Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 03 сарын 01 өдөр

Дугаар 45

 

С******* аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Эрдэнэхишиг даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд: Улсын яллагч А.Энхтуяа Нарийн бичгийн дарга Б.Эрдэнэдөш нар оролцов. С******* аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1-д зааснаар У.Б*******од холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн ******* дугаартай хэргийг хянан хэлэлцэв. Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол улсын иргэн, **** оны ** дугаар сарын **-нд С******* аймгийн С******* суманд төрсөн, * настай эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, И******* ХХКнд том оврын нүүрсний авто машины жолооч ажилтай, ам бүл 1 С******* аймаг С******* сум * дүгээр баг *-р хэсэг ***А тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, Б******* овогт У******* Б******* РД:/************/

 Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч У.Б******* нь **** оны ** дугаар сарын **-ны өдөр Казакстан улсын иргэн М******* овогт Б******* Б итгэмжлэн хариуцуулсан **** СЭҮ улсын дугаартай тоёота марк-2 тээврийн хэрэгсэлийг завшсан гэмт хэрэгт холбогджээ. ТОДОРХОЙЛОХ нь: Нэг: Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэх талаар: Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3-д зааснаар талуудын мэтгэлцээн дээр шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд шүүгдэгч У.Б******* нь **** оны ** дугаар сарын **-ны өдөр Казакстан улсын иргэн М******* овогт Б******* Б итгэмжлэн хариуцуулсан ****СЭҮ улсын дугаартай тоёота марк-2 тээврийн хэрэгслийг бусдад зарж завшсан үйл баримт тогтоогдож, уг гэмт хэрэгт шүүгдэгч У.Б******* гэм буруутай болох нь нотлогдон тогтоогдлоо гэж шүүх дүгнэв. Энэхүү үйл баримт нь шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж хэлэлцэгдсэн доор нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдсон болно. Үүнд: Шүүгдэгч У.Б*******ын шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: “...Гэм бургуугаа хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг Хохирогч Б.Б *** оны *** дугаар сарын ***-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Иргэн У.Б*******од өгсөн машин хэвээрээ байна. Миний хувьд У.Б*******од ямар нэгэн гомдол санал байхгүй. Би У.Б*******од машинаа өгч явуулсны дараа олон удаа залгаж ярьсан тэр үед У.Б******* нь надад машин чинь байхгүй болсон гэж бодоорой гэж хэлсэн... ..Машинаа буцааж авсан одоо гомдол саналгүй....” гэх мэдүүлэг /хх-ийн 18-19 дүгээр тал/ Иргэний нэхэмжлэгч Д.С 2019 оны 02 дугаар 24-ний өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн “...2018 оны 12 дугаар сарын 31-ний өдөр У.Б*******той таарахад тоёота марк-2 тээврийн хэрэгсэл худалдаж авах уу хямд үнээр худалдана гэхээр нь 1.350.000 төгрөгөөр худалдаж авахаар тохирсон... мөнгөө буцааж авсан. Одоо нэхэмжлэх зүйл байхгүй....” гэх мэдүүлэг /хх-ийн 30-31 дүгээр тал/ Гэрч Х.Б 2019 оны 02 дугаар сарын 27-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн “...У.Б******* нь С******* аймгийн С******* суманд ганцаараа амьдардаг. Хүнд их тусархуу, хар ажил сайн хийдэг архи тамхи болон муу зуршилгүй сайн залуу байгаа юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 39 дүгээр тал/ Гэрч Д.С 2019 оны 02 дугаар сарын 22-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Тоёота марк-2 **** СЭҮ улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь иргэн У.Б*******ын нэр дээр байсан тээврийн хэрэгсэл юм. 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдөр манай төрсөн дүү Д.С нь У.Б*******оос 1.350.000 төгрөгөөр манай дүүд худалдсан юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 36-37 дугаар тал/ Ашид Билгүүн ХХК-ний 2019 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн №СЭА-20 дугаартай: “....****-СЭҮ улсын дугаартай 1994 онд Япон улсад үйлдвэрлэгдэж 2000 оны 07 дугаар сарын 15-ны өдөр Монгол Улсад орж ирсэн хуучин хар хөх өнгийн Тоёота марк-2 маркийн автомашины өнгө үзэмж техникийн байдлаас хамаарч 2019 оны 02 дугаар сарын байдлаар зах зээлийн дундаж үнийг судлан 1.500.000 төгрөгийн үнэтэй болохыг тодорхойлов...” гэх дүгнэлт /хх-ийн 44 дүгээр тал/ У.Б*******ын 2019 оны 02 дугаар сарын 27-ны өдөр яллагдагчаар өгсөн мэдүүлэг /ххийн 54-56 дугаар тал/ Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 57 дугаар тал/ Автомашин худалдах, худалдан авах тухай гэрээний хуулбар /хх-ийн 61 дүгээр тал/ зэрэг болно. Мөрдөгч дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн хуулинд заасан шаардлагыг хангасан байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгож шүүх үнэлэв. Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаас нотлох чадвараа алдах болон шүүхээс тогтоосон үйл баримтыг үгүйсгэх нотлох баримт байхгүй, мөн шүүгдэгч шүүхээс тогтоосон үйл баримтаас зөрүүтэй байдлаар мэдүүлээгүй, хэргийн үйл баримт зүйчлэлийн талаар маргаагүй болохыг дурьдах нь зүйтэй. Иймд шүүгдэгч У.Б******* нь 2018 оны 12 дугаар сарын 26-ны өдөр Казакстан улсын иргэн М******* овогт Б******* Б итгэмжлэн хариуцуулсан **** СЭҮ улсын дугаартай тоёота марк-2 тээврийн хэрэгсэлийг завшсан нь хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлсэн баримтуудаар нотлогдсон гэж шүүх үзэж байна. Шүүгдэгчийн гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1-д заасан гэмт хэргийн үндсэн шинжийг хангаж байх бөгөөд тухайн зүйл хэсэгт заасан хүндрүүлэх үндэслэл тогтоогдоогүй, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн бүрдэл хангагдсан, нотолбол зохих асуудлыг бүрэн нотлосон, прокурорын зүйлчлэл хэргийн бодит байдалтай тохирсон гэж үзлээ. Түүнчлэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1-д заасны дагуу хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлснийг шүүх хүлээн авч хянан үзэхэд мөн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4-д заасан нөхцөл байдал хангагдсан байх тул хуулийн хугацаанд шийдвэрлэсэн болно. Хоёр: Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршиг Шүүгдэгч У.Б*******ын гэмт үйлдлийн улмаас бусдад 1.500.000 төгрөгийн хохирол учирсныг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1-д зааснаар хохиролд тооцов. Энэ хэрэгт хохирогчоор тогтоогдсон Б.Б, иргэний нэхэмжлэгч Д.С нар нь шүүгдэгч У.Б*******оос хохирол төлбөрөө авсан нэмж нэхэмжлэх зүйл байхгүй, гомдол саналгүй гэсэн мэдүүлгийг мөрдөн шалгах ажиллагааны явцад гаргасанд үндэслэн шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүйд тооцов. Гурав: Эрүүгийн хариуцлагын талаар: Шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан бичгийн нотлох баримтуудаар шүүгдэгч У.Б******* нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугийн талаар маргаангүй байгаа, учирсан бодит хохирол, хор уршигийг бүрэн төлж барагдуулсан зэрэг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан шүүх хуралдаанд ороцсон Прокуророос санал болгосон торгох ялын хэмжээ хүрээнд 2700 нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 2.700.000 төгрөгөөр торгох ялыг оногдуулах нь зүйтэй гэж үзэв. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1-д заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно. Шүүгдэгч У.Б*******ын тогтмол орлоготой ажил хөдөлмөр эрхэлдэг, хувийн байдал зэргийг харгалзан шүүхээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүгдэгчид оногдуулсан торгуулийн ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц 90 хоногийн дотор хэсэгчлэн сар бүр тэнцүү хэмжээгээр төлөхийг үүрэг болгов. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар У.Б******* нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15000 төгрөгийг нэг хоногтой дүйцүүлж хорих ялаар солихыг анхааруулав. Шүүгдэгч энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурьдав. Энэ гэмт хэргийн улмаас битүүмжлэн ирүүлсэн *** СЭҮ улсын дугаартай тоёота марк-2 тээврийн хэрэгсэлийг битүүмжлэлээс чөлөөлж Дархан-Уул аймагт оршин суух М******* овогт Төлөгэний Еркебуланд /**********/ олгохоор тогтов.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 9, 36.2 дугаар зүйлийн 4, 36.8 дугаар зүйлийн 1, 4-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь: 

1.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1-д заасныг журамлан шүүгдэгч Б******* овогт У******* Б*******ыг мөн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1-д заасан “Хөрөнгө завших” гэмт хэрэгт гэм буруутайд тооцсугай. 

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Б******* овогт У******* Б*******ыг 2700 нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 2.700.000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй. 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар ялтан У.Б*******од оногдуулсан торгуулийн ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц 90 хоногийн дотор хэсэгчлэн сар бүр тэнцүү хэмжээгээр төлөхийг үүрэг болгосугай. 

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар ялтан У.Б******* нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээ буюу 15000 төгрөгийг нэг хоногтой тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай. 

5.Ялтан У.Б******* нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурьдсугай. 

6.Энэ гэмт хэргийн улмаас битүүмжлэн ирүүлсэн **** СЭҮ улсын дугаартай тоёота марк-2 тээврийн хэрэгсэлийг битүүмжлэлээс чөлөөлж Дархан-Уул аймагт оршин суух М******* овогт Төлөгэний Еркебуланд /************/ олгосугай. 

7.Ялтан У.Б*******од урд авсан хувийн баталгаа гаргуулах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй. 

8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10-р зүйлийн 4-д зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурьдсугай. 

9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардан авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор С******* аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг дурьдсугай. 

 

 

ДАРГАЛАГЧ                                 Б.ЭРДЭНЭХИШИГ