Өвөрхангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх ийн Шийдвэр

2016 оны 07 сарын 06 өдөр

Дугаар 294

 

Өвөрхангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны  шүүхийн иргэний шүүх хуралдааныг шүүгч А.Үүрийнтуяа даргалж,

Хүсэлт гаргагч: Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан сумын 1 дүгээр багт оршин суух, Тайж овгийн Моёогийн Ирэхзаяагийн хүсэлттэй,

            “Д.Балттай хамтын амьдралтай байснаа сэргээн тогтоолгох” тухай иргэний хэргийг  хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч М.Ирэхзаяа, нарийн бичгийн дарга Т.Эрдэнэ нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч М.Ирэхзаяа шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Миний бие нь Д.Балттай 2009 оны 09 дүгээр сарын 17-ны өдрөөс 2016 оны 05 дугаар сарын 16-ны өдөр хүртэл хамт амьдарч 3 хүүхдийн эцэг эх болцгоосон. Миний хань Д.Балт нь 2016 оны 05 дугаар сарын 16-ны өдөр нас барсан. Бага хүү И.Пүрэвсайхан нь 2016 оны 06 дугаар сарын 04-ний өдөр төрсөн. Ингээд хүүхдүүддээ тэжээгчээ алдсаны тэтгэмж тогтоолгох гэтэл Д.Балттай хамтын амьдралтай байснаа тогтоолгох шаардлагатай гэсэн тул намайг Д.Балттай 2009-2016 оны 05 дугаар сарын 16-ны өдөр хүртэл хамтын амьдралтай байсныг тогтоож өгнө үү гэв.

Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад: 

ҮНДЭСЛЭХ нь:

Хүсэлт гаргагч М.Ирэхзаяа нь “Д.Балттай хамтын амьдралтай байснаа сэргээн тогтоолгох” тухайхүсэлтийг тус шүүхэд гаргажээ.

М.Ирэхзаяа нь Диваа овгийн Дайдаагийн Балттай 2009 оноос эхлэн 2016 оны 05 дугаар сарын 16-ны өдрийг хүртлэх хугацаанд хамтын амьдралтай байсан,  Д.Балт нь  2016 оны 05 дугаар сарын 16-ны өдөр нас барсан болох нь Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан сумын Засаг даргын Тамгын газрын 2016 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 2/157 тоот , Зүүнбаян-Улаан сумын 1 дүгээр багийн Засаг даргын 2016 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн 177 дугаартай, 2016 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 267 дугаартай тодорхойлолтууд, Өвөрхангай аймгийн архивын тасгийн 2016 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 109 дугаартай лавлагаа, Диваа овгийн Дайдаагийн Балттын №0000126792 дугаартай нас барсны гэрчилгээний хуулбар, 2010 оны хүн ам, орон сууцны улсын тооллогын баримт, гэрч Д.Үүрцайх, Т.Наран-Өлзий нарын мэдүүлэг зэрэг бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна.

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

                                                  ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.14 дэх хэсэгт зааснаар Тайж овгийн Моёогийн Ирэхзаяаг 2009 оноос эхлэн 2016 оны 05 дугаар сарын 16-ны өдрийг хүртлэх хугацаанд Диваа овгийн Дайдаагийн Балттай хамтын амьдралтай байсан болохыг тогтоосугай.

 2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээсүгэй. 

3. Шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчин төгөлдөр болох ба хүсэлт гаргагч  шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны  шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.    

 

                       

                         ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                        А.ҮҮРИЙНТУЯА