Өвөрхангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх ийн Шийдвэр

2016 оны 07 сарын 07 өдөр

Дугаар 298

 

            Өвөрхангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Мөнхтуяа даргалж           

Хүсэлт гаргагч: Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан сумын 6 дугаар багт оршин суух, 1965 онд төрсөн, 51 настай, Анги овгийн Санжаагийн Оюунгэрэлийн хүсэлттэй

 “Ажиллаж байсан байдлаа тогтоолгох”-ыг хүссэн тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Гэрэлмаа, нарийн бичгийн дарга Т.Эрдэнэ нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

    Хүсэлт гаргагчийн  итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Гэрэлмаа шүүх хуралдаанд тайлбарлахдаа: С.Оюунгэрэл нь Өвөрхангай аймгийн ханын материалын үйлдвэрт 1983 оны 08 дугаар сарын 17-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл декабар зуухны лаборант, хатуугаарын оператор, бригадын дарга, нормачнаар тасралтгүй ажилласан. Өндөр насны тэтгэвэр тогтоолгох гэтэл ажилд орсон тушаал байхгүй учир улсад ажилласан хугацаа нь ажилласан жилд орж тооцогдохгүй хохирч байна. Иймд С.Оюунгэрэлийг Өвөрхангай аймгийн Ханын материалын үйлдвэрт 1983 оны 08 дугаар сарын 17-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл нормачнаар ажиллаж байсныг тогтоож өгнө үү гэв. 

Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

                                      ҮНДЭСЛЭХ нь:

          С.Оюунгэрэл “Ажиллаж байсан байдлаа тогтоолгох”-ыг хүссэн хүсэлтийг тус шүүхэд гаргажээ.

Хүсэлт гаргагч С.Оюунгэрэл нь Өвөрхангай аймгийн Ханын материалын үйлдвэрт 1983 оны 08 дугаар сарын 17-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл нормачнаар ажиллаж байсан болох нь Өвөрхангай аймгийн архивын тасгийн 2016 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 280 тоот  архивын лавлагаа, 137105 тоот хөдөлмөрийн дэвтрийн бичилт, гэрч Ч.Уртнасан, И.Алтантуул, О.Болдбаатар нарын мэдүүлэг зэрэг бичгийн нотлох баримтаар нотлогдож байх тул хүсэлтийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 135 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

                                              ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-т зааснаар Анги овгийн Санжаагийн Оюунгэрэлийг Өвөрхангай аймгийн Ханын материалын үйлдвэрт 1983 оны 08 дугаар сарын 17-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл нормачнаар ажиллаж байсныг тогтоосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй бөгөөд хүсэлт гаргагч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.

 

 

                     ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                     Д.МӨНХТУЯА