Дорноговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 04 сарын 10 өдөр

Дугаар 115/ШШ2017/0008

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС


             Дорноговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч  Б.Цэнд даргалж,  тус шүүхийн  хуралдааны танхимд нээлттэй хийж
                   Нэхэмжлэгч: Дорноговь аймгийн Д сумын А Намын нэхэмжлэлээр 
        Хариуцагч: Дорноговь аймгийн Д сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд холбогдуулан үүсгэсэн
              Тус Хурлын тэргүүлэгчдийн 2016 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 28 тоот тогтоол, иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын анхдугаар хуралдааны 2016 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 01, 02, 03, 04, 05 тоот  тогтоолуудыг тус тус хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хэлэлцэв.
             Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Д сумын А Нам, дарга Бхариуцагч Д сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, дарга Г.М, шүүх хуралдааны нарийн бичгийн  дарга  Я.Эрдэнэ-Уянга нар оролцов. 

                                                         ТОДОРХОЙЛОХ нь:

           Нэхэмжлэгчээс шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэлээ дэмжиж шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 
Монгол Улсын Засаг Захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.4 дэх заалтыг зөрчин анхдугаар хуралдааны товыг тогтоосон. Хуулийн дагуу ИТХ-ын тэргүүлэгчид төлөөлөгчдийн хуралдааны товыг 15-аас доошгүй хоногийн өмнө товлон хуралдуулах ёстой. ИТХ-ын дарга Г.М нь Монгол Улсын Засаг Захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.2, 22.1.3, 22.1.9 дах заалтуудын дагуу хууль тогтоомжийг хэрэгжүүлэх талаар шаардлага тавьж байх ёстой байтал өөрөө хууль зөрчиж тэргүүлэгчдийн хуралдааныг хуралдуулсан.
Иймд хууль зөрчиж гаргасан энэхүү тогтоолыг хүчингүй болгож, Монгол Улсын Засаг Захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.4 дэх заалтыг зөрчиж анхдугаар хуралдаан товлон зарлахдаа ажлын 1 хоног буюу хурал болохын урд өдөр буюу  11 дүгээр сарын 17-ны 16 цаг гэхэд 11 дүгээр сарын 15-ны өдрийн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн хурлын тогтоол гараагүй байсан нь 11 дүгээр сарын 18-нд хуралдах бүх гишүүдийн хурлын зарыг хожимдуулж тарааснаас болж тус хурлын А намын бүлэг урьдчилан хуралдаж хуралд оролцож, ИТХурлын дарга болон сумын Засаг даргад нэр дэвшүүлэх нөхцөл боломжийг олголгүйгээр хурал хийсэн тул энэхүү хуралдааныг хүчингүй болгож өгнө үү.
 Иймээс Д сумын ИТХ -ын тэргүүлэгчдийн 2016 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 28 тоот тогтоол, ИТХ-ын төлөөлөгчдийн 2016 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 01-05 тоот тогтоолыг хүчингүй болгож өгнө үү гэсэн нэхэмжлэлийг гаргасан ба уг нэхэмжлэлээ дэмжиж шүүх хуралдаанд тайлбарлахдаа:
2016 оны орон нутгийн сонгуульд 10 суудал А нам аваад анхны дарга сонгох хуралд А намаас сонгогдсон төлөөлөгч нар оролцоогүй. Учир нь анхдугаар хуралдааныг зарлахдаа хуулийн хугацаанд зарлаагүй гэдэг үндэслэлээр ороогүй. Яагаад гэвэл хугацааны хувьд ойрхон зарласан учраас манай намаас сонгогдсон төлөөлөгч нарын зарим нь мэдээгүй, зарим нь огт хурлын зарыг аваагүй байдаг юм. 
Энэ тухайг буюу иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь хуулийн хугацаанаас цөөхөн хоногийн өмнө болох гэж байна гэсэн сураг дуулаад ИТХ-ын дарга Мд энэ асуудлаа тавьсан. Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.4 дэх хэсэгт заасныг уншиж өгч 15-аас доошгүй хоногийн өмнө зарлах ёстой гэхэд, энэ бол тийм биш гэж хэлсэн ба яагаад вэ гэхэд энэ хуульд 20 хоногийн дотор гэж заасан, иймд 20 хоногтоо хуралдаж байвал хэдэн хоногт ч хуралдаж болно гэж хэлсэн. 
Нэгжийн хуулийн дээрх заалтыг харахад хууль зүйн үүднээс цаг хугацааны хувьд зэрэгцсэн нийлмэл өгүүлбэр байгаад байгаа, өөрөөр хэлбэл бүрэн эрхийн хугацаа нь дуусаж байгаа өмнөх Хурлын тэргүүлэгчид нь анхдугаар хуралдааныг зарлахдаа 15-аас доошгүй хоногийн өмнө, харин шинээр сонгогдсон Хурлын тэргүүлэгчид нь бусад хуралдаанаа зарлахдаа мөн 15-аас доошгүй хоногийн өмнө зарлан хуралдуулна гэж ойлгохоор байгаа юм.
Гэтэл Монгол ардын намаас нэр дэвшиж даргаар сонгогдож ирсэн даргын хувьд ерөнхий зүйлийг ойлгохгүй хууль зөрчсөнд харамсаж байдаг. Яагаад ингэж шийдэв гээд   Тэргүүлэгчдийн хурлаар анхдугаар хуралдааныг зарласан тогтоолыг үзье гэхэд уг тогтоол нь  гараагүй байсан. Анхдугаар хуралдааныг зарласан байгаагийн урд өдөр нь гэхэд тухайн хурлыг зарласан тогтоол нь гараагүй байсан гэсэн үг юм. Би Монгол ардын намын дарга У, Хурлын дарга М хоёрыг нэг дор байхад нь тогтоолыг үзье гэж хэлж орсон.Тэгэхэд  У нь хурал зарласан тогтоол одоо болтол гараагүй байгаа юм уу, яаралтай  гарга гэж М даргад хэлсэн. Ингээд уг тогтоолыг гаргах гэтэл хурлын нарийн бичгийн дарга нь аймаг руу томилолтоор явсан эзгүй байсан бөгөөд нарийн бичгийн дарга Сруу утсаар яриад гэрээс нь нөхрөөр нь түлхүүр авчруулж сейфийг нь онгойлгуулж тамга тэмдэгээ авч тогтоолыг гаргасан байдаг. Анхдугаар хуралдааныг зарласан Тэргүүлэгчдийн хурлын энэ тогтоол орой 16 цагийн үед дөнгөж цаасан дээр буусан. Цаасан дээр буухад нь хуулийн хэрэгжилтийг хангаж ажилла гэдэг зүйлийг намын даргын үүднээс албан тоотоор өгсөн. Энэ тоотыг хэлэлцэнэ гэсэн болохоос хариу өгөөгүй. 
Мөн бидний зүгээс сумын Засаг даргад бүрэн эрхийн хугацаа нь дуусаагүй байгааг хэлж  тэргүүлэгчдийн тогтоолд хориг тавих эрхтэй тул энэ эрхээ хэрэгжүүлж  хууль бус байдлыг таслан зогсоож албан ёсоор хандаж албан бичиг өгнө үү гэсэн хүсэлт тавьсан. Үүний дагуу сумын Засаг дарга мөн хуулиа зөрчиж байна гэж үзэж анхдугаар хуралдааныг товлон зарлаж явуулахад хуулийн хэрэгжилтийн шаардлагыг хангаж ажиллах ёстой, хууль зөрчсөн байна гэсэн албан тоот өгсөн. Тэгэхэд иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас тэр үед хуралдаанаа эхлэхийн үед бид хууль зөрчөөгүй, хоригийг хүлээн авах боломжгүй гэсэн бичгийг Засаг даргад ирүүлсэн байдаг. 

Анхны хуралдааны өглөө тус намын бүлгийн зарим гишүүд мэдээгүй, ирээгүй байснаар ирцээ бүрдүүлж амжаагүй байсан ба төлөөлөгч нар маань цувж ирсээр байгаад хоцорч ирц бүрдсэн. Нэгэнт хэлэлцэх асуудал дэг журамд 30 минут хоцорвол ирцээр авах боломжгүй байдаг тул бид анхны хуралдаанд оролцож чадаагүй. Ингээд энэ байдлыг бид ярилцаад намын даргаас чиглэл авсан, тэгэхэд хууль зөрчсөнөөс болоод ирц бүрдэж чадаагүй бол хуралд оролцох боломжгүй гэдгээ албан ёсоор хэл гэсэн. Бид нар бусад төлөөлөгч нарт зөвөөр ойлгуулах үүднээс Монгол ардын намын 11 төлөөлөгч нарт яагаад хуралд суугаагүй шалтгаанаа тайлбарлая гэж хүсэлт тавьсан. Тэгэхэд анхны хурлыг даргалагч П гэж төлөөлөгч одоо орж ирвэл хэрүүл, шуугиан болоод дэмий юм болно оруулахгүй гэж хэлсэн байдаг. Орж ирвэл бүгдээрээ орж ирээд суу, мэдэгдэл хийлгэх боломжгүй гэж төлөөлөгч хүний эрхэд халдсан бүдүүлэг байдал гаргасан. А нийгмийн зарчмаар төлөөлөгчөөр сонгогдсон хүний хувьд тухайн хуралд ороод мэдэгдэл хийгээд гарахад бүрэн боломжтой байсан гэж бодож байна. 
Д сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал ганц удаа хууль зөрчиж байгаа зүйл биш 2012-2016 оны  Хурлын үед ч удаа дараалан дарга нарын асуудлыг буруу сонгож хууль зөрчиж бүх шатны шүүхээр Монгол ардын намын буруутай нь тогтоогдож байсан. М дарга өөрөө гуравдагч этгээдээр ороод, намайг хариуцагчаар оруулаад  Уийн нэхэмжлэлтэй ороод би явж л байсан. Хууль хэний талд шийдвэр гаргадаг, ямархуу үйлдэл хийж болдоггүй вэ гэдгийг өөрөө маш сайн мэдэх ёстой. Сум орон нутгийнхаа хөгжлийн төлөө явахын оронд эрх мэдэл, албан тушаал, цалин авахын төлөө явж өөрсдийнхөө эрх ашигт нийцсэн шийдвэр гаргаж байгаа нь иргэнийхээ үүргийг үл ухамсарласан, хувиа бодсон асуудал болж байна. 
Энд А намын зүгээс ямар нэгэн даргын суудалд санаархаж улс төржүүлээд байгаа асуудал байхгүй, өмнө нь ч байгаагүй. Бид зөвхөн үнэн зөвөөр явах хамгийн гол нь хуулиа л биелүүлж, дагаж явья гэсэн шаардлагыг л тавьж байгаа юм. Уг нь хариуцагч талд эвлэрэх саналыг тавьлаа. Хүлээн авсангүй ээ. Хүлээн зөвшөөрсөн бол тогтоолыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг хангуулах гэж явах шаардлага байсангүй.  
Хугацааны хувьд хууль зөрчсөн гэж байгааг Хурлын тэргүүлэгчдийн тогтоол гарсан 2016 оны 11 дүгээр сарын 11-ээс хойш 15 хоногоос доошгүй хугацаанд зарлах ёстой гэж үзэж байгаа бөгөөд нэгжийн хуулийн 23.4 дүгээр зүйлд заасан байгаа 20 хоногийн дотор хуралдахаар заасан хугацаа болон хариуцагчийн хэлээд байгаа мөн хууль дахь 50 хоногийн дотор хуралдахаар заасан хугацаануудын хувьд манайх огт маргахгүй, энэ үндэслэлээр нэхэмжлэлээ гаргаагүй юм.
Иймд сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын анхдугаар хуралдааныг товлон зарлахдаа Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.4-д заасан 15-аас доошгүй хоногийн өмнө зарлан хуралдуулах тухай хуулийн заалтыг зөрчин 4 хоногийн дараа хуралдахаар тогтоосны хамт хурлын өмнөх өдөр гэхэд тов тогтоосон хурлын тогтоол нь гараагүй байсан, улмаар хурал болохоос 1 хоногийн өмнө хурлын зарыг хүргэхдээ тус намаас сонгогдсон төлөөлөгч нар болох Э, Ч нарт зарыг огт хүргээгүй зэрэг байдлаас манай намын төлөөлөгчдийн ирц бүрдэлгүй хуралдаа бүлгээрээ бүрэн орох боломжгүй болсноор хэдийгээр цөөнх ч гэсэн анхдугаар хуралдаанд оролцож сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга болон мөн сумын Засаг даргад нэр дэвшүүлэх хуулиар олгогдсон эрхээ хэрэгжүүлж чадаагүй зөрчигдсөн гэж үзэж байгаа тул Д сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2016 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 28 дугаар тогтоолыг болон мөн нэгэнт хуульд заасан хугацааг зөрчиж хуралдсанаас гадна манай намын бүлгийн төлөөлөгчдийн хуралд оролцож, нэр дэвшүүлэх эрхийг зөрчин хуралдаж гаргасан сумын иргэдийн Төлөөлөгчдийн анхдугаар Хурлын 2016 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 01, 02, 03, 04, 05 тоот тогтоолуудыг тус тус хүчингүй болгуулахаар нэхэмжилж буй нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна гэв.

Хариуцагчаас шүүхэд бичгээр гаргасан болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Д сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2016 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 28 тоот, төлөөлөгчдийн 11 дүгээр сарын 15-ны өдрийн 01/01-01/05 тоот тогтоолуудыг хүчингүй болгох үндэслэл байхгүй гэж үзэж байна.
Тогтоол хүчингүй болгох тухайд: Монгол Улсын Засаг Захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.4 дахь заалтыг үндэслэн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчдийн анхдугаар хуралдааны товыг тогтоох тухай асуудлыг хэлэлцүүлэхээр ИТХАА-наас 2016 оны 10 дугаар сарын 06-наас хойш 4 удаа тэргүүлэгчдийн хуралдааныг зарласан. Монгол Улсын Засаг Захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.4-д “Анхдугаар хуралдааныг ээлжит сонгуулийн санал хураалт явуулсан өдрөөс хойш 20 хоногийн дотор бүрэн эрхийн хүгацаа нь дуүсгавар болж буй хурлын Тэргүүлэгчид, бусад хуралдааныг тухайн Хурлын Тэргүүлэгчид хуралдаан эхлэхээс 15-аас доошгүй хоногийн өмнө зарлан хуралдуулна.” гэсэн байгаа. Хуулийн энэ заалтын дагуу 21 аймгийн 365 сумдын 90 гаран хувь нь анхдугаар хуралдаанаа 2016 оны 11 дүгээр сарын 08-ны дотор хийсэн. 
Манай сумын тэргүүлэгчид хуулийн ойлголтын зөрүүтэйн улмаас анхдугаар хуралдаанаа 11 дүгээр сарын 08-ны дотор хуралдуулж чадаагүй тул Монгол Улсын Засаг Захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.13-д “Ээлжит сонгуулийн санал хураалт явуулсан өдрөөс хойш 50 хоногийн дотор анхдугаар хуралдаан хуралдуулж Хурлын дарга сонгох, Засаг даргад нэр дэвшүүлэх асуудлыг шийдвэрлэж чадаагүй бол тухайн Хурлыг тарсанд тооцож дахин сонгууль явуулна.” гэсэн заалтыг барьж хуралдааныг яаралтай буюу 2016 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр хуралдуулсан. Анхдугаар хуралдааны товыг тогтоосон тэргүүлэгчдийн хуралдааныг зохион байгуулахдаа миний бие Монгол Улсын Засаг Захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 22 дугаар зүйлд заасан бүрэн эрхээ хэрэгжүүлж ажилласан. Монгол Улсын Засаг Захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.2,22.1.3, 22.1.9 дахь заалтуудыг зөрчин хууль тогтоомжийг хэрэгжүүлэх талаар шаардлага тавьж байх ёстой байтал өөрөө хууль зөрчсөн хэмээсэн нь үндэслэлгүй байна.
Хурлын зар хожимдуулж хүргэсэн тухайд: Тэргүүлэгчдийн хуралдааны тов тогтоосон тогтоол гараагүй байснаас хуралдааны зар хожимдож хүрсэн гэсэн гомдол нь үндэслэлгүй байна. Монгол Улсын Засаг Захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.3 –д болон сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2013 оны 7 дугаар сарын 22-ны өдөр “Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд асуудал оруулах, шийдвэрийн төсөл боловсруулах өргөн мэдүүлэх тухай” 07/04 тоот журмын 4.5-д “ИТХ -аар хэлэлцэх асуудлыг 1 хоногийн өмнө хурлын төлөөлөгчид тараах...” тухай заасан. Анхдугаар хуралдаанд хэлэлцэгдэх асуудлууд нь зохион байгуулалтын асуудлууд байдаг тул урьдчилан танилцуулагдах асуудал байхгүй. Хурлын тов, хуралдаанаар хэлэлцэгдэх.асуудлуудын жагсаалт бүхий урилгыг 2016 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр буюу төлөөлөгчдөд хуулийн хугацаанд хүргүүлсэн. Хуралдааны тов, хэлэлцэх асуудлын жагсаалтыг иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын албан тоотоор хүргүүлдэг. Ийнхүү зар хүргүүлэхдээ иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тэргүүлэгчдийн батлан гаргасан “Хуралдааны тов тогтоосон тухай” тогтоолыг төлөөлөгч нарт хүргүүлэх тухай хуулийн заалт, журмын зохицуулалт байхгүй. 2016 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн дарга Сайншанд хотруу томилолтоор явсан эзгүй үед сумын АН-ын дарга А.Б “Тов тогтоосон тухай“ тогтоолыг авья гэсэн аман хүсэлт гаргасны дагуу миний бие нэг хувийг өгсөн. Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2015 оны 1 дүгээр сарын 19-ний өдрийн 02 тоот тогтоолоор батлагдсан ”иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн ажиллах журам”-ын 9-д “Иргэдийн Төлөөлөгчдийн хурлаас гарсан шийдвэрийг ажлын 3 өдөрт багтаан албан болгоно” гэж заасан. Хуралдааны тов тогтоох тухай тогтоол бол төлөөлөгчдийн хуралдаанд нь л хамаатай. Намын хурал хуралдуулах тогтоол биш.Анхдугаар хуралдааны тов тогтоох тухай асуудал удаа дараа хөндөгдсөн. Анхдугаар хуралдаан дээр хэлэлцэгддэг асуудлуудыг бүгд мэддэг. Иймээс “Хуралдааны тов тогтоосон тогтоол гараагүй байсан нь А намын бүлэг урьдчилан хуралдаж хуралд оролцох, сумын Засаг даргад нэр дэвшүүлэх нөхцөл боломж олгоогүй...” гэсэн нь үндэслэлгүй байна. Анхдугаар хуралдааны өдөр төлөөлөгчийн хувьд, улс төрийн намын хувьд нь ч анхдугаар хуралдаандаа суухыг хүссэн. Тухайн өдөр МАН-ын нам дэгийн дагуу завсарлага авч 80 минут хурал завсарласан. Сумын АН-аас нэр дэвшиж сонгогдсон төлөөлөгчдийн хувьд хуралдаандаа суух боломж, цаг хугацаа, мэдээлэл хангалттай байсан. А намын нэхэмжлэл нь цаг хугацааны хувьд зөрүүтэй байна. 2016 оны 11 дүгээр сарын 17,18-ны өдрүүдэд суманд ИТХ-тай холбоотой ямар нэгэн үйл явдал болоогүй болно. Иймээс нэхэмжлэлийг бүхэлд нь эсэргүүцэж байна гэсэн тайлбарыг бичгээр гаргаж, шүүх хуралдаанд энэ талаар тайлбарлахдаа:
Нэхэмжлэлийн хувьд Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.4 дэх хэсгийг зөрчсөн гэдгээр нэхэмжлэл гаргасан байдаг. Энэ хуулинд анхдугаар хуралдааныг ээлжит сонгууль явуулснаас хойш 20 хоногийн дотор зарлан хуралдуулахаар заасан. Хуулийн уг заалтаас үзэхэд таслал тавиад анхдугаар хуралдаанаас бусад хуралдааныг 15-аас доошгүй хоногийн өмнө зарлана гэж харагдаж байгаа. Тэр заалтыг бид хоёрын хэн нь буруу ойлгоод байгааг мэдэхгүйгээс маргаад байгаа учраас шүүхийн танхимд ирээд байгаа байх. 
Хуулийн заалтаар бол хууль зөрчөөгүй гэж үзэж байна. Сумын Хуралд  А намаас өмнө нь сонгогдож байгаагүй 10 төлөөлөгч шинээр сонгогдсон. Тэр бүгдэд анхдугаар хуралдаан хуралдах хэл хүргэсэн. Шүүхээс Б төлөөлөгчийн хүсэлтээр 3 төлөөлөгчөөс лавлаж мэдүүлэг авсан байсан. Гэхдээ Хурал эхлэхийн өмнө ирээд, хуралдаа орох гээд гоё ганган хувцасаа өмсөөд хүрээд ирсэн чинь Тамгын газрын үүдэн дээрээс дагуулаад Засаг даргын өрөөнд оруулаад бид нарыг хуралд суулгаагүй гэж ярьж байсан талаараа энэ мэдүүлэгтээ тухайн төлөөлөгч нар хэлээгүй байна билээ.  Энэ нь нам, бүлгийн хувьд байх л ёстой зүйл байлгүй дээ. 
Гэхдээ А намын дарга Бийн хэлээд байгаагаар хүний эрхэд халдах, төлөөлөгчийн үг хэлэх эрхийг боогдуулсан зүй зохисгүй асуудал гаргасан зүйл байхгүй гэж бодож байна. Шинээр сонгогдсон төлөөлөгчид төлөөлөгчдийн 57 хувь нь байгаа бөгөөд тэр төлөөлөгч нар бүгдээрээ л хуралдаа ирж суухыг хүсэж байсан байх. 
Анхдугаар хуралдааныг хуулиар бол 20 хоногийн дотор хуралдуулна гэсэн байгаа боловч манай хувьд Хурлын тэргүүлэгчдийн ирц хүрэхгүй байсан байдлаас шалтгаалж хугацаа хойшилсоор байгаад хуульд заасан 20 хоногоос хэтэрч анхдугаар хуралдаанаа хийсэн. Тэр үед мөн  дахин сонгууль болсон ба Б төлөөлөгч сүүлийн сонгууль буюу дахин сонгууль болсон хугацаанаас хойш 20 хоногийн дотор хийнэ гэж бас мэтгэлцсэн. Хуулинд мөн анхдугаар хуралдааныг 50 хоногийн дотор хийхгүй бол хурал тарна гэсэн заалт байгааг бас хэлмээр байна. Иймд хуульд заасан 50 хоногийн дотор багтаж анхдугаар хуралдаанаа хийсэн учраас хууль зөрчөөгүй.
Нэхэмжлэгчийн хэлж байгаа хуулийн 23 дугаар зүйлийн 23.4-д заасан 15-аас доошгүй хоногийн өмнө гэдгийг шинээр сонгогдсон Хурлын тэргүүлэгчдийн бусад хуралдаанд хамаарах юм байна гэж л ойлгож байгаа гэв.

ҮНДЭСЛЭХ нь: 

Шүүх нэхэмжлэгч Дорноговь аймгийн Д сумын А намын “...Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.4-д заасны дагуу бүрэн эрхийн хугацаа нь дуусаж байгаа өмнөх Хурлын Тэргүүлэгчид нь сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Анхдугаар хуралдааныг зарлахдаа 15-аас доошгүй хоногийн өмнө зарлан хуралдуулах ёстой байтал хуулийн уг заалтыг зөрчин 4 хоногийн дараа хуралдуулахаар тогтоож, энэ тухай тогтоолоо Хурал болохын өмнөх өдөр гэхэд гаргаагүй байсан, улмаар хурал болохоос 1 хоногийн өмнө хурлын зарыг хүргэхдээ тус намаас сонгогдсон зарим төлөөлөгч нарт зарыг огт хүргээгүй байдлуудаас шалтгаалж манай намын төлөөлөгчдийн ирц бүрдэлгүй хуралдаа бүрэн орох боломжгүй болсны улмаас анхдугаар хуралдаанд оролцож сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга болон мөн сумын Засаг даргад нэр дэвшүүлэх хуулиар олгогдсон эрх зөрчигдсөн тул Д сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2016 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн “иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгчдийн анхдугаар хуралдааны тов тогтоон, хэлэлцэх асуудал батлах  тухай” 28 дугаар тогтоол, уг тогтоолыг үндэслэж мөн хуульд заасан хугацааг болон манай намын бүлгийн төлөөлөгчдийн хуралд оролцож, нэр дэвшүүлэх эрхийг тус тус зөрчин хуралдсанаар Д сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын анхдугаар Хуралдаанаас гаргасан 2016 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 01, 02, 03, 04, 05 тоот тогтоолууд нь бүгдээрээ хууль бус болно,  харин мөн  хуулийн 23.4 дүгээр зүйлд заасан байгаа 20 хоногийн дотор хуралдахаар заасан хугацаа болон хариуцагчийн хэлээд байгаа уг хууль дахь 50 хоногийн дотор хуралдахаар заасан хугацаануудын хувьд огт маргаагүй бөгөөд энэ үндэслэлээр нэхэмжлэлээ гаргаагүй юм ...” гэсэн агуулга бүхий үндэслэлээр маргаж байгаагаар нэхэмжлэлдээ дурдаж буй захиргааны актуудыг хүчингүй болгуулахаар нэхэмжилсэн уг шаардлага бүхий нэхэмжлэлийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хавтаст хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан бөгөөд шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудад үндэслэн дээрх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв. 
Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын нэг хэсэг болох Д сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн хуралдаж гаргасан 2016 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн “иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгчдийн анхдугаар хуралдааны тов тогтоон, хэлэлцэх асуудал батлах  тухай” 28 дугаар тогтоол нь тус сумын бүрэн эрхийн хугацаа нь дуусгавар болж буй өмнөх Хурлын Тэргүүлэгчдээс гаргасан тогтоол боловч шүүх Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль дахь “Сум, дүүргийн Хурлын бүрэн эрх”-ийг зохицуулсан 18 дугаар зүйлийн 18.1.1 дэх зүйлийн “б”-д “ ... Тэргүүлэгчдийг сонгох, өөрчлөх” гэж заасныг үндэслэн өмнөх Хурлын тэргүүлэгчдийг сонгож, чөлөөлсөн онцгой бүрэн эрх нь тус сумын Хуралд хадгалагдаж байна гэж үзэж нэхэмжлэлийн тухайн шаардлагад холбогдох хариуцагчийг мөн бусад шаардлагад холбогдох хариуцагчийн нэг адил Д сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд холбогдуулан тодорхойлсон болно.

           1. Нэхэмжлэлийн шаардлага дахь Дорноговь аймгийн Д сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн “иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгчдийн анхдугаар хуралдааны тов тогтоон, хэлэлцэх асуудал батлах  тухай”  2016 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 28 дугаар тогтоол нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг  зөрчсөн эсэх тухайд:
           Монгол Улсын Их хурлын 2016 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн “Сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит сонгуулийг товлон зарлах, санал авах өдрийг тогтоох тухай” 06 тоот тогтоолоор Сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит сонгуулийн санал авах өдрийг 2016 оны 10 дугаар сарын 19-ний өдөр байхаар тогтоосон байх бөгөөд хавтаст хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтуудаас үзэхэд бүрэн эрхийн хугацаа нь дуусаж буй Дорноговь аймгийн Д сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид нь ээлжит сонгуулиар байгуулагдаж буй тус сумын Хурлын анхдугаар хуралдааныг 2016 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр хуралдуулахаар зарлаж, энэ тухай Тэргүүлэгчдийн хурлын 2016 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 28 тоот тогтоолыг гаргаж /хх-ийн 4,28-31-р хуудас/, улмаар 2016 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр болох анхдугаар хуралдааны зарыг сумын Хурлын төлөөлөгчөөр сонгогдсон нийт 21 төлөөлөгчид  анхдугаар хуралдааны хөтөлбөр болон хэлэлцэх асуудлын төлөвлөгөө болох Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгууль зохион байгуулсан тухай сумын сонгуулийн хорооны мэдээлэл сонсох, Анхдугаар хуралдааны даргалагч сонгох, Шинээр сонгогдсон төлөөлөгчдийн бүрэн эрхийг баталгаажуулах, Анхдугаар хуралдааны дэг батлах, Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргыг сонгох, тус Хурлын Тэргүүлэгчдийн тоог тогтоож, Тэргүүлэгчдийг сонгох, Сумын Засаг даргад нэр дэвшүүлэн уламжлах тухай зэрэг асуудлуудыг тусгасан урилгаар 2016 оны 11 дүгээр сарын 14-ны өдөр мэдэгдсэн болох нь иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ажлын албаны 2016 оны 11 дүгээр сарын 14-ны өдрийн “Хурлын зар хүлээн авсан баримт”, анхдугаар хуралдааны урилга /хх-ийн 32,33-р хуудас/ болон нэхэмжлэгчийн хүсэлтээр шүүхийн асуусан гэрч Д.Чулуундоржийн “... энэ хурлын товыг урд орой нь багийн Засаг дарга Энхтуяа нь утсаар ярьж хэлснээр мэдсэн, маргааш нь буюу 2016 оны 11 дүгээр сарын 15-ны өглөө намын дарга Б  хурал болох тухайг утасдаж хэлсэн...”, гэрч Б.Эрдэнэдалайгийн “... энэ хуралдааны зарыг 2016 оны 11 дүгээр сарын 14-ны орой ажил тарсны дараа М даргаас авсан, тэр үед хурлын урилгыг гарын үсэг зуруулж өгснөөр мэдсэн...”, гэрч Ш.Энх-Амгалангийн  “... хуралдаан болохын урд өдөр нь үдээс хойш мал ахуйгаа эргээд гэрт ирэхэд хурлын урилгыг гэрт орхиж явсан байсан, тухайн үед ямар хүн авчирч орхисныг мэдээгүй бөгөөд дараа нь М дарга өөрөө тарааж явсан гэж сонссон...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 81-86-р хуудас/ зэргээр тогтоогдож байна.
          Сонгуулийн тухай хууль дахь “Сонгуулийн төрөл”-ийг зохицуулсан 8 дугаар зүйлийн 8.1.1 дэх зүйлд “ээлжит” сонгууль нь сонгуулийн нэг төрөл байхаар, мөн 8.2-д “Ээлжит сонгууль гэж Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин нэгдүгээр зүйлийн 2, Гучдугаар зүйлийн 2, Тавин есдүгээр зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасны дагуу дөрвөн жил тутам явагдах сонгуулийг хэлнэ” гэж, мөн Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.4-д “Анхдугаар хуралдааныг ээлжит сонгуулийн санал хураалт явуулсан өдрөөс хойш 20 хоногийн дотор бүрэн эрхийн хугацаа нь дуусгавар болж буй Хурлын Тэргүүлэгчид ... зарлан хуралдуулна.” гэж тус тус заасан байх ба үүний дагуу тус сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид нь Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хууль дахь “Хурлын Тэргүүлэгчдийн бүрэн эрх”-ийг зохицуулсан 20 дугаар зүйлийн 20.1.1-д “Хурлын хуралдааныг товлон зарлах, түүний бэлтгэлийг хангах, зохион байгуулалт, үйл ажиллагаатай холбогдсон санал, шийдвэрийн төсөл боловсруулах, хэлэлцэх”-ээр заасан бүрэн эрхийн хүрээнд Д сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын анхдугаар хуралдааныг товлон зарлаж, хуралдуулахдаа дээр дурдсан Улсын Их Хурлын тогтоолд зааснаар 2016 оны 10 дугаар сарын 19-ний өдөр явуулсан ээлжит сонгуулийн санал хураалт өдрөөс хойш 20 хоногийн дотор буюу 2016 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн дотор бүрэн эрхий хугацаа нь дуусгавар болж буй Хурлын тэргүүлэгчид зарлан хуралдуулахаар байсан боловч тус анхдугаар хуралдааныг тухайн хугацаанд зарлаж, хуралдуулаагүй болох нь дээр тогтоогдож буй нөхцөл байдал болох тус сумын Хурлын Тэргүүлэгчдийн 2016 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 28 тоот тогтоолын дагуу анхдугаар хуралдааныг мөн оны 11 дүгээр сарын 15-ны өдөр хийхээр товлосноор тухайн өдөр сумын Хурлын анхдугаар хуралдаан  хуралдаж 01, 02, 03, 04, 05 тоот тогтоолуудыг /хх-ийн 5-10-р хуудас/ гаргасан байгаагаар нотлогдож байна.
Гэвч нэхэмжлэгчийн зүгээс тус сумын Хурлын анхдугаар хуралдааныг хуульд заасан “20 хоногийн дотор” хуралдуулаагүй болох талаар нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг тодорхойлж маргахгүй байгаа ба харин тэрээр дээрх хууль болох Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.4-д заасан “... хуралдаан эхлэхээс 15-аас доошгүй хоногийн өмнө зарлан хуралдуулна” гэж заасан хугацааг зөрчиж хуралдсанаас эрх зөрчигдсөн гэж үзэж нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тодорхойлж байгаа ба үүнийгээ тайлбарлахдаа  “...уг заалтаас харахад зэрэгцсэн нийлмэл өгүүлбэр байгаа, өөрөөр хэлбэл бүрэн эрхийн хугацаа нь дуусаж байгаа өмнөх Хурлын тэргүүлэгчид нь анхдугаар хуралдааныг зарлахдаа 15-аас доошгүй хоногийн өмнө, харин шинээр сонгогдсон Хурлын тэргүүлэгчид нь бусад хуралдаанаа зарлахдаа мөн 15-аас доошгүй хоногийн өмнө зарлан хуралдуулна гэж ойлгохоор байгаа юм” гэж, харин хариуцагчийн зүгээс үүнийг “... хуульд заасан 15-аас доошгүй хоногийн өмнө гэдгийг шинээр сонгогдсон Хурлын Тэргүүлэгчид  бусад хуралдааныг зарлан хуралдуулахад хамаарах юм байна гэж ойлгож байгаа” хэмээн тус тус тайлбарлаж байгаа нь маргааны гол үндэслэл болж байна.
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль дахь “Хурлын хуралдаан”-ны талаар зохицуулсан 23 дугаар зүйлийн 23.4-д “Анхдугаар хуралдааныг ээлжит сонгуулийн санал хураалт явуулсан өдрөөс хойш 20 хоногийн дотор бүрэн эрхийн хугацаа нь дуусгавар болж буй Хурлын Тэргүүлэгчид, бусад хуралдааныг тухайн Хурлын Тэргүүлэгчид хуралдаан эхлэхээс 15-аас доошгүй хоногийн өмнө зарлан хуралдуулна” гэж заажээ.
Хуулийн уг заалтаас харахад ээлжит сонгуулийн дүнгээр байгуулагдаж буй Хурлын анхдугаар хуралдааныг зарлан хуралдуулах хугацаа болон түүнээс хойшхи тухайн Хурлын бусад хуралдааныг зарлан хуралдуулж байх хугацааг тус тус ялгавартайгаар зохицуулж өгснөөс гадна анхдугаар хуралдааны хувьд түүнийг бүрэн эрхийн хугацаа нь дуусаж байгаа буюу өмнөх Хурлын Тэргүүлэгчид зарлан хуралдуулахаар зааж, тухайн Тэргүүлэгчид нь ийнхүү анхдугаар хуралдааныг зарлан хуралдуулахдаа ээлжит сонгуулийн санал хураалт явуулсан өдрөөс хойш 20 хоногийн дотор зарлаж, улмаар мөн хугацаанд багтаж хуралдуулахаар, харин  уг хугацаанд буюу 20 хоногийн дотор хуралдаж, ээлжит сонгуулийн дүнгээр байгуулагдсан тухайн Хурлын анхдугаар хуралдаанаас Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.5-д “Анхдугаар хуралдаанаар тухайн шатны Хурлын даргыг оролцуулан ... Хурлын тэргүүлэгчдийг ... сонгоно.” гэж заасны дагуу сонгогдсон Тэргүүлэгчид нь тухайн Хурлын бусад хуралдааныг хуралдаан эхлэхээс 15-аас доошгүй хоногийн өмнө зарлан хуралдуулж байхаар  тус тус зохицуулагджээ.
Ийнхүү зохицуулагдсан байдлаас үзэхэд нэхэмжлэгчийн зүгээс хуулийн уг заалтын талаар “... өмнөх Хурлын тэргүүлэгчид нь анхдугаар хуралдааныг зарлахдаа 15-аас доошгүй хоногийн өмнө, харин шинээр сонгогдсон Хурлын тэргүүлэгчид нь бусад хуралдаанаа зарлахдаа мөн 15-аас доошгүй хоногийн өмнө зарлан хуралдуулна гэж ойлгохоор байгаа ...”-гаар тайлбарлаж байгаа нь Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.4-д заасантай нийцэхгүй байх бөгөөд харин хариуцагчаас хуулийн уг зүйлд заасан “... 15-аас доошгүй хоногийн өмнө гэдгийг шинээр сонгогдсон Хурлын Тэргүүлэгчдийн бусад хуралдааныг зарлан хуралдуулахад хамаарах ...”-аар тайлбарлаж байгаа нь үндэслэлтэй байна.
Уг байдлаас дүгнэхэд Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.4-д “ ... хуралдаан эхлэхээс 15-аас доошгүй хоногийн өмнө зарлан хуралдуулна.” гэж заасан хугацаа нь энэ талаар дээр тайлбарласны дагуу тухайн Хурлын анхдугаар хуралдааныг зарлан хуралдуулах хугацаанд үл хамаарч байгаагаар нэхэмжлэгчээс  хүчингүй болгуулахаар нэхэмжилж буй захиргааны акт болох Д сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид нь 2016 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн “иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгчдийн анхдугаар хуралдааны тов тогтоон, хэлэлцэх асуудал батлах  тухай” 28 дугаар тогтоолыг гаргахдаа дээрх хуулийн тухайн зүйл дэх “... 15-аас доошгүй хоногийн өмнө зарлан хуралдуулна” гэж заасан хугацааг зөрчсөн байна гэж үзэх үндэслэлгүй байна. 

2. Д сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын анхдугаар хуралдааны 2016 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 01, 02, 03, 04, 05 дугаар тогтоолууд нь нэхэмжлэгч тус сумын А Намын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчиж буй эсэх тухайд:
Дээрх  28 дугаар тогтоолд заасан хугацаанд буюу 2016 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр хуралдсан Д сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын анхдугаар хуралдаанд оролцох ёстой нийт 21 төлөөлөгчөөс 11 төлөөлөгч оролцож тус хуралдааныг явуулсан нь Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-д “...төлөөлөгчдийн олонхийн буюу 50-иас дээш хувийн ...” гэж заасан байгаагаар төлөөлөгчдийн 50 хувиас дээш байх тохиолдолд “олонхи” гэж үзэхээр заасны дагуу мөн хуулийн 23 дугаар зүйлийн 23.7-д “Аймаг, нийслэл, сум, дүүргийн Хурлын хуралдаанд тухайн Хурлын нийт төлөөлөгчийн олонхи нь хүрэлцэн ирсэн бол хүчинтэйд тооцно” гэж заасантай нийцэж байна.
Мөн Монгол Улсын Засаг Захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.8-д “Хурлын төлөөлөгчдийн бүрэн эрхийн хугацаа тухайн Хурлын шинээр сонгогдсон төлөөлөгчдийн бүрэн эрхийг хүлээн зөвшөөрснөөр дуусгавар болно” гэж зохицуулснаас гадна хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-д “...Хурлын анхдугаар хуралдаанаар Хурлын даргыг ...сонгоно”, 23 дугаар зүйлийн 23.5-д “Анхдугаар хуралдаанаар тухайн шатны Хурлын даргыг оролцуулан ... сум ...-ийн Хурлын тэргүүлэгчдийг 5-7 төлөөлөгчийн бүрэлдэхүүнтэйгээр дөрвөн жилийн хугацаагаар ... сонгоно”, мөн хуулийн 23 дугаар зүйлийн 23.13-д “...анхдугаар хуралдаан хуралдуулж Хурлын дарга сонгох, Засаг даргад нэр дэвшүүлэх асуудлыг ...” шийдвэрлэх талаар тус тус заасан байгаагаас үзэхэд Хурлын төлөөлөгчдийн бүрэн эрхийг хүлээн зөвшөөрөх, Хурлын даргыг болон Тэргүүлэгчдийг сонгох, Засаг даргад нэр дэвшүүлэх зэрэг асуудлыг аймаг, сум, дүүргийн ээлжит сонгуулийн дүнгээр байгуулагдсан тухайн Хурлын анхдугаар хуралдаанаар заавал хэлэлцэж дуусгахаар зохицуулагджээ.
Энэ дагуу Д сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн анхдугаар хуралдаанаар хуульд заасан дээр дурдсан асуудлуудыг хэлэлцэн “Төлөөлөгчдийн бүрэн эрхийг зөвшөөрөх тухай” 01/01 тоот тогтоолыг гарган уг тогтоолын хавсралтад заасан нийт 21 төлөөлөгчийн бүрэн эрхийг хүлээн зөвшөөрч, улмаар уг хуралдаанаас “Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга сонгох тухай” 01/03 тоот, “Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тэргүүлэгчдийн тоог тогтоож, тэргүүлэгчдийн нэрсийг батлах тухай” 01/04 тоот, Засаг даргад нэр дэвшүүлснээр “Санал уламжлах тухай” 01/05 тоот тогтоолуудыг  гаргасан байдал болон мөн тус хуралдааныг  Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын  тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.14-д “Хуралдааныхаа дэгийг тухайн Хурал өөрөө тогтоож батална” гэж заасныг үндэслэн “Анхдугаар хуралдааны үед дагаж мөрдөх дэг батлах тухай” 01/02 тоот тогтоолоор хэлэлцэн баталсан дэгийн дагуу хуралдаж явуулсан зэрэг нь Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн дээр дурдсан холбогдох заалтууд болон мөн хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2, 11.3, 11.4, 18 дугаар зүйлийн 18.1.1 дэх зүйлийн “г”, 26 дугаар зүйлийн 26.2 дахь зүйлд заасантай тус тус нийцэж байхын хамт уг тогтоолуудыг батлахдаа мөн хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-д заасан “Хурал хэлэлцсэн асуудлаар тогтоол гаргах бөгөөд түүнийг тухайн Хурлын хуралдаанд оролцсон төлөөлөгчдийн ... олонхийн саналаар ... батална” гэж заасныг  зөрчөөгүй байна.
Энэ байдлууд нь хавтаст хэрэгт нотлох авагдсан Д сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн анхдугаар хуралдааны тэмдэглэл /хх-ийн 46-55-р хуудас/, тус хуралдаанаас батлан гаргасан 2016 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 01, 02, 03, 04, 05 тоот тогтоолууд /хх-ийн 5-10-р хуудас/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна.
Харин нэхэмжлэгчээс Д сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын анхдугаар хуралдааныг хуульд заасан хугацааг зөрчин хурлын зарыг хожимдуулж тарааснаас шалтгаалж ирц бүрдэлгүй, мөн урьдчилан хэлэлцэх боломж олгоогүйгээс анхдугаар хуралдаанд оролцож Хурлын дарга болон Засаг даргад нэр дэвшүүлэх эрх зөрчигдсөн гэж тайлбарлаж байгаа хэдий ч аль нэг намаас сонгогдсон бүлэг дэх Хурлын төлөөлөгчдийн ирц хүрэлцэхгүй байх үндэслэлээр Хурал хуралдахгүй байхаар зохицуулсан зүйл, заалт  Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд байхгүйгээс гадна, анхдугаар хуралдаанаар Хурлын дарга болон Засаг даргад нэр дэвшүүлэх зэрэг асуудлыг дээрх хуулийн холбогдох заалтын дагуу заавал хэлэлцэн шийдвэрлэж дуусгахаар тодорхой заасан байгаагийн хувьд нэхэмжлэгч Д сумын А намаас тус Хуралд сонгогдсон төлөөлөгчид нь анхдугаар хуралдааныг зарлан хуралдуулах хүртэл хугацаанд Хурлын дарга болон Засаг даргад өөрийн намын төлөөлөгчдөөс хэнийг нэр дэвшүүлэх талаар урьдчилан хэлэлцэх боломжтой байсан нь тус намын дотоод зохион байгуулалтын  асуудалтай холбоотой байх бөгөөд түүнчлэн тус намаас сонгогдсон Хурлын төлөөлөгчид нь анхдугаар хуралдаанд хүргэгдсэн зарын дагуу оролцож тус хуралдаанаас баталсан дэгийн /хх-ийн 6,7-р хуудас/ гуравдугаарт  “ИТХ-ын хуралдаан завсарлагатай байж болно ...”, “Шаардлагатай бол намаас хуралдааны даргад хүсэлт гарган түр завсарлага авч болно ...”, “Улс төрийн намууд зөвшилцөх хугацаа хурлын даргаас авч болно ...” гэж заасан байгаагаар тус хуралдааны явцад завсарлага авснаар эрх зөрчигдсөн гэж үзэж буй дээрх асуудлын талаар бүлэг дотроо хэлэлцэж, нэр дэвшүүлэх эсэх асуудлаа шийдвэрлэх  боломжтой байжээ гэж үзэхээр байна.
Гэтэл нэхэмжлэгчийн зүгээс Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.4-д заасан анхдугаар хуралдааныг зарлан хуралдуулах тухай хуулийн зохицуулалтыг дээр дурдсан байгаагаар өөрсдийн зүгээс буруу тайлбарлан ойлгосны улмаас Д сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын анхдугаар хуралдаанд оролцох болон  улмаар Хурлын дарга, Засаг даргад нэр дэвшүүлэх эрх буюу Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2-т “Сонгуулийн дүнгээр тухайн Хуралд хамгийн олон суудал авсан нам, эвсэл Хурлын даргад эхэлж нэр дэвшүүлэх эрхтэй” гэж заасан дарааллын дагуу мөн хуулийн 11.3-д “Тухайн Хурлын төлөөлөгчид Хурлын даргад өөрийн болон бусад төлөөлөгчийн нэрийг дэвшүүлж болно” гэж зааснаар Хурлын даргад нэр дэвшүүлэх, мөн хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т “ ... сум ...-ийн Засаг даргад тухайн Хурал дахь нам, эвслийн бүлэг эсхүл Хурлын төлөөлөгч тус тус нэр дэвшүүлэх эрхтэй ...” гэж зааснаар сумын Засаг даргад нэр дэвшүүлэх эрхээ тус тус хэрэгжүүлж чадаагүй байна гэж үзэх үндэслэлтэй байна.
3. Иймд шүүхээс дүгнэхэд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага дахь захиргааны актууд болох Д сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2016 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 28 дугаар тогтоол, мөн тус сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын анхдугаар хуралдааны 2016 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 01, 02, 03, 04, 05 тоот тогтоолууд нь  дээрх байдлуудаар нэхэмжлэгч Д сумын А Намаас тус сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын анхдугаар хуралдаанд оролцож, улмаар Хурлын дарга болон Засаг даргад нэр дэвшүүлэх эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн нөхцөл байдал тогтоогдохгүй байна гэж үзэж нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

            Захиргааны  хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 106 дугаар зүйлийн 106.1,  106.3.14 дүгээр зүйлд заасныг удирдлага болгон

                                                ТОГТООХ нь:

            1. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1, 11.2, 11.3, 11.4, 18 дугаар зүйлийн 18.1.1-ийн “б”, “г”, 20 дугаар зүйлийн 20.1.1, 23 дугаар зүйлийн 23.4, 23.5, 23.7, 23.13, 23.14, 25 дугаар зүйлийн 25.1, 26 дугаар зүйлийн 26.2 дахь зүйлд заасныг баримтлан нэхэмжлэгч Дорноговь аймгийн Д сумын А намын нэхэмжилсэн тус сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тэргүүлэгчдийн 2016 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 28 дугаар тогтоол, мөн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын анхдугаар хуралдааны 2016 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 01, 02, 03, 04, 05 дугаар тогтоолуудыг тус тус хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

         2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 47 дугаар зүйлийн 47.1 дэх зүйл, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь зүйлүүдэд заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй. 

         3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх зүйлд зааснаар захиргааны хэргийн шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг болон мөн хуулийн 114.2 дахь зүйлд зааснаар давж заалдах гомдлыг шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан гаргахыг тус тус тайлбарласугай.

 

 

        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Б.ЦЭНД