Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 08 сарын 01 өдөр

Дугаар 221/МА2019/0406

 

Г.Б-ын нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай

            Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Лхагвасүрэн даргалж, шүүгч Г.Билгүүн, О.Номуулин нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Д.Мөнгөнзул, нэхэмжлэгч Г.Б нарыг оролцуулан, Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 109/ШШ2019/0006 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлоор Г.Б-ын нэхэмжлэлтэй, Архангай аймгийн Засаг дарга, Архангай аймгийн Боловсрол, соёл, урлагийн газарт холбогдох захиргааны хэргийг шүүгч О.Номуулин илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 109/ШШ2019/0006 дугаар шийдвэрээр:

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Г.Б “Архангай аймгийн Засаг даргын 2019 оны 2 дугаар сарын 18-ны өдрийн “Э.У-г ажил түр орлон гүйцэтгэгчээр томилох тухай” Б/13 дугаар захирамжийг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг баталж,

Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.3, 47.1.6, Боловсролын тухай хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1.4, Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2, 40.1.4 дэх хэсэгт заасныг баримтлан Архангай аймгийн Боловсрол, соёл, урлагийн газрын 2019 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн “Ерөнхий боловсролын сургуулийн захирал, цэцэрлэгийн эрхлэгчийн төрийн албан хаагчийн хувийн хэрэг, холбогдох баримт бичигт хяналт хийсэн тухай” дүгнэлтийг илт хууль бус болохыг тогтоож, Архангай аймгийн Засаг даргын 2019 оны 2 дугаар сарын 18-ны өдрийн “Г.Б-ын хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай” Б/12 дугаар захирамжийг хүчингүй болгож, Г.Б-ыг Архангай аймгийн Хайрхан сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирлын албан тушаалд эгүүлэн тогтоохыг хариуцагч Архангай аймгийн Засаг даргад даалгаж,

Төрийн албаны тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.3, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, Нийгмийн даатгалын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчид 2019 оны 2 дугаар сарын 18-ны өдрөөс 2019 оны 5 дугаар сарын 24-ний өдөр хүртэл ажилгүй байсан хугацаанд урьд авч байсан цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг олгож, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалыг суутгаж, зохих бичилтийг хийхийг Архангай аймгийн Засаг даргад даалгаж шийдвэрлэжээ.

    Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо: “...Г.Б нь Хайрхан сумын ерөнхий боловсролын сургуулийн захирлын ажилд 2015 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн Б/98 дугаар аймгийн Засаг даргын захирамжаар түр томилогдон ажиллаж байгаад, 2016 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн Б/57 дугаар захирамжаар жинхлэн томилогдсон. 2016 оны 03 дугаар сарын 30-ны өдөр Г.Б нь аймгийн Засаг даргатай үр дүнгийн гэрээ байгуулж, гарын үсэг зурсан байдаг. Боловсролын тухай хуулийн 28-р зүйлд аймгийн Боловсролын газрын бүрэн эрхийг тодорхой заасан байдаг бөгөөд хяналт шалгалт явуулах бүрэн эрхтэй болно. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхээс шударга ёсны зарчмыг зөрчиж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн, хэт нэг талыг барьж, хууль буруу хэрэглэсэн гэж үзэх үндэслэлтэй байна. Захиргааны хэргийн анхан шатны шүүхээс хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудад дүгнэлт хийж нотлох баримтыг бүрэн бүрдүүлэхгүй хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтийг хангахгүй хэт нэг талыг барьж, хууль буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэж байгаа тул хэргийг хянаж, Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 109/ШШ2019/0006 дугаар шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдлын хүрээнд хэргийг хянан үзэхэд гомдлыг хангах үндэслэлгүй байна.

Нэхэмжлэгч Г.Б нь Архангай аймгийн Засаг дарга, Архангай аймгийн Боловсрол, соёл, урлагийн газарт тус тус холбогдуулан “Архангай аймгийн Боловсрол, соёл, урлагийн газрын 2019 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн “Ерөнхий боловсролын сургуулийн захирал, цэцэрлэгийн эрхлэгчийн төрийн албан хаагчийн хувийн хэрэг, холбогдох баримт бичигт хяналт хийсэн тухай” дүгнэлтийг илт хууль бус болохыг тогтоолгох, Архангай аймгийн Засаг даргын 2019 оны 2 дугаар сарын 18-ны өдрийн “Г.Б-ын хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай” Б/12 дугаар захирамжийг хүчингүй болгож, Архангай аймгийн Хайрхан сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирлын албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулж, нийгмийн даатгал, эрүүл мэндийн дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгах”-ыг хүссэн нэхэмжлэл гаргажээ.

Маргаан бүхий аймгийн Засаг даргын 2019 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн Б/12 дугаар захирамжид Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2, 40.1.4, Хөдөлмөрийн гэрээний 8 дугаар зүйлийн 8.1, Боловсрол, соёл, урлагийн газраас ирүүлсэн дүгнэлтийг тус тус баримтлан нэхэмжлэгч Г.Б-ыг “удирдлагад мэдэгдэж чөлөө зөвшөөрөл авалгүйгээр 3 хоногийн ажил тасалж хөдөлмөрийн гэрээнд заасан ноцтой зөрчил гаргасан, Боловсрол, соёл, урлагийн газрын дүгнэлтээр ажил албан тушаалдаа тэнцэхгүй болох нь тогтоогдсон” гэх үндэслэлээр Хайрхан сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирлын ажлаас чөлөөлж хөдөлмөрийн гэрээг цуцалсан нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн байна.

Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд нэхэмжлэгч Г.Б нь Архангай аймгийн Боловсрол, соёлын газраас 2016 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр зарласан “Хайрхан, Хотонт сумын ахлах сургуулийн захирлын албан тушаал”-ын  сонгон шалгаруулалтад оролцон 67,5 оноогоор тэнцсэн, Архангай аймгийн Боловсрол, соёлын газрын 2016 оны 6 дугаар сарын 09-ний өдрийн 176 дугаар албан бичгээр Г.Баярбатыг томилох саналыг аймгийн Засаг даргад хүргүүлсэн,  Архангай аймгийн Засаг даргын 2016 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн Б/57 дугаар захирамжаар Хайрхан сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирлаар жинхлэн томилсон үйл баримтууд тогтоогджээ.

Дээрх сонгон шалгаруулалтад сумын ахлах сургуулийн захирал нь “багш мэргэжилтэй байх” шаардлага тавигдсан байх бөгөөд нэхэмжлэгч Г.Б-ыг уг шаардлагыг хангасан гэж үзээд сонгон шалгаруулалтад оролцуулж, улмаар аймгийн Засаг даргад томилох санал хүргүүлсэн атлаа 2019 оны 1 дүгээр сард  “Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын 2007 оны 351 дүгээр тушаалаар баталгаажуулсан ажлын байрны мэргэжлийн шаардлагыг хангахгүй” гэж дүгнэлт гаргасан нь илт хууль бус, захиргааны акт зорилгодоо нийцсэн, бодит нөхцөл байдалд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх зарчимд нийцээгүй талаар анхан шатны шүүх үндэслэлтэй, зөв дүгнэлт хийжээ.

Боловсролын тухай хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1.4-т “боловсролын байгууллагын үйл ажиллагаанд хяналт тавих, хяналт-шинжилгээ хийх” эрхийг аймгийн боловсролын газарт олгосон зохицуулалтыг тухайн байгууллага, албан тушаалтаны мэргэжил, ур чадварын талаар дүгнэлт гаргах эрх хэмжээтэй адилтган ойлгохгүй бөгөөд энэ тохиолдолд Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.3-т заасан “тухайн захиргааны байгууллага өөрийн чиг үүрэгт үл хамаарах асуудлаар захиргааны акт гаргасан” гэх үндэслэлд хамааруулж илт хууль бус захиргааны акт гэж дүгнэсэн шүүхийн дүгнэлтийг буруутгах боломжгүй.

Түүнчлэн, нэхэмжлэгч Г.Б нь Боловсрол судлалын ухааны магистрын зэрэг хамгаалсан, багшлах эрхийн үнэмлэх авсан үйл баримт тогтоогдож байхад түүнийг “багшийн мэргэжлийн шаардлага хангаагүй” гэж үзэхээргүй байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2-т заасан “ажилтан мэргэжил, ур чадвар, эрүүл мэндийн хувьд гүйцэтгэж байгаа ажил, албан тушаалдаа тэнцэхгүй болсон нь тогтоогдсон” гэдгийг ажилтны энэ байдлын талаар салбарын буюу тухайн байгууллагын мэргэжил, ур чадварын түвшин тогтоох комисс болон эмнэлэг, хөдөлмөрийн магадлах комиссын албан ёсны дүгнэлт шийдвэр гарсан байхыг ойлгох бөгөөд боловсролын үнэмлэхгүй, дээд боловсролгүй, багш мэргэжилгүй зэрэг шалтгаан нь энэ зүйл хэсэгт заасан хөдөлмөрийн гэрээг цуцлах үндэслэл болж чадахгүй.

Мөн Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасан хөдөлмөрийн гэрээг цуцлах үндэслэл тогтоогдоогүй, Г.Б нь “удирдлагад мэдэгдэж чөлөө зөвшөөрөл авалгүйгээр 3 хоногийн ажил тасалсан” гэх зөрчил гаргаагүй, энэ талаар шүүх холбогдох нотлох баримтыг эргэлзээгүй, зөв үнэлж маргаан бүхий аймгийн Засаг даргын 2019 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн Б/12 дугаар захирамжийг хүчингүй болгож шийдвэрлэсэн нь хууль зөрчөөгүй байна.

Дээрхийг нэгтгэн дүгнэвэл хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “анхан шатны шүүх хэт нэг талыг барьж, хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн” гэх гомдлыг хангах үндэслэлгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэлээ.

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.1, 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 109/ШШ2019/0006 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагч нь давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдсугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

                                ШҮҮГЧ                                           Э.ЛХАГВАСҮРЭН

                               ШҮҮГЧ                                            Г.БИЛГҮҮН

                               ШҮҮГЧ                                           О.НОМУУЛИН