Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 06 сарын 17 өдөр

Дугаар 130/ШШ2016/00369

 

Баян-Өлгий аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Жархынгүл даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэрэг хянан хэлэлцэх шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Баян-Өлгий аймгийн Ө сумын ** дүгээр багт оршин суух, гар утас:*********, РД:********, С овогт Мын Бы нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Баян-Өлгий аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газарт холбогдох иргэний хэргийг хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч М.Б, хариуцагч Баян-Өлгий аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Е, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.С нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэлийн шаардлага: Төрийн жинхэнэ албан хаагчид олгох 36 сарын албан тушаалын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн буцалтгүй тусламжаас үлдсэн 12,025,468 төгрөг гаргуулах тухай.

Нэхэмжлэгч М.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие М овогтой Б 1955 оны 01 дүгээр сарын 15-нд төрсөн. 61 настай, Өлгий сумын 9 дүгээр багт оршин суудаг, өндөр настай.

Би 1981 онд газар зохион байгуулагч инженер мэргэжлээр төгсөж ирээд, 1981 оны 7 дугаар сараас аймгийн Ардын Депутатуудын Хурлын гүйцэтгэх Захиргааны дэргэдэх Хөдөө аж ахуйг удирдах газарт /хуучин нэрээр/ аймгийн газар зохион байгуулагч инженерээр ажлын гараагаа эхэлж, 2015 оны 01 дүгээр сарын 15-ны дуустал тасралтгүй 33 жил 6 сар төрийн захиргааны алба төрийн жинхэнэ албан хаагчаар ажиллаж байгаад 60 нас хүрсэн өдөр буюу 2015 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр ажлаас чөлөөлөгдөж өндөр настны тэтгэвэрт гарсан билээ. Төрийн албаны тухай хуулийн 30 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан ... тэтгэвэр тогтоолгох насанд хүрсэн ... үндэслэлээр чөлөөлөгдсөн төрийн жинхэнэ албан хаагчид төрийн албанд ажилласан хугацааг харгалзан 36 хүртэл сарын албан тушаалын цалинтай нь тэнцэх хэмжээний нэг удаагийн буцалтгүй тусламж олгоно гэсэн ёсоор Монгол улсын Засгийн газрын 2009 оны 164 дүгээр тогтоолоор батлагдсан Төрийн жинхэнэ албан хаагчид нэг удаагийн буцалтгүй тусламж олгох журам-ын 3 дахь хэсэгт ... Төрийн захиргааны болон тусгай албан тушаалд ажиллаж байгаад тэтгэвэр тогтоолгох насанд хүрсэн үндэслэлээр чөлөөлөгдөж, тэтгэвэр тогтоолгосон төрийн жинхэнэ албан хаагч төрийн албанд нийт 26 болон түүнээс дээш жил ажилласан бол хамгийн сүүлд хашиж байсан албан тушаалын сарын буюу үндсэн цалинг 36 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний нэг удаагийн буцалтгүй тусламжийг олгоно-гэж тодорхой зааж хуульчилж өгсөн байдаг. Мөн энэ талаар Монгол Улсын Сангийн сайдын 2015 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 2015 оны төсвийн тодотгол хүргүүлэх тухай 4-1/416 албан тоотын 1 дүгээр хавсралтад ... Иймд өндөр насны тэтгэвэрт гарахад олгох нэг удаагийн тэтгэмжийг Монгол Улсын 2015 оны төсвийн тодотгол батлагдсан өдөр буюу 2015 оны 01 дүгээр сарын 23-ны өдрөөс өмнө өргөдөл өгч ажлаас чөлөөлөгдөх шийдвэр нь гарсан иргэдийн хувьд өмнө нь мөрдөж байсан хуулийн заалтын дагуу олгоно ... гэж энэ асуудлаар бүх шатны төсвийн захирагч нарт чиглэл өгч зохицуулсан байна. Миний тэтгэвэрт гарахын өмнөх хашиж байсан албан тушаалын сарын үндсэн цалин 733863 /долоон зуун гучин гурван мянган найман зуун жаран гурав/ төгрөг байсан.

Дээр дурдсан журам ёсоор тооцоход / 733863 төгрөг х 36 сар / 26419068 (хорин зургаан сая дөрвөн зуун арван есөн мянган жаран найм) төгрөгийг зохих хууль тогтоомжийн дагуу авах ёстой. Энэхүү нэг удаагийн буцалтгүй тусламжийн мөнгөнөөс өнгөрсөн 2015 оны 3 дугаар сарын 18-ны өдөр 14,393,600 (арван дөрвөн сая гурван зуун ерэн гурван мянган зургаан зуун) төгрөгийг олгосон.

Нэг удаагийн буцалтгүй тусламжийн мөнгөнөөс үлдсэн 12,025,468 (арван хоёр сая хорин таван мянга дөрвөн зуун жаран найм) төгрөгийг элдэв янзын шалтаг заагаад одоо хүртэл өгөхгүй 1 жил 5 сар чирэгдүүлж байгаа учир аргаа бараад шүүхэд хандахаас өөр замгүй боллоо. Иймд шүүхээс хүсэх нь: -Монгол Улсын Төрийн албаны тухай хуулийн 30 дугаар зүйлийн 2, Монгол Улсын Засгийн газрын 2009 оны 164 дүгээр тогтоолоор батлагдсан Төрийн жинхэнэ албан хаагчид нэг удаагийн буцалтгүй тусламж олгох журм-ын 3 дахь хэсэгт заасан ёсоор төрийн жинхэнэ албан хаагчид олгох 36 сарын албан тушаалын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн буцалтгүй тусламжийн хүрээнд авах ёстой 26,419,068 төгрөгийн үлдсэн дутуу хэсэг буюу 12,025,468 (арван хоёр сая хорин таван мянган дөрвөн зуун жаран найман) төгрөгийг гаргуулан өгч намайг хохиролгүй болгож өгөхийг хичээнгүйлэн хүсье гэжээ.

Нэхэмжлэгч М.Б шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: Миний бие М.Б 1981 оны 7 дугаар сараас 2015 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр хүртэл аймгийн Газрын харилцааны салбар төрийн жинхэнэ албан хаагчаар 33 жил 6 сар ажиллаж 2015 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр 60 нас хүрч өндөр насны тэтгэвэрт гарсан. Намайг тэтгэвэрт гарах үед 36 сарын цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмж өгөх ёстой. Баян-Өлгий аймгийн газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газар тэтгэмжийн мөнгө төсөвт дутуу суусан байна гэх шалтгаанаар 2015 оны 3 дугаар сарын 18-ны өдөр 14,393,600 төгрөгийг миний Хас банкны дансанд шилжүүлж өгсөн. Би тэтгэмжийн үлдэгдэл мөнгөө Баян-Өлгий аймгийн газрын харилцаа барилга хот байгуулалтын газрын холбогдох албан тушаалтнаас асуухад 2015 оны төсөвт тэтгэмжийн мөнгө суугаагүй тул өгч чадахгүй ба 2016 он гараад өгнө гэж хэлсэн. Улмаар 2016 он гарч 1, 2, 3, 5 дугаар сард өгөхөөр болсон гэх боловч одоо хүртэл надад тэтгэмжийн мөнгийг өгөөгүй. Баян-Өлгий аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын нягтлан бодогч Е надад та шинэ журмын дагуу 24600000 төгрөг биш 21 сая орчим төгрөгийг авна. Танд 21 сая төгрөгийн үлдэгдэл болох 6800000 төгрөг өгнө гэж хэлсэн. Би хууль тогтоомж, журам, шийдвэрүүдийг судалж үзсэн. Би холбогдох эрх зүйн актуудыг хувилж Баян-Өлгий аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын дарга Насихат, нягтлан бодогч Е нарт өгсөн. Гэвч дээрх албан тушаалтнууд миний тэтгэмжийн мөнгийг дутуу олгохоор шийдвэрлэсэн тул би шүүхэд хандаж нэхэмжлэл гаргасан. Төрийн албаны тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.2 дахь хэсэгт тэтгэвэр тогтоолгох насанд хүрсэн үндэслэлээр чөлөөлөгдсөн төрийн жинхэнэ албан хаагчид төрийн албанд ажилласан хугацааг харгалзан 36 хүртэл сарын албан тушаалын цалинтай нь тэнцэх хэмжээний 1 удаагийн буцалтгүй тусламж олгоно. 1 удаагийн буцалтгүй тусламж олгох журмыг төрийн байгууллагын төв байгууллагын саналыг үндэслэн Засгийн газар тогтооно гэж заасан. Засгийн газрын 2009 оны 164 дугаар тогтоолоор батлагдан мөрдөгдөж байсан төрийн жинхэнэ албан хаагчид нэг удаагийн буцалтгүй тусламж олгох журмын 3 дахь хэсэгт Төрийн захиргааны болон тусгай албан тушаалд ажиллаж байгаад тэтгэвэр тогтоолгох насанд хүрсэн үндэслэлээр чөлөөлөгдөж, тэтгэвэр тогтоолгосон төрийн жинхэнэ албан хаагч нь төрийн албанд 26 болон түүнээс дээш жил ажилласан бол хамгийн сүүлд хашиж байсан албан тушаалын сарын буюу үндсэн цалинг 36 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний нэг удаагийн буцалтгүй тусламжийг олгоно гэж заасан. Би улсад 33 жил 06 сар ажилласан учир дээрх хуулийн заалтаар 36 сарын цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмж авах эрхтэй. Би сарын 733863 төгрөгийн цалин авч байсан ба уг цалинг 36 сараар үржүүлэхэд 26419068 төгрөг болно. Би тэтгэмжийн мөнгөнөөс 2015 оны 3 дугаар сард 14393600 төгрөгийг авсан ба үлдэгдэл 1225468 төгрөгийг одоо хүртэл авч чадаагүй. Сангийн сайдын аймаг, нийслэлийн Засаг дарга нарт 2015 оны төсвийн тодотгол хүргүүлэх тухай 2015 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 4-1/ 416 албан тоотод бүх шатны төсвийн захирагч нарт өндөр насны тэтгэвэрт гарах иргэдэд олгох нэг удаагийн тэтгэмжийг Монгол улсын 2015 оны төсвийн тодотгол батлагдсан өдөр буюу 2015 оны 01 дүгээр сарын 23-ны өдрөөс өмнө өргөдөл өгч, ажлаас чөлөөлөгдөх шийдвэр нь гарсан иргэдийн хувьд өмнө нь мөрдөж байсан хуулийн дагуу олгоно. Харин дээрх хугацаанаас хойш өндөр насны тэтгэвэрт гарсан иргэдийн хувьд Засгийн газрын тогтоолоор батлагдах журмын дагуу нэг удаагийн тэтгэмжийг тооцож олгоно гэсэн чиглэл хүргүүлсэн байна. Энэ нь улсын хэмжээнд дээрх хугацаанд өндөр насны тэтгэвэрт гарах олон мянган хүний асуудлыг зохицуулсан шийдвэр мөн гэж үзэж байна. Засгийн газрын 2009 оны 164 тогтоолоор батлагдсан Төрийн жинхэнэ албан хаагчид нэг удаагийн буцалтгүй тусламж олгох журмыг 2014 оны 405 дугаар тогтоолоор хүчингүй болгож, дээрх журмыг шинэчлэн баталсан байна. Дээрх шинэчлэгдсэн Төрийн жинхэнэ албан хаагчид нэг удаагийн буцалтгүй тусламж олгох журмын 3 дахь хэсэгт Төрийн албаны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.1, 24.1.2, өндөр насны тэтгэвэр тогтоолгох насанд хүрсэн үндэслэлээр төрийн албанаас чөлөөлөгдөж тэтгэвэр тогтоолгосон төрийн жинхэнэ албан хаагчид хамгийн сүүлд хашиж байсан албан тушаалын нэг сарын үндсэн цалинг нь төрийн албанд ажилласан нийт жилийн тоогоор нь үржүүлсэнтэй тэнцэх хэмжээний нэг удаагийн буцалтгүй тусламж олгоно.Төрийн жинхэнэ албан хаагчийн хамгийн сүүлд хашиж байсан албан тушаалын нэг сарын үндсэн цалингийн хэмжээг тухайн албан тушаалын үндсэн цалингийн сүүлийн 3 жилийн дунджаар тооцож тогтоно гэж заасан. Энэхүү заалтыг Засгийн газрын 2015 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 338 тогтоолоор өөрчлөн найруулж, 2015 оны 01 дүгээр сарын 23-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөхөөр заасан. Засгийн газрын тогтоол, журамд нэмэлт өөрчлөлт оруулах тухай 338 тогтоолын 2-д мөн журмын 3 дахь заалтыг дор дурдсанаар өөрчилнө найруулсугай. Төрийн албаны тухай хуулийн 24.1.1, 24.1.2 заасан үндэслэлээр төрийн албанаас чөлөөлөгдөж, тэтгэвэр тогтоолгосон төрийн жинхэнэ албан хаагчид хамгийн сүүлд хашиж байсан албан тушаалын 1 сарын үндсэн цалинг нь төрийн албанд ажилласан нийт жилийн тоогоор үржүүлсэнтэй тэнцэх хэмжээний нэг удаагийн буцалтгүй тусламж олгоно. Төрийн жинхэнэ албан хаагчийн хамгийн сүүлд хашиж байсан албан тушаалын нэг сарын үндсэн цалингийн хэмжээг тухайн албан тушаалын нэг сарын үндсэн цалингийн сүүлийн 3 жилийн дунджаар тооцож тогтооно гэж өөрчлөн найруулсан. Мөн тогтоолын 3 дахь заалтад 2015 оны 01 дүгээр сарын 23-ны өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй гэж заасан. Дээр дурдсан хүчин төгөлдөр үйлчилж байгаа хууль тогтоомж, тогтоол журамд заасны дагуу асуудлыг үнэн зөвөөр шийдвэрлэж өгнө үү. Холбогдох хууль журмын дагуу надад олгогдох тэтгэмжийн мөнгийг гаргуулж өгөхийг хүсэж байна. Би илүү зүйл нэхэмжлээгүй, хууль журмын дагуу авах ёстой тэтгэмжийн мөнгөө нэхэмжилж байна гэв.

Хариуцагч Баян-Өлгий аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын дарга Х.Насихат шүүхэд гаргасан тайлбартаа: Иргэн М.Бы нэхэмжлэлийн талаар дараах тайлбарыг хүргүүлж байна. Үүнд:

1.Тус байгууллагын ажиллаж байгаад өндөр насны тэтгэвэрт гарсан М.Б нь Монгол Улсын Засгийн газрын 2009 оны 164 дүгээр тогтоол, Сангийн сайдын 2015 оны 4-1/146 тоот албан бичгийг баримтлан 26419068 төгрөгийн буцалтгүй тусламж авахаар нэхэмжилснийг үндэсгүй гэж үзэж байна. Өндөр настан М.Бы буцалтгүй тусламж авах тухай дээрх тогтоол нь Монгол Улсын Засгийн газрын 2014 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 405 дугаар тогтоолын 2 дахь заалтаар хүчингүй болсон. М.Б нь 2015 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр өндөр насны тэтгэвэрт гарсан тул 2009 оны 164 дүгээр тогтоол нь хамаарахгүй юм.

2.Монгол Улсын Сангийн сайдын 4-1/416 албан тоотод заасан үндэслэлээр Засгийн газрын 2015 оны 8 дугаар сарын 17-ны өдөр Журамд нэмэлт,өөрчлөлт оруулах тухай тогтоол гарч 2015 оны 01 дүгээр сарын 23-ны өдрөөс мөрдөх болсон нь зөвхөн эмч, багш зэрэг төрийн үйлчилгээний албанд ажиллаж байгаад тэтгэвэрт гарч буй хүмүүст хамаарах юм. Бид М.Бд олгох нэг удаагийн буцалтгүй тусламжийн хэмжээг Монгол Улсын Засгийн газрын 2014 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 405 дугаар тогтоолыг үндэслэн тооцож нийтдээ 20737695 төгрөг олгохоос 14393600 төгрөгийг / 2015 онд / олгосон ба үлдэх 6344095 төгрөгийг энэ онд багтаан олгох болно. Уг мөнгө нь тус оны төсөвт сууж 7 дугаар сард олгогдох төсвийн хуваарьтай тул түүнээс өмнө олгох боломжгүй байна.

3.Мөн Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлд заасны дагуу хөөн хэлэлцэх хугацаа дууссан болно гэжээ.

Хариуцагч Баян-Өлгий аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Е шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: М.Б нь Засгийн газрын 2009 оны 164 дугаар тогтоолоор нэг удаагийн тэтгэмжийн мөнгөө тооцож 26419068 төгрөгийг нэхэмжилж байна. Нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийг үндэслэлгүй гэж үзэж байна. Учир нь М.Б нь 2015 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр өндөр насны тэтгэвэрт гарсан. Засгийн газрын дээрх 164 тогтоол хүчингүй болж, 2014 оны 12 дугаар сарын 30-ны өдөр 405 дугаар шинэ тогтоол гарсан. Засгийн газрын 2014 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 405 дугаар тогтоолын 2 дахь хэсгээр Засгийн газрын 2009 оны 164 дугаар тогтоолыг хүчингүй болгосон. Бид М.Бы тэтгэмжийн мөнгийг Засгийн газрын 2014 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 405 дугаар тогтоолын дагуу тогтоосон тул Засгийн газрын хүчингүй болсон 2009 оны 164 дугаар тогтоолоор тооцож тэтгэмжийн мөнгийг олгох боломжгүй. Сангийн сайдын чиглэл өгсөн албан тоот байгаа. Засгийн газрын 405 дугаар тогтоолоор 01 дүгээр сарын 01-ны өдрөөс эхэлж мөрд гэж заасан. Сангийн сайдын албан чиглэлийг баримтлан 08 дугаар сарын 17-ны өдөр 338 дугаар Засгийн газрын тогтоол гарсан. Уг тогтоолоор 405 дугаар тогтоолд багш, эмч нартай холбоотой 21 дэх заалтыг нэм гэж тусгасан. М.Б нь Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлд заасны дагуу холбогдох байгууллага болон шүүхэд хандаж шийдвэрлүүлэх ёстой байсан. Хуулийн хөөн хэлэлцэх хугацаа дууссаны дараа шүүхэд нэхэмжлэл гаргасан. Бид Засгийн газрын шинэ тогтоолоор 20737695 төгрөг олгох тооцоо гаргаж баримтыг шүүхэд гаргаж өгсөн. Нэхэмжлэгчийн илүү нэхэмжилсэн 5 гаруй сая төгрөгийг олгох үндэслэлгүй гэж үзэж байна гэв.

Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг зохигчдын хүсэлтээр шинжлэн судалж

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг үндэслэн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

Нэхэмжлэгч М.Б нь Баян-Өлгий аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газраас төрийн жинхэнэ албан хаагчид олгох 36 сарын албан тушаалын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн буцалтгүй тусламжаас үлдсэн 12,025,468 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хариуцагч аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын дарга нь нэхэмжлэгчийн нэхэмжлэл үндэслэлгүй ба Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлд заасны дагуу хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж маргажээ.

Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлд Маргааны талаар гомдол гаргах хугацаа-г зохицуулсан ба энэ нь зөвхөн хөдөлмөрийн гэрээгээр ажиллах албан тушаалтнуудад үйлчлэх заалт бөгөөд нэхэмжлэгч М.Б нь төрийн жинхэнэ албан хаагч байсан ба энэхүү маргаан нь тэтгэмжтэй холбогдох маргаан тул энэ зүйл нь хамаарахгүй болно.

Нэхэмжлэгч М.Быг Монгол улсын Төрийн албаны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.1, 24.2 дахь заалт, Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.3 дахь заалтуудыг тус тус үндэслэн Бэлчээр тариалангийн газрын асуудал хариуцсан ахлах мэргэжилтний үүрэгт ажлаас чөлөөлсөн болох нь 2015 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн Б/01 дугаартай Баян-Өлгий аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын даргын тушаалаар[1] нотлогдож байна.

Төрийн албаны тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30-2-д ... 24.1.1, 24.1.2-т заасан үндэслэлээр чөлөөлөгдсөн төрийн жинхэнэ албан хаагчид үндсэн цалингийн дунджаас нь ажилласан хугацааг нь үндэслэн тооцож нэг удаагийн буцалтгүй тусламж олгоно гэж заасан тул М.Б нь Баян-Өлгий аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газраас төрийн жинхэнэ албан хаагчид олгох нэг удаагийн буцалтгүй тусламжаас үлдсэн мөнгөө шаардах эрхтэй байна.

Төрийн албаны тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30-2-д ... Төрийн жинхэнэ албан хаагчид нэг удаагийн буцалтгүй тусламж тооцох цалингийн дундаж хэмжээ болон олгох шалгуур нөхцөлийг тодорхойлсон журмыг төрийн албаны төв байгууллагын саналыг үндэслэн Засгийн газар батална гэсний дагуу Засгийн газраас 2014 оны 12 дугаар сарын 30-ны өдөр 405 дугаар тогтоолоор 2009 оны Засгийн газрын 164 дугаар журмыг шинэчлэн баталж, хуучин буюу 2009 оны Засгийн газрын 164 дугаар журам батлах тухай тогтоолыг хүчингүй болсонд тооцсон байна.

Нэхэмжлэгч М.Б нь улсад буюу Баян-Өлгий аймгийн Ардын Депутатуудын Хурлын гүйцэтгэх Захиргааны дэргэдэх Хөдөө аж ахуйн удирдах газар болон аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газарт 1981 оны 7 дугаар сараас 2015 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр хүртэл 33 жил 6 сар ажилласан талаар талууд маргаагүй байна.

Нэхэмжлэгч М.Б нь Монгол Улсын Сангийн сайдын 2015 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 2015 оны төсвийн тодотгол хүргүүлэх тухай 4-1/416 дугаар албан бичгийн нэгдүгээр хавсралтад дурдсанаар мөн Засгийн газрын 2015 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн Журамд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай 338 дугаар тогтоолоор Засгийн газрын 2014 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 405 дугаар тогтоолын хавсралтаар баталсан Төрийн жинхэнэ албан хаагчид нэг удаагийн буцалтгүй тусламж олгох журам-д нэмэлт өөрчлөлт орсон бөгөөд Засгийн газрын 2014 оны 405 дугаар тогтоолыг 2015 оны 01 дүгээр сарын 23-ны өдрөөс эхлэн дагаж мөрдсөн ба би 2015 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр өндөр насны тэтгэвэрт гарсан тул Засгийн газрын 2009 оны 164 дугаар тогтоолоор миний тэтгэмжийг олгох ёстой гэж маргаж байна.

Гэвч Засгийн газрын 2015 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн Журамд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай 338 дугаар тогтоолоор Засгийн газрын 2014 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 405 дугаар тогтоолын хавсралтаар баталсан Төрийн жинхэнэ албан хаагчид нэг удаагийн буцалтгүй тусламж олгох журам-д 21 дэх заалт нэмж, мөн журмын 3 дахь заалтыг өөрчлөн найруулсан ба тухайн Засгийн газрын 2015 оны 338 дугаар тогтоолыг 2015 оны 01 дүгээр сарын 23-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөхөөр тогтоосон байна. Монгол Улсын Сангийн сайдаас Аймаг, Нийслэлийн Засаг дарга нарт чиглэл өгсөн албан бичгээр нэхэмжлэгч М.Бд 36 сарын албан тушаалын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн буцалтгүй тусламж олгох үндэслэл байхгүй байна.

Монгол Улсын Засгийн газрын 2009 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн 164 дугаар тогтоолоор төрийн жинхэнэ албан хаагчид 36 сарын албан тушаалын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн буцалтгүй тусламж олгох ёстой гэж нэхэмжлэгч маргасан боловч уг тогтоолыг 2014 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн Монгол Улсын Засгийн газрын 405 дугаар тогтоолоор Төрийн жинхэнэ албан хаагчид нэг удаагийн буцалтгүй тусламж олгох журмыг шинэчлэн баталж, уг тогтоол гарсантай холбогдуулан Журам батлах тухай Засгийн газрын 2009 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн 164 дугаар тогтоолыг хүчингүй болсонд тооцож, уг тогтоол нь 2015 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөхөөр болсон байна.

Засгийн газрын 2014 оны 405 дугаар тогтоолын хавсралтаар баталсан Төрийн жинхэнэ албан хаагчид нэг удаагийн буцалтгүй тусламж олгох журмын 3-д Төрийн албаны тухай хуулийн 24.1.1, 24.1.2-т заасан үндэслэлээр төрийн албанаас чөлөөлөгдөж, тэтгэвэр тогтоолгосон төрийн жинхэнэ албан хаагчид хамгийн сүүлд хашиж байсан албан тушаалын нэг сарын үндсэн цалинг нь төрийн албанд ажилласан нийт жилийн тоогоор үржүүлсэнтэй тэнцэх хэмжээний нэг удаагийн буцалтгүй тусламж олгоно гэсэн ба олгохдоо Төрийн жинхэнэ албан хаагчийн хамгийн сүүлд хашиж байсан албан тушаалын нэг сарын үндсэн цалингийн хэмжээг тухайн албан хаагчийн сүүлийн гурван жилийн нэг сарын үндсэн цалингийн дунджаар тооцож тогтооно гэж журамласан байх ба хариуцагч Баян-Өлгий аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газраас нэхэмжлэгч М.Бы сүүлийн буюу 2012-2014 оны 3 жилийн үндсэн цалинг нэмж тооцож 22622967 төгрөг түүний нэг сарын цалингийн дунджийг 628415 төгрөг, М.Бд олгох нэг удаагийн буцалтгүй тусламжийг 20737695 ( 628415 нэг сарын үндсэн цалин х 33 жил ) төгрөг гэж дутуу тооцсоныг доорх байдлаар зөвтгөж тооцлоо: Үүнд:

-2012 онд 01 дүгээр сард үндсэн цалин 438815 төгрөг, 02-04 дүгээр сар хүртэл 1556445 (518815 үндсэн цалин х 3 сар) төгрөг, 05-12 дугаар сар хүртэл 5105136 (638142 үндсэн цалин х 8 сар) төгрөг бүгд 7100396 төгрөг,

-2013 онд 7657704 (638142 үндсэн цалин х 12 сар) төгрөг,

-2014 онд 01-09 дүгээр сар хүртэл 5743278 (638142 үндсэн цалин х 9 сар) төгрөг, 10-12 дугаар сар хүртэл 2201589 (733863 үндсэн цалин х 3 сар) төгрөг, бүгд 7944867 төгрөг ба нийт 3 жилд 22702967 (7100396+7657704+7944867) төгрөг ба уг гурван жилийн үндсэн цалингаас нэг сарын дундаж цалин нь 630638 (22702967/ 36 сар) төгрөг байна.

Төрийн жинхэнэ албан хаагчид нэг удаагийн буцалтгүй тусламж олгох журмын 4-т Төрийн жинхэнэ албан хаагчид олгох нэг удаагийн буцалтгүй тусламжийн дээд хэмжээ нь тухайн албан хаагчийн 36 сарын албан тушаалын үндсэн цалингаас ихгүй байна гэж мөн журмын 5.1-д Төрийн албаны тухай хуулийн 6-9 дүгээр зүйлд заасан албан тушаалд ажилласан хугацаа-г төрийн жинхэнэ албан хаагчийн төрийн албанд ажилласан хугацаанд оруулж тооцсон ба нэхэмжлэгч М.Б нь төрийн захиргааны буюу төрийн жинхэнэ албан хаагчаар 33 жил 6 сар ажилласан байна.

Уг журмын 6-д ... Төрийн албанд ажилласан хугацааг хуанлийн бүтэн жилээр тооцно гэж заасан тул М.Бы төрийн жинхэнэ албан хаагчаар ажиллахад нэг удаагийн буцалтгүй тусламж нь 20811054 (630638 нэг сарын үндсэн цалин х 33 жил) төгрөг гарсан ба үүнээс нэхэмжлэгчийн 2015 онд авсан гэх 14393600 төгрөгийг хасаж тооцож үлдсэн 6417454 (20811054-14393600) төгрөгийг Баян-Өлгий аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын санхүүгээс гаргуулж нэхэмжлэгч М.Бд олгож түүний илүү нэхэмжилсэн 5608014 төгрөгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Нэхэмжлэгч М.Б нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.1 дэх хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч байгууллагын санхүүгээс нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын хангагдсан үнийн дүнгийн хэмжээгээр улсын тэмдэгтийн хураамжид төлөх 117629 төгрөгийг гаргуулж улсын орлого болгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Төрийн албаны тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.2-д заасныг баримтлан Баян-Өлгий аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын санхүүгээс 6417454 /зургаан сая дөрвөн зуун арван долоон мянган дөрвөн зуун тавин дөрвөн/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч М.Бд олгож, илүү нэхэмжилсэн 5608014 /таван сая зургаан зуун найман мянган арван дөрвөн/ төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч М.Б нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохын дурдаж, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д тус тус зааснаар хариуцагч Баян-Өлгий аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын санхүүгээс 117629 төгрөгийг гаргуулж улсын орлого болгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон зохигч, тэдгээрийн төлөөлөгч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг танилцуулсугай.

5. Энэ шийдвэрийг зохигч, түүний төлөөлөгч нь эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ А.ЖАРХЫНГҮЛ