Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 12 сарын 25 өдөр

Дугаар 210/МА2024/00025

 

 

2023 оны 12 сарын 25 өдөр

Дугаар 210/МА2024/00025

 

  

Э.С-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Золзаяа даргалж, шүүгч Ц.Алтанцэцэг, Д.Бямбасүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 181/ШШ2023/03176 дугаар шийдвэртэй

Э.С-ын нэхэмжлэлтэй

Х ХХК-д холбогдох

эд хөрөнгөд учруулсан гэм хорын хохиролд 50,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг

нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Д.Бямбасүрэн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Э.С, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ш.Э, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М, хариуцагчийн өмгөөлөгч Т.У, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Р.Энхзаяа нар оролцов.

 ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, түүний үндэслэлийн агуулга: Би төрсөн өдрөөрөө 2022 оны шилдэг зураач Б.Бийн 2021 оны бүтээл, Аquariumeta гэх 170 х180 см хэмжээтэй, уран зургийг 2022 оны 10 дугаар сарын 06-ны өдөр зураачтай нь тохиролцон, 20 сая төгрөгт тооцон хөөрөг, 30 сая төгрөгийг бэлнээр тус тус өгч, нийт 50,000,000 төгрөгөөр худалдан авч, цааш нь худалдан борлуулах зорилгоор уран зургийн үзэсгэлэн худалдаа эрхлэгч Ө.Б тэй тохирч, худалдан борлуулах зуучлалын гэрээг 2022 оны 12 дугаар сарын 22-ны өдөр амаар байгуулан, түүний С өргөө менежмент ХХК-ийн 9 давхарын 902 тоотод байрлах оффист хадгалуулж байхад 2023 оны 01 дүгээр сарын 31-ний өдрөөс 02 дугаар сарын 01-ний өдөр шилжих шөнө С өргөө менежмент ХХК-ийн 12 давхарт байрлах, Х ХХК-ийн SRAE ресторан нь гал тогооны сантехникийн буруу холболтын улмаас их хэмжээний ус алдалт үүсэн, миний өмчлөлийн Аquariumeta гэх уран зураг гэмтэж, цаашид худалдан борлуулах боломжгүй болсон юм. Зураач тухайн зургийг бүхэлдээ засварлах боломжгүй, гэмтсэн байна гэж хэлсэн.

Х ХХК нь тухайн обьектыг түрээсэлж байхдаа засвар хийх явцдаа сантехникийн буруу холболтоос ус алдсан буруутай. Харин барилгын чанарын асуудлаар С өргөө менежмент ХХК-д холбогдуулан тусдаа маргах эрхтэй. Зургийг Ө.Б 902 тоотод хөндлөн түшлэг дээр босгож тавиад хадгалж байсан. Б.Б-т зургийг 50,000,000 төгрөгөөр үнэлсэн бөгөөд би зурагны үнэд хөөрөг болон бэлэн мөнгө өгсөн учир нотлох баримт байхгүй. Зураач өөрөө 50,000,000 төгрөгөөр зарсан бичиг хийж өгсөн, тухайн баримтад бид Б.Бтын өмнөөс гарын үсэг зураагүй. Уг зураг өмнө нь ямар зураг байсан талаар фото зургийг нь мөн шүүхэд өгсөн.

Иймд Иргэний хуулийн 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасны дагуу гэм хор учруулсны хохирол болох зурагны үнэ 50,000,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга: 2023 оны 01 дүгээр сарын 31-ний өдрөөс 02 дугаар сарын 01-нд шилжих шөнө С тауэр оффис, үйлчилгээний төвд байрладаг манай мэдлийн 12 давхарын ТHE SRAI рестораны хэсгээс ус алдсан. Ийнхүү ус алдах болсон нь дараах нөхцөл байдал, хүчин зүйлүүдээс шалтгаалсан. Үүнд ус алдсан орой гарч болох хохирлоос хамгаалах, гэм хор учирч болох эрсдэлийг багасгах зорилгоор С тауэр оффисийн 9 давхарын 902 тоотод байрладаг байгууллагатай өглөө 5.00-7.00 цагийн хооронд утсаар холбоо барьж, холбогдох мэдээллийг өгсөн ч тус компанийнхан 9.35 минутад оффис дээрээ ирж, хаалга онгойлгосон. Ингэхэд 902 тоот өрөөний шалан дээр иргэн Э.Содгэрэлийн нэхэмжлэлд дурдсан нэр бүхий уран зураачийн урласан зургаас гадна өрөө дүүрэн уран зураг байсныг тухайн үед байлцаж байсан хүмүүс бүгд харсан билээ.

Бусдад уран зураг худалдах зорилгоор уран зургийн галерей эрхлэн ажиллуулдаг компани өндөр үнэтэй гэх уран зургуудыг сонирхогч этгээдүүдэд худалдан борлуулах зорилгоор өөрийн оффист хадгалахдаа зураг хадгалах, арчлах стандарт шаардлага хангалгүй, олон уран зургийг шалан дээр хаяж, бусдын эд хөрөнгийг хамгаалах, бүрэн бүтэн байдлыг нь хангахын тулд шаардлагатай арга хэмжээ авах үүргээ зөрчсөн байсан. Хэрэв 902 тоотод уран зургуудыг шалан дээр зулж, орхиогүй байсан бол ус алдалтын үеэр Э.С т эд хөрөнгийн хохирол учрахад өөрийн хэт хайхрамжгүй гэм буруутай үйлдэл нөлөөлсөн гэж үзэн учирсан гэх хохирлыг нөхөн төлөх үүрэг хүлээх үндэслэлтэй. Уран зургууд хамгаалалт, стандартын шаардлага хангаагүй шалан дээр байсан нөхцөл байдлыг гэрчүүд нотолдог. А ХХК-ийн барьсан Соёмбо тауэр үйлчилгээ, оффисын төвийн барилгын чанар, стандартын шаардлага хангаагүй болох нь ашиглалтад орсноос хойш, нэн ялангуяа ус алдалтын дараа тодорхой болсон. Барилгын чанарын дутагдлыг дурдвал давхрын хучилт цооролт ихтэй, халаалт, салхивч, цэвэр бохир усны шугамын босоо шугамын шахт, битүүмж муу. Давхар дундын хучилт усны шүүрэлт ихтэй байсан учир ус алдахад доошоо олон давхар руу ус маш их хурдацтай нэвтэрч ороход шууд нөлөөлсөн. Ус алддаг өдөр харуул хамгаалалт, жижүүрийн албаныхан байх ёстой албаны байрандаа байгаагүй, гадаа гаран, асуудалд хайхрамжгүй хандсан бөгөөд болж буй үйл явдлын талаар цаг алдаж мэдэн доод давхаруудад байрлаж байсан этгээдүүдэд цаг тухайд нь мэдэгдэж, гарч болох хохирлыг багасгахад чиглэгдсэн арга хэмжээ аваагүй болно. Зураг нэхэмжлэгч Э.С-ын х мөн эсэх нь эргэлзээтэй. Мөн ус алдсан асуудалд Х ХХК-ийг буруутай гэж үзэхгүй. Тухайн зураг нь шилдэг зураач Б.Бийн 2021 оны бүтээл мөн эсэх, Аquariumeta гэх 170х180 см хэмжээтэй, уран зургийг нэхэмжлэгч 50,000,000 төгрөгөөр худалдан авсан эсэх, уран зураг өмнө нь ямар байсан, сэргээх боломжгүй устсан эсэхийг хэрхэн яаж мэдэх юм. Уг 50,000,000 төгрөгөөр зарсан гэх баримтыг зураач Б.Б бичсэн эсэх, гарын үсэг зураачийнх мөн эсэх зургийг 50,000,000 төгрөгөөр худалдан авсан гэх баримт ч байхгүй.

Шүүхэд өгсөн Б.Б-тын тодорхойлолт нь нотлох баримтын шаардлага хангахгүй, бичсэн агуулга, Аquariumeta 2021 оны бүтээлээ 50,000,000 төгрөгөөр худалдан авсан эсэхэд маргаж байна. 50,000,000 төгрөгөөр худалдан авсан гэдгээ нэхэмжлэгч нотлоогүй, бидний буруугаас ус алдсаныг нэхэмжлэгч нотлох үүрэгтэй.

Нэхэмжлэгчийн хэрэгт өгсөн зуучлалын гэрээ, бусад бүх баримт нь нотлох баримтын шаардлага хангахгүй байна. Өөрөө зуучлалын гэрээгээр зургаа Ө.Б-т хадгалуулахаар өгсөн боловч тухайн гэрээнд нь хэн хадгалах үүрэг хүлээсэн зохицуулалт ч байхгүй бөгөөд хохирсон бол хадгалахаар авсан хүн нь хохирлын хариуцах ёстой. Мөн зураг нь өмнө нь ямар зураг байсан, нэхэмжлэгчийн нэхээд байгаа зураг мөн эсэх сертификатад байгаа зураг нь мөн эсэх үүнийгээ хэдэн төгрөгөөр авсан, одоо зураг нь ямар болсон юм гэх зэрэг зүйл тодорхойгүй, үүнийгээ нэхэмжлэгч нотлох ёстой гэжээ.

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д заасан үндэслэл тогтоогдоогүй тул нэхэмжлэгч Э.С-ын хариуцагч Х ХХК-д холбогдох эд хөрөнгөд учирсан гэм хорын хохиролд 50,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Иргэдийн төлөөлөгч Б.М нь Хариуцагч тал нь энэ нэхэмжлэлийг бүрэн барагдуулах нь өрөөсгөл санагдаж байна. Энэ хариуцагч нь ус алдсан газрыг түрээслэдэг. Түрээслэдэг газар нь бас хариуцлага цуг хүлээх хэрэгтэй санагдаж байна гэж дүгнэснийг дурдаж,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 407,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

4. Нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга: Анхан шатны шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг эс зөвшөөрч байна. Үүнд:

Х ХХК нь 2023 оны 01 дүгээр сарын 31-ний өдрөөс 02 дугаар сарын 01-нд шилжих шөнө С тауэр оффис үйлчилгээний төвийн 12 давхарт байрлах тус компаний ТНЕ SRAI ресторанаас ус алдсанд маргадаггүй. Харин Соёмбо тауэр барилгыг барьсан А ХХК барилгыг чанаргүй, стандартын дагуу бариагүй учраас ус доод давхар руу их хэмжээгээр хурдацтай нэвтрэн орж хохирол учруулсан гэж хариу тайлбартаа дурдсан байдаг. Гэвч С тауэр оффис, үйлчилгээний барилгыг Барилгын тухай хуульд заасны дагуу улсын комисс Монгол Улсын стандарт, чанарыг хангасан гэж үзэж ашиглалтад оруулахыг зөвшөөрсөн байдаг. Х ХХК нь Соёмбо тауэр барилгын чанар стандартаас шалтгаалан ус алдсан гэх ямар ч нотлох баримтгүй, үндэслэлгүй тайлбарыг үндэслэж анхан шатны шүүх Х ХХК нь бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан нь тогтоогдохгүй байна гэж илт үндэслэлгүй дүгнэж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

Шүүх уг хэргийн үйл явц, хоорондын шалтгаант холбоог харгалзаж үзэлгүй, хариуцагч өөрийн гэм буруутай байдлаа бусдад ямар ч нотлох баримтгүйгээр хамааруулсан тайлбарыг үндэслэж, Х ХХК-ийг гэм хор учруулаагүй гэж шийдвэрлэсэн тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

5. Давж заалдах гомдолд хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан тайлбарын агуулга: Ус алдсантай холбоотой бидний буруу байхгүй гэдгийг анхан шатны шүүхэд тодорхой тайлбарласан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа өөрөө нотлох үүрэгтэй. Бидний буруутай үйл ажиллагаанаас шалтгаалан нэхэмжлэгчид эд хөрөнгийн хохирол учирсан гэж үзэж байвал үүнийгээ нотлох ёстой. Уран зургийн 50,000,000 төгрөг гэх дүн хаанаас гарч ирсэн, ямар учиртай дүн гэдэг асуудал яригдана. Бидний зүгээс хавтаст хэрэгт хараахан өгөөгүй боловч нэхэмжлэлийн шаардлагад бичсэнээр С өргөө менежмент ХХК нь Х ХХК-ийн байрлаж байгаа оффисын ус, дулаантай холбоотой асуудлыг хариуцан ажилладаг. Ашиглалтын гэрээг С өргөө менежмент ХХК-тай байгуулсан. Байгууллага буруутай эсэх эргэлзээтэй. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа нотолж чадахгүй байж та нар буруутай гэж тайлбарлаж байгаа. Энэ бол шалтгаант холбоо биш гэв.

 ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангаж, шийдвэрийг хүчингүй болгон хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж үзлээ.

2. Нэхэмжлэгч Э.С нь хариуцагч Х ХХК-д холбогдуулан гэм хорын хохиролд 50,000,0000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба шаардлагын үндэслэлээ ...зураач Б.Боос 50,000,000 төгрөгөөр худалдан авсан уран зургаа худалдан борлуулах зорилготойгоор уран зургийн үзэсгэлэн худалдаа эрхлэгч Ө.Б тэй тохиролцож зуучлалын гэрээ байгуулсан. Зургийг С өргөө менежмент ХХК-ийн 9 давхрын 902 тоот оффист хадгалуулсан бөгөөд барилгын 12 давхарт байрлах Х ХХК-ийн The Srai ресторанаас ус алдсаны улмаас миний өмчлөлийн уран зураг гэмтэж худалдах боломжгүй болсон тул уран зургийн үнэ 50,000,000 төгрөгийг гаргуулна... гэж тодорхойлжээ.

Хариуцагч Х ХХК нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрөн, үндэслэлээ тайлбарлахдаа ...Бусдад уран зураг худалдах зорилгоор уран зургийн галерей эрхлэн ажиллуулдаг тус компанийнхан маш өндөр үнэтэй гэх уран зургуудыг сонирхогч этгээдүүдэд худалдан борлуулах зорилгоор өөрийн оффист хадгалахдаа ... стандарт шаардлагыг хангалгүйгээр ...шалан дээр хаяж, бусдын эд хөрөнгийг хамгаалах, бүрэн бүтэн байдлыг нь хангах, үүний тулд шаардлагатай арга хэмжээ авах үүргээ бүрмөсөн зөрчсөн байсан... өөрийн хэт хайхрамжгүй гэм буруутай үйлдэл нөлөөлсөн гэж үзэн хадгалахаар авсан хүн нь учирсан гэх хохирлыг хариуцах ёстой... А ХХК-ийн барьсан С тауэр үйлчилгээ оффисын төвийн барилгын чанар нь стандартын шаардлага хангаагүй байсан учир ус алдахад доошоо олон давхар ус маш их хурдацтай нэвтэрч ороход шууд нөлөөлсөн. Ус алддаг өдөр харуул хамгаалалт, жижүүрийн албаныхан байх ёстой албаны байрандаа байгаагүйгээс доод давхруудад байрлаж байсан этгээдүүдэд цаг тухайд нь мэдэгдэж гарч болох хохирлыг багасгахад чиглэгдсэн арга хэмжээ аваагүй... Энэ зураг нэхэмжлэгч Э.С-ын х мөн эсэх нь эргэлзээтэй. Тухайн зураг нь шилдэг зураач Б.Б-ийн 2021 оны бүтээл мөн эсэх, Aquariumeta гэх 170*180 см хэмжээтэй уран зургийг нэхэмжлэгч 50,000,000 төгрөгөөр худалдан авсан эсэх, уг уран зураг нь өмнө ямар байсан, сэргээх боломжгүй устсан эсэх, 50,000,000 төгрөгөөр зарсан гэх баримтыг зураач Б.Б бичсэн эсэх, гарын үсэг зураачийнх мөн эсэх нь тодорхойгүй гэжээ.

3. Соёмбо тауэр үйлчилгээ оффисын төвийн барилгын 12 давхарт байрлах хариуцагч Х ХХК-ийн ресторанаас ус алдсаны улмаас 9 давхрын 9** тоотод байрлах уран зургийн худалдаа эрхлэгч Ө.Б-ийн эзэмшлийн оффист ус алдсан үйл баримтын тухайд зохигч маргаагүй.

3.1. Хэрэгт Нэхэмжлэгч Э.С-аас Ө.Б-тай байгуулсан уран зургийг худалдан борлуулах зорилгоор байгууллага, хувь хүнд сурталчлах, худалдан авагч сонгон олж өгөх, худалдан авагчтай холбоо тогтоож өгөх зэрэгт зуучлах зуучлалын гэрээ /хх-4/, нэхэмжлэгч Э.С т Aquariumeta 2021 acrylic canvas /170*180 см/ нэртэй бүтээлийг 50,000,000 төгрөгөөр худалдсан талаарх Б.Б-ийн тодорхойлолт /хх-54/ авагджээ.

Тус хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд 9** тоот оффисын эзэмшигч Ө.Б оролцоогүй ба хариуцагчийн татгалзалд дурдагдаж буй дээрх Aquariumeta 2021 acrylic canvas /170*180 см/ уран зурагтай холбоотой шаардлагыг нэхэмжлэгч гаргах эрхтэй эсэхэд шүүхээс дүгнэлт өгөх боломжгүй байна.

3.2 Түүнчлэн талууд уг барилгын өмчлөгч нь С өргөө менежмент ХХК гэж тайлбарласны зэрэгцээ хариуцагч нь барилгын 12 дугаар давхарт түрээсээр үйл ажиллагаа явуулдаг гэж татгалзсан. Гэвч хэрэгт барилгын өмчлөгчийг тодорхойлсон баримт, мөн хариуцагчийн тайлбарт дурдагдсан түрээсийн гэрээтэй холбоотой баримт авагдаагүй.

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт Бусдын ... эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй гэж заасан ба талуудын хооронд үүссэн маргааныг шийдвэрлэхэд дээрх асуудлууд ач холбогдолтой байх боловч тодорхой бус, талууд энэ талаар мэтгэлцээгүй байна.

Өөрөөр хэлбэл , ус алдсаны улмаас уран зураг гэмтсэнтэй холбоотой гэм хорыг хэн нэхэмжлэх, учирсан гэм хорын хэмжээ ямар болох, мөн хэн хариуцах, гэм хор үүсэхэд дээрх этгээдүүдийн үйлдэл хэрхэн холбогдох талаар анхан шатны шүүх зохигчийг мэтгэлцүүлээгүй байна.

5. Давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн шүүх уг хэргийн үйл явц, хоорондын шалтгаант холбоог харгалзаж үзэлгүй хариуцагчийн тайлбарыг үндэслэж шийдвэрлэсэн гэх агуулга бүхий нэхэмжлэгчийн гомдлыг хангаж, шийдвэрийг хүчингүй болгож хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаав.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 181/ШШ2023/03176 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 407,950 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

  

 ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ЗОЛЗАЯА

 ШҮҮГЧИД Ц.АЛТАНЦЭЦЭГ

 Д.БЯМБАСҮРЭН