Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 02 сарын 28 өдөр

Дугаар 2019/ШЦТ/36

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Чинзориг даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Оюун-Эрдэнэ,

улсын яллагч Б.Батбаяр,

шүүгдэгч Ц.Э нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:   

Нийслэлийн Налайх, Багахангай дүүргийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Ц.Эд холбогдох эрүүгийн 1907000220017 дугаартай хэргийг 2019 оны 02 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1993 оны 02 дугаар сарын 13-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 26 настай, эмэгтэй, яс үндэс халх, бүрэнд дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, нөхөр, хүүхдүүдийн хамт Улаанбаатар хот, Налайх дүүрэг 01 дүгээр хороо, Баянзүрхийн 7-774 тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, регистрийн УИ93021365 дугаартай, Боржигон овогт Ц.Э.

Холбогдсон гэмт хэргийн талаар: (Яллах дүгнэлтэд бичигдсэнээр)

Яллагдагч Ц.Э нь Налайх дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Голомт” цогцолбор сургуулийн урд талын засмал зам дээр 2018 оны 12 дугаар сарын 27-ны өдөр 21-77 УБИ улсын дугаартай Самсунг СМ-5 маркийн тээврийн хэрэгсэлийг жолоодон явж байхдаа Замын хөдөлгөөний дүрмийн 16.1 дэх заалтыг зөрчиж гарцаар гарч явсан явган зорчигч Б.Бумцэндийг шүргэж бие махбодид нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Ц.Эын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “2018 оны 12 дугаар сарын 27-ны өдөр12 цаг 30 минутын үед би том хүү Билгүүнийг хичээлд нь хүргэж өгөөд буцаж явах замд “Бизон” баарны гадна талын гарцан дээр нэг настайвтар эмээ зогсож байсан. Тэр эмээг явуулчихъя гээд зогсож байтал эмээ хөдлөхгүй болохоор нь намайг явахыг хүлээж байгаа юм байна гэж бодоод машинаа нөгөө тийш дартал эмээ зэрэгцээд хөдөлсөн.

...Тэр эмээг хөдлөхгүй байхаар нь би явахгүй юм байх гэж бодоод хөдлөөд явсан.

...Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна.” гэх мэдүүлэг,

Хохирогч Б.Бумцэндийн мөрдөн байцаалтад өгсөн: “2018 оны 12 дугаар сарын28-ны өдөр 12 цагийн үед эрчим хүчний мөнгөө тушаахаар охин Цэрэндуламын ажилладаг Налайх дүүргийн 2 дугаар хороо “Цогтүвшин” хүнсний дэлгүүр орж мөнгө авчихаад гараад “Хаан” банкны урдуур явган хүний замаар алхаж яваад “Голомт” цогцолбор сургуулийн урд урд байрлах зам хөндлөн гардаг гарцаар гарахаар 2 тал руугаа машин тэрэг харагдахгүй болохоор нь алхаад зам руугаа ороод явтал гэнэтхэн тас хийгээд л явчихсан. Ингээд нэг сэрэхэд зам дээр хэвтэж байсан ба хүмүүс ирээд намайг өргөж босгохоор нь би охиныхоо ажлыг зааж өгөөд “манай охиныг дуудаад өгөөч” гэж хэлээд хэвтэж байтал манай охин хүрээд ирсэн. Тэгээд л эмнэлэг дээр шууд хүлээн авах тасагт ирж эмчилгээ хийлгээд тэндээсээ шууд гэмтлийн эмнэлэг орж шинжилгээнүүд хийлгэсэн.

...Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. Би шүүх хуралд суух шаардлага байхгүй” гэх мэдүүлэг,

/хх-ийн 13-15 дугаар тал/

Гэрч Н.Жадамбын мөрдөн байцаалтад өгсөн “2018 оны 12 дугаар сарын 27-ны өдөр манай эхнэр Энхзул нь намайг ажил дээр байхад залгаад “Голомт цогцолбор сургуулийн урд хүн шүргэчихлээ хүрээд ирээч” гэхээр нь би тэр дороо ажлаасаа гараад хүрээд иртэл цагдаа нар ирсэн хэмжилт хийж байсан ба мөргүүлсэн хүнийг нь эмнэлэг аваад явсан гэхээр нь араас нь эмнэлэг ороход анстайвтар эмэгтэй хүн байсан. Ингээд тухайн хүнийг Улаанбаатар хот гэмтлийн эмнэлэгт авч очиж үзүүлэхэд эгэмний яс цуурхай гэсэн ба өөр гэмтэл учирсан зүйл байгаагүй гэсэн” гэх мэдүүлэг,

/хх-ийн 23 дугаар тал/

Монгол Улсын Шүүхийн Шинжилгээний Хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн №08шэ/55 дугаар:

  1. “Б.Бумцэндийн биед баруун эгэм ясны зөрүүтэй далд хугарал гэмтэл тогтоогдлоо.
  2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
  3. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.
  4. Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварт нөлөөлөхгүй.
  5. Дээрх гэмтэл нь тогтоолд дурьдсан хэрэг болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой” гэх дүгнэлт,

/хх-ийн 26 дугаар тал/

Налайх дүүрэг дэх Цагдаагийн хэлтсийн 2019 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн

  1. “Дээрх осол нь зам тээврийн осол мөн.
  2. Явган зорчигч Б.Бумцэнд нь замын хөдөлгөөний дүрэм зөрчөөгүй байна. 2177 УБИ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан Ц.Э нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 16.1 явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө гэсэн заалтыг зөрчсөн байх үндэслэлтэй байна.
  3. Зам тээврийн осол нь Ц.Э нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн16.1 явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртож ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө гэсэн заалтыг зөрчсөнөөс болж гарсан байх үндэслэлтэй байна.
  4. Ц.Э нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхтэй байна жолоодох эрхийн лавлагааг хавсаргав.
  5. Дүгнэлт гаргах явцад хэрэгт өөр ач холбогдол бүхий нөхцөл байдал илрээгүй болно” гэх дүгнэлт,

/хх-ийн 28 дугаар тал/

 

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл,

/хх-ийн 03-04 дүгээр тал/

 

Осол, хэрэг гарсан газар хийсэн хэмжилтийн бүдүүвч, гэрэл зургийн үзүүлэлтүүд,

/хх-ийн 05-06 дугаар тал/

 

Иргэний үнэмлэхийн лавлагаа,

/хх-ийн 46 дугаар тал/

 

Жолоочийн лавлагаа, мэдээлэл,

/хх-ийн 47 дугаар тал/

 

Төрсний бүртгэлийн лавлагаа,

/хх-ийн 48 дугаар тал/

 

Оршин суугаа хаягийн тодорхойлолт,

/хх-ийн 49 дүгээр тал/,

 

Гадаад паспортын хуулбар,

/хх-ийн 50-51 дүгээр тал/,

Үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгийг өмчлөлд шилжүүлэх гэрээний хуулбар,

/хх-ийн 52-55 дугаар тал/,

 

2019 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн мөрдөгчийн тогтоол,

/хх-ийн 56 дугаар тал/,

 

Эд зүйл, баримт бичиг, гомдол мэдээлэл, бусад баримтыг хүлээн авсан тухай тэмдэглэл,

/хх-ийн 57 дугаар тал/,

 

Б.Цэрэндуламын хүсэлт болон хохирлын баримт,

/хх-ийн 58-60 дугаар тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, нэр бүхий яллагдагч болон шүүгдэгч,  хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэв.

 

  1. Гэм буруугийн талаар                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                         

Шүүгдэгч Ц.Э нь 2018 оны 12 дугаар сарын 27-ны өдөр Налайх дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Голомт” цогцолбор сургуулийн урд талын засмал зам дээр 21-77 УБИ улсын дугаартай Самсунг СМ-5 маркийн тээврийн хэрэгсэлийг жолоодон явахдаа Замын хөдөлгөөний дүрмийн 16.1 дэх заалтыг зөрчиж гарцаар гарч явсан явган зорчигч Б.Бумцэндийг шүргэж бие махбодид нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:

шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн шүүгдэгч Ц.Эын өгсөн “...Тэр эмээг хөдлөхгүй байхаар нь би явахгүй юм байх гэж бодоод хөдлөөд явсан.

...Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна...” гэх,

хохирогч Б.Бумцэндийн “...“Хаан” банкны урдуур явган хүний замаар алхаж яваад “Голомт” цогцолбор сургуулийн урд урд байрлах зам хөндлөн гардаг гарцаар гарахаар 2 тал руугаа машин тэрэг харагдахгүй болохоор нь алхаад зам руугаа ороод явтал гэнэтхэн тас хийгээд л явчихсан...” гэх,  

гэрч Н.Жадамбын “...Энхзул нь намайг ажил дээр байхад залгаад “Голомт цогцолбор сургуулийн урд хүн шүргэчихлээ хүрээд ирээч” гэхээр нь би тэр дороо ажлаасаа гараад хүрээд иртэл цагдаа нар ирсэн хэмжилт хийж байсан ба мөргүүлсэн хүнийг нь эмнэлэг аваад явсан гэхээр нь араас нь эмнэлэг ороход анстайвтар эмэгтэй хүн байсан...” гэх мэдүүлгүүд болон Монгол Улсын Шүүхийн Шинжилгээний Хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн №08шэ/55 дугаар дүгнэлт /хх-26/, Налайх дүүрэг дэх Цагдаагийн хэлтсийн 2019 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн дүгнэлт зэрэг хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч Ц.Э нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд нь тооцох нь зүйтэй гэж шүүх үзэв.

 

  1.  Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар

Улсын яллагчаас “Шүүгдэгч Ц.Эд ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Эд 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг шүүхэд оруулж байна” гэх,

Өөрий өөрийгөө өмгөөлж буй шүүгдэгч: “Тайлбар байхгүй” гэх дүгнэлт, тайлбарыг тус тус гаргажээ.

 

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчимыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг тал бүрээс нь харгалзан Ц.Э нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон ба хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Иймд Ц.Эыг автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөг торгох ял оногдуулж, уг торгох ялыг 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлөх нь зүйтэй  гэж шүүх үзэв.  

 

  1. Бусад асуудлаар

Энэ гэмт хэргийн улмаас учирсан хохиролын талаар хохирогч мөрдөн байцаалтад “...Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэж мэдүүлснийг үндэслэн шүүгдэгч Ц.Эыг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзсэн ба эрүүгийн хэргийн хамт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, шүүгдэгч Ц.Э нь цагдан хоригдсон хоноггүй болох, хэрэгт түр хугацаагаар хадгалагдсан Ц.Эын В1139977 дугаартай жолоочийн үнэмлэх, 01463348 дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээ тус бүрийг эзэмшигчид нь буцаан олгохыг тус тус дурдах нь зүйтэй.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5, 36.2, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Боржигон овогт Ц.Эыг автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэм буруутайд тооцсугай.
  2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ц.Эыг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
  3. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Ц.Эд оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялыг 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
  4. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг ялтан Ц.Эд мэдэгдсүгэй.
  5. Хэрэгт түр хугацаагаар хадгалсан В1139977 дугаартай жолоочийн үнэмлэх, 01463348 дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээг буцаан олгож, битүүмжлэгдэн ирсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, Ц.Э нь цагдан хоригдсон хоноггүй, болохыг тус тус дурдсугай.
  6. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлийг Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэй болохыг дурдсугай.
  7. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Ц.Эд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.                             

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Д.ЧИНЗОРИГ