Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 02 сарын 28 өдөр

Дугаар 42

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэргийн индекс: 180/2018/0310/Э

 

Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Ганзориг даргалж тус шүүхийн шүүх хуралдааны "А" танхимд нээлттэй хийсэн хуралдаанд:

Нарийн бичгийн дарга                                              М.Долгоржав,

Улсын яллагч                                                            Я.Сансар,

Хохирогчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч                  А.Б,

Шүүгдэгчийн өмгөөлөгч                                             П.Амаржаргал,

Шүүгдэгч                                                                   Л.Г нарыг оролцуулан

Хэнтий аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Я.Сансараас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1, 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Т овогт Л Г-т холбогдох 1839000150023 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 02 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 1957 оны 07 дугаар сарын 13-ны өдөр Хэнтий аймгийн Норовлин суманд төрсөн,  62 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 1, Хэнтий аймгийн Хэрлэн сумын 5 дугаар баг Саригийн 7-05 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагнал, ял шийтгэл үгүй, Т овогт Л  Г /РД: /

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:  /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч Л  Г нь 2018 оны 12 дугаар сарын 29-ний шөнө Хэнтий аймгийн Хэрлэн сумын 2 дугаар багт байх 6 дугаар цэцэрлэгийн урд талын уулзвар зам дээр өөрийн эзэмшлийн “хьюндай аванте” маркын 28-97 ХЭА улсын дугаартай автомашин жолоодож хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3 дахь хэсэгт заасан “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино” гэсэн заалтыг зөрчсөний улмаас иргэн Ц.Урангэрэлийг мөргөж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан,

Мөн Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.5-а, 9.5-д, 3.5-б-д 3.5-г-д заасан заалтуудыг зөрчиж зам тээврийн ослын гэмт хэрэг үйлдээд хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүгдэгч Л. Г  нь 2018 оны 12 дугаар сарын 29-ний шөнө Хэнтий аймгийн Хэрлэн сумын 2 дугаар багт байрлах 6 дугаар цэцэрлэгийн урд талын автозамын уулзвар дээр өөрийн эзэмшлийн “хьюндай аванте” маркын 28-97 ХЭА улсын дугаартай автомашин жолоодож хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3 дахь хэсэгт заасан “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино” гэсэн заалтыг зөрчиж иргэн Ц.У эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан,

Мөн Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.5-а, 9.5-д, 3.5-б-д 3.5-г-д заасан заалтуудыг зөрчиж авто тээврийн гэмт хэрэг үйлдээд хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан болох нь:

1. Хохирогч Ц.У 2018 оны 12 дугаар сарын 29-ний орой манай Титэм дэлгүүрийн шинэ жилийн арга хэмжээ Хэрлэн сумын 3 дугаар баг Түмэндэмбэрэл бааранд болсон. Тэгээд би баяртаа ороод орой 23 цаг өнгөрөөгөөд гэртээ харьсан. Тэгээд гэртээ байж байгаад өөрийн нөхөр Агвааны хамтаар Хэрлэн сумын 1 дүгээр баг Хийдийн сууринд байдаг хүү Бат-Эрдэнийх рүү явсан. Тэгээд замдаа 6 дугаар цэцэрлэгийн баруун урд талын төв замаар гараад явж байхад ямар нэгэн машин харагдаагүй. Гэнэт хойд талаас цагаан өнгийн жижиг машин ирээд намайг мөргөсөн. Тэрнээс хойш би хэсэг ухаан алдаад эмнэлэг дээр сэрсэн... гэсэн мэдүүлэг. /Хх-ийн 15-17 хуудас/

2. Гэрч Д.Агвааны: Манай эхнэр У  Титэм худалдааны төвд үйлчлэгчээр ажилладаг. 2018 оны 12 дугаар сарын 28-ны орой 19 цагийн үед манай эхнэрийн ажлынх нь шинэ жилийн баяр болоод эхнэр маань баяртаа ороод 23 цаг 50 минутанд гэртээ нилээн  халамцуу орж ирсэн. Тэгээд гэртээ байж байгаад гэнэт л  хүү Бат-Эрдэний гэр лүү явъя гэсээр байгаад бид хоёр явсан. Тэгээд эхнэр бид хоёр замдаа буюу Хэрлэн сумын 2 дугаар баг 6 дугаар цэцэрлэгийн урд жоохон зогсож байгаад эхнэр маань түрүүлээд 3 замын уулзварын гол хэсэг рүү нь цааш зам гарах гээд явсан. Би араас нь удаан алхаж байхад уулзварын голд жижиг машин ирээд манай эхнэрийг дайрчихаад зугтаасан... гэсэн мэдүүлэг. /Хх-ийн 20-21 хуудас/

3. Шүүхийн шинжилгээний шинжээч эмчийн 2019.032 дугаартай дүгнэлт:

- Ц.У  биед зүүн эгэм ясны хугарал, зүүн талын 7 дугаар хавирганы хугарал, 2 талын суудал ясны хугарал, зүүн гадна чихний дотор талын зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл тогтоогдлоо.

- Дээрх гэмтлүүд нь мохоо хүчин зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.

- Дээрх эгэм ясны хугарал, зүүн 7 дугаар хавирганы хугарал, 2 талын суудал ясны хугарал, зүүн гадна чихний дотор талын зөөлөн эдийн няцрал, баруун өвдөгний зулгаралт, үтрээний ханын урагдал, зөөлөн эдийн няцрал бүхий гэмтлүүд нь шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

- Дээрх гэмтлүүд нь амь насанд аюултай шинжийг агуулаагүй болно.

- Цаашид дээрх гэмтлүүд нь эрүүл мэнд, хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөх эсэх нь эдгэрэлт, эмчилгээний үр дүнгээс хамаарна... гэсэн дүгнэлт  /хх-ийн 27-28 хуудас/

4. Замын Цагдаагийн тасгийн шинжээчийн:

1. 28-97 ХЭА улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож замын хөдөлгөөнд оролцож явсан Т овогт Л.Г  нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.5-а-д заасан “Зам тээврийн осолд холбогдсон жолооч тээврийн хэрэгслээ нэн даруй зогсоож, ослын дохионы гэрлээ асаах ба ослын зогсолтын тэмдгийг энэ дүрмийн 9.5-д заасны дагуу тавьж тээврийн хэрэгсэл болон осолд холбогдол бүхий эд юмсыг байрнаас нь хөдөлгөхгүй байх”, 3.5-б-д заасан “Осолд өртсөн хүнд эмнэлэгийн анхны тусламж үзүүлж, түргэн тусламж дуудах, хугацаа алдаж болзошгүй тохиолдолд уг хүнийг ойр байгаа эмнэлэгт аль тааралдсан тээврийн хэрэгслээр хүргүүлэх буюу бололцоогүй бол өөрийн жолоодож яваа тээврийн хэрэгслээр хүргэж, эмнэлэгийн ажилтанд биеийн байцаалт, тээврийн хэрэгслийн гэрчилгээг үзүүлж, өөрийн овог нэр, утасны дугаар, тээврийн хэрэгслийн марк, улсын дугаарыг тэмдэглүүлээд уг газартаа буцаж ирэх”, 3.5-г-д заасан “Тухайн ослын талаар цагдаагийн байгууллагад яаралтай мэдэгдэж ослыг гэрчлэх хүмүүсийн овог нэр, хаяг, утасны дугаарыг тэмдэглэж аваад цагдаагийн ажилтанг хүлээх ба түүнийг иртэл осолд холбогдол бүхий эд мөрийн баримт, ул мөрийг хамгаалах, бусад тээврийн хэрэгсэл тойрч гарах нөхцөлийг бүрдүүлэх талаар бололцоотой арга хэмжээ авах”  гэсэн заалтуудыг зөрчсөн нь зам тээврийн осол гарахад нөлөөлөөгүй байх үндэслэлтэй... гэсэн дүгнэлт  /Хх-ийн 33-34 хуудас/

 

5. Замын цагдаагийн тасгийн нэмэлт шинжээчийн 2019 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 04 дугаартай:

1. AVANTE-XD маркын 28-97 ХЭА улсын дугаартай тээврийн хэрэгсэлд Түрхнэг харуул овогт Л.Г /РД: / нь МУ-ын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3 “ Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино” гэсэн заалтыг зөрчсөн байх үндэслэлтэй байна.

2.  AVANTE-XD маркын 28-97 ХЭА улсын дугаартай тээврийн хэрэгсэлд Т овогт Л. Г /РД: / нь замын хөдөлгөөнд оролцогчдод аюултай байдал үүсгэж, зорчих хэсгийн дагуух хөдөлгөөний үзэгдэлтийг хараагүйн улмаас уг осол гарсан байх үндэслэлтэй байна... гэсэн дүгнэлт /хх-ийн 38-39 тал/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байгаа бөгөөд шүүгдэгчийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, Замын хөдөлгөөний дүрэм зөрчиж хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан,  авто тээврийн гэмт хэрэг үйлдээд хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг байна.

 

Гэмт хэргийн улмаас хохирогч Ц.Урангэрэлийн биед хүндэвтэр хохирол учирсан ба хохирогч Ц.У нь 2.627.500 төгрөгийг нэхэмжилсэн бөгөөд шүүгдэгч Л.Г  нь эмчилгээний зардал 230.000 төгрөгийг төлж барагдуулсан, үлдэх 2.397.500 төгрөгийг төлөхийг сайн дураараа зөвшөөрсөн нь бусдын хуулиар хамгаалагдсан эрх ашиг, сонирхлыг зөрчөөгүй, хуульд харшлаагүй байх тул шүүгдэгчийн 2.397.500 төгрөгийг төлөхийг зөвшөөрч, илэрхийлсний дагуу уг төлбөрийг гаргуулж хохирогч Ц.У-д олгох нь зүйтэй байна.

Шүүгдэгч нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн зэргийг харгалзан ял шийтгэл оногдуулах нь зүйтэй гэж шүүх үзэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.1 дүгээр зүйлийн 5, 6, 8, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

1. Шүүгдэгч Т овогт Л.Г авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын журам зөрчсөний улмаас 1 хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн, авто тээврийн гэмт хэрэг үйлдээд зугтаасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Г 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 төгрөгийн торгох ялаар тус тус шийтгэсүгэй.  

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Г-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 700.000 төгрөгийн торгох ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 500 000 /таван зуун мянга/ төгрөгийн торгох ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 1.200.000 төгрөгөөр торгох ял болгон тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Г  нь оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш нэг сард 100.000 төгрөг төлөхөөр буюу 12 сарын хугацаанд төлж дуусгахыг даалгасугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Г-т оногдуусан 1.200 000 /нэг сая хоёр зуун мянга/ төгрөгийн торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг анхааруулсугай.

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Г-с 2.397.500 төгрөг гаргуулж хохирогч Ц.У-д олгосугай.

7. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл үгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй ба түүний биеийн байцаалттай холбоотой баримт бичиг шүүхэд ирээгүй болохыг дурдсугай.

8. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш эсвэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлсэнээс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

9. Давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

         

 

 

 

ДАРГАЛАГЧ                                       Д.ГАНЗОРИГ