Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 02 сарын 27 өдөр

Дугаар 2019/ШЦТ/33

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Чинзориг даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Оюун-Эрдэнэ,

улсын яллагч Э.Ариунболд,

шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Чулуунгэрэл,

хохирогч О.Т,

шүүгдэгч А.Т нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

Нийслэлийн Налайх, Багахангай дүүргийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Монгол овогт *******ы А.Тт холбогдох эрүүгийн ******* дугаартай хэргийг *******-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, *******-ний өдөр Төв аймгийн Лүн суманд төрсөн, *******, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, кранист мэргэжилтэй, Монгол Улсын Их сургуулийн дотуур байрны жижүүр ажилтай, ам бүл 3, нөхөр, ач охины хамтаар ******* Шархадны *******од оршин суух, урьд ял шийтгэлгүй, регистрийн ******* дугаартай, Монгол овогт А.Т.

Холбогдсон гэмт хэргийн талаар: (Яллах дүгнэлтэд бичигдсэнээр)

Яллагдагч А.Т нь 2018 оны 10 дугаар сарын 12-ны өдөр Налайх дүүргийн 3 дугаар хороо Замчин гэр хорооллын гудамжинд улсын дугаартай Т. маркийн тээврийн хэрэгсэл жолоодож явах үедээ Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 21 дүгээр зүйлийн 21.1 дэх хэсэгт заасныг зөрчин зам тээврийн осол гаргасны улмаас зорчигч О.Тын эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч А.Тын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Манай дүүгийн гэр Нисэхийн хороонд байдаг. 2018 оны 10 дугаар сарын 11-нд хүүхдийн үс авсан юм. Манай нөхөр бид хоёр нэг шил архи хувааж уугаад санамсаргүйгээр ийм үйлдэл хийсэн нь миний буруу. ...О.Тыг суух үед харахгүйгээр тээврийн хэрэгсэлийг хөдөлгөсөн ” гэв.

Хохирогч О.Тын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “109 дүгээр сургуульд манай ач сурдаг. Ачийгаа хичээлээс нь аваад үдээс хойш 16 цагийн үед харих гэж явж байгаад А.Т болон түүний нөхөртэй гүүрэн дээр тааралдаад машинд нь суусан. А.Т болон түүний нөхөр нь охиныхоо хүүхдийг авах гээд гэр лүү нь явсан. Тэдний гэрээс хөдлөөд манай гудамж руу ортол эгчтэй тааралдсан. Тэдний хүүхдийг нь хайж явж байгаад нэг айлаар орсон. Айлаас хөдлөх гэж байхад машинд хүмүүс дүүрчихсэн зай муутай байсан болохоор “би цаашаа шахаарай” гэж хэлээд хаалгыг нь онгойлгоод зогсож байтал машин хөдөлчихсөн. Хөдөлгөөн эхлэхэд машины баруун талын арын дугуй зүүн хөлийн шагайны орчимоор дайрсан. Хөл дайрагдахад би газар суугаад унаад өгсөн. Тэгэхэд эгч “Төмрөөгийн хөл болохоо байлаа” гэхэд машин шууд зогссон” гэв,

Шүүгдэгч А.Тын мөрдөн байцаалтад гэрч болон яллагдагчаар өгсөн “ эгч миний машинд сууж хэд хэдэн айлаар орж хамгийн сүүлийн айлаар ороод буцаж гарч ирээд эгч миний машины хойд суудалд орж ирж суугаад араас нь О.Т машин суух гэж байгаад уначихсан. О.Тын баруун хөл толгой хэсэг миний жолоодон явсан тээврийн хэрэгсэл дотор орсон байж байгаад уначихсан.

...Би 2018 оны 10 дугаар сарын 12-ны өдөр Налайх дүүргийн 3 дугаар хороо Замчины гудамжинд өөрийн охин И.ийн эзэмшлийн улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явах үедээ тээврийн хэрэгслийн арын суудалд суух гэж байсан зорчигч О.Тыг тээврийн хэрэгсэлд сууж амжаагүй болохыг анзааралгүй тээврийн хэрэгслийг хөдөлгөж хөлийг нь гэмтээсэн гэдгээ хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг,

/хх-ийн 20-21, 43-45 дугаар тал/

Гэрч М.гийн мөрдөн байцаалтад өгсөн “...О.Т машинаас буусан ба би машинд суугаад араас О.Т суух гэж байгаад газарт уначихсан. Тэгээд “ энэ хүн чинь газарт уначихлаа” гэж хэлээд А.Т бууж ирээд “яасан бэ зүгээр үү” гэж асуухад “миний хөл эвгүй байна” гэж байсан...” гэх мэдүүлэг,

/хх-ийн 17-19 дүгээр тал/

Гэрч Х.ийн мөрдөн байцаалтад өгсөн “... машинд суугаад араас нь суух гэж байгаад газар уначихсан. Тэгээд “хөл, хөл” гээд л байсан. Би яг сайн бүгдийг нь санахгүй байна халамцуу байсан учир орон гаран санаж байна...” гэх мэдүүлэг,

/хх-ийн 23-24 дүгээр тал/

Монгол Улсын Шүүхийн Шинжилгээний Хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн :

  1. “О.Тын биед зүүн тахилзуур ясны далд хугарал гэмтэл тогтоогдлоо.
  2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
  3. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.
  4. Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварт нөлөөлөхгүй.
  5. Дээрх гэмтэл нь тогтоолд дурьдсан хэрэг болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой” гэх дүгнэлт,

/хх-ийн 31 дүгээр тал/

Налайх дүүрэг дэх Цагдаагийн хэлтсийн 2019 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 0002 дугаар шинжээчийн:

  1. “Тоёота маркийн улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч А.Т нь  Замын хөдөлгөөний дүрмийн 21 дүгээр зүйлийн 21.1 дэх хэсэгт заасан “Зорчигчдыг хүн тээвэрлэх зориулалт бүхий тээврийн хэрэгслээр тээвэрлэнэ. Жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зорчигчдыг тээвэрлэхэд шаардагдах аюулгүй байдал хангагдсан эсэхийг шалгаж үзсэн байвал зохино” гэсэн заалтыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гарах шалтгаан болсон байна. Зорчигч О.Т нь МУ-ын Замын хөдөлгөөний дүрэмээр ямар нэгэн заалт зөрчсөн гэх үндэслэл байхгүй байна.” гэх дүгнэлт,

/хх-ийн 35 дугаар тал/

Монгол Улсын Их сургуулийн тодорхойлолт,

/хх-ийн 49 дүгээр тал/

Иргэний үнэмлэхийн лавлагаа,

/хх-ийн 51 дүгээр тал/

Ял шийтгэлтэй эсэхийг шалгах хуудас,

/хх-ийн 55 дугаар тал/

Тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар,

/хх-ийн 58 дугаар тал/

          Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт,

          /хх-ийн 61 дүгээр тал/,

          Шүүгдэгчийн хувийн байдлыг тодорхойлсон баримтууд,

          /хх-ийн 62-67 дугаар тал/,

          Хохирол төлсөн баримтууд,

          /хх-ийн 70-71 дүгээр тал/,

          Хохирлын баримтууд,

          /хх-ийн 95-106 дугаар тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, нэр бүхий яллагдагч болон шүүгдэгч,  хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэв.

Шүүхээс хийсэн гэм буруугийн талаарх дүгнэлт:

Шүүгдэгч А.Т нь 2018 оны 10 дугаар сарын 12-ны өдөр Налайх дүүргийн 3 дугаар хороо Замчин гэр хорооллын гудамжинд  Т. маркийн улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцох үедээ Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 21 дүгээр бүлгийн 21.1 дэх заалт “Зорчигчдыг хүн тээвэрлэх зориулалт бүхий тээврийн хэрэгслээр тээвэрлэнэ. Жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зорчигчдыг тээвэрлэхэд шаардагдах аюулгүй байдал хангагдсан эсэхийг шалгаж үзсэн байвал зохино” гэсэн заалтыг зөрчсөний улмаас зорчигч О.Тыг гүйцэт суугаагүй байхад нь хөдөлгөөнийг эхлэж зүүн хөлийг дайран тахилзуур ясны далд хугарал бүхий эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:

шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн шүүгдэгч А.Тын үйлдсэн хэргээ хүлээж өгсөн “...Би 2018 оны 10 дугаар сарын 12-ны өдөр Налайх дүүргийн 3 дугаар хороо Замчины гудамжинд өөрийн охин И.ийн эзэмшлийн улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явах үедээ тээврийн хэрэгслийн арын суудалд суух гэж байсан зорчигч О.Тыг тээврийн хэрэгсэлд сууж амжаагүй болохыг анзааралгүй тээврийн хэрэгслийг хөдөлгөж хөлийг нь гэмтээсэн гэдгээ хүлээн зөвшөөрч байна...” гэх,

хохирогч О.Тын “...Айлаас хөдлөх гэж байхад машинд хүмүүс дүүрчихсэн зай муутай байсан болохоор “би цаашаа шахаарай” гэж хэлээд хаалгыг нь онгойлгоод зогсож байтал машин хөдөлчихсөн. Хөдөлгөөн эхлэхэд машины баруун талын арын дугуй зүүн хөлийн шагайны орчимоор дайрсан. Хөл дайрагдахад би газар суугаад унаад өгсөн...” гэх,

гэрч М.гийн “...О.Т машинаас буусан ба би машинд суугаад араас О.Т суух гэж байгаад газарт уначихсан...” гэх,

гэрч Х.ийн “... машинд суугаад араас нь суух гэж байгаад газар уначихсан. Тэгээд “хөл, хөл” гээд л байсан...” гэх мэдүүлгүүд болон Монгол Улсын Шүүхийн Шинжилгээний Хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн тай дүгнэлт /хх-31/, Налайх дүүрэг дэх Цагдаагийн хэлтсийн 2019 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 0002 дугаар шинжээчийн дүгнэлт /хх-35/ зэрэг хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдож байх тул шүүгдэгч А.Тыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

 

Гэмт хэргийн улмаас хохирогч О.Тын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирч нийт  2.000.000 төгрөг нэхэмжилсэнээс хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар 360.000 төгрөг тогтоогдсон бөгөөд  шүүхийн хэлэлцүүлэгт  “...40 жил найзалж байна..., ...гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэж мэдүүлснийг үндэслэн шүүгдэгч А.Тыг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзсэн болно.   

 

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх асуудлын талаарх шүүхийн дүгнэлт  

Улсын яллагчаас “Шүүгдэгч А.Тунагдагыг  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөг торгох ял оногдуулах саналтай байна.” гэх,

Шүүгдэгчийн өмгөөлөгч: “Шүүгдэгч зээлээ төлөөд сард авч байгаа орлого нь 250.000 төгрөг юм. Тиймээс шүүгдэгчид гэмших сэтгэл зүй улам их төрүүлэхийн тулд торгуулийн ял оногдуулах нь зүйтэй гэж бодож байна. Тиймээс шүүгдэгчид 450.000 төгрөгийг 3 сар хүртэлхи хугацаагаар хэсэгчлэн төлүүлэх торгуулийн ял оногдуулах саналтай байна” гэх,

Хохирогч “Саналгүй” гэх дүгнэлт, тайлбарыг тус тус танилцууллаа.

 

Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”-ийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдаж байна.

 

Гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдалд /болгоомжгүй гэмт хэрэг үйлдсэн/,  учирсан хохирол, хор уршгийн шинж чанарт /хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан/, шүүгдэгчийн хувийн байдалд /******* эмэгтэй/, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, учруулсан хохиролоо нөхөн төлөхөө илэрхийлж байгаа зэргийг  харгалзан шүүгдэгч А.Тыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ялаар шийдвэрлэлээ.

 

Энэ хэрэгт эрүүгийн хэргийн хамт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдаж зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, шүүгдэгч А.Т нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлыөргүй болохыг тус тус дурдах нь зүйтэй. 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Монгол овогт *******ы А.Тыг авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  Монгол овогт *******ы А.Тыг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
  3. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар А.Тт оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
  4. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг ялтан А.Тт мэдэгдсүгэй.Хэрэгт битүүмжлэгдэн ирсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, А.Т нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
  5. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлийг Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэй болохыг дурдсугай.
  6. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол А.Тт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.                             

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Д.ЧИНЗОРИГ