Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 02 сарын 27 өдөр

Дугаар 39

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэргийн индекс: 180/2019/0068/Э

Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Ганзориг даргалж тус шүүхийн шүүх хуралдааны "А" танхимд хийсэн хуралдаанд:

Нарийн бичгийн дарга                                 М.Долгоржав,

Улсын яллагч                                               Я.Сансар,

Шүүгдэгчийн өмгөөлөгч                                 Г.Баярсайхан,

Шүүгдэгч                                                       А.Ц нарыг оролцуулан

Хэнтий аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Я.Сансараас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн У овогт А Ц холбогдох 1939000640041 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 02 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт: 1987 оны 05 дугаар сарын 06-ны өдөр Хэнтий аймгийн Батноров суманд төрсөн, 31 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 4, эхнэр хүүхдүүдийн хамт Хэнтий аймгийн Батноров сумын 5 дугаар баг “Гурвалжин жалга” гэх  оршин суух У овогт А Ц /РД: /

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:  /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч А.Ц нь 2019 оны 01 дүгээр сарын 18-ны орой Хэнтий аймгийн Батноров сумын 5 дугаар баг “Жаргалантын хажуу” гэх газраас иргэн С.Х хүрэн зээрд зүсмийн 1 тооны адууг хулгайлж 900.000 төгрөгийн хохирол,

Хэнтий аймгийн Батноров сумын 5 дугаар баг “Мандалын нуга” гэх газраас иргэн Ж.З эрээн нүүртэй ухаа зүсмийн 1 тооны үхрийг хулгайлж 750.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч А.Ц нь 2019 оны 01 дүгээр сарын 18-ны орой Хэнтий аймгийн Батноров сумын 5 дугаар баг “Жаргалантын хажуу” гэх газраас иргэн С.Х хүрэн зээрд зүсмийн 1 тооны адууг хулгайлж 900.000 төгрөгийн, Хэнтий аймгийн Батноров сумын 5 дугаар баг “Мандалын нуга” гэх газраас иргэн Ж.З эрээн нүүртэй ухаа зүсмийн 1 тооны үхрийг хулгайлж 750.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

1. Хохирогч С.Х мөрдөн байцаалтанд өгсөн: “...Манайх 2 азарга 50 гаран тооны адуутай. 2019 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр дүү Алтанхуяг адуун дээр очиж адуу бүрсгэж үзэхэд бүгд бүрэн байна гэж хэлсэн. 2019 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр би аав Сайнбилэгтэй хамт Батноров сумын 5 дугаар багийн нутаг “Бат-Өлзийт” уулын ард байхад нь машинтай очиж үзэхэд улаан азаргатай адуунд байсан хүрэн зээрд зүсмийн холбоотой саран тамгатай 9 настай бүдүүн морь байхгүй байсан. Ингээд ойр хавиар айлын адуу малаар хайгаад ямар нэгэн сураг чимээ гараагүй юм. ... Миний алдсан адуу номхон, 2 жил унаагүй тарган, хүчтэй адуу байсан........” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 17-18 хуудас/

 

2. Хохирогч Ж.З мөрдөн байцаалтанд өгсөн: “...Манай малчин Готов 2019 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр утсаар үхрээ тоолж үзэхэд нэг тооны үхэр тоогоор дутаад байна ямар зүстэй ямар насны үхэр дутсаныг мэдэхгүй байна та нар ирж үхрээ бүрсгэж үз гэхээр нь 2019 оны 01 дүгээр 26-ны өдөр очиж үзэхэд эрээн нүүртэй ухаа охин шүдлэн үхэр алдсан байсан...” гэсэн мэдүүлэг. /Хх-ийн 21-22 хуудас/

 

3. Гэрч Г.Оюунзулын мөрдөн байцаалтанд өгсөн: “…2019 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр 16 цагийн үед Ц хар зүсмийн морь унаад баруун урагш зүгт явсан. Хаашаа явж байгаа талаараа хэлээгүй. Орой 20 цаг өнгөрөөгөөд 21 цагийн үед хар морь уначихсан ахар дэлтэй хүрэн зээрд морийг Амгаланбаатар ахтай хамт нядалж хадам ээж Алтанчимэг бид хоёр гэдсийг нь арилгасан. Би Ц авчирсан ахар дэлтэй хүрэн зээрд морины тамга болон хайчийг хараагүй. Махыг нь харахад бүдүүн адуу байх шиг байсан. 2019 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр хадам Алтанчимэг сартай мухар улаан үнээ, улаан халзан охин шүдлэн, улаан бор азарга эдгээр 2 үхэр, 1 адуу, 3 хонь, 1 ямааг манай нөхөр Ц, Амгаланбаатар хоёр нядалж, хадам ээж Алтанчимэг бид хоёр гэдсийг нь арилгасан. Ингээд 15 цагийн үед нядалдсан малынхаа мах, толгой, шийр, ширийг нь машиндаа ачаад Ц бид хоёр аймаг руу явсан. Замдаа манайхаас 30 гаран км газарт байдаг замын хойд талд байдаг хогны хажууд зогсож нядалсан малынхаа шийрийг хаясан. Мөн хүрэн зээрд морины толгой шийрийг хаясан....” гэсэн мэдүүлэг /Хх-ийн 23-25 хуудас/

 

4. Гэрч Э.Амгаланбаатарын мөрдөн байцаалтанд өгсөн: ... 2019 оны 01 дүгээр сарын 18-ны орой Ц хар морь унаад гэрээсээ баруун урагшаа чигтээ явсан. Орой 22 цагийн үед том биетэй хүрэн зээрд морь хөтөлж, эрээн нүүртэй ухаа улаандуу охин шүдлэн үхэр тууж ирсэн. Цоожийн авчирсан морь, шүдлэн үхэр хэнийх гэдгийг мэдэхгүй, манай үхэр адуу бол биш...” гэсэн мэдүүлэг. /Хх-ийн 26-27 хуудас/

 

6. Алдагдсан малын үнэлгээ. /Хх-ийн 36, 39 хуудас/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байгаа бөгөөд шүүгдэгч А.Ц, С.Х хүрэн зээрд зүсмийн 1 тооны адуу,  иргэн Ж.З эрээн нүүртэй ухаа зүсмийн 1 тооны үхрийг хулгайлсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг байна.

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч С.Х 900000 төгрөгийн, хохирогч Ж.З 750.000 төгрөгийн хохирол учирсан бөгөөд хохирогч нар нь шүүгдэгч А.Цоожоос хохирол төлбөрөө авсан болох нь хохирогч С.Х  хүсэлт /хх-ийн 85 тал/, хохирогч Ж.З  хүсэлт /хх-ийн 86 тал/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байх тул  шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

Шүүгдэгч  нь хөнгөн гэмт хэрэг анх удаа үйлдсэн ба түүний гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн байдал, хувийн байдал зэргийг нь харгалзан түүнд хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авах нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 36.1 дүгээр зүйлийн 5, 6, 8, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч  У овогт А Ц  бусдын малыг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч А.Ц Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 3 жилийн хугацаагаар тэнсэж  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3, 7.3 дугаар зүйлийн 2.3, 2.5 дахь хэсгүүдэд зааснаар шүүгдэгчийг тэнсэгдсэн хугацаанд зөрчил үйлдэхгүй байх, оршин суух газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэсүгэй

3. Монгол улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсгүүдэд зааснаар тэнсэгдсэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, гэмт хэрэг дахин үйлдсэн тохиолдолд тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг шүүгдэгч А.Ц-д анхааруулсугай.. 

4. Монгол Улсын Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 185, 186 дугаар зүйлүүдэд зааснаар шүүгдэгч А.Ц тэнсэгдсэн хугацаанд болон үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээнд хяналт тавьж ажиллахыг Хэнтий аймаг дахь шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар энэ хэрэгт битүүмжилсэн буюу шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан 900.000 төгрөгийн үнэлгээтэй хар ногоон зүсмийн морийг хурааж улсын төсөвт шилжүүлсүгэй.

6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйл үгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй ба түүний биеийн байцаалттай холбоотой баримт бичиг шүүхэд ирээгүй болохыг дурдсугай.

7. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш эсвэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлсэнээс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

8. Давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                                       Д.ГАНЗОРИГ