Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 02 сарын 06 өдөр

Дугаар 03

 

           
     Р.Энхтуяад холбогдох эрүүгийн хэргийн тухай


Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг  ерөнхий шүүгч Ш.Баттогтох даргалж,  шүүгч Б.Намхайдорж, шүүгч Ч.Энхтөр нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар О.Дэжидмаа, прокурор Б.Ганбаатар, шүүгдэгч Р.Энхтуяа, шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Ариун-Эрдэнэ нарыг оролцуулан нээлттэйгээр хийсэн шүүх хуралдаанаар Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 44  дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Р.Энхтуяагийн өмгөөлөгч Д.Ариун-Эрдэний гаргасан давж заалдах гомдлоор Р.Энхтуяад холбогдох 201507000209 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 1 дүгээр сарын 04-ний өдөр хүлээн авч шүүгч Ч.Энхтөрийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Монгол Улсын иргэн, халх, 1961 оны 10 дугаар сарын 18-нд төрсөн, Говь-Алтай аймгийн Тонхил сумын харьяат, 55 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, ам бүл 2, хүүтэйгээ хамт Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Баянхайрхан багийн 2-18А тоотод оршин суудаг, төрөөс авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, аминдаа хөрөнгөгүй, бие эрүүл, ухаан бүрэн, ТЗ61101819 регистрийн дугаартай, Урианхан овогт Рэнцэнгийн Энхтуяа нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2015 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Баянхайрхан багийн 2-18-А тоотод байрлах гэртээ өөрийн эхнэр Т.Наранцэцэгийг өвчний улмаас биеэ хамгаалж чадахгүй байгааг нь мэдсээр байж санаатай алсан гэмт хэрэгт холбогджээ.
Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Шүүгдэгч Урианхан овогт Рэнцэнгийн Энхтуяаг бусдыг биеэ хамгаалж чадахгүй байгааг мэдсээр байж хүнийг санаатай алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 91 дүгээр зүйлийн 91.2.15 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Р.Энхтуяаг 17 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн 52 дугаар зүйлийн 52.6 дахь хэсэгт зааснаар ялтан Р.Энхтуяад оногдуулсан 17 жилийн хорих ялыг чанга дэглэмтэй эрэгтэйчүүдийн  хорих ангид эдлүүлэхийг, Эрүүгийн хуулийн 59 дүгээр зүйлийн  59.1 дэх хэсэгт зааснаар ялтан Р.Энхтуяагийн цагдан хоригдсон 99 хоногийг ял эдэлсэн хугацаанд оруулан тооцохыг тус тус дурдаж, Энэ хэрэгт хөрөнгө битүүмжлээгүй, хохирогч Б.Дарханбямбаа хохирол нэхэмжлээгүй зэргийг дурдаж шийдвэрлэжээ.  

Ялтан Р.Энхтуяагийн өмгөөлөгч Д.Ариун-Эрдэнэ давж заалдах гомдол тайлбартаа: Говь-Алтай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12-р сарын 16-ны өдрийн 44 дугаартай Шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй гэж үзэж дараах гомдлыг гаргаж байна.

 1. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 284 дүгээр зүйлийн 284.1 дэх хэсэгт заасан шүүхийн тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх,  284.3 дахь хэсэгт шүүх нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжилсэн тогтоолыг үндэслэлтэй гэж үзнэ, 290 дүгээр зүйлийн 290.2 дахь хэсэг шүүхийн тогтоол нь таамаглалд үндэслэж болохгүй гэж заасныг тус тус зөрчсөн гэж үзэж байна. 
Шүүхээс Р.Энхтуяаг Эрүүгийн хуулийн 91 дүгээр зүйлийн 91.2.15 дахь хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцоож 17 жилийн хорих ял оногдуулж байгаа нь үндэслэлгүй гэж үзэж байна. Учир нь: Эрүүгийн хэрэгт авагдсан нотлох баримтуудаар Р.Энхтуяаг амь хохирогч Т.Наранцэцэгийг зодож алсан болохыг нотолж байгаа хөдөлбөргүй нотлох баримт авагдаагүй гэж үзэж байна. Хавтаст хэрэгт авагдсан баримтуудаар хохирогчийг урьд өмнө нь зоддог байсан талаар гэрчүүд хохирогч Э.Дарханбямбаа нар мэдүүлдэг боловч зодож байсан нь тогтоогдоогүй. Түүнчлэн гэрч хохирогч нарын мэдүүлэг нь эх сурвалжаа зааж чадаагүй бөгөөд таамаглал дэвшүүлсэн мэдүүлэгт үндэслэж Р.Энхтуяаг буруутгаж ял оногдуулж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна. 
Өөрөөр хэлбэл хохирогчийн биед гэмтэл учирсан тиймээс уг гэмтлийг хамт байсан Р.Энхтуяа л учруулсан байгаа гэж үзэж буруутгаж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. Хохирогчийн биеийн болон амьдралын нөхцөл байдал ямар байсан нь гэрчээр мэдүүлэг өгсөн нэгдсэн эмнэлэгийн эмч сувилагч нарын мэдүүлэгт ганцаараа босох чадвар муутай байсан талаарх мэдүүлгээр тогтоогдож байгаа бөгөөд шүүх ч үнэлсэн. Харин амь хохирогч ганцаараа гэртээ үлдэхдээ босч яваад унасан, юм мөргөсөн байхыг үгүйсгэх аргагүй байгаа.
Мөн амь хохирогч Т.Наранцэцэг нь биеийн байдал муу ухаан санаа нь орж гардаг талаар мэдүүлэхэд хохирогч болон улсын яллагчийн зүгээс мэдрэл муутай болгох гэлээ гэх мэтээр шүүмж мэдүүлэг өгч байгаа. Гэтэл хавтаст хэрэгт амь хохирогчийг 2015 оны 11-р сард эмнэлэгт хэвтүүлэхэд стор нээх үед асуумж бөгөлсөн байдлаас түүний ухаан санаа жилийн өмнө ямар байсан болох нь тодорхой харагдаж байгаа.
Түүнчлэн амь хохирогч Т.Наранцэцэг нь судасны хатуурал, зүрхний дутагдал, даралт ихдэлт зэрэг өвчтэй байсан болох нь шинжээч нарын дүгнэлт, эд эсийн шинжилгээнээс тодорхой харагдаж байгаа бөгөөд уг өвчин нь зүгээр байсан ч судас хагарч цусан хураа үүсэх маш өндөр магадлалтай өвчин юм. 
Тиймдээ ч шүүх эмнэлгийн шинжээч эмчийн дүгнэлтэд толгойгоороо юм мөргөх, унах, биеийн бусад хэсгээр юм мөргөхөд ч тархинд цусан хураа үүсэх боломжтой талаар дүгнэлт гаргасан байхад шүүхээс “Шүүгдэгчийн талийгаачийг шээлгэх гэж байгаад орлуу 2 дахиж унагаасан” гэх мэдүүлэгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, фото зургийг үнэлэхэд ...орны урд хэсэгт мөргөж гэмтэл учирсан гэж үзэх үндэслэлгүй байна гэж үзлээ. Мөн талийгаач 47 кг жинтэй байсан гэдэгт дүгнэлт хийхэд ч шүүгдэгчийн мэдүүлэг няцаагдаж байна гэжээ. 
Үүнээс харахад шүүх ямар үндэслэлээр уг дүгнэлтийг хийж байгаа нь тодорхойгүй бөгөөд Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 219 дүгээр зүйлийн 219.3 дахь хэсэг зааснаар шүүх хэргийн жинхэнэ байдалтай нийцээгүй дүгнэлт хийсэн гэж үзэх үндэслэл тогтоогдож байна.
Мөн гэрч, хохирогч нарын хооронд бичигдсэн гэх мессэжийг мөрдөн байцаалтаар шалгаж чадаагүй. Гэрч Наранцэцэг, Саранцэцэг, хохирогч Э.Дарханбямбаа нар нь Р.Энхтуяаг гэм буруутай болгох талаар мэдүүлэг өгөхийг гэрч Болормаад шахалт үзүүлж байсан талаар гэрч Болормаа шүүх хуралдаанд мэдүүлсэн бөгөөд энэ асуудалд шүүх дүгнэлт хийгээгүй. Тиймээс уг мессэжийг зохиомлоор бий болгох боломжтой гэж үзэж байна. Тухайлбал: утасны цаг хугацааг өөрчилж мессэж бичсэнээр уг мессэжний цаг хугацаа ч өөрчлөгдөх боломжтой байгаа. Гэтэл үүрэн холбооны холбогдох оператороос лавалгаа авахуулах хүсэлт гаргахад хадгалагдах хугацаа дууссан байсан бөгөөд 2016 оны 11-р сарын 24-ний өдөр талийгаач Т.Наранцэцэг болон шүүгдэгч Р.Энхтуяа нарын дундаас гарсан хүү Э.Дарханбаатар нь тэр өдөр аав, ээжтэйгээ утсаар ярихаар 3 удаа залгахад аавынх нь утас буюу гэрч Наранцэцэгийн талийгаачтай холбогдсон гэх утас холбогдох боломжгүй байсан талаар мөн мэдүүлдэг. Түүнчлэн Р.Энхтуяа нь тухайн өдөр шинээр утас авсан байдаг бөгөөд цагдаагийн хэлтэст Р.Энхтуяаг захиргааны журмаар саатуулахад эд зүйлийг нь хураан авахад утас нь симнээсээ салангад байсан, утасанд үзлэг хийхэд орсон гарсан дуудлага огт байгаагүй зэргээс харахад гэрч Т.Наранцэцэг тухайн өдөр амь хохирогчтой утсаар ярьсан болох нь ч тогтоогдохгүй байгаа болно.

Иймд Р.Энхтуяа нь хохирогч Т.Наранцэцэгийг алсан болох нь нотлох баримтаар хөдөлбөргүй тогтоогдоогүй байхад шүүх таамаглалд үндэслэж, хэргийн жинхэнэ байдалтай нийцээгүй дүгнэлт хийж миний үйлчлүүлэгч Р.Энхтуяаг хүнийг санаатай алсан гэх зүйлээр зүйлчилж 17 жилийн хорих ял оногдуулж байгаа нь үндэслэлгүй гэж үзэж байна. Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12-р сарын 16-ны өдрийн 44 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож Р.Энхтуяаг цагаатгаж өгнө үү гэжээ.
Шүүгдэгч Р.Энхтуяа давж заалдах шатны шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Талийгаач нь зүрхний дутагдалтай, хаван ихтэй, давхар харвалт өгсөн байсан. Өөрөө босож суудаг хоол ундаа идэж уудаг байсан. Манай аав дүү нар ирээд явахад талийгаач өөрөө босоод гэрийнхээ гадаа гараад ирсэн зогсож байсан. 
Тэр өдөр талийгаач бие засмаар байна гэхээр нь би санамсар болгоомжгүйгээсээ болж хувин дээр дутуу суулгаад ор мөргүүлж унагаасан. Бас толгойн ар хэсгээр нь унагаасан. Мөргөсөн ор нь зөөлөн буйдан ор байгаагүй модон ор байсан.  
Хохирогч гээд байгаа хүмүүс талийгаачийг харж асарч байгаагүй. Дарханбямбаа ээжийгээ удаа дараа гомдоож байсан. Пизда минь чамайг хэзээч ээжээ гэж бодохгүй гэж хэлж байсан. Талийгаачийг би жилийн хугацаанд харж асарч байсан эцэстээ ийм хэрэгт холбогдсондоо харамсаж байна. Хамт байсан болохоор намайг алсан байх гэсэн таамаглалаар 17 жилийн хохих ял оногдуулсанд харамсаж байна. Би 25 жил ханилсан ханиа зодоод алах хүн биш. Тиймээс хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв. 
Прокурор давж заалдах шатны шүүхэд гаргасан дүгнэлтдээ: Шүүгдэгчийн ярьж байгаа зүйлтэй холбогдуулан дүгнэлт болгож хэлэхэд Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн дагуу авагдсан нотлох баримтуудыг таамаглал гэж хэлж байна. Албан ёсоор шинжээчээр оролцсон мэргэжлийн хүмүүс тархины дарагдлын улмаас зүрх судасны хурц дутагдалд орж нас барсан гэдгийг хэлдэг. Гэтэл шүүгдэгч хохирогчийн гэмтлийн асуудал яриад ирэхээр хохирогч хүнд өвчтэй байсан талаар ярьдаг. Хохирогчийн хамгийн сүүлд хэлсэн үгийг ярихаар сэтгэцийн асуудалтай байсан гэж ярьдаг. Мэргэжлийн эмч нар энэ талаар дурдаагүй. Гэрч Болормаагийн тухайд хэний нөлөөнд автаад мэдүүлэг өгөөд байгаа нь хэргээс хангалттай харагдаж байгаа. Шүүх хуралдаанаар тухайн хүний ярьж байгаа зүйл худлаа гэдгийг харуулсан. Гэрч Дарханбаатар нь аав, ээж хоёрынхоо хэнийг нь хэн гэх вэ гэсэн байдлаар ханддаг. Шүүгдэгч нь хохирогчийг бие засуулж байгаад болгоомжгүй унагаасан гэдэг боловч энэ байдал нь тогтоогддоггүй. Нүүр, толгой нь энд тэндгүй олон тооны зулгаралт, хөхрөлт, улайлт үүссэн байдаг. 
Анхан шатны шүүхийн шийдвэр  хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд гарсан. Шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 284 дүгээр зүйлийн 284.1 дэх хэсэгт заасан шүүхийн тогтоол нь хууль ёсны бөгөөд  үндэслэлтэй байх хуулийн шаардлагыг хангасан байна. 

 Ялтан Р.Энхтуяа нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2015 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Баянхайрхан багийн 2-18-А тоотод байрлах гэртээ өөрийн эхнэр Т.Наранцэцэгийг өвчний улмаас биеэ хамгаалж чадахгүй байгааг нь мэдсээр байж санаатай алсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь:  
Хохирогч Дарханбямбаагийн мөрдөн байцаалтад өгсөн “...2015 оны 11 дүгээр сарын 24-ны өдөр Улаанбаатар хотоос миний нагац эгч Наранцэцэг 95735113 гэсэн дугаараас надруу залгасан байсан тухайн үед би сонсоогүй учраас ярьж чадаагүй удалгүй миний утсанд мессэж ирсэн байсан түүн дээр 18 цаг 21 минутанд "Сайн уу? Юу байна? Ээжтэйгээ ярьсан уу? Сая ярьсан уйлаад орилоод байх юм. Чи очоод үзээдэх" гэж бичсэн байсан. Тэгээд би Энхтуяагийнд очоод хашааны хаалгаар ороход ёо ёо гэж дуугарсан. Намайг Р.Энхтуяагийн амбаарын хаалгыг татаж үзэхэд дотор талаасаа цоожтой байсан. Энхтуяа хаалга тайлж өгсөн. Намайг гэрт ороход манай ээж зөвхөн дотуур хувцастай /бандаажтайгаа/ гэрийнхээ зүүн талын орон дээр цаашаа харсан хэвтэж байсан. Манай ээжийн ууц нуруу, дал, хондцог дээр шалбарсан мэт болоод  хөх туяа суусан байсан мөн нүүр нь зүүн талын шанаандаа улайсан, хамар нь хөндлөн улайж хадвсан байсан. Тэр үед би Энхтуяагаас ээжийг зодсон юм уу? гэхэд Энхтуяа нь би зодоогүй шургаж унаад ийм болсон гэж хэлж байсан. Би хажуу айл руу гүйж ороод Болороо гэж дууддаг хүнд танай хажуу талд хүн зодсон байхад утсаар яриад хэлчихгүй дээ гэж хэлсэн. Тэгэхэд Болороо нь би дөнгөж сая гаднаас орж ирсэн юу болсон талаар мэдээгүй гэж хэлсэн. Тухайн үед Энхтуяа нь над руу чи их олон юм ярьдаг гөлөг байна лээ гээд босоод ирхээр нь би гараад хажуу талын айлд орсон. Би Болороогоор хашааны хаалга хүртэл гаргуулаад гэртээ очиж нөхөр Мөнхбатыг дагуулж буцаж ирсэн. Тэгэхэд Төгсбаяр, Байгаль охинтойгоо ирсэн байсан. Бид нарыг гэрт байхад манай ээжийн хажууд Энхтуяа нь суусан Чи босоод хэлээч би чамайг зодсон юм уу? гэхэд манай ээж Наранцэцэг “Наадхаа цааш нь аваач ээ. Намайг өдрөөс хойш зодлоо шүү дээ гэж хэлсэн.”  Тэгээд 2 балга цай уугаад бөөлжөөд хэвтэж байхад цагдаа ирсэн. Цагдааг хажуу айлын хүн Болороо дуудсан юм билээ” гэсэн мэдүүлэг, 
Гэрч Т.Наранцэцэгийн "...11 дүгээр сарын 24-нд өдөржин 99488383 дугаар руу залгаад утсаа авахгүй байсан. Орой 18 цагийн үед залгахад Энхтуяа модоо хүнээр хагалуулж байна. Эгчтэйгээ ярих юм уу. Жаажаад нь оруулаад утсаа өгөөтөхөе гээд Наран ярьж байна ярих юм уу гэхэд миний эгч утсаа аваад “Намайг өдөржин тамаллаа. Намайг ирж аваач гэсэн. Тэгээд Б.Дарханбямбааруу залгахад утсаа аваагүй. Тэгэхээр нь мессеж бичсэн. Тэгсэн тэр дороо Дарханаа надруу залгахад нь би ээжийгээ эргээдэх гэсэн. Тэгээд удаагүй Б.Дарханбямбаа ирчихсэн байна ээжийн хамар амыг тэгшлээд хаячихсан байна гэсэн. Тэгсэн Р.Энхтуяа юугаа солиороод байгаа гичий вэ. Тийм л юм бол ээжийгээ асрахгүй яасан юм гээд утсаа тасалсан” гэсэн мэдүүлэг, 
Гэрч Дэмбэрэлийн  "Шинэ Алтай зах дээр явж байгаад Р.Энхтуяатай таараад тэндээс таксидаад Р.Энхтуяагийн гэрт нь очиж орос нэртэй архи гаргаж ирснийг бид хоёр хувааж уусан. …Талийгаач Т.Наранцэцэгийн нүүр ам, хүзүүнд ил харагдах шарх сорви байгаагүй” гэсэн мэдүүлэг, 
Говь-Алтай аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээч Д.Даваахүүгийн 2016 оны 01 сарын 12-ны өдрийн: “Талийгаач Т.Наранцэцэг нь гавал тархины битүү гэмтэл хатуу халсан доорх цусан бүлэн, тархины зүүн тал бөмбөлгийн дарагдлын улмаас амьсгал зүрх судасны хурц дутагдалд орж нас баржээ” гэсэн 04 дугаар дүгнэлт, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч Д.Эрдэмболор, 

Т.Номинцэцэг, М.Энхтайван нарын 2016 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн: “Талийгаачид тархины битүү гэмтэл, тархины зүүн тал бөмбөлгийн хатуу хальсан доорх цусан хураа, зүүн тал бөмбөлгийн тархины дарагдал, зүүн чамархай, дух, дагз хэсгийн хуйхан доорх цус хуралт, хүзүү, зүүн бугалга, шуу, баруун бугуй, бүсэлхий нуруунд цус хуралт, хамрын нуруу, дээд уруул, баруун гарын алга, 5 дугаар хурууны 3 дугаар үений хэсэгт зулгаралт гэмтэл учирчээ. Дээрх гэмтлүүд нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 

Талийгаач нь тархины битүү гэмтэл, тархины зүүн тал бөмбөлгийн хатуу халсан доорх цусан хураа, зүүн тал бөмбөлгийн тархины дарагдал гэмтлийн улмаас нас барсан байна. Урьд гаргасан шүүх эмнэлгийн задлан шинжилгээ хийсэн 04 тоот дүгнэлт үндэслэлтэй” гэсэн дүгнэлт зэргээр тогтоогдсон байна. 

Шүүгдэгч нь талийгаачийг шээлгэх гэж байхад нүүр хэсгээрээ болон толгойн ар хэсгээрээ орлуу мөргөж унасан гэж мэдүүлж байгаа ч хавтаст хэргийн 216-220 дугаар хуудсан дахь шүүгдэгчийн мэдүүлгийг газар дээр нь шалгасан тухай тэмдэглэл, фото зургийн үзүүлэлт, хохирогчийн биед олон тооны цус хуралт, зулгаралт үүссэн, шинжээч дээрх цус хуралт, зулгаралтуудыг хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүссэн болохыг дүгнэлтдээ тусгасан зэрэг нь болон хохирогчийн хэвтэж байсан орны нүүрэн хэсгийн доод ирмэгээс шал хүртэл 27 см, нүүрэн хэсгийн зузаан нь 15 см, орны дэвсгэрийн зузаан нь 4 см өөрөөр хэлбэл газраас орны урд хэсгийн дээд ирмэг хүртэл нийт 46 сантиметр бөгөөд талийгаач сууж, байгаад буюу зогсож байгаад нүүр, толгойн ар хэсгээрээ уг орны урд ирмэгийг мөргөсөны улмаас хохирогчийг үхэлд хүргэсэн гэмтэл учирсан байх боломжгүй байна. 
Гэрч Л.Болормаа, Ц.Байгалмаа нарын мэдүүлэг нь шүүгдэгч, хохирогч нарын хувийн байдлын талаар болон хэрэг явдал болохоос өмнөх дараах ерөнхий мэдээллүүдийг агуулсан бөгөөд хэрэгт чухал ач холбогдолтой байдлыг нотлохгүй байгааг дурдах нь зүйтэй.
Түүнчлэн амь хохирогч Т.Наранцэцэгийн биеэ хамгаалж чадахгүй байдал нь шүүгдэгч Р.Энхтуяа, хохирогч Дарханбямбаа нарын талийгаач нь бие муутай асаргаанд байдаг талаар мэдүүлсэн мэдүүлэг, гэрч Энхтуяа, Сансармаа, Чимэдлхам, Туяацэцэг, Бямбасүрэн, Долгорсүрэн нарын "...талийгаач нь зүрхний дутагдалтай, хаван ихтэй эмнэлэгт ирээд хаван бууж, биеийнх нь ерөнхий байдал бага зэрэг сайжраад, эмчилгээ бичиж өгөөд гаргасан, давхар харвалт өгсөн хүн учир өөрөө босож, сууж чадахгүй, ар гэрийн дэмжлэгээр явдаг" гэх мэдүүлгүүдээр тогтоогдож байгаа талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байна.
Хэрэгт авагдаж анхан шатны шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд өөр хоорондоо зөрүүгүй, хэрэгт хамааралтай, Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байна. 
Мөрдөн байцаалтын шатанд энэ хэрэгт шалгавал зохих байдлыг бүрэн шалгасан, шүүх нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитой харьцуулан судалсны үндсэн дээр Р.Энхтуяагийн үйлдсэн гэмт хэргийн гэм буруу, хувийн байдал, гэмт үйлдлийн шинж чанарт тохирсон ял шийтгэл оногдуулсан байна.

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, ялтны өмгөөлөгч Д.Ариун-Эрдэний гаргасан хэргийг хэрэгсэхгүй болгож ялтныг цагаатгах тухай давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

6


1. Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 44 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, 
ялтны өмгөөлөгч Д.Ариун-Эрдэний гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн гэж үзвэл шүүгдэгч, хохирогч болон тэдгээрийн өмгөөлөгч нар магадлалыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах, Улсын Ерөнхий прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.                       

        

 

            ДАРГАЛАГЧ,ШҮҮГЧ                                   Ш.БАТТОГТОХ

                     ШҮҮГЧИД                                   Б.НАМХАЙДОРЖ 

                                         Ч.ЭНХТӨР