Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 12 сарын 13 өдөр

Дугаар 210/МА2023/02141

 

 

 

 

 

2023 оны 12 сарын 13 өдөр

Дугаар 210/МА2023/02141

 

Ц.Эийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Энхбаяр даргалж, шүүгч Д.Дэлгэрцэцэг, шүүгч Э.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 101/ШШ2023/03951 дугаар шийдвэртэй,

 

Ц.Эийн нэхэмжлэлтэй,

Э.Ад холбогдох,

 

153,427,000 төгрөгийг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Э.Золзаяа илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Мөнхбат, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч В.Эрдэнэбат, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Номин-Эрдэнэ нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:

1.1. Миний бие 2022 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр хариуцагч Э.Аэс самар худалдан  авахаар тохиролцсон. Самрын үнэ өдөр, өдрөөр харилцан адилгүй байсан тул тухай бүрд нь мөнгийг төлж авч байсан бөгөөд 2022 оны 09 дүгээр сарын 21-ний өдрөөс эхлэн 2022 оны 10 дугаар сарын 28-ны өдөр хүртэл 1,209,750,000 төгрөгийг хариуцагч Э.Ад шилжүүлж, үүнээс 57,366 кг самрыг 710,323,000 төгрөгөөр худалдан авч, 346,000,000 төгрөгийг надад буцаан өгсөн.

1.2. Би хариуцагч Э.Аэс нийт 1,056,323,000 төгрөгийн самар болон бэлэн мөнгө авсан бөгөөд зөрүү 153,427,000 төгрөгийг хариуцагчаас 2022 оны 11 дүгээр сараас эхлэн нэхэж эхэлсэн ба тэрээр 2022 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр 125,000,000 төгрөгийг төлөх баталгааг өөрийн гараар бичиж өгсөн тул хариуцагчаас 153,427,000 төгрөгийг гаргуулж өгнө үү.

1.3. Хариуцагчийн тайлбарт дурдсан мөнгөн гүйлгээнээс 2022 оны 10 дугаар 08-ны өдөр шилжүүлсэн 6,250,000 төгрөгийг самар ачуулах зорилгоор тээврийн хөлс гэж бусдад төлсөн, мөн 2022 оны 10 дугаар 13-ны өдөр шилжүүлсэн 8,700,000 төгрөгийг хүлээн аваагүй гэсэнтэй маргахгүй.

 

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:

2.1. Нэхэмжлэгч Ц.Этэй хамтарч ажиллахаар тохиролцсон. Уг тохиролцоогоор миний бие Сэлэнгэ аймгийн Хүдэр сумаас нэхэмжлэгчийн мөнгөөр самар бэлтгэж Улаанбаатар хотод хүргэх, нэхэмжлэгч нь самрыг зарж борлуулан олсон ашгаа ижил тэнцүү хуваахаар болсон.

 2.2. Ц.Э 1,209,750,000 төгрөгийг биш, 1,194,300,000 төгрөгийг шилжүүлсэн бөгөөд надаар бэлтгүүлсэн 57,366 кг самраас 133,593,400 төгрөгийн цэвэр ашгийг олсон тул Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1, 476.2 дахь хэсэгт тус тус зааснаар би өөрт ногдох ашгаа авна.

2.3. Түүнчлэн нэхэмжпэгчийн нэхэмжилсэн үнийн дүнд самрыг Сэлэнгэ аймгийн Хүдэр сумаас Улаанбаатар хотод тээвэрлэн авчирсан тээврийн зардлыг надаас нэхэмжилсэн байгааг зөвшөөрөхгүй. 2022 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр нэхэмжлэгч Ц.Э бид нар уулзаад тооцоо хийхэд “125,000,000 төгрөгийн тооцоо байна, чи энэ мөнгийг өгнө гээд бичээд өгчих, би н.Уд үзүүлэх гэсэн юм” гэхэд нь миний бие бичиж өгсөн. Энэ бичиг бол мөнгө төлөх баталгаа биш, зөвхөн н.Уд үзүүлэх зорилгоор бичүүлсэн зүйл юм.

Тиймээс нэхэмжлэгч нь надаас үндэслэлгүйгээр их хэмжээний мөнгө нэхэмжилсэнийг хүлээн зөвшөөрөхгүй тул хэрэгсэхгүй болгож өгнө үү.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 399 дүгээр зүйлийн 399.1, 400 дүгээр зүйлийн 400.4 дэх хэсэгт заасныг тус тус үндэслэн хариуцагч Э.Аэс 138,477,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ц.Ээд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 14,950,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1- д тус тус зааснаар нэхэмжпэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 925,085 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 850,335 төгрөгийг гаргуулж нэхэмжпэгчид олгож шийдвэрлэжээ.

 

4. Хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна.

4.1. Би Сэлэнгэ аймгийн Хүдэр сумаас хуш модны самар бэлтгэх ажлыг сүүлийн 3 жил дараалан хийж байгаа бөгөөд 2022 оны 09 дүгээр сарын 19-ний  Ц.Этэй  танилцаж,  хамтарч ажиллахаар болсон. Бидний хамтарч ажиллах тохиролцоо Сэлэнгэ аймгийн Хүдэр сумаас самар худалдан авах бэлтгэх, бэлтгэсэн самрыг Улаанбаатар хотод авчирах ажлыг хариуцагч би хийж гүйцэтгэхээр, Ц.Э самар бэлтгэх мөнгийг гаргах, самарыг зарж борлуулах ажлыг хийж ашгаа ижил тэнцүү хуваахаар амаар ярьж тохирсоны дагуу талуудын хэн аль нь өөр өөрийн хариуцан хийх ажлыг 22 хоногийн хугацаанд хийсэн.

Ц.Э самар бэлтгэхэд зориулж 2022 оны 09 дүгээр сарын 21-ний өдрөөс эхлэн  нийт 1,194,300,000 төгрөг шилжүүлсэнээс 710,323,000 төгрөгөөр 57,366 кг буюу 57 тонн самарыг бусдаас худалдан авах замаар би бэлтгэж, 347,645,009 төгрөгийг нэхэмжлэгчид буцааж шилжүүлсэн.

Дээрхи 57 тонн самарыг Ц.Э, самар авдаг хужаа нарт худалдаж 133,593,400 төгрөгийн ашиг олсон болох нь аудитын дүгнэлтээс харагддаг. Мөн хариуцагч би газар дээрээс авсан самрын үнэ, Ц.Эийн цааш нь Хятадуудад өгсөн үнийг (Ц.Э өөрөө Хятадуудад эхний 24,700 тн самрыг нэг кг-ийг 13,800 төгрөгөөр, дараагийн 32,666 тн самрыг нэг кгийг 14200 орчим төгрөгөөр худалдсан гэдгээ ч тухайн үед хэлж байсан ) сайтар мэдэх учир ашгийн талаар мэдэж байсан .

Мөн бид нэг биш удаа уулзаж тооцооны талаар ярилцахад Ц.Э ашиг өгнө гэдэг байсан боловч сүүлдээ өгөхгүй гэх болсон.

4.2. Нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан гэрээний харилцаа үүссэн гэж, хариуцагчийн зүгээс мөн хуулийн 476 дугаар зүйлийн 476.1 дэх хэсэгт заасан гэрээний харилцаа үүссэн гэж маргасан бөгөөд даалгаврын гэрээний зүйл нь туслалцаа үзүүлж байгаа үйлдэл, үйл ажиллагаа байдгаараа бусад ойролцоо төрлийн гэрээнээс ялгагддаг ба нэхэмжлэгч, хариуцагч нар хэн алиныгаа мэддэггүй, туслалцаа үзүүлэх хэмжээний харилцаатай хүмүүс биш болох нь эдгээрийн тайлбараар тогтоогддог.

Гэтэл анхан шатны шүүх талуудын хооронд үүссэн гэрээний харилцааг буруу тодорхойлж, улмаар маргаангүй үйл баримтын талаар дүгнэлт хийж, маргаанд хамааралгүй Иргэний хуулийн 399 дүгээр зүйлийн 399.1, 359 дүгээр зүйлийн 359.1 дэх хэсгүүдийгбуруу тайлбарлан нэхэмжлэгч талд илт үйлчилж хэргийг шийдвэрлэсэнд гомдолтой байна.

Шүүх зөвхөн нэхэмжлэгчийн самар бэлтгэх, худалдан авах зориулалтаар хариуцагчид шилжүүлсэн мөнгийг үндэслэж Иргэний хуулийн 399 дүгээр зүйлийн 399.1-ийн  даалгавар өгөгчийн  зардлаар тодорхой үйлдэл хийх үүргийг хүлээдэг гэсэн зохицуулалтыг үндэслэл болгон хэргийг шийдвэрлэсэн нь буруу болсон.

Ц.Э нь 2022 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр надтай уулзаад н.Батболд буюу У гэгч хужаагаас самар бэлтгэх үед мөнгө зээлдэж авсан, түүнд үзүүлэх гэсэн юм гээд хариуцагч намайг хуурч мэхлэн 125,000,000 төгрөгийг буцааж өгнө гэсэн бичгийг хийлгэж авсан. Энэ бичгийг надаар бичүүлэх үед зөвхөн Ц.Э бид хоёр байсан учраас өөр, өөрийн тайлбар татгалзалаа өөр бусад нотлох баримтаар хэн аль нь үгүйсгэж, нотлоогүй байхад шүүх нэхэмжлэгчид ашиггайгаар үнэлсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсгийг зөрчсөн.

“Миндүг аудит” ХХК-ийн аудитын дүгнэлт нь зөвхөн талуудын хооронд шилжүүлсзн мөнгөний дүн, хэмжээг тодорхойлоогүй мөн бэлтгэсэн, худалдан авсан самрын хэмжээ, олсон ашгийн талаархи тооцоог тодорхойлсон байгаад шүүх дүгнэлт хийгээгүй.

Хамтын үйл ажиллагаа, хамтран ажиллах тохиролцоо нэхэмжлэгч бид хоёрын хооронд яригдсан бөгөөд нэхэмжлэгч шүүх хуралдаанд биечлэн оролцоогүй нь бидний хооронд болсон үйл баримтын талаар шүүх дүгнэлт хийхэд учир дутагдалтай байсан. Түүнчлэн Ц.Э надтай хамтран ажиллаагүй гэдгээ нотлох баримтаар нотлоогүй, миний зүгээс ашгийн 50 хувийг надад өгвөл тооцооны зөрүү 60,000,000 төгрөгийг төлөхөд татгалзахгүй гэдгээ нөгөө талд илэрхийлж байсан.

Эдгээр үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийдвэрийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4-т зааснаар хүчингүй болгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү.

 

5. Давж заалдах шатны шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан тайлбарын агуулга:

5.1. Анхан шатны шүүхээс талуудын хооронд Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.3 дахь хэсэгт заасан тохиролцоо хийгдээгүй учраас хамтран ажиллах гэрээ байгуулагдсанд тооцох боломжгүй гэж дүгнэсэн нь үндэслэлтэй. Нэхэмжлэгч Ц.Эийн шилжүүлсэн мөнгөөр Э.А самар бэлтгэж, хүлээлгэн өгөх үүрэгтэй байсан. Анхан шатны шүүх Э.А нь тухайн мөнгийг хүлээн авсан талаар маргаагүй байгааг үндэслэж хэргийг шийдвэрлэсэн. Хариуцагчийн зүгээс тухайн нөхцөл байдлын талаарх нотлох баримтыг гаргаж өгөөгүй. Хариуцагч Э.А нь 125,000,000 төгрөгийг Ц.Ээд өгнө гэж гараар бичиж өгсөн баримт хэрэгт байдаг. Уг нөхцөл байдлыг няцаасан нотлох баримтыг хариуцагч анхан шатны шүүхэд гаргаж өгөөгүй. Анхан шатны шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан тул хэвээр үлдээж өгнө үү.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлоор хянаад, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэх нь зүйтэй гэж дүгнэв.

 

2. Нэхэмжлэгч Ц.Э нь хариуцагч Э.Ад холбогдуулан 153,427,000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

3. Талуудын хооронд нийт 1,209,750,000 төгрөгийн хэмжээнд самар бэлтгэж, нийлүүлэх харилцаатай холбоотой маргаан үүссэн гэж дүгнэж болохоор байна. 

Хариуцагч Э.А нь 57,366 кг хуш модны самар бэлтгэж нэхэмжлэгч Ц.Ээд нийлүүлсэн талаар талууд маргаангүй бөгөөд бэлтгэн нийлүүлсэн самрын  хэмжээнээс дүгнэвэл хуш модны самрыг ахуйн зориулалтаар бус үйлдвэрлэлийн зориулалтаар бэлтгэсэн гэж дүгнэнэ.  

Тодруулбал, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн А/450 дугаар тушаалын хавсралтаар баталсан “Ойн дагалт баялгийг хамгаалах, зохистой ашиглах журам”-ын 3.1-д заасан хуш модны самарыг ахуйн зориулалтаар бэлтгэх хэмжээ 50 кг-аас хэтэрсэн байна. Энэ тохиолдолд Зөвшөөрлийн тухай хуулийн 2.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар ашиг олох зорилгоор болон үйлдвэрлэлийн зориулалтаар байгалийн баялаг, төрийн нийтийн өмчийг хязгаартайгаар ашиглуулахад зөвшөөрөл авах зохицуулалттай.

 

Дээрх нөхцөл байдлыг тодруулсаны үндсэн дээр маргааны үйл баримтыг тогтоож, талуудын хооронд үүссэн харилцааг зөв тогтоож, хэргийг шийдвэрлэх  шаардлагатай байна.

 

4. Давж заалдах шатны шүүхээс дээрх ажиллагааг нөхөн гүйцэтгэх боломжгүй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1-д заасан үндэслэлд хамаарч байх тул мөн хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5-д зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаав.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн     167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 101/ШШ2023/03951 дугаар шийдвэрийг хүчингүй болгож дахин шидвэрлүүлэхээр тухайн шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмждэгтийн хураамжид төлсөн 850,335 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.  

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                                  С.ЭНХБАЯР

 

          ШҮҮГЧИД                                             Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

 

                                                             Э.ЗОЛЗАЯА