Өвөрхангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх ийн Шийдвэр

2016 оны 07 сарын 07 өдөр

Дугаар 299

 

Өвөрхангай аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Мөнхтуяа даргалж,

          Нэхэмжлэгч: Өвөрхангай аймгийн Хархорин сумын Вангийн овоо Өл-17-10 тоотод оршин суух, 1986 онд төрсөн, 30 настай, Тайвуу овгийн Баяртогтохын Бямбасүрэнгийн нэхэмжлэлтэй,

          Хариуцагч: Өвөрхангай аймгийн Авто тээврийн төвд холбогдох 

          “Цалингийн зөрүү 1.089.436 төгрөг, ээлжийн амралтын мөнгө 205292 төгрөг гаргуулах” тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

          Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Оюунчимэг, хариуцагч Г.Тамир, нарийн бичгийн дарга Т.Эрдэнэ нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Б.Бямбасүрэн шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Өвөрхангай аймгийн Хархорин суман дахь салбарт тээвэр зохицуулагчаар ажиллаж байгаад 2015 оны 03 дугаар сарын 31-ний өдөр энэ байгууллага нь татан буугдаж 2015 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс Өвөрхангай аймгийн авто тээврийн төвд нэгдэн орж үйл ажиллагаа чиг үүрэг нь хэвээр үргэлжлүүлэн явагдаж байгаа. Миний 2015 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 2015 оны 07 дугаар сарын 31-ний өдөр хүртэлх нийт 4 сар ажилласан хугацааны цалинг өгөлгүй байж байгаад 2015 оны 08 дугаар сард бөөнд нь 1.162.000 төгрөгийн цалин өгсөн. 2015 оны 8 дугаар сарын 10-ны өдөр намайг үндсэн ажилтнаас чөлөөлж тушаал гаргаж гэрээ байгуулсан. Энэ гэрээг байгуулахаас өмнөх хугацааны олгосон цалин нь миний өмнөх ажиллаж байсан. Тээвэр авто замын газартай байгуулсан хөдөлмөрийн гэрээн заасан хэмжээнээс багаар бодож олгосон бөгөөд ажилласан хугацааны ээлжийн амралтын мөнгө өгөөгүй. Тийм учраас Өвөрхангай аймгийн авто тээврийн төвөөс миний цалингийн зөрүү 1.089.436 төгрөг, ээлжийн амралтын мөнгө 205292 төгрөг нийт 1.294.728 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Оюунчимэг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Б.Бямбасүрэн нь цалингийн зөрүү 1.089.436 төгрөг, ээлжийн амралтын мөнгө 205292 төгрөг нийт 1.294.728 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасан. Б.Бямбасүрэнгийн 1 сарын цалин 401339 төгрөг байдаг. Гэтэл Авто тээврийн газар нь Б.Бямбасүрэнгийн цалинг өгөөгүй байж байгаад 2015 оны 08 дугаар сард дутуу өгсөн. Б.Бямбасүрэн нь хөдөлмөрийн гэрээнд заасан цалингийн зөрүүг нэхэмжилж байгаа учир нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэв.

Хариуцагч Г.Тамир шүүхэд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Монгол Улсын Засгийн газрын 2015 оны 55 дугаар тогтоолоор аймгийн Засаг даргын дэргэдэх тээвэр авто замын газар татан буугдсантай холбогдуулан тээвэр авто замын газрын даргын 2015 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн б/04 тоот тушаалын хавсралтаар 18 ажилтанг Авто тээврийн үндэсний төвд шилжүүлсэн бөгөөд Авто тээврийн үндэсний төв нь Хархорин суманд орон тооны диспетчер ажиллуулах боломжгүй байгаа учраас Автотээврийн үндэсний төвийн захирлын 2015 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн б/188 дугаар тушаалаар үүрэгт ажлаас нь чөлөөлж урд ажилласан хугацааны цалин хөлс олгохыг тушаалын хавсралтаар баталсны дагуу олгосон байгаа. Монгол Улсын Иргэний хуулийн 359, 368 дугаар зүйл заалтын дагуу Б.Бямбасүрэнтэй харилцан тохиролцсны үндсэн дээр 2015 оны 08 дугаар сарын 05-ны өдрөөс 2016 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд хөлсөөр ажиллах гэрээ хийж гэрээний 3.3 дугаар хэсгийг үндэслэн цалин хөлсийг олсон орлогын 40 хувиар цалинжуулж холбогдох хуулийн дагуу НДШ, ХАОАТ зэргийг төлж байсан. Б.Бямбасүрэн нь 2015 оны 10 дугаар сарын 05-ны өдөр хувийн өргөдөл гаргасан тул 2015 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 2016 оны 01 дүгээр сарын 01-ний хооронд ажиллаагүй бөгөөд ажлын зайлшгүй шаардлагаар оронд нь өөр хүнтэй хөлсөөр ажиллах гэрээ байгуулан ажиллуулж байна. Татан буугдсан тээвэр авто замын газрын дарга Б.Эрдэнэбатын 2015 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн б/04 дугаар тушаалын 3 дугаар заалтанд ажилчдын амралтын тооцоог бодож авто тээврийн үндэсний төвд хүргүүлэхийг нягтлан бодогч Ц.Янжмаа, нярав Т.Төмөртогоо нарт үүрэг болгосон боловч уг тооцоо ирээгүйн улмаас амралтын мөнгө олгогдоогүй болно. Б.Бямбасүрэн нь 2015 онд ажиллах хугацаандаа захиалагчийн итгэл найдвар алдаж 8,9 дүгээр саруудын тээврийн орлогыг холбогдох дансанд тушаагаагүй хөлсөөр ажиллах гэрээний 4.1.4 дүгээр заалт мөн гэрээний 4.5.2, 4.5.3 зэргийг зөрчиж байсан, хөлсөөр ажиллах гэрээний хугацаа дууссан зэргээс шалтгаалан дахин гэрээ байгуулж ажиллуулаагүй болно. Авто тээврийн төв нь тээвэр авто замын газрын цалингийн сүлжээнээс өөр байдаг. Г.Тамир гэдэг хүн энэ талаар ямар нэгэн тушаал гаргаагүй. Манай байгууллага сард олсон орлогоо төв байгууллага руу шилжүүлж санхүүжилтээ авдаг. Манай байгууллага руу авто тээврийн үндэсний төвийн даргын тушаалаар Б.Бямбасүрэнд бодогдсон цалинг шилжүүлснийг түүнд өгсөн гэв.   

Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

          Нэхэмжлэгч Б.Бямбасүрэн нь “Өвөрхангай аймгийн авто тээврийн төвд холбогдуулан цалингийн зөрүү 1.089.436 төгрөг, ээлжийн амралтын мөнгө 205292 төгрөг гаргуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ. 

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэв.

Нэхэмжлэгч Б.Бямбасүрэн нь Өвөрхангай аймгийн тээвэр авто замын газарт тээвэр зохицуулагчаар ажиллаж байсан бөгөөд Монгол Улсын Засгийн газрын 2015 оны 55 дугаар тогтоолоор Тээвэр авто замын газрыг Авто тээврийн үндэсний төв аж ахуйн тооцоотой төрийн өмчит үйлдвэрийн газарт нэгтгэн зохион байгуулахаар шийдвэрлэсний дагуу Өвөрхангай аймгийн тээвэр авто замын газрын 18 нэр бүхий ажилтанг 2015 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн Авто тээврийн үндэсний төвд нэгтгэн шилжүүлсэн болох нь Өвөрхангай аймгийн тээвэр авто замын газрын даргын 2015 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн б/04 тоот тушаал болон зохигчдийн тайлбар зэрэг бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Мөн Авто тээврийн үндэсний төв төрийн өмчит үйлдвэрийн газрын захирлын 2015 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн б/188 тоот тушаалаар нэхэмжлэгч Б.Бямбасүрэнг Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д заасныг үндэслэлээр Хархорин сумын диспетчерийн албан тушаалаас 2015 оны 07 дугаар сарын 31-ний өдрөөс тасалбар болгон чөлөөлж ажилласан хугацааны цалинг олгож хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгожээ.

Гэтэл нэхэмжлэгч Б.Бямбасүрэн нь Өвөрхангай аймгийн Авто тээврийн төвд холбогдуулан хөдөлмөрийн гэрээгээр тохиролцсон цалингийн зөрүү  

  1.089.436 төгрөг, ээлжийн амралтын мөнгө 205292 төгрөг нийт 1.294.728 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасан боловч нь Өвөрхангай аймгийн авто тээврийн төв нь нэхэмжлэгч Б.Бямбасүрэнгийн гаргасан нэхэмжлэлийн жинхэнэ хариуцагч биш байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 28 дугаар зүйлд зааснаар нэхэмжлэгчийн зөвшөөрлөөр уг нэхэмжлэлийн жинхэнэ хариуцагчийг сольж болох бөгөөд нэхэмжлэгч тал нь энэ талаар хүсэлт гаргаагүйг дурьдав.

Иймд нэхэмжлэгч Б.Бямбасүрэнгийн гаргасан нэхэмжлэлийн жинхэнэ хариуцагч нь Өвөрхангай аймгийн авто тээврийн төв биш байх тул түүний гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

          Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.11-д зааснаар Б.Бямбасүрэнгийн нэхэмжлэлтэй, Өвөрхангай аймгийн Авто тээврийн төвд холбогдох “Цалингийн зөрүү 1.089.436 төгрөг, ээлжийн амралтын мөнгө 205292 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийг улсын тэмдэгтийн хураамж төлсөн 35623 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд нэхэмжлэгч, хариуцагч тэдгээрийн төлөөлөгч нар шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Д.МӨНХТУЯА