| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Энэбишийн Золзаяа |
| Хэргийн индекс | 102/2023/02188/И |
| Дугаар | 210/МА2023/02139 |
| Огноо | 2023-12-11 |
| Маргааны төрөл | Гүйцэтгэгчийн эд хөрөнгө үнэлсэн маргаан, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2023 оны 12 сарын 11 өдөр
Дугаар 210/МА2023/02139
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Баясгалан даргалж, шүүгч Д.Дэлгэрцэцэг, шүүгч Э.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 102/ШШ2023/03403 дугаар шийдвэртэй,
*******-ийн нэхэмжлэлтэй,
*******т холбогдох,
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Э.Золзаяа илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, гуравдагч этгээдийн өмгөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Номин-Эрдэнэ нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:
1.1. Шүүхийн шийдвэрээр *******ийг Баянгол дүүрэг, 5 дугаар хороо, *******-ийн зүүн талд орших 432 м.кв талбайтай ноолуурын үйлдвэрийн барилга, 72 м.кв талбайтай автозогсоол бүхий 2 давхар үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр, мөн дээрх үл хөдлөх эд хөрөнгө болон орчмын 1,056 м.кв талбайтай газрын эзэмшигчээр тус тус тогтоож, өмчлөх эрхийн гэрчилгээ болон газар эзэмших эрхийг улсын бүртгэлээр шилжүүлэхэд шаардлагатай бичиг баримтыг нэхэмжлэгч *******т бүрдүүлж өгөхийг *******-д даалгаж шийдвэрлэсэн.
1.2. Хариуцагч нь *******-ийн эрх бүхий албан тушаалтан, гүйцэтгэх удирдлагыг дуудан ирүүлж, шүүхийн шийдвэрийг биелүүлэх мэдэгдлийг гардуулах ажиллагааг хийгээгүй, шүүхийн шийдвэрийг биелүүлэхийг мэдэгдээгүй атлаа компанийн эд хөрөнгийг шилжүүлэх шийдвэрийг гаргасан нь хууль зөрчсөн.
1.3. Төлбөр авагчийн захиалгаар хийсэн кадастрын зургийн үнэн зөв эсэх талаар төлбөр төлөгчөөс тайлбар авалгүй, уг зургийг танилцуулалгүйгээр тухайн кадастрын зургийг үндэслэн эзэмших эрхийг шилжүүлэх гэж буй нь төлбөр төлөгчийн хууль ёсны эрх, ашиг сонирхлыг зөрчиж байна. Дээрх кадастрын зурагт *******-ийн 2011 онд нэмж авсан эзэмших эрхтэй газраас орсон байгаа нь төлбөр төлөгчийн эрх ашгийг дордуулж байна.
2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:
2.1. *******-д шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад ирэх, шүүхийн шийдвэрийг биелүүлэх тухай мэдэгдлийг удаа дараа хүргүүлсэн боловч тогтоосон хугацаанд ирээгүй, шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй тул албадан биелүүлэхээр шүүхийн шийдвэрт заасан хөрөнгүүдийг *******ийн өмчлөл, эзэмшилд шилжүүлэн бүртгэхийг Баянгол дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэс, Нийслэлийн газар зохион байгуулалтын албанд хүргүүлсэн.
2.2. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй.
3. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн гаргасан тайлбарын агуулга:
3.1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.3 дахь хэсэгт заасныг зөрчсөх байхаас гадна нэхэмжлэлийн шаардлага нь тодорхойгүй байна.
3.2. *******-ийн эрх бүхий этгээдэд шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талаар мэдэгдэх хуудас, утсаар удаа дараа мэдэгдсэн байхад нэхэмжлэгч тал шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд оролцоогүй. Маргаж байгаа асуудлаар шинжээч томилуулах хүсэлт гарган шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд оролцоод явах эрх нь нэхэмжлэгчид байсан.
3.3. Шүүхээс маргаан бүхий газрыг *******-ийн 2000 оны 12 дугаар сарын 20-ны өдөр албан бичиг, кадастрын зургийг үнэлээд үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч, газрын эзэмшигчээр *******ийг тогтоосон. *******-ийн гүйцэтгэсэн кадастрын зураг нь маргаан бүхий газартай холбоотой цорын ганц зураг юм.
Иймд *******-ийн 2011 онд нэмж авсан гэх газартай давхцах үндэслэл байхгүй бөгөөд давхацсан талаарх баримтаа шийдвэр гүйцэтгэх байгууллагад гаргаж өгөөгүй тул нэхэмжлэл үндэслэлгүй.
4. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.5 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч *******т холбогдох ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2022 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 22371026 дугаар тогтоолоор иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэн явуулж буй ажиллагааг хүчингүй болгох тухай нэхэмжлэгч *******-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод үлдээж шийдвэрлэжээ.
5. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна.
5.1. Шүүх хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн тухайд: Иргэн *******ийн нэхэмжлэлтэй, *******-д холбогдох иргэний хэргийн шийдвэрийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2022 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 22371026 дугаар тогтоолоор албадан гүйцэтгэх ажиллагааг эхлүүлэхдээ Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1, 14.5 дахь хэсэгт заасныг зөрчиж төлбөр төлөгч компанийн эрх бүхий албан тушаалтанд огт мэдэгдээгүй, тайлбар авахгүйгээр компанийн өмчийг шилжүүлэх шийдвэрийг гаргасан байдаг.
Уг ажиллагааны хүрээнд Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас Нийслэлийн газар зохион байгуулалтын албанд хүргүүлсэн 2023 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 4/141/2988 дугаартай “Эзэмших эрх шилжүүлэх тухай” албан бичгээр: “гэрчилгээний ******* дугаар, нэгж талбарын ******* дугаарт бүртгэлтэй 4,014 м.кв талбайтай газраас тодотгол хийсэн 1,056 м.кв талбайтай газрын эзэмших эрхийг төлбөр авагч *******ийн нэр дээр шилжүүлэн бүртгэж, өмнөх гэрчилгээг хүчингүй болгож, шинээр гэрчилгээ гарган хариу мэдэгдэхийг мэдэгдье" гээд *******-ийн 2019 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн кадастрын зургийг хавсаргасан болохыг 2023 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр Нийслэлийн газар зохион байгуулалтын албанаас мэдсэн.
Төлбөр авагч болон төлбөр төлөгч талуудын хооронд үүссэн маргааныг Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх давж заалдах журмаар хянан иргэн *******т 1,056 м.кв газрыг эзэмшүүлэх тухай шийдвэрийг гаргахдаа *******-ийн 2000 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 30 тоот: “Нийслэлийн Засаг даргын 1999 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн А/160 дугаар захирамжаар Баянгол дуургийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт *******-ийн зуун талд байрлах тус компанийн авто сервис, үйлчилгээний төвийн зориулалтаар ашиглуулахаар олгогдсон 0,3 га газрын баруун хэсэг болох 16 м.кв х 66 м-ийн 1,056 м.кв талбайг *******-д шилжүүлэхийг үүгээр зөвшөөрч байна” гэсэн агуулгатай албан бичигт үндэслэсэн.
Иймээс манай компанийн одоогийн байдлаар эзэмшиж буй 4,014 м.кв газраас иргэн *******г 1,056 м.кв талбайтай газрыг шилжүүлэх тохиолдолд *******-ийн тухайн үед буюу 2000 онд газар шилжүүлэх тухай албан бичгийг үйлдэх цаг мөчид эзэмшиж байсан 3,000 м.кв талбайтай газраас 1,056 м.кв талбайг шилжүүлэх ёстой юм.
Учир нь Нийслэлийн Засаг даргын 1999 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн А/160 дугаар захирамжаар *******-д Баянгол дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт *******-ийн зүүн талд байрлах 3,000 м.кв газрыг хоёр жилийн хугацаатай олгохоор шийдвэрлэсэн ба Нийслэлийн Засаг даргын 2011 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 951 дүгээр захирамжаар *******-д олгосон 3,000 м.кв газрыг 4,014 м.кв болгон ихэсгэж *******-д шилжүүлсэн байдаг.
******* нь иргэн *******ийн захиалгаар *******-ийн хийсэн кадастрын зургийн дагуу 1,056 м.кв газрыг иргэн *******т шилжүүлсэн тохиолдолд манай компанийн хууль ёсны эрх ашиг ноцтой зөрчигдөхөөр байна. Учир нь *******-ийн иргэн *******ийн нэр дээр үйлдсэн кадастрын зураг нь манай компанид сүүлд буюу Нийслэлийн Засаг даргын 2011 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 951 дүгээр захирамжаар эзэмшүүлсэн талбайгаас бидний зөвшөөрөлгүйгээр оруулсан байх тул уг кадастрын зургийг үндэслэн газар эзэмших эрхийг шилжүүлэх гэж байгаа нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт заасныг зөрчиж байна.
Түүнчлэн хариуцагч байгууллагын зүгээс шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулахдаа мөн хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.1, 44 дүгээр зүйлийн 44.2.1, 44.2.2-т заасныг зөрчин биднээс ямар ч тайлбар, нотлох баримт, тодорхойлолт авалгүйгээр хэт нэг талын эрх ашиг, сонирхлыг дээгүүр тавьж, ямар ч тогтоол шийдвэр гаргалгүйгээр зөвхөн албан бичгээр манай эзэмшлийн газрыг бусдад шилжүүлэхээр хандаж буй нь манай компанийн хууль ёсны эрх, ашиг сонирхлыг зөрчиж, шүүхийн шийдвэр, гүйцэтгэх хуудсанд дурдсанаас давсан ажиллагааг гүйцэтгэсэн.
Иймд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.3, 44.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хуулийн дагуу зөвтгөж явуулахаар холбогдох гомдлуудыг гаргасан боловч хариуцагч байгууллагын зүгээс гомдлыг хүлээн аваагүй тул шүүхэд шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг гаргасан боловч шүүх нэхэмжлэгч талаас шүүхэд гаргаж өгсөн Нийслэлийн газрын албанаас авсан иргэн *******т шилжүүлэх гэж буй газар нь *******-ийн сүүлд нэмж авсан газартай давхцсан талаарх Нийслэлийн газар зохион байгуулалтын албанаас авсан ******* нэгж талбарын дугаартай /Нийслэлийн Засаг даргын 2017 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн А/750, 2011 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 951 дүгээр захирамж, 1999 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн А/160 дугаар захирамж зэрэг/ нотлох баримтуудыг огт үнэлж, дүгнээгүй болно.
Улмаар шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 5-д: Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан журмын дагуу төлбөр төлөгч *******-д мэдэгдэл хүргүүлсэн, компанийн нягтлан бодогч *******т ажиллагааны талаар мэдэгдсэн, ******* нь шүүхийн шийдвэрийг биелүүлэх мэдэгдэлд зааснаар хугацаанд шийдвэрийг биелүүлээгүйгээс үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрх, газрын эзэмших эрхийг төлбөр авагчид шилжүүлэхийг холбогдох байгууллагад даалгаж, мэдэгдэл хүргүүлсэн, дээрх мэдэгдэлд заасан “тодотгол хийсэн 1056 м.кв талбайтай газар”-ын кадастрын зургийг төлбөр авагчийн захиалгаар гүйцэтгэсэн, уг кадастрын зургийг гүйцэтгэхээ хариуцагчийн 2011 онд шинээр нэмж авсан газраас оруулсан гэсэн тайлбараа нэхэмжлэгч баримтаар нотлож чадаагүй хэмээн дүгнэж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.5 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосонд гомдолтой байна.
5.2. Хэрэг хянан шийдвэрлэсэн ажиллагааны журам зөрчсөн тухайд: Уг иргэний хэргийг хянан шийдвэрлэхээр 2023 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр товлогдсон шүүх хуралдаа дээр нэхэмжлэгчийн зүгээс Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас Нийслэлийн газар зохион байгуулалтын албанд хүргүүлсэн 2023 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 4/141/2988 дугаартай “Эзэмших эрх шилжүүлэх тухай” албан бичигт хавсаргасан *******ийн гаргаж өгсөн *******-ийн үйлдсэн кадастрын зураг нь шүүхийн шийдвэрт заагдаагүй газрыг төлбөр авагч талд шилжүүлэх гэж байгаа талаар тайлбарлаж уг үйл ажиллагааг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2.2-т “иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талууд, бусад хүн, хуулийн этгээдээс гүйцэтгэх баримт бичиг, лавлагаа, тодорхойлолт гаргуулан авах”, 44.2.5-д “иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талууд, бусад хүн, хуулийн этгээдэд гүйцэтгэх баримт бичгийн шаардлагыг хангах зорилгоор тодорхой үүрэг хүлээлгэх, энэ тухай мэдэгдэл хүргүүлэх” гэж зааснаар зөвтгөн хийж гүйцэтгүүлэхээр нэхэмжлэлийн шаардлагаа ихэсгэсэн.
Дээрх ихэсгэсэн шаардлагын үндэслэл тодорхой ба шүүх уг шаардлагыг хангасан тохиолдолд шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага төлбөр төлөгч болон төлбөр авагч талуудыг хэн алийг нь байлцуулан эрх бүхий байгууллагаар кадастрын зураг хийлгэх, улмаар шүүхийн шийдвэрт заасан 1,056 м.кв газрыг төлбөр авагчид шилжүүлэх үр дагавар гарах байсан.
Гэтэл дээрх ихэсгэсэн шаардлагын үндэслэл, шаардлага тодорхойгүй гэх үндэслэлээр шүүх хүлээн авахаас татгалзсан нь хуульд нийцээгүй бөгөөд хэргийн оролцогчийн эрхийг зөрчсөн.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү.
6. Давж заалдах шатны шүүх хуралдаанд гуравдагч этгээдийн өмгөөлөгчийн гаргасан тайлбарын агуулга: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэлгүй гэж үзэж байна. Анхан шатны шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан.
6.1. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас хуульд заасны дагуу мэдэгдлийг хүргүүлсэн бөгөөд нэхэмжлэгч талаас тухайн мэдэгдлийг гүйцэтгэх захирлын гарт өгөх ёстой байсан гэх агуулгаар тайлбарласан нь үндэслэлгүй.
6.2. Нийслэлийн давж заалдах шатны шүүхээс тухайн эд хөрөнгийг гуравдагч этгээдэд шилжүүлж шийдвэрлэхдээ хэрэгт авагдсан кадастрын зургийг үндэслэсэн. *******-ийн эзэмшлийн газраас салгаж гаргуулсан зүйл байхгүй. Хэрэв нэхэмжлэгчийн эзэмшиж буй газартай давхацсан бол энэ талаарх нотлох баримтыг гаргаж, мэтгэлцэх боломжтой байсан. Нэхэмжлэгч талаас хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хугацаа авах зорилгоор хандаж байна.
6.3. Мөн нэхэмжлэгч нь шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг зөвтгөж явуулах тухай нэхэмжлэл гаргасан хэдий ч нэхэмжлэлийн шаардлага нь тодорхойгүй байсан тул анхан шүүх захирамж гаргаж шийдвэрлэсэн.
6.4. Үүнээс гадна 2022 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн ахлах шийдвэр гүйцэтгэгчийн тогтоолыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг хангасан тохиолдолд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2.4, 44.2.5-т заасан ажиллагааг явуулах боломжгүй нөхцөл байдал үүсэх тул давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү.
7. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолд тайлбар гаргаагүй болно.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд заасан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд хянаад, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр тухайн шүүхэд буцаах нь зүйтэй гэж дүгнэв.
2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******т холбогдуулан тус газрын ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2022 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 22371026 дугаар тогтоолоор үүссэн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.
3. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 102/ШШ2022/00965 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 210/МА2022/01104 дугаар магадлал, Улсын дээд шүүхийн 2022 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 001/ШХТ2022/00929 дугаар тогтоолоор *******ийг Баянгол дүүрэг, 5 дугаар хороо, К компанийн зүүн талд орших 432 м.кв талбайтай ноолуурын үйлдвэрийн барилга, 72 м.кв талбайтай автозогсоол бүхий 2 давхар үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр, мөн дээрх үл хөдлөх эд хөрөнгө болон орчмын 1,056 м.кв талбайтай газрын эзэмшигчээр тус тус тогтоож, өмчлөх эрхийн гэрчилгээ болон газар эзэмших эрхийг улсын бүртгэлээр шилжүүлэхэд шаардлагатай бичиг баримтыг *******т бүрдүүлэн өгөхийг *******-д даалгаж шийдвэрлэсэн байна.
4. Уг шийдвэрийг албадан гүйцэтгэх баримт бичгийг үндэслэн ******* шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг үүсгэн, төлбөр төлөгч *******-д 2023 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр зарлан дуудах мэдэгдлийг, 2023 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр болон 2023 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр шүүхийн шийдвэрийг биелүүлэх мэдэгдлийг тус тус баталгаат шуудангаар хүргүүлсэн байна.
Улмаар шийдвэр гүйцэтгэгч 2023 оны 02 дугаар сарын 02-ны өдөр төлбөр төлөгч *******-ийн байранд биечлэн очиж, тус компанийн эрх бүхий албан тушаалтнуудтай утсаар холбогдож мэдэгдэх хуудсыг компанийн хамаарал бүхий этгээдэд үлдээсэн зэрэг ажиллагаа нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 14 дүгээр зүйлд заасантай нийцсэн талаар анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийжээ.
5. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1, 19 дүгээр зүйлийн 19.1 дэх хэсэгт зааснаар хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр, түүнд үндэслэн олгосон гүйцэтгэх хуудаст заасан ажиллагааг гүйцэтгэх үүрэгтэй.
Хариуцагч байгууллага нь төлбөр авагч *******ийн эзэмшилд Баянгол дүүрэг, 5 дугаар хороо, *******-ийн зүүн тал орчмын 1,056 м.кв талбай бүхий газрын эрхийг шилжүүлэх ажиллагааг *******-ийн 2019 онд үйлдсэн кадастрын зургийн дагуу гүйцэтгэж байгаа болох нь зохигчийн тайлбараар тогтоогдсон.
Харин Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 210/МА2022/01104 дугаар магадлалаар *******-ийн 2000 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 30 тоот албан бичгийг үндэслэн 1,056 м.кв талбайтай газрын эзэмшигчээр *******ийг тогтоосон байна.
Хэрэгт *******-ийн 2000 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 30 тоот албан бичиг авагдсан бөгөөд уг албан бичигт “Нийслэлийн засаг даргын 1999 оны 8 дугаар сарын 19-ны өдрийн А/160 дугаар захирамжаар Баянгол дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт *******-ийн зүүн талд байрлах тус компаний автосервис, үйлчилгээний төвийн зориулалтаар олгогдсон 0,3 га газрын баруун хэсэг болох 16м х 66м-ийн 1,056 м.квадрат талбайг *******-д шилжүүлэхийг үүгээр зөвшөөрч байна” гэжээ.
Нийслэлийн Засаг даргын 1999 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн А/160 дугаар захирамжаар олгосон 0,3 га газрын кадастрын зураг хэрэгт авагдаагүй, маргаан бүхий газрын хэмжээ анх олгогдсон хугацаанаас хойш хэрхэн өөрчлөгдсөн нь тодорхойгүй, хэргийн үйл баримт хэрэгт авагдсан баримтын хүрээнд бүрэн тогтоогдоогүй байна.
6. Давж заалдах шатны шүүх дээрх ажиллагааг нөхөн гүйцэтгэх боломжгүй учир анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр тухайн шүүхэд буцаах нь зүйтэй гэж дүгнэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 102/ШШ2023/03403 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч *******-аас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ М.БАЯСГАЛАН
ШҮҮГЧИД Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ
Э.ЗОЛЗАЯА