Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 06 сарын 03 өдөр

Дугаар 1102

 

Хын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Дэлгэрцэцэг даргалж, шүүгч Т.Туяа, А.Отгонцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 102/ШШ2016/03068 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Хын нэхэмжлэлтэй,

Хариуцагч ХХд холбогдох,

 

Гэм хорын хохиролд 1 334 000 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй,

515 000 төгрөгийг ХХХаас гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг,

 

Нэхэмжлэгч Хын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч А.Отгонцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч Х,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч ХХХХ,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Ган-Өнөр нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд болон түүний өмгөөлөгч ХХХХ шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний эзэмшлийн 04-54 УНК улсын дугаартай Лексус-470 маркийн автомашиныг миний эхнэр ХХХ 2014 оны 3 дугаар сарын 18-ны өдөр унаж явж байхад Чингэлтэй дүүрэг, Мөнгөн завьяагийн урд замд 3-р эгнээгээр чигээрээ явж байхад 2-р эгнээнээс ХХ нь өөрийн эзэмшлийн 68-89 УБӨ улсын дугаартай Рекстон маркийн автомашинаар мөргөсөн. Тухайн үед Замын цагдаагийн газраас хэмжилт хийж ХХын буруу гэж тогтоож дүгнэлт гаргасан. Гэвч ХХ нь уг дүгнэлтийг зөвшөөрөхгүй гээд мэргэжлийн байгууллагаар нийт 3 удаа дүгнэлт гаргуулсан боловч түүний буруу гэж гарсан. Хэдийгээр миний бие тухайн үед автомашинаа барьж яваагүй байсан ч миний автомашинд “ХХХХХ” ХХК-ийн үнэлгээгээр 984 000 төгрөгийн хохирол учирч, засвараар засуулахад 350 000 төгрөгийн хөлс төлсөн тул нийт 1 334 000 төгрөгийг ХХаас гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд болон түүний өмгөөлөгч ХХХХХХ шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрөхгүй. Учир нь, тухайн үед Х гэх хүн осол гарахад байгаагүй, энэ хүн нэхэмжлэл гаргаж байгааг зөвшөөрөхгүй байна. Мөн түүний автомашиныг жолоодож явсан эхнэр ХХХ нь хурдтай орж ирж миний автомашиныг мөргөөд мөн баруун гар талд зогсож байсан Спасио автомашиныг давхар мөргөчихөөд одоо хохирсон гэж байгааг зөвшөөрөхгүй байна. Тухайн үед ослын газарт ирж хэмжилт хийсэн ХХХХХХХ гэгч хариуцлагагүй этгээд 3 эгнээ замыг 4 гэж зурснаас болж энэ дүгнэлт буруу гарсан.

Мөн цагдаагийн байгууллагад миний шинжээч томилуулахаар гаргасан хүсэлтэд ХХХаар гарын үсэг зуруулснаас болоод дээрх дүгнэлтүүд хууль бус буруу гарсан. Мөн цагдаагийн байгууллагаар дамжуулан ШУТИС-ийн Механик инженерийн сургуулийн дүгнэлтээр ХХХын буруу гэж гарсан тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Би энэ асуудлаас болж жолооны эрхээ 6 сар хасуулсан гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: Миний автомашинд 515 000 төгрөгийн хохирол учирсан тул ХХХаас гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гаргаж байна гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасныг баримтлан ХХаас гэм хорын хохиролд 1 334 000 төгрөг гаргуулахыг хүссэн Хын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, хариуцагч ХХын ХХХаас гэм хорын хохиролд 515 000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 40 670 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 59 дүгээр зүйлийн 59.1-д зааснаар хариуцагчаас улсын тэмдэгтийн хураажид төлсөн 36 294 төгрөгийг улсын орлогоос гаргуулж ХХд буцаан олгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч ХХХХХХХ давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Замын цагдаагийн гурван удаагийн шинжээч нар нь тухай бүр хэргийн газар очиж оролцогч, зохигчдыг бүрэн байлгаж хэргийн газрийн үзлэгийг дахин хийж зохиогчид танилцуулан гарын үсэг зуруулж дүгнэлт гаргасан тул анхны байцаагч ХХХХХХХын хэргийн газрын зураглал болон тэмдэглэлийг гол нотолгоо биш өөрсдийнхөө гаргасан зураглал хэмжилт тэмдэглэлийг үндэслэж дүгнэлт гаргасан болно. Замын цагдаагийн газрын 2014 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 1030 тоот, 2014 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 1215 тоот, 2014 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 1143 тоот шинжээчийн дүгнэлтүүдээр ХХХ Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн аль нэг заалтыг зөрчөөгүй харин ХХ Замын хөдөлгөөний дүрмийг зөрчсөн гэм буруутай болохыг нь тогтоосон юм. Түүгээр ч зогсохгүй ХХ нь жолооны эрхээ 6 сараар хасуулж тэр нь биелэгдсэн болно. ХХын итгэмжлэгдсэн төлеөлөгч ХХХХХХын төлөөлөх эрх нь 2014 оны 05 дугаар сард дууссан байхад шүүхэд болон Замын цагдаагийн газар, ШУТИС-ийн Механик инженерийн сургуульд удаа дараа гомдол болон хүсэлт гаргаж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн заалтыг ноцтой зөрчсөн төдийгүй уг сургуулийн шинжээч нарын нэрийг сонгосон зэрэг хууль бус ажиллагаа хийсныг анхан шатны шүүх анхаараагүй байна.

ШУТИС-ийн Механик инженерийн сургуулийн шинжээч нар дүгнэлт гаргахдаа хэргийн газар очиж дахин үзлэг, хэмжилт, тэмдэглэл хийлгүйгээр зөвхөн хариуцагч ХХ түүний төлөөлөгч гэх ХХХХХХын гомдолд хөтлөгдөн замын цагдаагийн зохих мэргэжлийн дадлага туршлага бүхий 10 гаруй шинжээч нарын хууль ёсны ба үндэслэлтэй дүгнэлтүүдийг үгүйсгэж гаргасан 2016 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 10/21 дугаар Техникийн шинжээчийн дүгнэлтийг хууль ёсны ба үндэслэлтэй болж чадаагүй гэж үзэж байна. Учир нь, миний дээр дурьдсанаар дүгнэлт гаргах хууль ёсны шаардлагыг хангаагүй төдийгүй 50 гаруй хоногийн дараа дүгнэлт гаргасан нь эргэлзээтэй байна. Давж заалдах шатны шүүхийн магадлалыг бүх талаас нь бүрэн дүүрэн хангах байтал зөвхөн миний дээр дурьдсан Механик инженерийн сургуулийн дүгнэлт, ХХХХХХХт арга хэмжээ авагдсан, ХХын нэг ажлын бөгөөд хамт явсан ХХХХХХХХХ болон ХХХХХХХХХХ нарын мэдүүлэг зэргийг гол нотолгоо болгон шүүх дээрхи шийдвэр гаргасныг зөвшөөрөх боломжгүй байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхийг хүсэж байна гэжээ.

ХЯНАВАЛ:

            Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсгийн шаардлагад нийцсэн байна.

            Нэхэмжлэгч Х хариуцагч ХХаас гэм хор учруулсны хохиролд 984 000 төгрөг гаргуулахаар нэхэмжилснээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэмэгдүүлж, 1 334 000 төгрөгийг шаардсан байна.

            Нэхэмжлэгч шаардлагын үндэслэлээ хариуцагчийн замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн гэм буруутай үйлдлийн улмаас автомашинд эвдрэл хохирол учирсан гэжээ.

            Хариуцагч нь зам тээврийн осолд нэхэмжлэгч өөрөө буруутай болох нь тогтоогдсон тул хохирлыг хариуцах үндэслэлгүй гэж мэтгэлцсэн байна.

            Нэхэмжлэгчээс хариуцагч ХХын замын хөдөлгөөний дүрмийн 7.8 дахь “Жолооч байр эзлэхийн өмнө зэрэгцээ эгнээнд чигээрээ яваа тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө. Харин харилцан байраа солиход баруун гар талд яваа нь эхэлж байраа эзэлнэ” гэсэн заалтыг зөрчсөн нь 2014 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн 1030 тоот, 2014 оны 6 дугаар сарын 6-ны өдрийн 1215 тоот, 2014 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн 1143 тоот шинжээчийн дүгнэлтүүдээр нотлогдоно гэжээ. /хх- 70-73/

            Дээрх дүгнэлтүүдийн агуулгаас үзвэл шинжээч нар замын ослын газар үзлэг хийхэд анх зурагдсан 137 тоот бүдүүвч зургийг үндэслэн дүгнэлтээ гаргасан байх ба Чингэлтэй дүүрэг дэх Замын цагдаагийн тасгийн байцаагч ХХХХХХХХХХХын ослын газрын үзлэг хийж үйлдсэн 137 тоот хэмжилтийн бүдүүвч зурагт замын эгнээг буруу зурсан болохыг ХХын гомдлын дагуу албаны шалгалт хийж тогтоосон баримт хэрэгт авагдсан байна.  /хх-49/

            Иймд эгнээг буруу зурсан бүдүүвч зурагт үндэслэсэн дээрх 3 дүгнэлтийг эргэлзээгүй, үнэн зөв гэж үзэх боломжгүй гэсэн шүүхийн дүгнэлтийг буруутгах үндэслэлгүй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасанд нийцнэ.

            Шүүхийн 2015 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн 102/ШТ2015/00389, шүүгчийн 2015 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 102/ШЗ2015/33587 дугаар захирамжаар томилогдсоны дагуу ШУТИС-ийн Механик инженерийн сургуулийн Техникийн шинжээчид 2016 оны 3 дугаар сарын 02-ны өдрийн 10/21 дүгээр дүгнэлтийг гаргасан ба хавтаст хэргийн материалаар хариуцагч ХХ нь Замын хөдөлгөөний дүрмийн ямар нэг заалтыг зөрчсөн нь нотлогдоогүй гэж дүгнэжээ.

            Мөн осол гарах үед хэргийн газарт байсан гэрч ХХХХХХХХХХ, ХХХХХХХХХ нарын ХХ дүрэм зөрчөөгүй гэх мэдүүлгийг шинжээчийн дээрх дүгнэлттэй харьцуулан үзвэл хариуцагч гэм буруутай гэх нөхцөл байдал үгүйсгэгдэж байна.

Дээрх хэргийн баримтуудыг харьцуулан дүгнэвэл хариуцагчийн татгалзлын үндэслэл тогтоогдож, нэхэмжлэлийн үндэслэл няцаагдсан байна.

Иймд шүүх хөндлөнгийн буюу ШУТИС-ийн Механик инженерийн сургуулийн Техникийн шинжээчдийн 2016 оны 10/21 тоот дүгнэлтийг үндэслэл болгон зам тээврийн осолд хариуцагч гэм буруугүй гэж дүгнэсэн нь Иргэний хэрэг шүүхэд шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт заасныг зөрчөөгүй,  улмаар нэхэмжлэгчийн автомашинд учирсан хохирлыг хариуцах үүрэг хариуцагчид үүсэхгүй гэж нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт заасанд нийцсэн гэж үзэв. 

Шүүх шинжээч томилуулах тухай хариуцагч талын хүсэлтийг зохигчдыг оролцуулан шүүх хуралдаанаар хэлэлцэж  шийдвэрлэсэн, /хх-161/  шинжээчийн дүгнэлттэй буюу хэргийн материалтай зохигчид 2016 оны 3 дугаар сарын 11-ний өдөр танилцан, гарын үсэг зурсан, мөн 2016 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн шүүх хуралдаанаар хэргийг хэлэлцэж эхлэхээс өмнө талууд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой санал хүсэлтгүй байсан нь шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагджээ.

            Дээрхээс шинжээчийн дүгнэлт гаргуулахтай холбоотой ажиллагааг явуулахдаа шүүх Иргэний хэрэг шүүхэд шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулиар болон Шүүхийн шинжилгээний тухай хуулиар тогтоосон журмыг болон хэргийн оролцогчийн эрхийг   зөрчсөн нөхцөл байдал тогтоогдохгүй байна. Иймд нэхэмжлэгчийн шинжээчийн дүгнэлтийг зөвшөөрөхгүй талаарх давж заалдах гомдлыг үндэслэлгүй гэж үзэв.

Мөн хариуцагч ХХаас  ХХХад холбогдуулан 515 000 төгрөгийн гэм хорын хохирол гаргуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасан нь нэхэмжлэгч Хт хамааралгүй тул сөрөг нэхэмжлэлд тооцохгүй гэж хүлээн авахаас татгалзсан нь зөв болно.

Дээрх үндэслэлүүдээр шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв. 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.   Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн 102/ШШ2016/03068 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 40 670  төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

                        ШҮҮГЧИД                                                  Т.ТУЯА

                                                                                           А.ОТГОНЦЭЦЭГ