Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2017 оны 09 сарын 22 өдөр

Дугаар 001/ХТ2017/01010

 

Х.С, Б.Э нарын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Ц.Амарсайхан, Б.Ундрах, Г.Цагаанцоож, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,  

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 182/ШШ2017/00419 дүгээр шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2017 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 939 дүгээр магадлалтай, 

Нэхэмжлэгч Х.С, Б.Энарын нэхэмжлэлтэй

Хариуцагч “Тогтвортой амьжиргаа 3” төсөл, Монгол Улсын Сангийн яаманд холбогдох,

Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговрыг гаргуулах, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, холбогдох дэвтэрт бичилт хийлгүүлэх, нийгмийн даатгалын сангаас олгогдох ажилгүйдлын тэтгэмжийг авч чадаагүйн улмаас учирсан хохиролд 2 097 169 төгрөг, ээлжийн амралтын олговор 936 000 төгрөгийг тус тус гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагч Монгол Улсын Сангийн яамны итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Оргилсайханы гаргасан гомдлыг үндэслэн, 

Шүүгч Ц.Амарсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.        

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Батмөнх, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Жигжид, Ж.Оргилсайхан, нарийн бичгийн даргаар Ш. Мөнхжаргал нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Сангийн яам нь Засгийн Газар, Дэлхийн банк хооронд байгуулагдсан “Санхүүжилтийн хэлэлцээр”-ийн дагуу “Тогтвортой амьжиргаа III” төслийг хэрэгжүүлж байгаа билээ. Сангийн яамнаас энэхүү төслийг хэрэгжүүлэхдээ “Тогтвортой амьжиргаа III” төсөл хэрэгжүүлэх нэгжийг байгуулсан бөгөөд тус төсөл хэрэгжүүлэх нэгж нь 21 аймагт 5 хүний бүрэлдэхүүнтэй сум дэмжих багтайгаар үйл ажиллагаагаа явуулж байсан.

Нэхэмжлэгч Х.С нь Баян-Өлгий аймгийн сум дэмжих багт, нэхэмжлэгч Б.Энь Өмнөговь аймгийн сум дэмжих багт тус тус санхүүгийн удирдлага, төсөв төлөвлөлт мэргэжилтнээр нэг сарын 1 300 000 төгрөгийн цалинтай ажиллаж байсан болно. Тухайн үед “Тогтвортой амьжиргаа III” төсөл хэрэгжүүлэх нэгжээс ажилтнуудтай хөлсөөр ажиллах гэрээ байгуулсан. Хөлсөөр ажиллах гэрээг анх 2016 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс 2016 оны 07 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацаанд байгуулсан ба гэрээний хугацааг 2016 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэлх хугацаанд буюу 2 сарын хугацаагаар сунгасан. Миний ажиллаж байсан ажлын байр нь түр зуурын бус байнгын ажлын байр байсан. Хөлсөөр ажиллах гэрээний хавсралт болох “Ажлын байрны тодорхойлолт”-д заасан ажил үүргийн хүрээнд ажлын 5 өдөр, амралтын 2 өдрийн давтамжтайгаар ажиллаж байсан. Мөн энэхүү ажлын байрны тодорхойлолтод заасан ажил үүрэг нь нэг удаагийн шинжтэй ажил үүрэг биш байнгын тогтмол, давтагдах шинжийг агуулсан ажил үүргүүд байгаа нь уг ажлын байр нь Хөдөлмөрийн тухай хуульд заасан байнгын ажлын байр болохыг харуулж байна. Түүнчлэн хөлсөөр ажиллах гэрээнд ажил үүрэг, амралт, цалин хөлс ээлжийн амралтын харилцааг тусгаж зохицуулсан байгаа нь энэ байдлыг давхар нотолж байна.

Ажил олгогч өөрийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээний харилцааг цуцалж байгаа нөхцөлд Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийг баримтлах учиртай гэж үзэж байна. Гэтэл ажил олгогчийн зүгээс хуулийн энэхүү заалтыг баримтлаагүй байна. Түүнчлэн хөлсөөр ажиллах гэрээний 7.1-д “Туршилтын 6 сарын хугацаа дуусгавар болсонтой холбогдуулж захиалагч нь ажилтантай байгуулсан гэрээний биелэлтийг үндэслэн гэрээг 1 хүртэл жилээр сунгаж болно” гэж заасан боловч ийнхүү гэрээний биелэлтийг огт дүгнээгүй. Нөгөөтэйгүүр “Тогтвортой амьжиргаа III” төсөл хэрэгжүүлэх нэгж надтай гэрээ байгуулсан байхад Сангийн яам шийдвэр гарган ажлаас чөлөөлж байгаа нь хууль бус гэж үзэж байна. Иймд Х.С болон Б.Э нар нь Сангийн яамны төрийн нарийн бичгийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2016 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 9-2/6003 тоот албан бичгийг хүчингүй болгож, нэхэмжлэгч нарыг урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны нөхөх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэр нөхөн бичилт хийлгүүлэхийг даалгуулахыг хүсч нэхэмжлэл гаргаж байна.

...Мөн төслийн нэгжээс Х.Сийн ажилласан нийт хугацаанд төслийн зүгээс нийгмийн даатгалын шимтгэлийг огт төлөөгүй. Нийгмийн даатгалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1-д зааснаар Х.Сийн ажилласан хугацаанд нийгмийн даатгалын шимтгэл заавал төлөхөөр байна. Нийгмийн даатгалын сангаас олгох ажилгүйдлийн тэтгэмжийн тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэгт “Даатгуулагч ажилгүйдлийн даатгалын шимтгэлийн ажилгүй болохоос өмнө 24 сараас доошгүй хугацаанд, үүнээс сүүлийн 9 сард нь тасралтгүй төлсөн нөхцөлд ажилгүйдлийн тэтгэмж авах, мэргэжлийн сургалтад хамрагдах эрх үүснэ” гэж заасан. Х.С нь хуульд заасан шаардлагыг хангасан ажилгүйдлийн тэтгэмж авах эрх нь үүссэн байсан бөгөөд харин “Тогтовортой амьжиргаа III” төсөл хэрэгжүүлэх нэгж түүний нийгмийн даатгалын шимтгэлийг төлөөгүйн улмаас тэрээр хуульд заасан ажилгүйдлийн тэтгэмж авах эрхээ алдаж хохирсон. Нийгмийн даатгалын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Ажил олгогчийн буруугаас нийгмийн даатгалын шимтгэл төлөгдөөгүй даатгуулагчид учирсан хохирлыг ажил олгогч бүрэн хариуцаж төлнө” гэж заасан байна. Х.Сийн авах ёстой байсан ажилгүйдлийн тэтгэмжийн хэмжээ нь тус хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэгт заасны дагуу 2 097 169 төгрөг болж байна. “Тогтвортой амьжиргаа III” төсөл хэрэгжүүлэх нэгж болон Х.С нарын 2016 оны 02 дугаар сарын 01-ний өдөр байгуулсан хөлсөөр ажиллах гэрээний 9 дүгээр зүйлийн 9.1 дэх хэсэгт “Ажилтны жилд авах ээлжийн үндсэн амралтын хугацаа нь ажлын 15 өдөр байх ба гэрээт ажлыг гүйцэтгэснээс хойш 8 дахь сараас эхлэн ээлжийн амралт авах эрх нээгдэнэ.”, 9.2-т “Ажилтны ээлжийн амралтын хугацаанд тухайн ажлын жилийн дундаж цалин хөлсний хэмжээг 20 хувиар бууруулан ээлжийн амралтын олговор олгоно” гэж тус тус заасны дагуу Х.Сийн ээлжийн амралтын олговор нь 936 000 төгрөг болж байна.

Иймд хариуцагч “Тогтвортой амьжиргаа III” төсөл хэрэгжүүлэх нэгжээс нийт 3 033 169 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан тайлбартаа:

Уг нэхэмжлэлийн шаардлагыг нь бүхэлд нь зөвшөөрөхгүй байна. Нэхэмжлэгч Х.Стэй Хөдөлмөрийн тухай хуулийн дагуу хөдөлмөрийн гэрээ бус харин Иргэний хуулийн дагуу хөлсөөр ажиллах гэрээг байгуулж ажилласан юм. Хөлсөөр ажиллах гэрээний зохицуулалт нь Хөдөлмөрийн гэрээнээс өөр харилцаагаар зохицуулагддаг бөгөөд хөлслүүлэгч нь тухайн иргэний нийгмийн даатгал төлөх, Хөдөлмөрийн тухай хуулиар олгогдсон амралт эдлүүлэх болон бусад үүрэг хүлээдэггүй юм. Бидний хэрэгжүүлж буй Тогтвортой амьжиргаа төсөл нь тодорхой хугацаа /3 жил/-нд хэрэгжиж дуусах ёстой бөгөөд Хөдөлмөрийн тухай хуульд заасан шиг тогтвортой ажлын байр биш юм. Хэдийгээр гэрээний 9.1-д зааснаар ажилтны жилд авах ээлжийн үндсэн амралтын хугацаа нь ажлын 15 өдөр байх ба гэрээт ажлыг гүйцэтгэснээс хойш 8 дахь сараас эхлэн ээлжийн амралт авах эрх нээгдэнэ гэсэн боловч гэрээний 7.1-д заасны дагуу ажилчдын хөлсөөр ажиллах гэрээг 1 хүртэл жилээр сунгаагүй мөн гэрээний хугацаа дууссантай холбогдсон харилцаа үүссэн юм. Гэрээний хугацаа дуусгавар болсон нь тухайн ажилтанд ямар нэгэн ээлжийн болон бусад амралт авах эрх нэгэн адил дуусгавар болж байх тул ээлжийн амралтын мөнгө олгох хуулийн болон гэрээний үндэслэл байхгүй юм.

Нөгөөтэйгүүр гэрээний 8 дугаар зүйлд гэрээ дуусгавар болох үндэслэл, журмыг зохицуулсан юм. Дээрх зохицуулалтаас харахад нэгдүгээрт гэрээний хугацаа 2016 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр дууссан, хоёрдугаарт захиалагч гэрээг цуцлах шийдвэр гаргах бүрэн эрхтэй байх ба уг эрхээ хэрэгжүүлсэн нь гэрээ болон хууль тогтоомжийг зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй байна. Мөн манай төслийн хувьд ажилчдын олговол зохих хөлсийг бүрэн олгож, үүргээ хангалттай биелүүлэн ажиллаж байсан. Нэхэмжлэлийн шаардлагад нийгмийн даатгалын шимтгэл, ажилгүйдлийн тэтгэмж зэрэг 2 097 169 төгрөг, ээлжийн амралтын 936 000 төгрөгийг тус тус нэмэгдүүлэн шаардсаныг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Учир нь Х.Стэй байгуулсан гэрээ нь хөлсөөр ажиллах гэрээ, мөн тус гэрээ нь дуусгавар болсон, уг гэрээнд заасан цалин хөлсний зохицуулалт дотор нийгмийн даатгалын шимтгэл болон татвар шингэсэн болохыг тодорхой заасан гэжээ. 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2017 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 182/ШШ2017/00419 дүгээр шийдвэрээр Нийгмийн даатгалын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт заасны дагуу Монгол Улсын Сангийн яамнаас учирсан хохирол 2 067 906 төгрөг, амралтын олговор 936 000 төгрөг, нийт 3 003 906 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Х.Сид олгож, түүний “Тогтвортой амьжиргаа 3” төсөл хэрэгжүүлэх нэгжид холбогдуулан гаргасан учирсан хохирол, амралтын олговрын төлбөрт нийт 3 033 169 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага, хариуцагч Сангийн яамнаас учирсан хохиролд 29262 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага, Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1 дэх хэсэгт заасны дагуу Сангийн яам “Тогтвортой амьжиргаа 3” төсөл хэрэгжүүлэх нэгжид холбогдуулан гаргасан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх, холбогдох дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэхийг даалгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагуудыг тус тус хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэгч Б.Энхтуяагийн Монгол Улсын Сангийн яам, “Тогтвортой амьжиргаа 3” төсөл хэрэгжүүлэх нэгжид холбогдуулан гаргасан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх, холбогдох дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэхийг даалгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгч Х.С, Б.Энараас тус бүр 70 200 төгрөг гаргуулан улсын орлого болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэгч Х.Сийн төлсөн 63 500 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээн, хариуцагчаас 63500 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Х.Сид олгож шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2017 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 939 дүгээр магадлалаар Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 182/ШШ2017/00419 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагч Сангийн яам нь тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх болохыг дурджээ.

Хариуцагч Монгол Улсын Сангийн яамны итгэмжлэгдсэн төлөөлөгч хяналтын журмаар гаргасан гомдолдоо:

Анхан шатны шүүхээс Х.С болон төслийн нэгжийн хооронд байгуулсан хөлсөөр ажиллах гэрээг Иргэний хуульд заасан хөлсөөр ажиллах гэрээ мөн байна, хөдөлмөрийн гэрээ гэж үзэх үндэслэлгүй байна гэж үнэлж шийдвэрлэсэн боловч ээлжийн амралтын зохицуулалтыг Хөдөлмөрийн хуулиар зохицуулсан ээлжийн амралт бодох заавар, зохицуулалтаар бодож шийдвэрлэсэн нь илт хуулийг буруу хэрэглэж, логик уялдаа холбоогүй байдлаар шийдвэрлэсэн юм. Хөдөлмөрийн тухай хуулийн 79 дүгээр зүйлд “...ажлын зайлшгүй шаардлагаар ээлжийн амралтаа биеэр эдэлж чадаагүй ажилтанд мөнгөн урамшуулал олгож болно. Мөнгөн урамшуулал олгох журмыг хамтын гэрээгээр, хамтын гэрээгүй бол ажилтантай тохиролцсоны үндсэн дээр ажил олгогчийн шийдвэрээр зохицуулна” гэж заасан энэ зохицуулалт нь хөлсөөр ажиллах гэрээний зохицуулалтад хамаарахгүй бөгөөд зөвхөн Иргэний хуулийн дагуу талуудын хооронд байгуулсан хөлсөөр ажиллах гэрээгээр амралтын харилцаа зохицуулагдах ёстой юм. Харин хөлсөөр ажиллах гэрээний 9 дүгээр зүйлийн 9.1-д “...гэрээт ажлыг гүйцэтгэснээс хойш 8 дахь сараас эхлэн ээлжийн амралт авах эрх нээгдэнэ” гэж, мөн 9.2 дахь хэсэгт “...жилийн дундаж цалин хөлсний хэмжээг 20 хувиар бууруулан ээлжийн амралтын олговрыг олгоно” гэж тус тус заасан.

Гэрээнд заасан эдгээр зохицуулалт нь ажилтан заавал амралт авах зохицуулалт биш, мөн ажил олгогч ажилтныг заавал амраана гэсэн зохицуулалт биш, өөрөөр хэлбэл тухайн ажилтанд амрах эрхээ эдлэх эрх нээгдэж байгааг илэрхийлж байна. Мөн хэрэв ажилтан нь амрах хүсэлт гаргавал авч байгаа хөлсийг нь 20 хувиар хасаж олгох ёстой юм. Тодруулбал ажилтан гэрээний 9.1-д заасан эрхээ эдлээгүй байхад Сангийн яам, Тогтвортой амьжиргаа-3 төслийн нэгжээс амралтын мөнгө бодож олгох гэрээний үүрэг үүсэхгүй. Харин Х.С амраагүй тул амралтын хөлсийг бодохгүйгээр түүнд олгох ёстой сарын хөлсийг бүтнээр нь олгосон юм. Тодруулж хэлбэл Х.С гэрээнээс үүдэж хохирсон асуудал байхгүй ба бид гэрээнд заасан хөлсийг cap бүр бүрэн олгосон юм. Иймд давж заалдах шатны шүүх хууль буруу хэрэглэж шийдвэрлэсэн магадлалыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

                                                                           ХЯНАВАЛ:

Анхан болон давж заалдах шатны шүүх зохигчдын хооронд үүссэн эрх зүйн маргааныг холбогдох хуулийн зохицуулалтын дагуу үндэслэл бүхий хянан шийдвэрлэсэн байна. Хоёр шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулжээ.

Нэхэмжлэгч Х.С, Б.Энар хариуцагч Сангийн яам, “Тогтвортой амжиргаа 3” төсөлд холбогдуулан урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх нөхөх олговор гаргуулах, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн шимтгэлийг нөхөн төлүүлж, холбогдох дэвтэрт бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг тус тус гаргажээ. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Х.С нийгмийн даатгалын сангаас олгогдох ажилгүйдлийн тэтгэмж авч чадаагүйн хохиролд 2 97 169 төгрөг, ээлжийн амралтын олговорт 936 000 төгрөг гаргуулахаар шаардлагаа нэмэгдүүлсэн байна.

Нэхэмжлэгч нар хариуцагч “Тогтвортой амжиргаа 3” төсөлтэй 2016 оны 02 дугаар сарын 01-ний өдөр хөлсөөр ажиллах гэрээ байгуулсан байх ба шүүх талуудын хооронд хөдөлмөрийн эрх зүйн харилцаа бус харин хөлсөөр ажиллах гэрээний харилцаа үүссэн гэж үзсэн нь Иргэний хуулийн  359 дүгээр зүйлийн 359.1.-д заасан зохицуулалтад нийцжээ.

Шүүх хариуцагч Сангийн яамыг төсөл хэрэгжүүлэгч байгууллагын хувьд хөлсөөр ажиллах гэрээний ажиллуулагч гэж, харин хариуцагч  “Тогтвортой амжиргаа 3” төслийг ажиллуулагчаас олгогдсон эрх хэмжээний хүрээнд гэрээ байгуулсан этгээд гэж дүгнэхдээ Өрийн удирдлагын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.2.5., 24 дүгээр зүйлийн 24.2.-т заасан зохицуулалтыг үндэслэл болгосон нь буруу биш байна. Засгийн газрын гадаад зээлийн хөрөнгийг ашиглах, эдгээр хөрөнгөөр санхүүжих төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэх, зохион байгуулах, санхүүжүүлэх, хяналт тавих, үнэлэх журмын заалтыг мөн шийдвэр, магадлалын үндэслэл болгосон нь Иргэний хуулийн 3 дугаар зүйлийн 3.5., 3.6.-д заасан зохицуулалтыг зөрчөөгүй байна.

Зохигчдын хооронд байгуулагдсан хөлсөөр ажиллах гэрээний хугацаа, уг хугацааг сунгасан байдал, гэрээ дуусгавар болсон шалтгаан, нөхцөл зэрэг хэрэгт ач холбогдол бүхий үйл баримтын талаар шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийж, тэдгээрт эрх зүйн үнэлэлт өгчээ.

Зохигчдын хооронд хөдөлмөрийн эрх зүйн харилцаа үүсээгүй тохиолдолд ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх нөхөх олговор гаргуулах тухай нэхэмжлэгч нарын шаардлагыг хангах хууль зүйн үндэслэлгүй болно. Хоёр шатны шүүх нэхэмжлэлийн эдгээр шаардлагыг хэрэгсэхгүй болгосон нь хууль зөрчөөгүй байна.

Нэхэмжлэгч Х.С ажиллуулагчийн буруутай ажиллагаанаас шалтгаалж, нийгмийн даатгалын сангаас ажилгүйдлийн тэтгэмж авч чадаагүй тул түүнд учирсан хохирлыг хариуцагч Сангийн яамнаас гаргуулахаар шийдвэрлэсэн нь Нийгмийн даатгалын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 2-т заасан шаардлагад нийцжээ.

Түүнчлэн зохигчдын хооронд байгуулагдсан гэрээний нөхцлийг шүүх зөв тайлбарлан хөлсөөр ажиллагчийн эдлээгүй амралтын олговрыг хариуцагчаас гаргуулахаар шийдвэрлэсэн байна.

Анхан болон давж заалдах шатны шүүх хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлаж хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй байх тул хариуцагч Сангийн яамны хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах боломжгүй гэж үзлээ.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 182/ШШ2017/00419 дүгээр шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 939 дүгээр магадлалыг тус тус хэвээр үлдээж, хариуцагчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2.Хариуцагч хяналтын журмаар гомдол гаргахдаа Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

         

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                              Х.СОНИНБАЯР

ШҮҮГЧ                                                                        Ц.АМАРСАЙХАН