| Шүүх | Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Дашдэлэгийн Ганзориг |
| Хэргийн индекс | 180/2019/0072/Э |
| Дугаар | 46 |
| Огноо | 2019-03-01 |
| Зүйл хэсэг | |
| Улсын яллагч | Ц.Цэен-Ойдов |
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 03 сарын 01 өдөр
Дугаар 46
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 180/2019/0072/Э
Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Ганзориг даргалж тус шүүхийн шүүх хуралдааны "А" танхимд нээлттэй хийсэн хуралдаанд:
Нарийн бичгийн дарга М.Долгоржав,
Улсын яллагч Ц.Цэен-Ойдов,
Шүүгдэгч А.Н нарыг оролцуулан
Хэнтий аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Я.Сансараас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Н.овогт А. Н холбогдох 1939000970048 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 02 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, 1989 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр Хэнтий аймгийн Хэрлэн суманд төрсөн, 30 настай, эмэгтэй, дээд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, ам бүл 2, дүүгийн хамт Улаанбаатар хот Сүхбаатар дүүрэг 3 дугаар хороо Дарь эхийн 1-06 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагнал, ял шийтгэл үгүй Н. овогт А. Н. /РД: ./
Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/
Шүүгдэгч А. Н нь 2018 оны 02 дугаар сарын 05-06-нд шилжих шөнө Хэнтий аймгийн Хэрлэн сумын 1 дүгээр баг Л58 дугаар байрны 01 тоотод оршин суух А.Галхүүгийн гэрт түүний эхнэр иргэн Д.Э зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Шүүгдэгч А.Н нь 2018 оны 02 дугаар сарын 05-ны шөнө Хэнтий аймгийн Хэрлэн сумын 1 дүгээр баг Л58 дугаар байрны 01 тоотод оршин суух А.Галхүүгийн гэрт түүний эхнэр иргэн Д.Э зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь:
1. Хохирогч Д.Э : 2019 оны 02 дугаар сарын 05-наас 06-нд шилжих шөнө унтаж байхад манай гэрийн хаалгыг тогшоод байсан. Тэгээд манай нөхөр Галхүү босож хаалга онгойлготол Галхүүтэй хуучин нэр холбогдож байсан Нямдаваа гэх хүүхэн манай гэрт ороод ирсэн. Тэгээд цаг хартал үүрийн 4 болж байсан. Н намайг “чи босоод ир, чамтай ярих юм байна, чи хэзээ нярайлчихаав, хөөе дугараач” гээд чанга чанга дугараад байсан. Би босоод за юу ярих нь вэ гэж хэлсэн чинь Н нэг уух шингэн юм байвал өгчихөөч гэсэн. Би цай хийж өгсөн чинь архи байна уу архиа задалчих ууя л даа гээд байсан, тэгэхээр нь би манайх Цагаан сараар архи дарс хэрэглэгдэггүй гэж хэлсэн чинь Нямдаваа чи харамлаад байна уу гээд байсан, би тоохгүй галдаа нүүрс хийх санаатай зуухныхаа тагийг онгойлгоод буруу хараад байж байсан чинь Н гэнэт босож ирснээ миний араас бүсэлхий хэсэг рүү “голоо цохичихсон амьсгаа вэ” гээд өшиглөх шиг болсон. Тэгээд би урагшаа унахдаа толгойныхоо хэсгээр зуухны цаана байдаг цементен хашлагыг мөргөөд унасан. Тэгсэн чинь миний толгойноос нойтон оргиод цус гарсан. Галхүү Н одоо чи манайхаас яваа, та нар айлд орж ирчихээд яагаад байгаа юм гээд Н-д хэлсэн чинь Н хуцаад бай чамд хамаагүй гээд орилоод байсан. Тухайн үед манай 2 хүүхэд сэрчихсэн уйлаад байсан юм. Тэгээд байж байтал гаднаас ахиад нэг залуу орж ирээд Галхүүг чи муу яагаад байгаа юм гээд гэрээс чирээд аваад гарсан. Тэр залуу нь Н-тай цуг явж байсан залуу юм шиг байна лээ. Галхүү гэрээс гарсан чинь Н над руу дайраад “чи урьд намайг цагдаад өгч байсан одоо ахиад ингээд өгөөрэй за юу хөөе” гээд ахиад миний нүүр рүү гараа атгаж байгаад цохисон. Би гэрийнхээ босгоны тэнд унасан байсан чинь намайг ахиад хэд хэдэн удаа цохиж, миний хөл рүү өшиглөсөн. Тэгээд байж байсан чинь Н-тай хамт явж байсан бас нэг өөр залуу орж ирээд Нямдавааг надаас салгаад одоо болноо, эмэгтэй хүнийг арай ингэж зодож болохгүй гээд аваад гарсан. Тэгээд наадуул чинь одоо цагдаа дуудчихна гялс явъя гээд машиндаа сууцгаагаад яваад өгсөн. Тэгээд би цагдаад дуудлага өгсөн... гэсэн мэдүүлэг. /Хх-ийн 13-15 хуудас/
2. Гэрч А.Г : 2019 оны 02 дугаар сарын 05-наас 06-нд шилжих шөнө 4 цагийн үед манай гэрийн хаалгыг чанга нүдээд байсан. Би тухайн үед хөдөө гаднаас хүн ирж байгаа юм болов уу гээд хаалгаа тайлтал Н гэх эмэгтэй байсан. Цагаан сар болж байгаа юм чинь гээд гэртээ оруулсан. Тэгээд эхлээд уг нь хоорондоо мэнд усаа мэдэлцсэн чинь л Н манай эхнэрийг хэвтэж байхад нь босгож ирээд ярих юм байна энэ тэр гээд байсан. Нямдаваа өөрөө нэлээн согтуу байсан. Манай эхнэр Э орноосоо босоод галын хажууд сууж байсан чинь Н уух юм байвал өгчих гээд байхаар нь цай хийж өгсөн. Н г согтуу байсан болохоор нь би манайхаас яв гэж хэлээд байж байтал Н гэнэт манай эхнэр Э-гийн араас өвдгөөрөө түлхчих шиг болсон. Манай эхнэр тухайн үед сандал дээрээс өндийгөөд босох таарсан болохоор урагшаа унаад зуухны урдуур байдаг цементэн хүрээ хаалтыг толгойгоороо мөргөчихсөн. Тэгэхээр нь би яаж байгаа юм гээд Н-г гар гэж хэлээд цааш нь явуулсан чинь Н намайг цохиод байсан. Тэгж байгаад манай гэрийн унждаг обжурыг гараараа хагалчихсан. Тэр үед гаднаас Д гээд Н-гийн үеэл дүү нь орж ирсэн. Дагвасүрэн намайг гаръя гээд цамцнаас татаад гарсан. Тухайн үед манай хоёр хүүхэд сэрчихсэн уйлаад байж байсан. Тэгээд Дагвасүрэн гарч ирээд надаас хэрүүл өдөөд байгаа юм уу аль эсвэл надаар өөртөө гар хүргүүлж авчих гээд байгаа юм уу нэг их сонин байсан. Тэгээд би Дагвасүрэнтэй юм яриад зогсож байсан чинь машинаас ахиад нэг залуу бууж ирээд манай гэр рүү орсон. Тэгээд байж байтал нөгөө манай гэр рүү орсон залуу болиоч гээд Н -тай манай гэрээс гарч ирсэн. Тэгсэн чинь Н над руу дайраад намайг нэг удаа цохисон. Дагвасүрэн нөгөө залуутайгаа хамт Н-г аваад машиндаа суугаад яваад өгсөн. Манай эхнэр цагдаа дуудъя гээд гэрээс гараад ирсэн. Тэгээд харсан чинь манай эхнэрийн уруул нь хавдчихсан байсан... гэсэн мэдүүлэг. /Хх-ийн 18-19 хуудас/
4. Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмчийн №075 дугаартай дүгнэлт:
-Д.Э-гийн биед зүүн дээд 1 дүгээр шүдний сулралт, зулайн хуйханд шарх, баруун гуянд зулгаралт, дээд уруулын дотор салст, баруун гуя, шилбэнд цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо.
-Дээрх гэмтэл нь мохоо хүчин зүйлийн нэг ба түүнээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.
-Дээрх гэмтэл нь хэрэг учрал болсон цаг хугацаанд үүссэн байх боломжтой.
-Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
-Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварт нөлөөлөхгүй... гэсэн дүгнэлт /хх 30 тал/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байгаа бөгөөд шүүгдэгч А.Н-ийн хүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг байна.
Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Д.Э-гийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд хохирогчийн эмчилгээний зардалыг шүүгдэгч төлсөн байх тул /хх-ийн 56 тал/ түүнийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Шүүгдэгч нь гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлсөн ба гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан ял шийтгэл оногдуулах нь зүйтэй гэж үзэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 36.1 дүгээр зүйлийн 5, 6, 8, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. Шүүгдэгч Н овогт А.Н-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Н-г 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450 000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Н-д оногдуулсан 450 000 төгрөгийн торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш сард 150 000 /нэг зуун тавин мянга/ төгрөг төлөхөөр буюу 3 сарын хугацаанд төлж дуусгахыг даалгасугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Н-д оногдуулсан 450 000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгийн торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг анхааруулсугай.
5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл үгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй ба түүний биеийн байцаалттай холбоотой баримт бичиг шүүхэд ирээгүй болохыг дурдсугай.
6. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш эсвэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлсэнээс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
7. Давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ Д.ГАНЗОРИГ