| Шүүх | Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дүвчингийн Чинзориг |
| Хэргийн индекс | 108/2018/0219/Э |
| Дугаар | 219 |
| Огноо | 2018-12-20 |
| Зүйл хэсэг | 11.4.2.1., |
| Улсын яллагч | Б.Батбаяр |
Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 12 сарын 20 өдөр
Дугаар 219
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Чинзориг даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Оюун-Эрдэнэ,
улсын яллагч Б.Батбаяр,
шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Март,
хохирогч О.С,
шүүгдэгч Э.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:
Нийслэлийн Налайх, Багахангай дүүргийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Барга овогт Э.Бод холбогдох эрүүгийн 1807002280168 дугаартай хэргийг 2018 оны 10 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн,1978 оны 8 дугаар сарын 28-ны өдөр Дундговь аймагт төрсөн, 40 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, хүнд машин механизмын операторчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамтаар Налайх дүүргийн 2 дугаар хороо 42 дугаар байр 25 тоотод оршин суух,
урьд Нийслэлийн Баянзүрх дүүргийн шүүхийн 1997 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 547 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 2771 дэх хэсгээр 6 сар, мөн хуулийн тусгай ангийн 2783 дахь хэсгээр 1 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, мөн хуулийн ерөнхий ангийн 37 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хөнгөн ялыг хүндэд нь багтааж түүний нийт эдлэх ялыг 1 жилийн хугацаагаар тогтоож, Төв аймгийн шүүхийн Ерөнхий шүүгчийн 1998 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн 157 дугаар захирамжаар эдлээгүй үлдсэн 2 сар 11 хоногийн хорих ялыг тэнсэн суллаж мөн хугацаагаар хянан харгалзсан,
мөн Багануур дүүргийн шүүхийн 1999 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн 52 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 90 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 4 жил хорих ял , мөн хуулийн 239 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 3 жил хорих ял тус тус шийтгэж, мөн хуулийн ерөнхий ангийн 37 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан түүнд оногдуулсан хөнгөн ялыг хүндэд нь багтаан нийт 4 жил хорих ял шийтгэж, Багануур дүүргийн шүүхийн Ерөнхий шүүгчийн 2001 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн 107 дугаар захирамжаар эдлээгүй үлдсэн 6 сар, 27 хоногийн хорих ялыг тэнсэж, мөн хугацаагаар хянан харгалзсан,
мөн Налайх дүүргийн шүүхийн 2002 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 152 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар 5 жил хорих ял шийтгэж, 2006 оны 10 дугаар сарын 12-ны өдөр ялын хугацаа дуусч суллагдсан,
мөн Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2014 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн 394 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жил хасч, 4 жил хорих ял, мөн хуулийн тусгай ангийн 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар 1 жил хорих ял, мөн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.3 дахь хэсгүүдэд зааснаар 3 жил, 1 хоногийн хорих ялаар тус тус шийтгэж, мөн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт оногдуулсан 4 жил хорих ялд мөн хуулийн тусгай ангийн 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт оногдуулсан 1 жилийн хорих ялыг багтааж, мөн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.3 дахь хэсгүүдэд заасан гэмт хэргүүдэд оногдуулсан 3 жил 1 хоногийн хорих ялын зарим хэсэг болох 1 жилийн хорих ялыг нэмж, түүний биечлэн эдлэх ялыг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасч, 5 жилийн хугацаагаар хорих ялаар тогтоож, Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн шүүгчийн 2015 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 24 дүгээр захирамжаар эдлээгүй үлдсэн 11 сар 22 хоногийг өршөөн хассан,
мөн Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн 212 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар 1 жил хорих ял, мөн хуулийн 261 дүгээр зүйлийн 261.2 дахь хэсэгт зааснаар 5 жил 1 сар хорих ял тус тус шийтгэж, мөн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийн 261 дүгээр зүйлийн 261.2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 5 жил 1 сар хорих ялд мөн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 жил хорих ялыг багтааж түүний нийт эдлэх ялыг 5 жил 1 сарын хугацаагаар тогтоож, Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Ерөнхий шүүгчийн 2017 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн 20 дугаар захирамжаар түүний эдлээгүй үлдсэн 4 жил 8 сар 8 хоногийн ялаас чөлөөлсөн, регистрийн УГ78082811 дугаартай, Барга овогт Э.Б.
Холбогдсон гэмт хэргийн талаар: (Яллах дүгнэлтэд бичигдсэнээр)
Яллагдагч Э.Б нь 2018 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн 14-17 цагийн орчимд Налайх дүүргийн 4 дүгээр хороо Нисэхийн 13 дугаар гудамжны 2 тоотод хаягтай иргэн Б.Норовсүрэнгийн гэрт архи ууж байхдаа өөрийн эхнэр О.Стай маргалдан зодож, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, түүний биед хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Э.Бын өгсөн: “Надтай цуг ажилладаг Эрдэнэболд гэх залуу Тэрэлж рүү хамт амралтын газар эргээд ирье гэхээр нь явсан бөгөөд тэдний гэрт нь нэг шил архи уучихаад гэртээ ирээд байж байсан. Гэтэл надтай цуг ажилладаг байсан залуу утсаар хүрээд ирээч гэж дуудахаар нь 2018 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр Налайх дүүргийн 04 дүгээр хорооны Нисэхийн 11-2 тоотод байрлах Новшинсүрэн гэдэг айлынд эхнэр О.Стай хамт очсон. Айлд очихоосоо өмнө эхнэртэйгээ цуг замаараа 2 шил архи аваад очиход надтай цуг ажилладаг залуу нэг шил архи, нэг том савтай пиво гаргаж тавиад ууж байсан. Би цуг ажилладаг залуугынхаа гаргасан архи болон өөрийн авчирсан архийг уучихаад эхнэрийгээ цуг харьцгаая, одоо болъё гэхэд манай эхнэр халамцуу байсан бөгөөд намайг “чи мөнгөндөө голоо цохиод байгаа юм уу” гэх маягаар доромжилсон үг хэлэхээр нь би “чи наад архиндаа хоргодоод байгаа юм бол архитайгаа цуг амьдар” гэж хэлээд эхнэрийгээ 2-3 удаа алгадаж цохиод унахаар нь цээж рүү нь 2-3 удаа өшиглөсөн. Багануурт манай төрсөн эгч Батцэнгэл амьдардаг болохоор тэдний гэр лүү Налайх дүүргийн соёлын ордны урдаас такси хөлсөлөөд очсон. Багануур байж байгаад 2018 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр ажилд явах ээлж таараад ажилдаа явсан. Тэр орой эхнэртэйгээ холбогдоход гэмтэлийн эмнэлэгт хэвтсэн, хавирга хугарсан эмчлүүлж байгаа гэж байсан. Би цалингынхаа картыг эхнэртээ орхидог учраас миний цалин буух үед манай эхнэр эмнэлэгийн зардалыг картнаас минь төлсөн байсан. Би ээлжийн ажилаасаа буугаад ирсэнийхээ дараа эхнэрийгээ эмнэлэгээс гарахад нь Хэнтий аймгийн аврага тосонгийн амралтын газарт аваачиж амраасан.” гэв,
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч О.Сгийн өгсөн: “Э.Быг ажилаасаа бууж ирэхэд нь найзууд нь дуудаад бид хоёр очоод бүгдээрээ архи ууцгаасан. Тухайн үед дан ганц Э.Бын буруу байгаагүй учир нь би тухайн үед архийг хэтрүүлэн хэрэглэж нөхөртөө муухай авир гаргасан гэдгийг хүмүүс дараа нь надад хэлж байсан. Тиймээс миний буруу маш их байсан. Нөхрийгөө эвгүй байдалд оруулсан гэдгээ хүлээн зөвшөөрч байгаа. 2000 онд ослын улмаас миний зүүн гар мэдээгүй болсон. Үүнээс болж байнгын хүний асаргаа шаардлагтай байдаг. Би Э.Бтой 2010 оноос хойш танилцаад нэг гэрт амьдрах болсон. Э.Б надтай цуг нэг гэрт амьдрах хугацаандаа намайг асарч, гэр орны ойр зуурын ажил хийхдээ ерөөсөө түүртдэггүй. Миний зүүн гар муу болохоор ямар нэгэн юмнаас унахдаа зүүн гараараа тулж чадаггүй учраас дандаа нэг талаараа унаж өөрийгөө гэмтээж байдаг. Гэтэл миний ойрын хүмүүс үүнийг буруугаар ойлгоод бид хоёрыг дандаа хэрэлдэж зодолддог гэж ойлгодог. Манай нөхөр сүүлд суллагдаж гарч ирээд их зүйлийг ойлгож байгаа буюу ажил төрөлтэй, орон гэртэй болъё гэж хичээгээд улсад ажил хийгээд явж байсан. Би өөрөө буруутай байсан учраас гомдол гаргана гэж бодоогүй байж байтал манай төрсөн дүү намайг байхгүй байхад өргөдөл өгсөн байсан. Энэ хүн ажил хийгээд гэр орноо авч явдаг бөгөөд байрны түрээс төлдөг тул энэ хүнийг байхгүй бол би хэцүү байдалд орно. Жишээ нь манай нөхөр өглөө босоод миний үсийг самнаж өгдөг. Гэтэл тусдаа гараад явчихсан миний ойрын хүмүүс намайг энэ хүний асаргаанд байгаа гэдгийг ойлгодоггүй. Миний хань сүүлд ял эдэлж гарч ирээд ажил хийж, хамт олон дунд ороод маш их зүйлийг ойлгож хүмүүсээс олон зүйлийг сурч байгаа. Манай нөхөр сайхан амьдарна гээд маш шургуу зүтгэж байсан. Энэ бүгдийг харгалзаж үзээд хорихоос өөр ял оноож өгнө үү гэж хүсч байна” гэх,
Хохирогч О.Сгийн мөрдөн байцаалтад өгсөн “...Би урьдын мэдүүлэгт Э.Б бид 2 маргалдах хааяа нэг гар хүрэх тохиолдол байсан. Гэхдээ миний хөлийг хугалж, мөн 2018 оны 03 дугаар сарын 27-ны өдөр Э.Б намайг хутгалж байсан зүйл байхгүй. Манай дүү нар Э.Быг архи их уудаг учраас их дургүй хөөж явуул гэж байнга ад үзэж байдаг учраас манай дүү Содгариг буруу ташаа мэдүүлэг өгсөн байх гэж бодож байна.
...Миний биеийн байдал одоо зүгээр болсон сайн байгаа. Надад одоо гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй.” гэх мэдүүлэг,
/хх-ийн 14-15 дугаар тал/
Гэрч Э.Саруулын мөрдөн байцаалтад өгсөн “...Би 2018 оны 4 дүгээр сарын17-ний орой 21 цагийн үед Налайх дүүргийн 2 дугаар хороо 42 дугаар байр 25 тоотод өөрийн ээжийн гэрт нүүрний тосоо авах гэж ороод өрөөнд ортол ээж орон дээр хэвтэж байсан. Би “ээж та байгаа юм уу” гэж дуудсан хариу өгөхгүй байхаар нь гэрэл асаагаад “ээж” гээд дуудсан чинь нүүр, ам, гар, хөх няц болсон ухаангүй хэвтэж байсан. Би сандраад эмнэлэг дуудаад байж байтал ээж гэнэт бөөлжөөд ухаан орсон.
...Манай ээжийн хамтран амьдрагч Э.Б гэн хүн л зодсон өөр хүн зодох хүн байхгүй энэ хүн олон удаа зодож байгаа ээжийг чамайг цагдаад өгвөл ална гэж айлган сүрдүүлдэг сүүлийн 3-4 жил ээжийн нүүр ам дандаа хөхөрсөн байдалтай байгаа” гэх мэдүүлэг,
/хх-ийн 19-20 дугаар тал/
Гэрч О.Содгаригийн мөрдөн байцаалтад өгсөн “...Э.Б манай эгчтэй 2013 оноос амьдарсан тэр цагаас хойш л биед нь халдаж зодож гэмтээж байсныг Сонинзаяа нууж бид нарт хэлэхгүй нууж, өгсөн өргөдөл гомдлыг буцааж авдаг. Би болсон он сарыг сайн санахгүй байна Э.Б манай эгчийг зодоод хөлийг нь хугалсан тухайн үед цагдаагийн байгууллагад дуудлага өгч шалгагдаж байсныг яаж шийдвэрлэсэн талаар би санахгүй байна. Хамгийн сүүлд 2018 оны 3 дугаар сарын27-ны шөнө манай дүү Саруул над руу залгаад “Э.Б ээжийг хутгалсан” гэж хэлсэн. Би Улаанбаатар хотоос Налайх дүүрэгт ирээд уулзах гэтэл Э.Б манай эгч 2 байхгүй байсан. Би цагдаатай хамт Налайх дүүргийн нутаг дэвсгэрээр хайж байгаад олоогүй гэртээ ирсэн чинь маргааш манай эгч Сонинзаяа над руу залгаад “чи наагуураа юу хийгээд олон юм яриад байгаа юм, бид 2 Тэрэлжид амарч байна” гэж хэлсэн. Сонинзаяа эгчээс би “та одоо яагаад байгаа юм бэ, наад хүнээсээ салаач” гэж хэлэхэд “энэ чинь намайг цагдаад эсвэл дүүдээ хэлбэл чамайг ална, бага хүүг чинь ална, охиныг чинь хүчиндэнэ” гээд байгаа юм чинь гэж хэлж байсан” гэх мэдүүлэг,
/хх-ийн 23-25 дугаар тал/
Гэрч Б.Норовсүрэнгийн мөрдөн байцаалтад өгсөн “...2018 оны 4 дүгээр сарын17-ны өдөр цагийг нь санахгүй байна. Манай найз Гансүх /Жооны/ Өмнөговь аймгаас ажлаас буугаад ирсэн гэж манай гэрт 2 литрийн Боргио пиво, 0,75 литрийн Хараа архитай орж ирээд бид 2 хувааж уугаад Гансүх Э.Быг утсаар дуудсан юм. Ингээд удалгүй Э.Б өөрийн эхнэр Сонинзаяа эгчийг дагуулаад 2 шил архи барьсан манай гэрт ирээд бид 4 уг архи пивог хувааж уугаад байж байх үед Гансүх Улаанбаатар хотод ажилтай гэж хэлээд ганцаараа гараад явсан юм. Энэ үед би архи хэтрүүлэн уусан байсан учир хэсэг хугацаанд тасраад зүүн талын орон дээр унтсан байсан. Гэтэл Сонинзаяа эгч намайг сэрээгээд цээжээ гараараа дараад эгчийнх нь бие өвдөөд байна. Сая Э.Бтой маргалдаад намайг зодоод гараад явлаа намайг гэрт хүргээд өгөөч гэхээр нь би гараад гудамжинд явж байсан таксыг зогсоож гэрт нь оруулж өгөөд явсан.” гэх мэдүүлэг,
/хх-ийн 26-28 дугаар тал/
Гэрч Д.Дамдинсүрэнгийн мөрдөн байцаалтад өгсөн “...Манай эхнэрийн төрсөн дүү Э.Б нь 2004 оноос хойш хойш надтай хамтарч хувиараа авто засварын газар ажиллуулж байсан. Түүнээс хойш Шивээ овоод нүүрсний том машин жолоодож явсан. Ер нь хувиараа хөдөлмөр эрхлэж байдаг юм. Одоо Налайх дүүрэгт Сонинзаяатай хамт Налайх дүүрэгт амьдарч байгаа гэрийн хаягийг нь сайн мэдэхгүй байна” гэх мэдүүлэг,
/хх-ийн 29-31 дүгээр тал/
Гэрчээр шүүгдэгч Э.Бын мөрдөн байцаалтад өгсөн “...Сонинзаяа архи нэмж уугаад байхаар нь “одоо явъя” гэхэд намайг “мөнгө харамлаж байна уу” гэх мэтээр намайг доромжилоод байхаар нь “чи наад архитайгаа хамт байгаарай” гэж хэлээд нүүрэн тус газарт нь хэд хэдэн удаа цохиж шалан дээр унах үед нь цээж орчимд нь 2 удаа өшиглөж зодоод ганцаараа гараад Соёл урлагын ордны урд талаас такси бариад Багануур дүүрэг явсан” гэх мэдүүлэг,
/хх-ийн 32-34 дүгээр тал/
Монгол Улсын Шүүхийн Шинжилгээний Хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн №08шэ/232 дугаар:
/хх-ийн 37-38 дугаар тал/
Хохирогчийн эмнэлэгийн байгууллагад үзүүлсэн тодорхойлолт,
/хх-ийн 39 дүгээр тал/,
Иргэний үнэмлэхийн лавлагаа,
/хх-ийн 55 дугаар тал/
Оршин суугаа хаягийн тодорхойлолт,
/хх-ийн 58 дугаар тал/
Гэрлэлтийн баталгааны хуулбар,
/хх-ийн 59 дүгээр тал/,
Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас,
/хх-ийн 69 дүгээр тал/
Нийслэлийн Баянзүрх дүүргийн шүүхийн 1997 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 547 дугаар таслан шийдвэрлэх тогтоолын хуулбар,
/хх-ийн 70-71 дүгээр тал/
Багануур дүүргийн шүүхийн 1999 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн 52 дугаар таслан шийдвэрлэх тогтоолын хуулбар,
/хх-ийн 72-73 дугаар тал/
Налайх дүүргийн шүүхийн 2002 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 152 дугаар шийтгэх тогтоолын хуулбар,
/хх-ийн 74-75 дугаар тал/
Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2014 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн 394 дүгээр шийтгэх тогтоолын хуулбар,
/хх-ийн 77-80 дугаар тал/
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн 212 дугаар шийтгэх тогтоолын хуулбар,
/хх-ийн 82-85 дугаар тал/
Гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдлын үнэлгээний маягт,
/хх-ийн 90-99 дүгээр тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, нэр бүхий яллагдагч болон шүүгдэгч, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэв.
Шүүгдэгч Э.Б нь 2018 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн 14-17 цагийн орчимд Налайх дүүргийн 4 дүгээр хороо Нисэхийн 13 дугаар гудамжны 2 тоотод оршин суух иргэн Б.Норовсүрэнгийн гэрт эхнэр О.Сгын хамт согтууруулах ундаа хэрэглэж байхдаа эхнэр О.Сгаа “гэрлүүгээ явъя гэхэд чи мөнгө хармаллаа” гэх шалтгаанаар маргалдан зодож, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн, түүний биед баруун эгэмний дунд шугамаар 2,3-р хавирга, суганы урд шугамаар 7-р хавирга, суганы дунд шугамаар 8,10-р хавирга, далны шугамаар 11-р хавирга зөрүүгүй, суганы арын шугамаар 8-р хавирга зөрүүтэй, далны шугамаар 8,10,11 дүгээр хавирга зөрүүтэй хугарал, зүүн суганы дунд шугамаар 2-р хавирга, суганы урд шугамаар 4,5-р хавирга зөрөөгүй хугарал, баруун зүүн тохойнд зулгаралт, толгойн хуйханд зөөлөн эдийн няцрал бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:
шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн шүүгдэгч Э.Бын “...Би цуг ажилладаг залуугынхаа гаргасан архи болон өөрийн авчирсан архийг уучихаад эхнэрийгээ цуг харьцгаая, одоо болъё гэхэд манай эхнэр халамцуу байсан бөгөөд намайг “чи мөнгөндөө голоо цохиод байгаа юм уу” гэх маягаар доромжилсон үг хэлэхээр нь би “чи наад архиндаа хоргодоод байгаа юм бол архитайгаа цуг амьдар” гэж хэлээд эхнэрийгээ 2-3 удаа алгадаж цохиод унахаар нь цээж рүү нь 2-3 удаа өшиглөсөн...” гэх,
хохирогч О.Сгийн “...Тухайн үед дан ганц Э.Бын буруу байгаагүй учир нь би тухайн үед архийг хэтрүүлэн хэрэглэж нөхөртөө муухай авир гаргасан гэдгийг хүмүүс дараа нь надад хэлж байсан. Тиймээс миний буруу маш их байсан.
...Би урьдын мэдүүлэгт Э.Б бид 2 маргалдах хааяа нэг гар хүрэх тохиолдол байсан” гэх,
гэрч Э.Саруулын “...Манай ээжийн хамтран амьдрагч Э.Б гэн хүн л зодсон өөр хүн зодох хүн байхгүй энэ хүн олон удаа зодож байгаа ээжийг чамайг цагдаад өгвөл ална гэж айлган сүрдүүлдэг сүүлийн 3-4 жил ээжийн нүүр ам дандаа хөхөрсөн байдалтай байгаа.” гэх,
гэрч Б.Норовсүрэнгийн “...Сая Э.Бтой маргалдаад намайг зодоод гараад явлаа.” гэх мэдүүлгүүд, 2018 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн №08шэ/232 дугаар дүгнэлт зэрэг хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч Э.Бод Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд нь тооцох нь зүйтэй гэж шүүх үзэв.
II. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар
Улсын яллагчаас “Шүүгдэгч Э.Бод Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож 2 жил хорих ял оногдуулах, уг оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх, ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, бусдад төлөх төлбөргүй, Э.Б нь шүүхийн шатнаас оргон зайлсан учир түүнд цагдан хорих талсан сэргийлэх арга хэмжээ авагдсан. Уг цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан хугацааг хорих ялд оруулан тооцох тус тус саналтай байна.” гэх,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Мартаас: “Шүүгдэгч Э.Б нь энэ гэмт хэрэгт гэм буруутай байна гэж Хэдийгээр хохирогчийн биед хүндэвтэр гэмтэл учруулсан боловч уг гэмт хэрэг гарах болсон шалтгаан нь хохирогчийн зүй бус үйлдлээс болсон гэдгийг хохирогч өөрөө шүүх хуралдааны явцад тодорхой ярьж байна. Мөн хохирогч гомдол санал байхгүй гэж байгаа бөгөөд шүүгдэгч хорих ял авсан тохиолдолд харж хандах хүнгүй гэдгээ удаа дараа илэрхийлж байна. Иймд миний зүгээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар Э.Бод ял оногдуулахгүйгээр 1 жил 6 сарын хорих ялыг тэнсэж өгнө үү. Мөн нэмэлт зан үйлээ засах албадлагын арга хэмжээг шүүгдэгчид хэрэглэж өгнө үү” гэх дүгнэлт, тайлбарыг тус тус гаргаж мэтгэлцжээ.
Шүүх эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүгдэгч Э.Бийг гэм буруутайд тооцсон нотлох баримтуудад үндэслэн түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасан “хохирогчийн зүй бус үйлдлийг” хөнгөрүүлэх нөхцөл байдалд, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан “Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал” тогтоогдоогүй болохийг тус тус харгалзан үзлээ.
III. Бусад асуудлаар
Энэ гэмт хэргийн улмаас хохирогч нь ямар нэгэн хохирол нэхэмжлээгүй, гомдол саналгүй гэсэн тул шүүгдэгчийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Энэ хэрэгт эрүүгийн хэргийн хамт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, шүүгдэгч Э.Б нь
2018 оны 11 дүгээр сарын 29-ний өдрөөс 2018 оны 12 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл нийт 20 хоногийг цагдан хоригдсон болохыг тус тус дурдах нь зүйтэй.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Барга овогт Э.Быг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэм хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т хэсэгт зааснаар Э.Быг 2 жил хорих ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан Э.Бод оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Э.Бын 2018 оны 11 дүгээр сарын 29-ний өдрөөс 2018 оны 12 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон нийт 20 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцсугай.
5. Энэ хэрэгт эрүүгийн хэргийн хамт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, хохирогч нь нэхэмжлэх зүйлгүй, шүүгдэгч Э.Б нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлийг Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэй болохыг дурдсугай.
7. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Э.Бод урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ЧИНЗОРИГ