын Санхүүгийн хяналт шалгалтын улсын ахлах байцаагчийн 2014 оны 9 дүгээр сарын 03-ны өдрийн 22-08-46/609 дүгээр албан шаардлагын Э и ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэгч “Э и” ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон байна.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын дагуу Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх хэргийг хянан хэлэлцээд 2015 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 510 дугаар магадлалаар Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн 563 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхижээ.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Ц хяналтын журмаар гаргасан гомдолдоо: “Нэхэмжлэгч “Э и” ХХК-ийн зүгээс Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 510 дугаар магадлалыг эс зөвшөөрч дараах үндэслэлүүдээр хяналтын журмаар гомдол гаргаж байна.
Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас Нийслэлийн өмчийн харилцааны газрын 2012, 2013 оны газрын үнэлгээ, төлбөрийн орлогын төвлөрүүлэлт, санхүү, үйл ажиллагаанд хяналт шалгалт хийж нэхэмжлэгч “Э и” ХХК-д газрын зориулалтын зөрүү төлбөрт 102,261,632 төгрөгийг төлүүлэх тухай 2014 оны 9 дүгээр сарын 03-ны өдрийн 22-08-46/609 тоот албан шаардлага тавьсныг хуулийн үндэслэлгүй гэж үзэж захиргааны хэргийн анхан болон давж заалдах шатны шүүхэд нэхэмжлэл, гомдол гаргасан боловч шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хуулийг буруу хэрэглэлээ.
Давж заалдах шатны шүүхийн магадлалын Хянах хэсэгт: Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын Санхүү, хяналт шалгалтын улсын ахлах байцаагч нар ... акт үйлдэж, ... газрын үнэлгээний зөрүү төлбөр болох 102,261,632 төгрөгийг “Э и” ХХК-д ногдуулсан нь үндэслэлтэй байна гэж дүгнэсэн боловч Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар нь татвар буюу газрын төлбөрийн орлогын төвлөрүүлэлтийн асуудлаар хяналт шалгалт хийх газрын төлбөр ногдуулах эрх, чиг үүрэгтэй эсэхэд дүгнэлт хийлгүй маргалдаж буй талуудын хоорондын харилцааг буруу тодорхойлж хуулийг буруу тайлбарлаж хэрэглэлээ.
Төрийн захиргааны хяналтыг Мэргэжлийн хяналтын газрын Санхүүгийн хянан шалгах хэлтэс, Татварын алба, Нийгмийн даатгалын алба, Гаалийн байгууллага болон Монгол банк зэрэг байгууллагуудаас хийдэг ба тэдгээрийн хяналт шалгалт давхардахгүй байх, хуулиар тусгайлан харъяалуулсан эрх, чиг үүргийн хүрээнд тус тусын хяналт шалгалтыг хэрэгжүүлэх үүрэгтэй.
Гэтэл Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар нь газрын төлбөрийн асуудлаар хяналт шалгалт явуулах эрх хэмжээгүй буюу хуульд заасан чиг үүрэг, бүрэн эрхэд хамааралгүй асуудлаар хяналт шалгалт хийн “Э и” ХХК-д газрын төлбөрийн асуудлаар албан шаардлага гаргажээ.
Татварын ерөнхий хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д “Монгол Улсын татвар нь албан татвар, хураамж, төлбөрөөс бүрдэнэ”, 7 дугаар зүйлийн 7.4-т “... орон нутгийн татварт 7.4.11-т заасан “газрын төлбөр” хамаарна” гэж заасны дагуу газрын төлбөр нь албан татвар юм. Мөн хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д “Татвар төлөгч Монгол улсын хууль тогтоомжид зааснаар төлбөл зохих татварын ногдлоо бүрэн гүйцэд тодорхойлж, хугацаанд нь төлсөн эсэхийг татварын алба, татварын улсын байцаагч хянан шалгана”, 47.2-т “Татварын хяналт шалгалтыг Үндэсний татварын алба хийж гүйцэтгэнэ”, Газрын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.3.8-д “Аймаг, нийслэлийн газрын алба газрын төлбөрийг зохих хууль тогтоомжийн дагуу ногдуулж, хураах эрх хэмжээтэй”, Газрын төлбөрийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.3-т “Газрын төлбөрийн асуудал эрхэлсэн байгууллага (Нийслэлийн Өмчийн харилцааны газар) иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад газар эзэмшүүлэх, ашиглуулах гэрээ болон газрын төлбөрийн тухайн шатны тайлангийн нэг хувийг татварын албанд тушаана”, 10.4-т “Татварын алба Татвар ногдуулалт, төлөлтөд хяналт тавих, татвар хураах тухай хууль (2008.05.20-ны өдрөөс Татварын Ерөнхий хуулиар зохицуулагдах болсон)-ийн дагуу газрын төлбөрийн ногдуулалт, төлөлтөд хяналт тавина” гэж тус тус заасны дагуу газрын төлбөрийг Газрын асуудал эрхэлсэн байгууллага болох аймаг, нийслэлийн газрын алба ногдуулж, хураах, түүнд тавигдах хяналт шалгалт хийх эрхийг Татварын албанд хуулиар олгож, тусгайлан харъяалуулсан байхад Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар газрын төлбөрийн төлөлтөд хяналт тавьж, төлбөр ногдуулсан нь Терийн хяналт шалгалтын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.6-д “хяналт шалгалтыг ... гагцхүү хуулиар эрх олгосон хяналт шалгалтын байгууллага албан тушаалтан хэрэгжүүлэх”, мөн хуулийн 4.1.7-д “хяналт шалгалтыг давхардуулахгүй байх...” гэж заасныг зөрчсөн байна.
Мөн магадлалын хянах хэсэгт: “Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын даргын ... удирдамжийн дагуу Нийслэлийн өмчийн харилцааны газрын ... газрын үнэлгээ, төлбөрийн орлогын төвлөрүүлэлтэд ... шалгалт явуулж... газрын төлбөрөө зохих ёсоор төлөөгүй аж ахуйн нэгж, байгууллагаар зохих газрын төлбөрийг нь төлүүлж Нийслэлийн төсөвт төвлөрүүлэхээр шийдвэрлэсэн нь Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.9.8-д заасныг зөрчөөгүй” гэжээ.
Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.3 болон 31.1.1-д Мэргэжлийн хяналтын байгууллагын хяналт шалгалт хийх хүрээ, хязгаарыг тодорхой зааж өгсөн бөгөөд мэргэжлийн хяналтын байцаагч “албан шаардлага”-ыг мөн хуулийн 10 дугаар зүйлийн 10.9.8-д зааснаар хяналт шалгалтын явцад илэрсэн зөрчил дутагдлыг таслан зогсоох, түүний шалтгаан нөхцлийг арилгах талаар холбогдох байгууллага, аж ахуйн нэгж, иргэн, албан тушаалтанд шаардлага тавьж, хугацаатай үүрэг даалгавар өгч биелэлтийг хангуулахад үйлдэх баримт бичиг болохоос “албан шаардлага”-аар татвар, төлбөр ногдуулах эрхгүй байна.
Төсвийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1, 23.2-т заасны дагуу төсвийн орлого нь татварын болон татварын бус орлогоос бүрдэх бөгөөд татварын орлого нь Татварын ерөнхий хуулиар тогтоосон албан татвар, төлбөр, хураамжаас
бүрдэнэ, Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4-т
“Мэргэжлийн хяналтын байгууллага улсын төсөвт орлого оруулах
чиг үүргийг хүлээхгүй” гэж зааснаас үзэхэд мэргэжлийн хяналтын газар нь аливаа татварын орлогыг ногдуулах замаар төсөвт орлого оруулах чиг үүрэггүй болохыг
тодорхой зааж өгсөн байна.
Гэтэл Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар нь Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.2-т “хяналт шалгалтыг хуульд заасан үндэслэлийн дагуу явуулах” гэж заасныг зөрчиж Нийслэлийн өмчийн харилцааны газрын 2012, 2013 оны газрын үнэлгээ, төлбөрийн төлөлт, орлогын төвлөрүүлэлтэд хяналт шалгалт хийж 7 аж ахуйн нэгж, байгууллагад нийт 191,941 төгрөгийн газрын зөрүү төлбөр ногдуулж, төсөвт оруулахыг шаардаж “Албан шаардлага” гаргажээ.
Нөгөө талаар, Газрын төлбөрийн тухай хуулийн 11 дүгээр зүйлд газрын
төлбөрийн асуудлаар ямар субъектуудын хооронд маргаан үүсч болохыг
тодорхойлж өгсөн байх бөгөөд төлбөр төлөгч нь газрын асуудал эрхэлсэн
байгууллага, эсвэл тухайн шатны Засаг дарга, эсвэл татварын албатай
газрын төлбөрийн асуудлаар маргах, эдгээр байгууллага, албан тушаалтны
шийдвэрийг эс зөвшөөрвөл шүүхээр шийдвэрлүүлэхээр зааснаас үзэхэд
мөн мэргэжлийн хяналтын газар газрын төлберийн асуудлаар аливаа шийдвэр гаргах эрх хэмжээгүй буюу Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.3-т заасныг зөрчиж илт хууль бус захиргааны акт гаргасан байна.
Магадлалын Хянах хэсэгт: “Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1-д “Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь хуульд заасан хязгаар, шаардлагад нийцүүлэн орон нутгийн зарим татвар, төлбөр, хураамжийн хувь хэмжээг тогтоох эрхтэй” гэж заасан. Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2010 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн “Газрын үнэлгээний бүсчлэл, газрын төлбөр ногдуулах хэмжээг шинэчлэн түр тогтоох тухай” 5/39 дүгээр тогтоолыг шинэчлэн баталж мөрдсөн, ... уг тогтоолд зааснаар ... “Э и” ХХК-д газрын үнэлгээний зөрүү төлбөр ногдуулсан нь үндэслэлтэй байна” гэж дүгнэж, хуулийг буруу хэрэглэсэн байна.
Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагчийн албан шаардлага нь Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2010 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн 5/39 дүгээр тогтоолыг үндэслэж, газрын төлбөр ногдуулсан байх бөгөөд 5/39 тоот тогтоол нь илт хууль бус буюу Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.1.3-т заасан захиргааны акт гаргах эрх хэмжээгүй захиргааны байгууллага гаргасан байна.
Газрын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2-т “Газрын төлбөрийн хэмжээ, түүнийг хөнгөлөх, чөлөөлөх, зарцуулах журмыг хуулиар тогтооно”, Газрын төлбөрийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д “Газрын суурь үнэлгээг Засгийн газар тогтооно”, 5.3-т “... хот, тосгон, бусад суурины газрын үнэлгээний зэрэглэлийг Засгийн газар тогтооно”, 7 дугаар зүйлийн 7.2-т “Газрын төлбөрийн хэмжээг энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан хязгаарт багтаан газрын үнэлгээ, ашиглах зориулалтыг харгалзан хөдөө аж ахуйн газрын үнэлгээний тойрог, хот, тосгон, бусад суурины газрын үнэлгээний зэрэглэл тус бүрээр Засгийн газар тогтооно” гэж тус тус зааснаас үзэхэд Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь хуулиар өөрт олгогдоогүй газрын суурь үнэлгээ, төлбөрийн хэмжээг тогтоох эрх эдэлж дээрх хууль тогтоомжуудыг зөрчсөн байна.
Мөн Газрын төлбөрийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3-т “Эзэмшиж,
ашиглаж байгаа хот, тосгон, бусад суурины газрын суурь үнэлгээнд тогтоосон газрын төлбөрийг ...шаардлагыг харгалзан тооцсон итгэлцүүрээр энэ хуулийн 7.1.3-т заасан хязгаарт багтаан өсгөж бууруулж болно. Итгэлцүүрийг хэрэглэх газрын зааг, хязгаар, итгэлцүүрийн тоон утгыг сум, дуургийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал тогтооно” гэж заасан, мөн Газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1, 21 дүгээр зүйлийн 21.1-д заасан Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчийн Хурлын газрын харилцааны асуудлаар хэрэгжүүлэх бүрэн эрхийг хуульчилж өгснөөс үзэхэд аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд газрын төлбөрийн хувь хэмжээг тооцож ногдуулах эрх, үүрэг хуулиар олгогдоогүй байна.
Гэтэл давж заалдах шатны шүүх Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1-д зааснаар Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь мөн хуулийн 18.2-т заасан бүрэн эрхийг хэрэгжүүлэх эрхтэй гэж дүгнэсэн нь хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэж байна.
Тус хуулийн 18 дугаар зүйлийн 18.2 дахь заалт нь сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын бүрэн эрхэд хамаарах бөгөөд мөн хуулийн 19.2-т “Хууль тогтоомжид зөвхөн сум, дүүргийн Хуралд олгосон бүрэн эрхийг аймаг, нийслэлийн Хурал тэдгээрийн зөвшөөрөлгүйгээр хэлэлцэн шийдвэрлэхийг хориглоно” гэж заасан тул Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь өөртөө сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын бүрэн эрхийг дур мэдэн шилжүүлэн авч шийдвэрлэх эрхгүй байна.
Түүнчлэн Газрын төлбөрийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1, 5.3, 7 дугаар зүйлийн 7.2-т заасан эрхийн хүрээнд Засгийн газар 1997 оны 6 дугаар сарын 25-ны өдөр 152 тоот тогтоолоор ... “хот, тосгон, бусад суурины газрын зэрэглэл, тэдгээрийн нэг гектарын суурь үнэлгээ, жилийн төлбөрийн дээд, доод хязгаарыг” …2 дугаар хавсралтаар, уг тогтоолд Засгийн газрын 2015 оны 7 дугаар сарын 07-ны өдрийн 291 дүгээр тогтоолоор “Алтанбулаг, Замын-Үүд, Цагааннуурын чөлөөт бүсийн 1 га газрын суурь үнэлгээ”-г 4 дүгээр хавсралтаар нэмж баталсан нь өнөөдрийг хүртэл хүчин төгөлдөр мөрдөгдөж байна.
Дээрх хуулиуд болон Засгийн газрын 1997 оны 152 дугаар тогтоол өнөөдөр хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа, хуульд заасан газрын төлбөрийн хэмжээ өөрчлөгдөөгүй, Засгийн газраас тогтоосон газрын суурь үнэ өөрчлөгдөөгүй хэвээр байхад Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал хуулиар өөрт олгогдоогүй газрын үнэ, төлбөр тогтоох эрх эдэлж хууль зөрчсөөр байна.
Дээрх Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2010 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн “Газрын үнэлгээний бүсчлэл, газрын төлбөр ногдуулах хэмжээг шинэчлэн түр тогтоох тухай” 5/39 тоот тогтоолыг илт хүчин төгөлдөр бус болохыг хүлээн зөвшөөрч Нийслэлийн захиргааны хэргийн шүүхийн 2012 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 0272 тоот шийдвэр, тус 2010 оны 5/39 тоот тогтоолыг түдгэлзүүлж
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхээс 2012 оны 9 дүгээр сарын 12-
ны өдөр 269 тоот магадлал тус тус гарч шийдвэрлэсэн байна. Үүнээс
хойш дахин Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас тогтоол гараагүй байна.
Мөн анхан болон давж заалдах шатны шүүх нь: “Тогтвортой байдлын гэрээгээр зөвхөн гаалийн тусгай бүсийн үйл ажиллагаа явуулахад нь татварын тогтвортой нөхцлөөр хангах харилцааг зохицуулснаас биш нэхэмжлэгчийн эзэмшиж, ашиглаж байгаа 193,488 м.кв газрын төлбөрийн харилцааг зохицуулаагүй” гэжээ.
Нийслэлийн Засаг даргын 2003 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн 395 тоот захирамжаар “Э и” ХХК-д 19.3488 га буюу 193,488 м.кв газрыг агуулах, аж ахуйн зориулалтаар эзэмшүүлэхээр шийдвэрлэж, нийслэлийн Газрын алба “Иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ”-г “Э и” ХХК-тай 2004 оны 3 дугаар сарын 29-ний өдөр байгуулж, газрын нэгж үнийг 132,68 төгрөг, нийт 16,976,960 төгрөг байхаар тогтоож өгсөн. “Э и” ХХК нь газрын төлбөрийг дээрх гэрээнд заасан 16,976,960 төгрөгийн үнээр өнөөг хүртэл төлж ирсэн байна.
“Э и” ХХК-ийн Япон талын хөрөнгө оруулагч “Д и” болон Монгол Улсын Засгийн газрын хооронд Тогтвортой байдлын гэрээг 2005 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр 10 жилийн хугацаатай байгуулж, уг гэрээгээр хөрөнгө оруулагчийн үйл ажиллагаа явуулах татварын орчныг тодорхой хугацаанд тогтвортой байлгах баталгааг Монгол Улсын Засгийн газар олгосон билээ.
Тогтвортой байдлын гэрээний 2 дугаар зүйлийн 2.2-т хөрөнгө оруулагчийн төлбөл зохих татвар, түүний хувь хэмжээг зааснаас гадна ... энэхүү гэрээ хүчин төгөлдөр болох үед үйлчилж байгаа хууль тогтоомжид заасан хувь хэмжээнд байна гэж заажээ. Иймээс Тогтвортой байдлын гэрээнд тодорхойлсон татварын орчин, татварын тогтвортой нөхцлөөр хангах зохицуулалт нь Татварын ерөнхий хуулийн 5 дугаар зүйлийн 5.1, 7 дугаар зүйлийн 7.4, 7.4.11-т заасны дагуу газрын төлбөрийн албан татварт мөн хамаарах юм.
Түүнчлэн нийслэлийн Засаг даргын 2009 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн “Эзэмшил газрын зориулалтыг өөрчилж барилга барих зөвшөөрөл олгох тухай” 255 тоот захирамжаар “Э и” ХХК-д эзэмшүүлсэн дээрх газраас 1.1 га газрыг орон сууцны цогцолбор барилгын зориулалтаар эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн юм. “Э и” ХХК нь Тогтвортой байдлын гэрээг үндэслэн газрын төлбөрийг “Иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ”-нд заасан үнээр тогтвортой төлж ирсэн бөгөөд газрын асуудал хариуцсан байгууллага ч мөн гэрээний дагуу төлбөр ногдуулж ирсэн төдийгүй өмнө нь газрын зориулалт, төлбөрийн асуудлаар мэдэгдэл, шаардлага гаргаж байгаагүй болно.
Иймд давж заалдах шатны шүүхийн 2015 оны 510 дугаар магадлалыг хүчингүй болгож, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын улсын ахлах байцаагчийн 2014 оны 9 дүгээр сарын 03-ны өдрийн 22-08-46/609 тоот “Албан шаардлага”-ын “Э и” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлал Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.2.9-д “нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох”, 87 дугаар зүйлийн 87.1-д “Давж заалдах журмаар захиргааны хэрэг хянан хэлэлцсэн захиргааны хэргийн шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг хууль зүйн үндэслэлтэй гэж үзвэл уг шийдвэрийг хэвээр үлдээнэ” гэж заасантай нийцэхгүй байна.
Шүүхүүд хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т заасан журмын дагуу үнэлээгүй, захиргааны хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтуудыг цуглуулах үүргээ бүрэн гүйцэт хэрэгжүүлэлгүй хэргийг хянан шийдвэрлэжээ.
Тухайлбал, маргаан бүхий захиргааны акт болох мэргэжлийн хяналтын улсын ахлах байцаагчийн 2014 оны 9 дүгээр сарын 03-ны өдрийн 22-08-46/609 дүгээр албан шаардлага нь газрын зориулалтын зөрүүтэй холбогдон гарсан байхад шүүх газрын зориулалт өөрчлөгдсөн гэх нөхцөл байдлыг тодруулж үзлэг хийгээгүй, албан шаардлагын үндэслэл болсон Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2010 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн 5/39 дүгээр тогтоол хүчин төгөлдөр мөрдөгдөж байгааг шалгалгүй хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь буруу юм.
“Э и” ХХК 2015 оны 5 дугаар сарын 26-ны өдөр газар ашиглах эрхийн 000345635, 000345636 дугаар гэрчилгээ авч, барилгын талбайн дэвсгэр газрын төлөв, байдал чанарын улсын хянан баталгааны дүгнэлт гаргуулан, 2015 оны 5 дугаар сарын 26-ны өдөр 5 жилийн хугацаатай байгуулсан Гадаадын иргэн, гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж, байгууллагад газар ашиглуулах гэрээнд оролцогч талууд нэгж талбарын тодорхой хэсгийг ашиглах зориулалт, тухайн зориулалтаар ашиглах газрын хэмжээ, төлбөрийг харилцан тохирсноор нэхэмжлэгч “Э и” ХХК гэрээнд заасан газар ашиглагчийн үүргээ биелүүлж, газрын төлбөрийг жил бүр төлснөөс гадна гэрээний нэг тал болох төрийн захиргааны байгууллагын албан тушаалтан гэрээний ямар нэгэн заалт зөрчигдсөн гэж үзээгүй байна.
Гэтэл шүүхээс газар өмчлөгчийг төлөөлж “Э и” ХХК-тай газар ашиглуулах гэрээ байгуулсан Нийслэлийн өмчийн харилцааны газрын дарга, газар зохион байгуулагч нарыг гэрчээр асуугаагүй, 1 дүгээр хавтаст хэргийн 153 дугаар талд авагдсан баримтын бичвэр бүрэн уншигдахгүй байхад шүүх уг баримтыг нотлох баримтаар үнэлж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон, мөн хавтаст хэргийн 237-241 дүгээр талд байгаа тэмдэглэлээс үзэхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд мэтгэлцэх зарчмыг хэрэгжүүлэлгүй шүүх хуралдааныг явуулжээ.
Мөн мэргэжлийн хяналтын улсын ахлах байцаагч нь газрын зориулалтад хяналт тавих, газрын төлбөр ногдуулах, улсын төсөвт орлого төвлөрүүлэх албан тушаалтан мөн эсэх, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд газрын үнэлгээний бүсчлэл, газрын төлбөр ногдуулах хэмжээг тогтоох эрх хуулиар олгогдсон эсэхэд эрх зүйн талаас нь дүгнэлт өгөх шаардлагатай байна.
Шүүхүүд хэрэглэвэл зохих Газрын төлбөрийн тухай, Төрийн хяналт шалгалтын тухай, Газрын тухай хууль болон бусад хуулиудын хэрэглэвэл зохих заалтыг хэрэглээгүй, хэргийг хянан шийдвэрлэхдээ хэрэглэсэн Газрын тухай хуулийн заалт маргааны үйл баримтыг хянан шийдвэрлэхэд хэрэглэгдэхгүй, Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн холбогдох заалтыг дангаар нь хэрэглэх боломжгүй юм.
Иймээс нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлын зарим хэсгийг хангаж, шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгон, хэргийг дахин хянан хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид хяналтын шатны шүүх хуралдааны товыг урдчилан мэдэгдсэн боловч шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй учир Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 175 дугаар зүйлийн 175.2-т “Зохигч ... тэдгээрийн төлөөлөгч ... шүүх хуралдаанд ирээгүй явдал хэргийг хянан шийдвэрлэхэд саад болохгүй” гэсний дагуу хэргийг хянан хэлэлцсэн болно.
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 91 дүгээр зүйлийн 91.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.5-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн 563 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 510 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхэд буцаасугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар нэхэмжлэгчээс хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Х.БАТСҮРЭН
ШҮҮГЧ О.ЗАНДРАА