| Шүүх | Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Цэрэнчимэдийн Мөнхтулга |
| Хэргийн индекс | 180/2019/0060/Э |
| Дугаар | 43 |
| Огноо | 2019-03-04 |
| Зүйл хэсэг | |
| Улсын яллагч | Ц.Цэен-Ойдов |
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 03 сарын 04 өдөр
Дугаар 43
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 180/2019/0060/Э
Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Ц.Мөнхтулга даргалж тус шүүхийн шүүх хуралдааны "А" танхимд хийсэн хуралдаанд:
Нарийн бичгийн дарга Ж.Мөнхчимэг,
Улсын яллагч Ц.Цэен-Ойдов,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Баярсайхан,
Шүүгдэгч С. нарыг оролцуулан
Хэнтий аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Ц.Цэен-Ойдовоос Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн С.д холбогдох 1939000490032 дугаартай хэргийг 2019 оны 02 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол улсын иргэн, 1996 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр Хэнтий аймгийн Батноров суманд төрсөн, 23 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, хүнд машин механизмын тоног төхөөрөмжийн механик мэргэжилтэй, Хэнтий аймгийн Батноров сумын 2 дугаар багт оршин суух хаягтай, эрхэлсэн тодорхой ажилгүй, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгүүлж байгаагүй, С. /РД: /
Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/
Шүүгдэгч С. нь 2019 оны 01 дүгээр сарын 12-ны өдрөөс 2019 оны 01 дүгээр сарын 13-нд шилжих шөнө Хэнтий аймгийн Батноров сумын 2-р багийн нутаг дэвсгэр Дэлгэр-Өлзийт гэх газраас Д.Туваанжавын 2 тооны адууг хулгайлан түүнд 2.200.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч С. нь 2019 оны 01 дүгээр сарын 12-ны өдрөөс 2019 оны 01 дүгээр сарын 13-нд шилжих шөнө Хэнтий аймгийн Батноров сумын 2-р багийн нутаг дэвсгэр Дэлгэр-Өлзийт гэх газраас Д.Туваанжавын 2 тооны адууг хулгайлан түүнд 2.200.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:
Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 6-7 тал/,
Хохирогч Д.Туваанжавын мөрдөн байцаалтанд өгсөн: “...2019 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр бор халзан азаргатай 70 орчим тооны адуугаа услаад гаргахад бүрэн байсан юм. Маргааш адуу харагдахгүй байхаар нь усандаа өдөр ирэх байлгүй гээд анзаараагүй байсан. Тэр өдөртөө орой нь адуу маань зүүн урдаасаа ирэхэд нь услахад монгол үсгийн “БИ” үсгэн тамгатай ухаа буурал морь, хээр алаг морь /зөв талын ташаан дээр У үсгэн хайчтай/ ийм 2 тооны адуу байхгүй байсан. Тэр оройдоо эрж хайгаагүй, ойрхон сарниа биз гээд орхисон. Маргааш адуундаа очиход бас байхгүй байхаар нь цагдаад мэдэгдсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 18 тал/,
Гэрч Д.Түмэннастын мөрдөн байцаалтанд өгсөн: “...2019 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр Баяртуяа манай нөхөр Ариунболд руу утасдаад та ирж адуугаа аваа, гадаа бариад уячихсан байгаа гэж хэлсэн. 2019 оны 01 сарын 14-ний өдөр нөхөр, бид хоёр ...Баяртуяагийн гэрт нь очиход засмал дэлтэй, зүүн талынхаа ташаан дээр У үсгэн хайчтай хээр алаг зүсмийн морь, зүүн талынхаа гуян дээр Монгол бичгийн “БИ” үсгэн тамгатай ухаа буурал зүсмийн морь гэсэн 2 тооны морийг малынхаа саравч хашааны урд талаас ногтлоод уячихсан байсан. Тэгээд Баяртуяатай адууныхаа үнэ ханшийг тохиролцож хээр алаг зүсмийн морийг 800.000 төгрөгөөр худалдаж авсан. Харин Баяртуяа нь аймгийн төв рүү явах ажилтай байгаа учраас өөрөө ухаа буурал зүсмийн морио авч явж борлуулна гэж хэлээд бид нарын машин дээр ачиж өгч Баян-Овоо сумын төв рүү явуулсан. Тэгтэл Баяртуяа 2019 оны 01 сарын 15-ны өдөр манай нөхөр рүү утасдаад аймгийн төв явахаа болилоо танд адууныхаа махыг кг өгөөд УБ хот руу явуулъя гэсэн. ...Одоо эдгээр 2 тооны адууны арьс, толгой, шийр, мах нь манай гэрт байгаа...” гэх мэдүүлэг / хх-ийн 21 тал/,
Гэрч Н.Алтанхуягийн мөрдөн байцаалтанд өгсөн: “...ах Д.Туваанжав манайд ирээд ах нь сая 12-ны үед монгол үсгийн БИ тамгатай ухаа буурал морь, хээр алаг морио алдчихлаа хайгаад олдоггүй танай хүү С. авчаагүй байгаа гэж хэлсэн. Тэр үед С. гэртээ ирээгүй л байсан. Тэгээд би тэр өдрөө сумын төв орж хүүгийн найз Ням-Очиртой уулзаж учрыг асуухад тиймээ 12-ны өдөр Баян-Овоо сумаас хүмүүс ирээд С.тэй уулзана гэсэн, тэгээд цуг яваад хөдөө очиж адуунаас ухаа буурал морь, хээр алаг морь 2 тооны адуу ачилцаад буцсан гэж хэлж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 24 тал/,
Гэрч С.Сүбээдэйн мөрдөн байцаалтанд өгсөн: “...С. нь 2018 оны 11 сарын 28-ны өдөр өөрөө УБ хотод ахындаа байгаа гэж хэлээд манай эгч Баяртуяаг хүнээс мөнгө олоод өгчих би өөрөө УБ хотоос ирээд адуу аваачиж өгнө гэж хэлээд Баяртуяа эгчээр маань Түмэннаст эгчээс 500.000 төгрөг зээлдүүлж авсан байсан. Мөн үүнээс хойш бас эгчээс маань нэмж мөнгө авсан юм шиг байна лээ. Тэгээд 2019 оны 01 сарын 12-ны өдөр намайг хөдөө гэртээ байж байхад С. над руу утасдаад адуугаа ирж аваа, манай аав, ээж хоёр эзгүй байгаа гэж хэлэхээр нь манай эгч С.Баяртуяа бид хоёр манай гэрээс баруун урд зүгт ойролцоо нутаглах Оюунболд гэдэг ахыг хөх өнгийн портер маркийн ачааны автомашинтай нь бид гурав энэ өдөртөө нар шингэж байхад Батноров сумын төв дээр очиж С.гийн цэргийн он жав найз нь болох соёлын төвд ажилладаг залуугаар газарчлуулж Батноров сумын төвөөс баруун хойд зүгт 5-6 км орчим явж очиход эзэнгүй айлын саравч хашаанд С. адуу хураачихсан ээрээд байж байсан. Тэгээд бид нар С.тэй хамжилцаж нөгөө 50 гаруй тооны адууг хашихад адуунаас С. өөрөө 2 тооны адуу барьж өгч бид нарын машин дээр ачилцаж өгсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 28-29 тал/
Гэрч Б.Оюунболдын мөрдөн байцаалтанд өгсөн: “...С.Баяртуяа, С.Сүбээдэй нар нь 2019 оны 01 сарын 12-ны өдөр Батноров сум руу явж С.гээс адуу авч ачиж ирэх гэсэн юм машинаараа яваад өгөхгүй юу гэж надаас гуйсан учраас би өөрийн эзэмшилд байгаа 43-77 ХЭА улсын дугаартай портер маркийн машинтайгаа эхнэр Б.Эрдэнэчимэг, С.Баяртуяа, С.Сүбээдэй нарын хамт явж соёлын төвд ажилладаг Шөнхөөн гэх залуугаар газарчлуулж очиход С. адуу хураачихсан хаших гээд хөөцөлдөөд байж байсан. Тэгээд 2 тооны адууг ачсан. ...Баяртуяагийн ярианаас миний ойлгосноор С. гэдэг залуу С.Баяртуяагаар дамжуулж хүнээс адуу өгнө гэж хэлээд мөнгө авахуулсан юм шиг байгаа юм...” гэх мэдүүлэг / хх-ийн 31-34 тал/,
Гэрч С.Баяртуяагийн мөрдөн байцаалтанд өгсөн: “...Ням-Очир бид нарыг дагуулаад Батноров сумаас баруун хойд зүгт их хол явалгүй жижигхэн саравчин дээр ирсэн. ...Саравчин дээр очиход С. морьтой, морь нь нилээн хөлөрсөн, саравчин дээр адуу бөөгнүүлчихсэн байсан. С. манай дүүг ногт аваад ир, хоёр морь барьчихсан байгаа гэж байсан. ...С. адуугаа хойд зүгт хөөгөөд буцаж ирээд хоёр морио ачилцаж өгсөн. С. унаж явсан морио саравчин дээр уяж үлдээгээд Ням-Очирын машин дотор суугаад бид нараас түрүүлээд Батноров сум явсан. ...С. надад адуу өгөхдөө миний өөрийн адуу байгаа юм гэж надад хэлсэн. Би тэгэхээр нь энэ их адуу бүгдээрээ танай адуу юм уу гэхэд тийм ээ гэж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 38-39 тал/,
Хөрөнгийн үнэлгээний Фэйр Валуэшн ХХК-ний гаргасан 17 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 42 тал/,
С.гийн шүүх хуралдаанд өгсөн: “...би 2 тооны адуу хулгайлснаа хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Шүүгдэгч С.гийн дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг буюу бусдын мал хулгайлах гэмт хэрэг мөн бөгөөд прокурор Ц.Цэен-Ойдов шүүгдэгчид дээрх зүйл ангиар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул С.д эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэж, ял оногдуулах үндэслэлтэй байна.
Хохирогч Д.Туваанжав нь нэхэмжлэх зүйлгүй, гомдолгүй /хх-ийн 100 тал/ гэсэн тул шүүгдэгч С.г бусдад төлөх төлбөргүй гэж үзэх үндэслэлтэй бөгөөд түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Шүүх хуралдаанд улсын яллагчаас шүүгдэгч С.д 02 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх, хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлсийг улсын төсөвт шилжүүлэх санал гаргасан бөгөөд, шүүгдэгчийн өмгөөлөгч нь ял оногдуулахгүйгээр тэнсэж өгнө үү гэжээ. Шүүгдэгч С. нь анх удаа гэмт хэрэгт холбогдсон, бусдад төлөх төлбөргүй, үйлдсэн хэрэгтээ гэмшиж буй зэрэг байдлуудыг харгалзан Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан түүнд ял оногдуулахгүйгээр тэнсэж, Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 3, 7.3 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсгүүдэд зааснаар үүрэг хүлээлгэх, хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээ хэрэглэх нь зүйтэй гэж шүүх үзэв.
Хэрэгт битүүмжлэгдсэн шүүгдэгч С.гийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан хүрэн халзан зүсмийн морь 1 ширхэг, эд мөрийн баримтаар хураагдсан модон тохоож эмээл 1 ширхэг, суран хазаар 1 ширхэг, 8 метрийн урттай цагаан өнгийн мяндсан бугуйл 1 ширхгийг тус тус Эрүүгийн хуулийн 7.5 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсгүүдэд зааснаар хурааж, улсын төсөвт шилжүүлэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч С. нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.1 дүгээр зүйлийн 5, 6, 8 дахь хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч С.г бусдын малыг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч С.г Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 01 /нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй.
3. Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 3, 7.3 дугаар зүйлийн 2.2, 2.5, 3 дахь хэсгүүдэд зааснаар шүүгдэгчид тэнссэн 01 жилийн хугацаанд зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтанд хамрагдах, оршин суух газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэж, согтууруулах ундаа хэрэглэхийг хориглох хязгаарлалт тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсгүүдэд зааснаар тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн, санаатай гэмт хэрэг үйлдсэн бол тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг С.д мэдэгдсүгэй.
5. Монгол Улсын Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 185, 186 дугаар зүйлүүдэд зааснаар шүүгдэгч С.г тэнссэн 01 /нэг/ жилийн хугацаанд болон үүрэг хүлээлгэх, хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээнд хяналт тавьж ажиллахыг Хэнтий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
6. Эрүүгийн хуулийн 7.5 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан гөлөм, дөрөө, эсгий тохом, жирэм, олом бүхий модон тохоож эмээл 1 ширхэг, суран хазаар 1 ширхэг, 8 метрийн урттай цагаан өнгийн мяндсан бугуйл 1 ширхэг, хэрэгт битүүмжлэгдсэн 900.000 төгрөгийн үнэ бүхий хүрэн халзан зүстэй 6 настай зүүн ташаа хэсэг уйгаржин монгол бичгийн “БИ” гэсэн тамгатай морь 1 ширхгийг тус тус хурааж улсын төсөвт шилжүүлсүгэй.
7. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
8. Давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч С.д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ Ц.МӨНХТУЛГА