Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 03 сарын 04 өдөр

Дугаар 49

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

                                                                               Хэргийн индекс: 180/2019/0065/Э

 

Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Ц.Мөнхтулга даргалж тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн хуралдаанд:

 

Нарийн бичгийн даргаар                           М.Долгоржав,

Улсын яллагч                                               Ц.Цэен-Ойдов,

Шүүгдэгчийн өмгөөлөгч                               Д.Ганхуяг,

Шүүгдэгч                                                        Х. нарыг оролцуулан

 

Хэнтий аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Ц.Цэен-Ойдовоос Эрүүгийн хуулийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х.д холбогдох эрүүгийн 1839006010033 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 02 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол улсын иргэн, 1969 оны 5 дугаар сарын 31-ний өдөр Увс аймгийн Цагаанхайрхан суманд төрсөн, 50 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, Хэнтий аймгийн Баян-Овоо сумын 1-р баг “Ихрийн ам” гэх газарт оршин суух хаягтай, эрхэлсэн тодорхой ажилгүй, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгүүлж байгаагүй гэх Х. /РД:/

 

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч Х. нь 2018 оны 10 дугаар сарын 20-ны өдөр Хэнтий аймгийн Баян-Овоо сумын 1 дүгээр багийн нутаг “Хар ямаатын хоолой” гэх газраас А.Нямсүрэнгийн 2 тооны үхрийг завшсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүгдэгч Х. нь 2018 оны 10 дугаар сарын 20-ны өдөр Хэнтий аймгийн Баян-Овоо сумын 1 дүгээр багийн нутаг “Хар ямаатын хоолой” гэх газраас А.Нямсүрэнгийн 2 тооны үхрийг завшсан болох нь:

Хохирогч А.Нямсүрэнгийн мөрдөн байцаалтанд өгсөн “...Би Хэнтий аймгийн Баян-Овоо сумын 4 дүгээр багийн төвд оршин суудаг юм. Манай нөхөр Л.Баасанжав бид хоёр тус сумын 1 дүгээр багийн нутаг “Хар ямаатын хоолой” гэх газарт нутаглаж байгаа Н.Батсайханыд 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдөр 101 тооны үхрээ маллуулах гэж хүлээлгэж өгсөн юм. Тэгтэл манай үхрээс 2018 оны 10 дугаар сарын 20-ны өдөр 20 тооны үхэр алга болсон гэж үхэр маллаж байсан айлаас маань надад мэдэгдэж малчид маань эрж хайгаад, би ч хүмүүсээс утасдаж үхрээ эрж сураглаж байгаад 15 тооны үхрийг нь Баян-Овоо сумын 1 дүгээр багийн нутаг “Хар чулуутын энгэр”, “Хавтгайн энгэр” гэх газруудаас хөдөө бэлчээрээс олж авсан юм. Тэгээд 5 тооны үхэр дутаад эрж хайгаад олохгүй байсан юм. Тэгтэл манай сумын 1 дүгээр багийн малчин Оюунбат гэдэг залуу 2018 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр манай малчин Б.Балдандоржид алга болсон үхрийн маань сургийг гаргаж өгсөн байсан. Манай алга болсон 5 тооны үхрээс эвэргүй мухар баруун талын чих цуулбар имтэй хондлой дээрээ цэнхэр өнгийн будагтай сувиа ногоон зүсмийн үнээ, баруун талын чих цуулбар имтэй хондлой дээрээ цэнхэр өнгийн будагтай хүрэн халзан зүсмийн эр бяруу гэсэн 2 тооны үхрийг тус сумын 1 дүгээр багийн нутаг “Ихрийн ам” гэх газарт нутаглаж байгаа Х. гэдэг айлын үхэрт 2018 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр байсан гэж сураг хэлсэн учраас Балдандорж найз Б.Сүхбат гэдэг хүүгийн хамт Х.ын үхрээс 2018 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр баруун талын чих цуулбар имтэй хондлой дээрээ цэхэр өнгийн будагтай  хүрэн халзан зүсмийн эр бяруу, баруун талын чих цуулбар имтэй хар эрээн зүсмийн охин бяруу, баруун талын чих цуулбар имтэй шар эрээн зүсмийн эр бяруу гэсэн 3 тооны үхрийг олж авсан гэсэн. Тэгээд Оюунбатын урьд өдөр нь харсан мухар баруун талын чих цуулбар имтэй хондлой дээрээ цэнхэр өнгийн будагтай ногоон зүсмийн сувиа үнээ байхгүй байсан гэсэн. Мөн эвэргүй мухар дух нь манхиа халзан баруун талын чих цуулбар имтэй гэдэс цавиараа цагаантай ухаа улаан зүсмийн хондлой дээрээ цэнхэр өнгийн будагтай охин бяруу байхгүй байсан гэсэн. Тэгээд энэ 2 тооны үхрийг эрж хайгаад олохгүй байгаа. Гэтэл 2018 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр олдохгүй байгаа 2 тооны үхрийн маань нэг болох эвэргүй мухар дух нь манхиа халзан баруун талын чих цуулбар имтэй гэдэс цавиараа цагаантай ухаа улаан зүсмийн хондлой дээрээ цэнхэр өнгийн будагтай охин бярууны маань ширийг Х. гэдэг хүн сумын төвд авчраад сумын ченж Түмэннаст гэдэг хүнд 5000 төгрөгөөр зарчихсан байсныг нь би олж харсан. Тэр үед малын арьс, нэхий иргэдээс ховор орж байгаа учраас олон арьс шир аваагүй тул Х. гэдэг хүний өгсөн шир тусдаа байгаа гэж Түмэннаст надад хэлж байсан. Ногоон зүсмийн үнээ, хүрэн халзан эр бярууны хондлой дээрх цэнхэр өнгийн будаг нь тод байсан учраас энэ 2 тооны үхэр Оюунбатын нүдэнд содон туссан юм байна лээ. Бид нар Оюунбатаас үхрээ байнга сураглаж байсан юм. ...Би хулгайд алдагдсан сувиа үнээгээ 1,300,000 /нэг сая гурван зуун мянга/-н төгрөг, охин бяруугаа 750,000 /долоон зуун тавин мянга/-н төгрөгөөр үнэлж байгаа. ...манай алдсан бярууны ширийг ченжид авчирч өгсөн Х. гэдэг хүнийг сэжиглэж байгаа. Энэ хүн нь гэрээсээ ногоон зүсмийн үнээ нядалж авч явна гээд сумын төв дээр байсан хэнийх болох нь мэдэгдэхгүй ногоон зүсмийн үнээний зургийг араас нь авсан зураг гар утсан дээр нь байхыг би 2018 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр байх аа цагдаагийн ажлын өрөөнд нь харж байсан юм. Мөн энэ зургийг 4 дүгээр багийн Засаг дарга С.Отгонбаяр харсан байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 15-17 тал/,

Гэрч Л.Баасанжавын мөрдөн байцаалтанд өгсөн: “...2018 оны 10 сарын 01-ны өдрөөс 100 тооны үхэр 1-р багийн малчин Н.Батсайханд би хүлээлгэж өгсөн. 10-р сарын 20-нд 20 тооны үхэр сарниад алга болчихлоо гээд манай эхнэр Нямсүрэн хэлсэн. ...одоо нарийн хэлж мэдэхгүй байна. 10-аад хоногийн дараа 1-р багийн төвөөс 13-н үхэр, дахиад хэд хоногийн дараа мөн адил тооны үхрээ олсон. Ингээд 5 тооны үхрээс бусад нь олдсон тэгээд манай малчны хүү Балдандорж С.Х.ын үхэрнээс 3-н тооны бяруугаа оллоо гэж надад хэлсэн. Тэгээд манай сумын арьс шир авдаг Түмэннастаас манай эхнэр Нямсүрэн ойрд танайд үхрийн арьс өгсөн хүн байгаа юу гэж асуухад Х., Чулуун гэдэг 2 хүн үхрийн арьс өгсөн гэж хэлсэн гэсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 22-23 тал/,

Гэрч Д.Түмэннастын “...Манай нөхөр Ш.Ариунболд бид хоёр Хэнтий аймгийн Баян-Овоо сумын төвд иргэдээс мал мах, малын гаралтай түүхий эдийг худалдан авч Улаанбаатар хотруу тээвэрлэж зах зээлд борлуулж хуваариа хөдөлмөр эрхэлдэг юм. Намайг 2018 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр 12 цагийн орчимд Баян-Овоо сумын төв дээр гэртээ байж байхад Хэнтий аймгийн Баян-Овоо сумын 1 дүгээр багийн нутагт оршин суудаг Пүрэвийн Х. гэдэг хүн ганцаараа манай гэрт ирээд цавь гэдсээрээ цагаантай ухаа улаан зүсмийн бярууны шир, хээр зүсмийн адууны арьс зэргийг манайд зарсан юм. Би адууны арьсыг нь 7000 төгрөгөөр, үхрийн ширийг нь 5000 төгрөгөөр худалдаж авсан юм. Манайх өдөр өдөртөө иргэдээс худалдаж авсан малынхаа арьс нэхийг тусд нь байлгаж байгаад орой болохоор цааш нь оруулж хураадаг учраас 2018 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр иргэдээс худалдаж авсан арьс, шир тусдаа байсан. ...Х.аас өөр Чулуун гэдэг хүний хүргэн хүү нь эхнэртэйгээ ирж ухаа хүрэн эрээн зүсмийн бярууны ширийг 5000 төгрөгөөр зарсан. Энэ өдөр өөр хүн ирж манайд арьс нэхий зараагүй. Тэгээд би 2018 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр Энхтуяа гэдэг хүнтэй аж ахуйн нэгжийнхээ тайланг гаргаад сууж байхад Энхтуяагийн гар утас руу нь Нямсүрэн эгч залгаад манайх үхрээ алдчихсан чинь Х.ын үхрээс алдсан үхрийнхээ хагасыг нь авлаа гэж ярьж байгаа нь надад сонсогдсон учраас би хажуунаас нь наад Х. гэдэг хүн чинь надад өчигдөр 1 тооны үхэр, 1 тооны адууны арьсыг авчирч өгсөн ш дээ, авчирч өгсөн арьс нь тусдаа манай баруун талын өрөөнд одоо байгаа гэж хэлсэн юм. Тэгээд би 2018 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр нөхөртэйгөө Улаанбаатар хотруу хүмүүсээс авсан малынхаа махыг Стана маркийн машиндаа ачаад арьс шир нь машинд багтахгүй байсан учраас гэртээ үлдээгээд явсан юм. Тэгээд намайг Улаанбаатар хотод байхад Нямсүрэн эгч, суманд төлөөлөгч байсан Золбаатарын хамт очоод нөгөө Х. гэдэг хүний өгсөн үхрийн арьсыг нь манай хулгайд алдсан 2 тооны үхрийн нэг болох цавь, гэдэс цагаан ухаа улаан зүсмийн охин бярууны арьс маань мөн байна гэж таньсан байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 24-26 тал/,

Насанд хүрээгүй гэрч Б.Балдандоржийн мөрдөн байцаалтанд өгсөн: “...Манайд Хэнтий аймгийн Баян-Овоо сумын 4 дүгээр багийн иргэн А.Нямсүрэн эгчийн 73 тооны үхэр нь тавиулаар байгаа юм. Энэ айлын 101 тооны үхрийг 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдөр хүлээж авч маллаж байхад А.Нямсүрэн эгч 26 тооны үхрийг нь хувийнхаа хэрэгцээнд нядалж зах зээлд борлуулсан юм. Гэтэл 73 тооны үхрээс 2018 оны 10 дугаар сарын 20-ны үед 20 тооны үхэр алга болсон учраас бид нар эрж хайж байгаад 15 тооны үхрийг нь Баян-Овоо сумын 1 дүгээр багийн нутаг “Хар чулуутын энгэр”, “Хавтгайн энгэр” гэх газруудаас олж аваад 5 тооны үхрийг олоогүй юм. Тэгээд 5 тооны үхрийг хүмүүсээс сураглаад олдохгүй байсан учраас би манай гэртэй ойролцоо нутагладаг найз Сүхбаттай хамт алга болсон 5 тооны үхрээ эрж хайхаар явж байгаад 2018 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр манай гэрээс баруун зүгт “Ихрийн ам” гэх газарт нутаглах Х. гэдэг хүнтэй “Хар чулуут” гэдэг газрын зүүн доор мотоцикльтой явж байхад нь тааралдаж 5 тооны үхрийнхээ зүсийг хэлж танай үхрээр байна уу гэж сураглахад Х. ах мэдэхгүй, ийм үхэр харагдаагүй гэж хэлсэн. Тэгээд бид хоёр Х.ын гэрийнх нь зүүн хаяагаар нь гарч гэрээс нь урд зүгт байсан тэдний үхэр дээр очих гээд явж байхад Х. ах бид хоёроос түрүүлээд өөрийнхөө үхэр дээр оччихсон байсан учраас Х. ах бид хоёрын өөдөөс хүрч ирсэн болохоор бид хоёр тэдний үхэр дээр очиж чадалгүй наад талд нь дахиж гурвуулаа уулзаад би түүнээс, та яагаад Сүхбат бид хоёроос түрүүлээд үхэр дээрээ ирээ вэ, та чинь түрүүнд бид хоёртой тааралдаад хойгуур явж адуу харна гэж байсан биш бил үү гэж асуухад Х. ах, үхрийн хажууд байсан адууг харах гээд ирсэн юм гэж хариулж байсан. Тэгээд бид хоёр цааш Х. ахын үхэр рүү очих гэж явж, харин Х. ах хойд зүгрүү гэрээ чиглэн явж байгаа харагдсан. Бид хоёр тэдний үхэр дээр очиход манай алга болсон 5 тооны үхэрнээс баруун талын чих цуулбар имтэй, шар эрээн зүсмийн эр бяруу, баруун талын чих цуулбар имтэй охин хар эрээн зүсмийн бяруу, баруун талын чих цуулбар имтэй хондлой дээрээ цэнхэр өнгийн будагтай хүрэн халзан зүсмийн эр бяруу гэсэн 3 тооны бяруу нь байж байсан. Харин эдгээр гурван бяруутай хамт алга болсон баруун талын чих цуулбар имтэй, мухар, хондлой дээрээ цэнхэр өнгийн будагтай ногоон зүсмийн сувиа үнээ, баруун талын чих цуулбар имтэй мухар, хондлой дээрээ цэнхэр өнгийн будагтай дух манхиа халзан, гэдэс цавиараа цагаантай ухаа улаан зүсмийн охин бяруу гэсэн 2 тооны үхэр байгаагүй. Тэгээд Х.ын үхрээс олсон 3 тооны бяруугаа туугаад Х. ахын гадаа очих гэж явж байхад бид хоёрыг очихоос урьтаж Х. ах гэрийнхээ гадаанаас морио унаад мотоциклоо гэрийнхээ гадаа орхиод явчихсан байсан. Хаашаа явсныг нь мэдээгүй. Бид хоёр бяруугаа хөөгөөд гэртээ ирсэн. 2018 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр Сүхбат бид хоёрыг алга болсон 5 тооны үхрээ эрж хайгаад явж байхад манай нутгийн ах Оюунбат гэдэг хүн тааралдаж хондлой дээрээ цэнхэр өнгийн будагтай мухар ногоон зүсмийн сувиа үнээ, хондлой дээрээ цэнхэр өнгийн будагтай хүрэн халзан зүсмийн эр бяруу гэсэн 2 тооны үхэр Х.ын үхэрт байна лээ гэж сураг хэлсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 28-30 тал/,

Насанд хүрээгүй гэрч Б.Сүхбатын мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг /хх-ийн  35-37 тал/,

Гэрч М.Орхонтуулын мөрдөн байцаалтанд өгсөн: “...Намайг 2018 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр гэртээ байж байхад Хэнтий аймгийн Баян-Овоо сумын 1 дүгээр багийн нутагт “Ихрийн ам” гэх газарт нутагладаг малчин Пүрэвийн Х. гэдэг хүн манай гэрт 11 цагийн орчимд мотоцикльтой ирээд өөрийнхөө үхрээс зах зээлд 1 тооны ногоон зүсмийн үнээг нядалж өөрийн эзэмшилд байдаг 94-44 УНЧ улсын дугаартай, цагаан өнгийн Хонда Сивик маркийн тээврийн хэрэгслээр тээвэрлэн явж Хэнтий аймгийн төвд аваачиж борлуулна гэж хэлээд надаас мал эмнэлэг, ариун цэвэр, гарал үүслийн 00013718 дугаартай гэрчилгээг бичүүлж авсан юм. Ингэж гарал үүслийн гэрчилгээ авахдаа би Баян-Овоо суманд шилжиж орж ирээгүй учраас тус сумын 4 дүгээр багт оршин суудаг, сумын Цаг уурт ауилладаг Лувсандоржийн Батхүү гэдэг хүний нэр дээр гэрчилгээг авна гээд тэр хүний малчны тамгыг нь барьж ирсэн. Тэгээд би чи яахаараа Л.Батхүүгийн тамгыг авч явдаг юм бэ гэж хэлээд Л.Батхүүгийн нэр дээр гарал үүслийн гэрчилгээг бичиж, харин гэрчилгээн дээр гарын үсэг зурдаг хэсэгт нь Х.аар өөрөөр нь гарын үсэг зуруулсан юм. Х. надад хэлэхдээ, надад малчны тамга огт байдаггүй юм гэж ярьж байсан. Тухайн үед Х. нь ганцаараа улаан хүрэн өнгийн гадартай үстэй дээл өмсчихсөн явж байсан юм. Энэ өдөр гадаа хүйтэн цас бударч байсан шиг санаж байна. Мөн Х. нь би зах зээлд борлуулах ногоон зүсмийн үнээнийхээ зургийг зурагчнаар угаалгаж байгаа, өөрөөс чинь гарал үүслийн гэрчилгээгээ авчихаад малынхаа зурагтай хамт харъяа багийнхаа дарга дээр очиж гэрчилгээн дээрээ гарын үсэг зуруулна гэж хэлээд малын амьд байх үеийн зургийг болон толгой, арьсны гэрэл зургийг нь харуулаагүй гарал үүслийн гэрчилгээг авсан. Гэрчилгээний үнэ болох 3,900 төгрөгийг үхрээ борлуулах гэж Хэнтий аймагт очихдоо шилжүүлчихнэ гэж хэлээд миний дансны дугаарыг авчихаад одоо болтол өгөөгүй байгаа...” гэх мэдүүлэг /хх-ийн 38-40 тал/,

Эд зүйлийн үнэлгээ /хх-ийн 58 тал/,

Шүүгдэгч Х.ын шүүх хуралдаанд гэм буруугаа хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Шүүгдэгч Х.ын дээрх үйлдэл нь алдуул мал завших буюу Эрүүгийн хуулийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг мөн бөгөөд Х.ыг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.

 

Хохирогч А.Нямсүрэн нь “...Х. нь хохиролд 3.000.000 төгрөг бэлнээр өгсөн тул гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй...” /хх-ийн 105 тал/ гэсэн байх тул шүүгдэгч Х.ыг бусдад төлөх төлбөргүйд тооцов.

 

Шүүгдэгч Х.т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн 6.5, 6.6 дугаар  зүйлд заасан хөнгөрүүлэх болон хүндрүүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байх бөгөөд шүүх хуралдаанд улсын яллагчаас шүүгдэгч Х.т 700 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах санал, шүүгдэгчийн өмгөөлөгч түүний хувийн байдал, эхнэрийн биеийн байдлыг нь харгалзан торгох ял оногдуулж өгнө үү гэжээ.

 

Шүүгдэгч Х. нь гэм буруугийн хувьд маргаагүй, үйлдсэн хэргийн шинж, нийгмийн аюулын шинж чанар, үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшсэн, мөн төлбөрийн чадвартай болох нь малын А дансандаа 2018 оны мал тооллогоор 739 тооны мал тоолуулсан нь хавтаст хэргийн 77 дугаар талд авагдсан нотлох баримтаар тогтоогдож байх тул дээрх байдлуудыг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт оногдуулахаар заасан ялын төрлөөс торгох ялыг сонгож оногдуулах нь зүйтэй гэж шүүх үзэв.

 

Хохирол төлбөр төлөгдсөн, хөрөнгө орлого хураах албадлагын арга хэмжээ хэрэглэх шаардлагагүй байх тул Солонгос улсанд үйлдвэрлэгдсэн KIA BONGO J2 маркийн 21-60 ТӨВ улсын дугаартай автомашиныг битүүмжилсэн прокурорын 2019 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн №01 дугаар тогтоолыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгох нь зүйтэй.  

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч Х. нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдоогүй, түүний бичиг баримт шүүхэд ирээгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдав.  

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.1 дүгээр зүйлийн 5, 6, 8 дахь хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

1. Шүүгдэгч Х.г бусдын алдуул мал завших гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.т 700 /долоон зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 /долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулсугай.  

 

3. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх зааснаар шүүгдэгч Х. нь түүнд оногдуулсан 700 /долоон зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 /долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш  1 сарын хугацаанд төлж барагдуулахаар тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х. нь оногдуулсан торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 01 хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдсүгэй.

 

5. Эд хөрөнгө битүүмжлэх тухай прокурорын 2019 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн №01 дугаартай тогтоолыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.

 

6. Шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдоогүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчийн бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг дурдсугай.

7. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

8. Давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Х.т авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

ДАРГАЛАГЧ                                              Ц.МӨНХТУЛГА