Улсын дээд шүүхийн Тогтоол

2016 оны 01 сарын 18 өдөр

Дугаар 001/ХТ2016/0018

 

“Х х” ХХК-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааныг шүүгч Х.Батсүрэн даргалж, шүүгч О.Зандраа, Д.Мөнхтуяа, Ц.Сумъяа, Ч.Тунгалаг нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Т.Өлзийтүвшин, нэхэмжлэгч “Х х” ХХК-ийн захирал Т.Энхтуяа, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Н, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.А нарыг оролцуулан хийж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн 548 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 521 дүгээр магадлалыг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлоор “Х х” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Нийслэлийн өмчийн харилцааны газарт холбогдох захиргааны хэргийг шүүгч О.Зандраагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Нэхэмжлэгч “Х х” ХХК-ийн захирал Т.Э шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Манай “Х х” ХХК нь нийтийн тээврийн үйлчилгээ эрхэлдэг ба манай шугамын эцсийн буудал нь Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороо, Ханын материалын эцсийн буудал байдаг. Энд жолооч нар, бусад зорчигч нарын бие засах газар болон үйлчилгээ эрхлэхэд шаардлагатай диспетчерийн байргүйгээс эмх замбараагүй зорчих хөдөлгөөн ихсэж, бие засах газаргүйгээс тухайн газар нь өвөл зунгүй маш их бохирдолтой байдгаас миний хувьд сэтгэл зовон нийслэлд хэрэгтэй зүйл гэсэн утгаар хандаж өнөөдрийг хүртэл уг асуудпыг хөөцөлдсөн боловч зарим захиргааны байгууллагын эс үйлдэхүйн улмаас маш ихээр хохирч байна.

Анх Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2005 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн 107 дугаар захирамжаар манай компанид 600 м.кв газар олгосон боловч замын тусгаарлах зурваст үзэгдэх орчин хязгаарлаж, хөдөлгөөний аюулгүй байдалд нөлөөлнө гэсэн үндэслэлээр газрын байршлыг нийслэлийн Засаг даргын 2008 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн 448 дугаар захирамжаар сольж олгосон боловч бусдын газартай давхцсан гээд сольсон. Эдгээр нөхцөл байдалд би төрийг хүндэтгэн огт маргаж байгаагүй юм.

Гэтэл нийслэлийн Засаг даргын дээрх 448 дугаар захирамжийн дагуу 2009 онд барилгын эскизийг батлуулж, хот байгуулалтын ерөнхий төлөвлөгөөгеөр оруулж, техникийн нөхцөл авсан. Энэ хугацаанд тус газар дээр нийслэлийн Засаг даргаас шинээр газар олгосон ямар нэгэн захирамж гараагүй атал одоо замын трасст орсон гээд барилга эхлүүлэх боломжийг хааж намайг хохироож байна. Энэ байдлыг ашиглан С.П гэх хүн тус газар дээр зөвшөөрөлгүй чингэлэг буулгаж, хашаа барьсан байдаг нь намайг бүр ихээр хохироож байна. Энэ асуудлаар зохих байгууллага албан тушаалтанд хандахад нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын байцаагч н.Б, Хот байгуулалтын хэлтсийн дарга н.О нар та газар дээрээ шонгоо зоогоод барилгаа эхэл гэдэг ч шинэчилсэн гэрээ, газрын гэрчилгээ гаргаж өгөөгүйгээс барилга эхлэх ямар ч боломж бүрдэхгүй байна.

Иймд нийслэлийн Засаг даргын 2008 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн 448 дугаар захирамжийн дагуу Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэр, Тролейбусны эцсийн буудалд “Х х” ХХК-д диспетчерийн байр, нийтийн бие засах газрын барилгын зориулалтаар газар эзэмших гэрээг байгуулж, гэрчилгээ олгуулах, газрын мэдээллийн сангийн бүртгэлд бүртгэхийг холбогдох захиргааны байгууллагад даалгаж өгнө үү” гэжээ.

Хариуцагч Нийслэлийн өмчийн харилцааны газрын дарга Ш.Т шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “... “Х х” ХХК-д анх Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2005 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн 107 дугаар захирамжаар нийтийн тээврийн диспетчерийн байр барих зориулалтаар тус дүүргийн 6 дугаар хороо, Ханын материалын эцэст 0,006 га газар эзэмших эрх олгохдоо Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2004 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн 178 дугаар захирамжаар эзэмшиж, улмаар нийслэлийн Засаг даргын 2004 оны 558 дугаар захирамжаар өмчилсөн иргэн С.Н-гийн өмчлөлийн Тоосгоны 24 дүгээр гудамжны 39 тоот газар дээр давхцуулан эзэмшүүлсэн байна.

Тус компанид нийслэлийн Засаг даргын 2008 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн 448 дугаар “Эзэмшил газрын зориулалтыг өөрчилж барилга барих зөвшөөрөл олгох тухай” захирамжаар барилга барих зөвшөөрөл олгогдож, 2008 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн 27 дугаар мэдэгдэл, 2008 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн Архитектур төлөвлөлтийн даалгавар бичигдэн олгогдсон байх ба тус мэдэгдлийн дагуу анх олгогдсон газраас өөрчилж замын зурвас газарт зураг төсөл хийсэн нь батлагдаагүй байна.

Тус асуудлыг Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газар, Нийслэлийн өмчийн харилцааны газрын хамтарсан Газар барилгажилтын зөвлөлийн 2014 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн хурлаар хэлэлцүүлсэн боловч уг хурлаас ерөнхий төлөвлөгөөний авто замын трасс, түүний хамгаалалтын зурваст орж байгаа тул боломжгүй тухай дүгнэлт гарсан байна.

Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга анх газар эзэмших эрх олгохдоо бусдын эзэмшил газартай давхцуулсан байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй юм” гэжээ.

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн 548 дугаар шийдвэрээр Газрын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.3.3, 23.3.7, 34 дүгээр зүйлийн 34.1, 61 дүгээр зүйлийн 61.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч “Х х” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Нийслэлийн Засаг даргын 2008 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн 448 дугаар захирамжийн дагуу Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэр, тролейбусны эцсийн буудалд “Х х” ХХК-д диспетчерийн байр, нийтийн бие засаг газрын барилгын зориулалтаар газар эзэмших гэрээг байгуулж, гэрчилгээ олгож, газрын мэдээллийн сангийн бүртгэлд бүртгэхийг Нийслэлийн өмчийн харилцааны газарт даалгасан байна.

Хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын дагуу Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх хэргийг хянан хэлэлцээд 2015 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 521 дүгээр магадлалаар Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн 548 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаажээ.

Нэхэмжлэгч “Х х” ХХК-ийн захирал Т.Э хяналтын журмаар гаргасан гомдолдоо: “... Давж заалдах шатны шүүхийн магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлага хангаагүй, хэрэгт авагдсан нотлох баримтыг үнэлээгүй гэж үзэж байгаа тул хяналтын журмаар гомдол гаргаж байна.

Нийслэлийн Засаг даргын 2009 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн 448 дугаар захирамж нь Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2005 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн 107 дугаар захирамжид үндэслэн эзэмшил газрын зориулалтыг өөрчилж, барилга барих зөвшөөрөл олгосон захирамж баг бусдын газар давхцуулан газар шинээр олгосон зүйл огт байхгүй бөгөөд энэхүү захирамж дуусгавар болоогүй, хүчин төгөлдөр бүхий захирамж юм.

Нийслэлийн өмчийн харилцааны газар нь нийслэлийн Засаг даргын 2009 оны 448 дугаар захирамжийн 2 дахь хэсэгт заасан “газар эзэмших гэрээг зохих журмын дагуу шинэчлэн байгуулж, гэрчилгээ олгон газрын бүртгэлд бүртгэх”-ийг даалгасан үүргээ өнөөдрийг хүртэл биелүүлээгүйгээс нэхэмжлэгчийн Газрын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.3.3, 23.3.7, 34 дүгээр зүйлийн 34.1-д заасан эрх, ашиг сонирхол зөрчигдөж, нэхэмжлэгч газраа зориулалтын дагуу эзэмшиж, ашиглаж чадахгүй байгаа нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар хангалттай нотлогдож байна.

... Давж заалдах шатны шүүх нэхэмжлэлд хамааралгүй асуудлаар дүгнэлт хийж, архитектур төлөвлөлтийн даалгавар ямар үндэслэлээр олгогдсон талаар, мөн гуравдагч этгээд татан оролцуулах гэх мэт хэрэгт ач холбогдолгүй үндэслэлээр шийдвэрийг хүчингүй болгосон байна.

Иймд давж заалдах шатны шүүхийн 2015 оны 521 дүгээр магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн 2015 оны 548 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хянан хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаасан давж заалдах шатны шүүхийн магадлал Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.4-т “шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаах”, 88.3.4-т “шүүх шаардлагатай нотлох баримтыг дутуу бүрдүүлсэн, эсхүл хуулийн шаардлага хангаагүй нотлох баримтыг захиргааны хэргийн шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон;” гэж заасантай нийцжээ.

Дээрх хуулийн 89 дүгээр зүйлийн 89.1-д “Захиргааны хэргийн шүүхийн магадлалд дурдсан заалтыг хэргийг дахин хэлэлцэж байгаа шүүх заавал биелүүлнэ” гэсний дагуу анхан шатны шүүх магадлалд заагдсан зүйлүүдийг шалгаж тодруулахаар байна.

Түүнчлэн нэхэмжлэгчийн эзэмшлийн буюу барилга барих зөвшөөрөл бүхий газар нь Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2004 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн 178 дугаар захирамжаар эзэмшиж, нийслэлийн Засаг даргын 2004 оны 558 дугаар захирамжаар өмчилсөн иргэн С.Н-гийн Тоосгоны 24 дүгээр гудамжны 39 тоот хашааны газар болон Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2005 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 252 дугаар захирамжаар эзэмшиж, нийслэлийн Засаг даргын 2008 оны 59 дүгээр захирамжаар өмчилсөн иргэн С.П-гийн Тоосгоны 24 дүгээр гудамжны 36 тоот хашааны газартай тус тус давхцалтай эсэх, ерөнхий төлөвлөгөөний авто замын трасс, түүний хамгаалалтын зурваст орж байгаа эсэх, нэхэмжлэгчид ямар байршилд барилга барих зөвшөөрөл олгосон зэргийг дахин нягтлан шалгах нь зүйтэй.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-д “Тухайн захиргааны актын ... улмаас эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа гэж үзсэн гуравдагч этгээдийг шүүгч захирамж гарган захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулж болно”, 21.2-т “Гуравдагч этгээд нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 29 дүгээр зүйлд заасан эрх эдэлж, үүрэг хүлээнэ” гэж тус тус заажээ.

Хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2005 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн 107 дугаар захирамжаар эзэмшиж, улмаар нийслэлийн Засаг даргын 2008 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн 448 дугаар захирамжаар “Х х” ХХК-д барилга барих зөвшөөрөл олгосон газар нь бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн байж болзошгүй тул дээрх нэр бүхий иргэдийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гуравдагч этгээдээр татан оролцуулж, тэдгээрт холбогдох нотлох баримтуудыг цуглуулан, Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т заасан журмын дагуу үнэлж, хэргийг дахин шийдвэрлэх шаарлагатай байна.

Давж заалдах шатны шүүх Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 85 дугаар зүйлийн 85.3-т “Давж заалдах журмаар хэрэг хянан шийдвэрлэж байгаа захиргааны хэргийн шүүх давж заалдах гомдолд заасан үндэслэлээр хязгаарлахгүй захиргааны хэргийг бүхэлд нь хянан үзэх үүрэгтэй” гэж зааснаар хэргийг бүхэлд нь хянаад хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг зөв үнэлсэн, мөн хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.4, 88.3.4 дэх хэсгийн заалтыг зөв тайлбарлаж хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй гэж үзэв.

Иймд, нэхэмжлэгчийн төлөөлөгчийн “... Газрын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.3.3, 23.3.7, 34 дүгээр зүйлийн 34.1-д заасан эрх, ашиг сонирхол зөрчигдөж газраа зориулалтын дагуу эзэмшиж, ашиглаж чадахгүй байгаа ... давж заалдах шатны шүүх нэхэмжлэлд хамааралгүй асуудлаар дүгнэлт хийж ... хэрэгт ач холбогдолгүй үндэслэлээр шийдвэрийг хүчингүй болгосон...” гэх хяналтын журмаар гаргасан гомдлыг хангаж, магадлалыг хүчингүй болгон, шийдвэрийг хэвээр үлдээх боломжгүй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 91 дүгээр зүйлийн 91.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 521 дүгээр магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                          Х.БАТСҮРЭН

 

 

ШҮҮГЧ                                                                                   О.ЗАНДРАА