| Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Жархынгүл даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэрэг хянан хэлэлцэх шүүх хуралдаанаар Нэхэмжлэгч: Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын *** дугаар багт оршин суух, Б овогт Кы Дгийн нэхэмжлэлтэй, Хариуцагч: Х банкны Баян-Өлгий аймаг дахь салбарт холбогдох иргэний хэргийг хэлэлцэв. Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч К.Д, түүний өмгөөлөгч Х.З нар шүүх хуралдааны танхимд, хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.А, Д.Д, хариуцагчийн өмгөөлөгч Н.Б нар Улаанбаатар хотоос онлайнаар, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар М.Ерлан нар оролцов. ТОДОРХОЙЛОХ нь: Нэхэмжлэлийн шаардлага: Х банкны Баян-Өлгий аймаг дахь салбарын захирлын 2016 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн Хөдөлмөрийн гэрээ цуцлах тухай Б/69 тоот тушаалыг бүхэлд нь хүчингүй болгож, урьд эрхэлж байсан Х банкны Баян-Өлгий салбарын харьяа Ногооннуур тооцооны төвийн теллерийн ажилд эгүүлэн тогтоолгохыг хүсжээ. Нэхэмжлэгч К.Д шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: К.Д би Х банкны Баян-Өлгий салбарын захирлын 2015 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн Ажилтныг жинхлэх тухай Б/88 тоот тушаалаар Баян-Өлгий салбарын харьяа Ногооннуур тооцооны төвийн теллерийн ажилд томилогдсон бөгөөд албан үүргээ гүйцэтгэх хугацаандаа ямар нэгэн зөрчил гарган,сахилгын арга хэмжээ авагдаж байгаагүй,тогтвортой сайн ажиллаж ирсэн билээ. Гэтэл миний бие үүрэгт ажлаа зохих ёсоор гүйцэтгэж байхад Х банкны Баян-Өлгий салбарын захирал З.Ү нь 2016 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн Хөдөлмөрийн гэрээ цуцлах тухай Б/69 дугаартай тушаалаар Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, мөн хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1.3, Хөдөлмөрийн гэрээний 5.7 дахь заалтуудыг тус тус зөрчиж уг гэрээний 5.7.7, 5.7.12, .7.14-т заасан ноцтой зөрчил гаргасан гэх хууль ёсны нотолгоогүй шалтгаанаар намайг үүрэгт ажлаас маань үндэслэлгүй халсан тул ажил олгогч буюу хариуцагчийн хууль бус тушаалыг эс зөвшөөрч Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1, Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т заасныг тус тус үндэслэн иргэний хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргаж байна. Х банкны Баян-Өлгий салбарын захирлын 2016 оны Б/69 дугаартай тушаалыг дараах үндэслэлүүдээр эс зөвшөөрч байна. Үүнд: -Салбарын захирлын Б/69 тоот тушаалдаа: Баян-Өлгий салбарын харьяа Ногооннуур тооцооны төвийн теллер ажилтай Кы Д нь ажлын байрны давуу байдлаа кассын илүүдэл болох 600 төгрөгийг авч ашигласан, өөрийн хариуцаж буй кассаас 100,000 төгрөгийг хувьдаа авсан үйлдлээр ... ноцтой зөрчил гаргасан тул 2016 оны 03 дугаар сарын 11-ний өдрөөр тасалбар болгон Хөдөлмөрийн гэрээг цуцалсугай гэжээ. Ноцтой зөрчил гэдгийг ажил олгогчид эд хөрөнгийн хохирол учруулах, бизнесийн ба ажил хэргийн нэр хүндийг нь гутаах зэргээр түүний эрх, ашиг сонирхолд нь нөлөөлөхүйц сөрөг үр дагаврыг буй болгосон, уг ажилтны хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүрэгт нь харш үйлдэл эс үйлдэл байна гэж ойлговол зохих гэж хуульчилсан бөгөөд К.Д би Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, 131 дүгээр зүйлд заасан ажил олгогчийн эрх, ашиг сонирхолд нь нөлөөлөхүйц сөрөг үр дагавар буй болгосон үйлдэл буюу хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тусгайлан заасан ноцтой зөрчил гаргаагүй бөгөөд надтай байгуулсан хөдөлмөрийн гэрээний холбогдох зүйл, заалтыг зөрчсөн үйлдэл хийгээгүй болно. Ажлаас халах тушаалд дурдсан 100,000 төгрөг нь банкны эд хөрөнгө биш өөрийн мөнгө байсан ба үүнийг хувьдаа ашигласан гэх үйлдлээр намайг ажлаас халсан явдалд гомдолтой байна. Хэрэв миний бие бусад /банк/-ын эд хөрөнгийг завшсан, хувьдаа ашигласан бол эрх бүхий байгууллага, албан тушаалтны эрхийн актаар, хуульд заасан үндэслэл журмын дагуу шалгуулан тогтоож хариуцлага тооцох учиртай Мөнгө завшсан гэх үйлдэл нь эрх бүхий байгууллагын хүчин төгөлдөр шийдвэрээр нотлогдоогүй байхад банк өөрсдийн дүрэм,журмаар дураараа ажлаас халсан асуудал нь бодит байдалд нийцэхгүй байна. Мөн Х банкны дотоод аудитын ажилтан О.Т 2016 оны 03 дугаар сарын 04-ний өдөр Ногооннуур сумд очиж аудит хийх үеэр миний гар утсыг авч эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр нэгжлэг хийж, хүний эрхийг ноцтой зөрчиж болохыг дурдах нь зүйтэй гэж үзлээ. Иймд Х банкны Баян-Өлгий салбарын захирлын 2016 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн Хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай Б/69 тоот тушаалыг бүхэлд нь хүчингүй болгож К.Д намайг урьд эрхэлж байсан ажил буюу Х банкны Баян-Өлгий салбарын харьяа Ногооннуур тооцооны төвийн теллерийн албан тушаалд эгүүлэн тогтоож өгнө үү гэжээ. Нэхэмжлэгч К.Д шүүх хуралдаанд нэхэмжлэлийн талаар тайлбартаа: Миний бие К.Д урьд гаргасан тайлбарын доторх сар, өдөр нь ташаарсан, зарим бичих ёстой зүйлээ тодруулан бичээгүй учраас энэхүү нэмэлт тайлбарыг шүүх хуралдаанд хэлж байна. Би анх 2014 оны 12 дугаар сарын 15-ны өдөр Ногооннуур сумын Х банкны тооцооны төвд теллерийн ажилд орж, 2015 оны 4 дүгээр сарын 08-ны өдөр жирэмсний амралтаа авч яваад, эргэж 2015 оны08 дугаар сарын 10-ны өдрөөс эхлэн өөрийн үүрэгт ажлаа үргэлжлүүлэн хийж байсан. Гэтэл 2016 оны 02 дугаар сарын 29-ний өдөр Улаанбаатар хотоос Х банкны хяналт шалгалтын аудитор О.Т ирж касс болон бусад баримтад шалгалт хийсэн. Шалгалтаар ямар ч зөрчил гараагүй. Дараа нь камерын шалгалт хийсэн. Камерын шалгалт хийж надад Чи удаа дараа кассаас мөнгө гаргаж авсан байна. Хэргээ хүлээ. Банкны кассын мөнгийг авсан гэж бичиж өг. Хэрэв тэгж бичиж өгөхгүй бол чамайг ажлаас гаргуулна гэж дарамталсан. Тэгэхэд би тэгж худлаа юм бичиж чадахгүй гэсэн. Энэ үед миний хувийн нууцад халдаж гар утсыг минь булаан хурааж авч, доторх мессэжүүдийг уншсан. Тэгээд надад "чи кассаас 600 төгрөг авсан байна. Үүнийг кассаас илүү гарсан мөнгийг хувьдаа авч ашигласан минь үнэн гэж бичиж өг" гэж дарамтлан айлган сүрдүүлж, хүчээр баримт бичүүлэн гарын үсэг зуруулж авсан. Би үнээс болж маш их сэтгэл санааны дарамтад орж, цочирсон. Үнэн хэрэгтээ энэ 600 төгрөг өдрийн гүйлгээ хийж байх үед харилцагчид буцаах задгай мөнгө байхгүй болохоор өөрийн мөнгөнөөс 600 төгрөг өгч, орой касс хаах үед өөрийн харилцагчид өгсөн 600 төгрөгөө буцааж гаргаж авсан. Надад зөрчил болгож буй 100000 төгрөгийн хувьд гэвэл 2016 оны 02 дугаар сарын 08-ны өдөр цагаан сарын битүүний өдөр байсан. Хүмүүс ихтэй ажлын ачаалалтай байсан ба хөхүүл хүүхдэдээ яарч байгаад өөрийн хувийн 100,000Т-ийг санамсаргүй банкны сейфний нэг буланд тавьж, мартаж орхиж яваад 2016 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн өглөө ажилдаа ирэхэд уг мөнгийг буцааж авсан. Тухайн үед 2016 оны 02 дугаар сарын 08-ны өдөр болон 02 дугаар сарын 15-ны өдрийн кассын гүйлгээний тайлангуудыг гаргаж ахлах теллер Т.Алибек болон эрхлэгч К.Хуаныш нарт шалгуулан гарын үсэг зуруулан кассын бүрэн бүтэн байдлыг баталгаажуулсан минь тухайн өдрүүдэд касс зөрчилгүй байгааг нотолно. Мөн миний ажлын гүйцэтгэлийг "Х банкны ажилтны ажлын гүйцэтгэлийг удирдах, үнэлэх журам"-ын дагуу үнэлж, уг журмын дагуу сайн ажилласан нөхцөлд зэрэг олгодог учиртай бөгөөд миний бие 3 дугаар зэрэг авсан тул теллерийн зэргийн нэмэгдэл 50,000 төгрөгийг миний үндсэн цалинд нэмж 2015 оны 8 дугаар сарын 07-ны өдрийн надтай байгуулсан хөдөлмөрийн гэрээний 1.3 дахь хэсэгт тусгасан нь миний ажлаа хангалттай хийж гүйцэтгэснийг гэрчилнэ. Мөн миний дээрх үйлдлээс болж Х банканд эсвэл хэн нэгэн иргэнд бодитой хохирол учраагүй, хэн нэгэн миний тухай гомдол мэдүүлээгүй, банк болон хэн нэгний мөнгө төгрөг дутаагүй. Анх ажилд орохдоо болон бусад ажиллаж байгаа үед банкны зүгээс надад өөрийн мөнгө болон бусад эд юмсыг банкны сейфэнд хадгалж болохгүй гэдсийг хэн нэгэн анхааруулж хэлж танилцуулаагүй учраас санамсаргүй сейфний нэг талын буланд өөрийн 100,000 төгрөгийг тавьж мартаж орхиж явж эргэж өөрийн мөнгөө гаргаж авсан миний энэ үйлдэл ажлаас халах үндэслэл болох ёсгүй гэж бодож байна. Би албан тушаалын эрх мэдэл, эрхэлсэн ажлынхаа аливаа давуу талыг хэрэглээгүй, харилцагчдын банканд итгэх итгэлд сөргөөр нөлөөлөөгүй, би банкны журам, дүрэм, бодлогыг зөрчөөгүй. Гэмт хэргийн шинж чанартай үйлдэл гаргаагүй. Мөн би Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргаагүй, удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг тогтмол биелүүлж, нэг ч удаа зөрчил гаргаагүй, ажлаа хангалттай сайн хийж байсныг дээрх зэргийн нэмэгдэл болон тооцооны төвийн эрхлэгч К.Хуанышын шүүхэд гаргаж өгсөн тодорхойлолтоор нотлогдоно. Гэвч ажил олгогч байгууллагын зүгээс Хөдөлмөрийн тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д "Ажил олгогч нь жирэмсэн эмэгтэй, гурав хүртэлх насны хүүхэдтэй эхийг аж ахуйн нэгж, байгууллага татан буугдсан болон хөдөлмөрийн хуулийн 40.1.4, 40.1.5-д зааснаас бусад тохиолдолд ажлаас халахыг хориглоно" гэж заасныг зөрчиж гурав хүртэлх насны хоёр хүүхэдтэй, 6 сартай жирэмсэн эх намайг үндэслэлгүй ажлаас халсанд гомдолтой байна. Иймд намайг ажлаас үндэслэлгүй халсан Х банкны Баян-Өлгий дэх салбарын захирлын 2010 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн Б/69 тоот тушаалыг хүчингүй болгон, намайг Х банкны Ногооннуур тооцооны төвийн теллерийн ажилд эгүүлэн тогтоож өгөхийг хичээнгүйлэн хүсэж байна гэв. Хариуцагч Х банкны Баян-Өлгий аймаг дахь салбарын захирал З.Ү шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Иргэн К.Дгийн гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй бөгөөд дараах тайлбарыг хүргүүлж байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.4, 131.1.3, Х банкны Хөдөлмөрийн дотоод журмын 9.3.3, ажилтантай байгуулсан Хөдөлмөрийн гэрээний 5.7 дахь заалтуудыг үндэслэн ажилтан сахилгын ноцтой зөрчлийг гаргасан тул хөдөлмөрийн гэрээг цуцалсан юм. К.Д нь ажлын байрны давуу байдлаа ашиглан өөрийн хариуцсан кассын илүүдэл 600 төгрөгийг авч ашигласан, өөрийн хариуцаж буй кассаас 100,000 төгрөгийг хувьдаа авсан үйлдлээр Х банкны ёс зүйн дүрмийн 5.1.1, 5.2.1, 5.3.1.1,5.4.2, 5.4.4 дэх заалт, Хөдөлмөрийн дотоод журмын 4.1.4 дэх заалт, Банкс програм ашиглах технологийн журмын нийтлэг үндэслэл хэсгийн 1.4, хориглох зүйл хэсгийн 1.4 дэх заалт, 08-03-01, Кассын үйл ажиллагааны журмын 2.2.5.1, 3.4.1, 5.5 дахь заалт, Ажлын байрны тодорхойлолтын 2.1, 2.18 дахь заалт, Ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээний 3.2.6, 3.2.7, 3.2.8, 3.2.9 дэх заалтуудыг тус тус зөрчиж түүнтэй байгуулсан Хөдөлмөрийн гэрээний 5.7.7, 5.7.12, 5.7.14-д заасан ноцтой зөрчил гаргасан юм. К.Дгийн гаргасан зөрчил нь Х банкны ээлжит аудитын шалгалтаар тогтоогдсон бөгөөд холбогдох нотлох баримтуудаар хангалттай нотлогдож байгаа бөгөөд Х банкны 2016 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн Б/69 тоот тушаал хуульд нийцсэн тул К.Дгийн гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгөхийг хүсч байна гэжээ. Хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.А шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Хариуцагч талаас нэхэмжлэгч К.Дгийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. К.Дг ажлаас чөлөөлөх тухай Х банкны Баян-Өлгий аймаг дахь салбарын захирлын 2016 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн Б/69 дугаартай тушаал нь хуулийн дагуу гарсан гэж үзэж байна. Ажил олгогчийн дээрх тушаал нь хуулийн үндэслэл бүхий гарсан гэдэг нь дараах байдлаар нотлогдож байна. Үүнд нэхэмжлэгч К.Д нь Х банкны Ногооннуур тооцооны төвд ажил үүргээ гүйцэтгэж байхад өөрийн хариуцаж байсан кассаас 600 төгрөг болон 100000 төгрөгийг хувьдаа завшсан үйлдэл гаргасан. Нэхэмжлэгч К.Д нь Х банкны дотооддоо мөрдөж байгаа журмуудыг зөрчиж, ноцтой зөрчил гаргасан учраас ажил олгогчийн зүгээс К.Дтай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалж, ажлаас халах тухай тушаал гаргасан. К.Дгийн гаргасан дээрх үйлдэл нь Х банкны ёс зүйн дүрэмд зөрчил болж тусгагдсан байгаа. К.Д нь Х банканд хөдөлмөрийн гэрээгээр ажил үүргээ гүйцэтгэж байх үедээ тухайн ажилтан Х банкны дотоодод мөрдөгдөж байгаа дүрэм журмыг биелүүлэх үүрэгтэй, хууль тогтоомжийн дагуу үйл ажиллагаа явуулах үүрэгтэй гэж заасныг тус тус зөрчсөн байна. Мөн Х банкны ажилтны ёс зүйн дүрмийн 5.3 дахь заалтад банкны өмч хөрөнгө, эд зүйлийг зөвхөн албаны хэрэгцээнд зарцуулна, хувийг хэрэгцээнд ашиглахыг хориглоно гэсэн заалтыг, 5.4.4 дэх хэсэгт Ашиг сонирхлын зөрчлөөс ангид байх зарчмын дагуу аливаа ашиг сонирхлын зөрчил гаргахгүй ажиллах үүрэгтэй гэж заасныг тус тус зөрчсөн. Үүнээс гадна Х банкны хөдөлмөрийн дотоод журмын 4.2.4 дэх хэсэгт ажил үүргээ гүйцэтгэхэд ажлын байрны тодорхойлолт болон хөдөлмөрийн дотоод журам, ёс зүйн дүрэмд заасан үүргээ биелүүлж ажиллах үүрэгтэй гэж заасныг тус тус зөрчсөн байна. Мөн Х банкны хэмжээнд Банкс програм ашиглах технологи журам мөрдөгдөж байгаа. Энэ нь Х банканд теллерээр ажиллаж байгаа ажилтан харилцагчийн орлого зарлагын гүйлгээ хийхдээ болон кассын бүрэн бүтэн байдлыг хариуцаж ажиллахдаа дагаж мөрддөг технологи дарааллыг тодорхойлсон журам юм. Уг журмын нийтлэг үндэслэл хэсгийн 1.4 дэх хэсэг, хориглох зүйл хэсгийн 1.4 дэх хэсэг болон 8.3.1 дэх хэсэгт заасныг нэхэмжлэгч К.Д тус тус зөрчсөн. Мөн Х банканд кассын үйл ажиллагааны журмыг дагаж мөрдөж ажилладаг. Х банканд теллерээр ажиллаж байгаа ажилтан нь касс буюу харилцагчийн орлого зарлагын бэлэн мөнгөний гүйлгээг хариуцан ажиллана. Иймд Х банкны кассын үйл ажиллагааны журам нь тухайн кассыг бүрэн бүтэн байлгах, орлого зарлаг нь тохирч байгаа эсэхийг зохицуулсан журам байгаа юм. Уг кассын үйл ажиллагааны журмын 2.2.5.1 дэх хэсэгт зааснаар теллерийн дагаж мөрдөж гүйцэтгэх ёстой үүргийг зөрчсөн. Хэрэв уг кассын үйл ажиллагааны журмын 3.3.1.1, 5.5 дахь хэсэгт зааснаар тухайн теллерийн хариуцан ажиллаж байгаа кассад ямар нэгэн илүүдэл, дутагдал гарсан тохиолдолд уг журмын дагуу бүртгэж, илүү мөнгийг харилцагчид өгөх, дутуу мөнгийг харилцагчаас авах ажиллагаа хийгдэх ёстой. Гэтэл нэхэмжлэгч К.Д нь касст илүү гарсан мөнгийг кассын үйл ажиллагааны журмын дагуу бүртгэхгүйгээр шууд хувьдаа завшсан үйлдэл гаргасан. Энэхүү үйлдлийг Х банкны теллерийн ажлын байрны тодорхойлолтод ч гэсэн хориглосон байгаа. Мөн ажилтан К.Дтай ажил олгогчийн байгуулсан хөдөлмөрийн гэрээний 3.2 дахь хэсэгт ажилтны дагаж мөрдөх ёстой эрх үүргийг тусгасан байгаа. Үүнд Х банканд теллерээр ажиллаж байгаа хүн Х банкны Хөдөлмөрийн дотоод журам, Банк програм ашиглах журам, Х банкны ажилтны ёс зүйн дүрэм, Кассын үйл ажиллагааны журмыг заавал дагаж мөрдөн ажиллах үүрэгтэй гэдгийг тусгасан. Гэтэл ажилтан К.Д нь дээрх журмыг зөрчиж, зөрчил гаргасан нь К.Дтай байгуулсан хөдөлмөрийн гэрээний 5.7 дахь хэсэгт хэрвээ эдгээр зөрчлийг гаргах юм бол хөдөлмөрийн гэрээг цуцлах ноцтой зөрчил болно гэж заасан зөрчлийг гаргасан. К.Дгийн кассаас 600 төгрөг, 100000 төгрөг авсан үйлдэл нь түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээний 5.7.7, 5.7.12, 5.7.14 дэх хэсэгт заасан ноцтой зөрчлийн жагсаалтад орно гэдгийг тодорхой тусгасан байгаа. Иймд нэхэмжлэгч К.Д нь Х банкны Ногооннуур тооцооны төвийн теллерээр ажиллаж байх хугацаандаа дээрх ноцтой зөрчил гаргасан гэдэг нь дотоод аудитын шалгалтаар тогтоогдсон бөгөөд энэ нь К.Дгийн өөрийн гаргасан тайлбараар тогтоогдож байгаа. Үүнтэй холбоотой хамгийн гол нотлох баримт болох камерын бичлэг нь хавтаст хэрэгт нотлох баримтаар авагдсан байгаа. Үүнд нэхэмжлэгч К.Д нь теллерийн ширээний ард сууж байхад хажуу талд кассын хайрцаг байж байхад К.Д нь шууд 100000 төгрөгийг аваад камерт харагдахгүй байдлаар тоолж авч байгаа нь бүрэн нотлогдож байгаа. Иймд К.Дг ажлаас чөлөөлөх тухай Х банкны Баян-Өлгий аймаг дахь салбарын захирлын тушаал нь хуульд бүрэн нийцэж байгаа. Тийм учраас Х банкны Баян-Өлгий аймаг дахь салбарын захирлын 2016 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн Б/69 дугаартай тушаалыг хэвээр үлдээж өгнө үү гэв. Хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Д шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Нэхэмжлэгч К.Дгийн гаргасан үйлдэлтэй холбоотой тайлбар хэлэхэд Х банкны теллерээр ажиллаж байгаа хүмүүс бэлэн мөнгөтэй харьцдаг. Теллерийн хажууд нь байгаа тэр хайрцаг дотор байгаа мөнгө нь банктай харилцаж байгаа харилцагчдад үйлчилгээ үзүүлэхэд зориулагдсан. Гэхдээ уг хайрцагт теллерээр ажиллаж байгаа хүн өөрийн хувийн эд зүйл, болон мөнгийг хийхгүй байх ёстой гэдгийг уг теллер маш сайн мэдэж байгаа. Уг хайрцагт байгаа мөнгөнөөс жишээ нь тэр 600 төгрөг илүү гарлаа гэхэд заавал шалтгааныг нь тогтоох ёстой. Гэтэл тэр илүү гарсан гэх 600 төгрөгийн илүүдэл гарлаа гэхэд нөгөө талдаа эсрэгээрээ дутагдал гарч явж байгаа. Үүнээс тодруулж хэлэхэд тухайн теллер нь банкны шимтгэлийг дутуу бүртгэсэн, эсвэл харилцагчид дутуу мөнгө өгсөн байдлаар илүү мөнгө гаргаж уг мөнгийг халаасандаа хийсэн байна. Иймд дээрх зөрчил гарч байгаа гэдэг нь нэхэмжлэгч К.Д нь өөрийн хариуцсан ажилдаа хайхрамжгүй хандаж, ажил үүргээ гүйцэтгэсэн гэдэг нь харагдаж байна. Дараагийн асуудал тэр 100000 төгрөг байгаа. Нэхэмжлэгч талаас үүнд тайлбар хэлэхэд уг мөнгийг ахлах теллерээс өөрөө авсан гэж хэлэх боловч хэрэв уг мөнгө К.Дгийн өөрийн мөнгө байсан бол теллерийн хажууд байх ёсгүй. Тэр Х банкны Ногооннуур сумын тооцооны төвийн камерын бичлэгээс харахад банкны мөнгийг К.Д нь хувьдаа ашигласан гэж үзэж байна. Учир нь теллерийн хайрцагт ямар ч тохиолдолд тухайн теллерийн өөрийн хувийн эд зүйл, мөнгө байх ёсгүй. Дээрээс нь теллерээр ажиллаж байгаа хүн ажил үүргээ гүйцэтгэж байхад хажууд нь тухайн теллерийн хувийн мөнгө байх ёсгүй гэв. Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудаас талуудын хүсэлтээр шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь: Нэхэмжлэгч К.Д нь, хариуцагч Х банкны Баян-Өлгий аймаг дахь салбарт холбогдуулан тус салбарын захирлын 2016 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн Хөдөлмөрийн гэрээ цуцлах тухай Б/69 тоот тушаалыг бүхэлд нь хүчингүй болгож, урьд эрхэлж байсан Х банкны Баян-Өлгий салбарын харьяа Ногооннуур тооцооны төвийн теллерийн ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ. Шүүхээс хэргийн оролцогчдын тайлбар, хавтаст хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаан дээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг тал бүрээс нь шинжлэн үзэж дүгнээд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна. Нэхэмжлэгч К.Д нь Х банк-ны Баян-Өлгий аймаг дахь салбарын захирлын 2015 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн Б/88 дугаар тушаалаар[1] теллерээр ажиллаж байсан байх ба ажил олгогч Х банкны Баян-Өлгий аймаг дахь салбарын захирлын 2016 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн Хөдөлмөрийн гэрээ цуцлах тухай б/69 дугаар тушаалаар[2] Баян-Өлгий салбарын харьяа Ногооннуур тооцооны төвийн теллерээр ажиллаж байсан К.Дд Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, 131 дүгээр зүйлийн 131.1.3, Хөдөлмөрийн дотоод журмын 9.3.3, Хөдөлмөрийн гэрээний 5.7-д тус тус зааснаар ажил олгогчийн санаачилгаар ажилтан К.Дтай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалсан байна. Энэ тушаалын тушаах хэсгийн 1 дэх хэсэгт заасан нэхэмжлэгч К.Дгийн ажлын байрны давуу байдлаа кассын илүүдэл болох 600 төгрөгийг авч ашигласан, өөрийн хариуцаж буй кассаас 100,000 төгрөгийг хувьдаа ашигласан үйлдэл нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасан хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тусгайлан заасан ноцтой зөрчил мөн болох нь доорх нотлох баримтаар нотлогдож байна. Үүнд: -Х банкны Баян-Өлгий аймаг дахь салбарын захирал З.Үий нэхэмжлэгч К.Дтай 2015 оны 8 дугаар сарын 18-ны өдөр байгуулсан Хөдөлмөрийн гэрээний 5.7-д ажилтан дор дурдсан ноцтой зөрчил гаргасан тохиолдолд Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-д заасан заалтын дагуу Хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар шууд цуцлахаар заасан ба нэхэмжлэгч К.Д нь зөвшөөрч гарын үсэг зурсан байна. Энэ хөдөлмөрийн гэрээний 5.7.7-д албан тушаалын эрх мэдэл, эрхэлсэн ажлын аливаа давуу тал буюу байгууллагаас албан ажилд нь зориулж олгосон хангамж, хүлээсэн итгэлийг хувийн ашиг сонирхолд ашиглах буюу урвуулан ашигласан /шан харамж авсан, хувьдаа үйлчилгээ хийлгэх..., 5.7.12-д Х банкны аливаа журам, дүрэм, бодлого зэрэг банкны үйл ажиллагааг зохицуулсан хэм хэмжээнд заасан ноцтой зөрчлийг гаргах, ажилтны ажил үүрэгт нь шууд холбогдох бусад хэм хэмжээ буюу тушаал шийдвэрээр ажилтанд хориглосон заалтыг зөрчих, 5.7.14-т Х банкны ажилтны ёс зүйн дүрэм-д Хөдөлмөрийн сахилгын ноцтой зөрчил гэж адилтган тооцсон зөрчлийн аль нэгийг гаргасан тохиолдолд гэсэн байна. -Тэрээр ажлын байрны давуу талыг ашиглан харилцагчийн мөнгө буюу кассын илүүдэл мөнгө болох 600 төгрөгийг тухайн тооцооны төвийн эрхлэгч, ахлах теллерд мэдэгдээгүй хувьдаа авч ашиглаж, Х Банкны ёс зүйн дүрмийн үүрэгт ажлаа зохих ёсоор, шударгаар гүйцэтгэх зарчмын дагуу ажилтан нь 5.1.1-д өөрийн ажил үүргээ гүйцэтгэхдээ Монгол улсын хууль тогтоомж, тэдгээрт нийцүүлэн Банк болон бусад холбогдох байгууллагаас гаргасан бодлого, журам, дүрэм, заавар гэрээг мөрдөж, тэдгээрийн агуулга, зорилгод нийцүүлэн ажиллах бөгөөд аливаа шударга бус, хуульд харш, зөрчилтэй, ёс суртахуунгүй үйлдлээс татгалзах, мөн Банкс программ ашиглах технологи журмын хориглох зүйл хэсгийн 1.4-д технологи дарааллыг алдагдуулан гүйлгээ хийх, 08-03-д Теллерийн бэлэн мөнгөний илүүдэл, дутагдлын бүртгэл, 08-03-01 Бэлэн мөнгөний илүүдэл бүртгэх теллерийн гүйцэтгэх үүргээ зөрчсөн байна. Мөн кассын үйл ажиллагааны журмын 1.3 дахь хэсэгт энэхүү журмыг мөрдлөг болгож ажиллана гэсэн ба уг журмын 1.4.3 дахь хэсэгт Кассын ажилтан гэж кассын үйл ажиллагаанд шууд оролцож буй ажилтан ( ... теллер, ...)-г хэлнэ. Уг журмын 1.4.6-д Мөнгөний хайрцаг гэж теллер кассын үйл ажиллагаанд ашиглаж буй цүнхийг, уг журмын 1.4.13-д Цүнхтэй мөнгө гэж цүнхээр мөнгө хураалгах гэрээ бүхий харилцагчийн дагалдах баримтын дагуу хүлээлгэн өгөх бэлэн мөнгийг тус тус хэлнэ гэж заасан ба уг мөнгөний хайрцаг болон цүнхтэй мөнгөнд хувийн мөнгийг хадгалахаар заагаагүй байна. Нэхэмжлэгч К.Д нь уг 600 төгрөг, 100,000 төгрөгийг миний хувийн мөнгө, тухайн 2016 оны 02 дугаар сарын 08, 02 дугаар сарын 15-ны өдрүүдийн кассын гүйлгээний тайлан зөрүүгүй байсан гэж маргаж байгаа боловч Х банкны ажилтны ёс зүйн дүрмийн 3 дугаар зүйлийн 3.3.1.1 дэх хэсэгт Банкны өмч хөрөнгө гэдэг нь санхүүгийн нөөц буюу бэлэн мөнгө орно гэж заасан байх ба хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтууд болох Х банкны дотоод аудитын газрын Баян-Өлгий салбарын харьяа Ногооннуур тооцооны төвд хийсэн иж бүрэн аудитад гаргасан нэхэмжлэгч К.Дгийн тайлбар, СД бичлэгээр тухайн 600 төгрөг, 100,000 төгрөгүүдийг кассын мөнгөний хайрцаг болон цүнхтэй мөнгөнөөс хувьдаа ашигласан зэрэг нь хөдөлмөрийн гэрээг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил мөн байна гэж үзлээ. Эдгээр хөдөлмөрийн гэрээ болон Х банкны дүрэм, журамд заасан ажилтанд хориглосон заалтуудыг нэхэмжлэгч К.Д зөрчсөн болох нь Х банкны дотоод аудитын газраас Баян-Өлгий салбарын харьяа Ногооннуур тооцооны төвд 2016 оны 02 дугаар сарын 28-наас 3 дугаар сарын 04-ний өдөр хүртэл хийсэн иж бүрэн аудитын хяналт шалгалтаар 2015 оны 4 дүгээр сарын 21-ээс 2016 оны 02 дугаар сарын 10-ны хоорондын баримтад хийсэн тайлангийн дүгнэлтээр нотлогдож байна. Уг Х банкны дотоод аудитын газрын тайлангийн 1.1-д теллер К.Дгийн зүй бус үйлдлийн талаар дурдсан ба сахилгын арга хэмжээний саналд теллер К.Д нь касст үүссэн илүүдлийг удирдах ажилтанд мэдэгдэж холбогдох дансанд бүртгэхгүйгээр 1 удаа нийт 600 төгрөг, өөрийн хариуцсан касс дахь бэлэн мөнгөнөөс хувьдаа ашиглах байдлаар 100,000 төгрөгийг тус тус ашигласан, энэ үйлдэлд ажлаас нь халах сахилгын арга хэмжээ авахаар дурдсан ба үүнийг нэхэмжлэгч К.Д нь хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан байна. Мөн нэхэмжлэгч К.Д нь Ажлын байрны тодорхойлолтын 2.1-д Монгол Улсын хууль тогтоомж, Х банкны бодлого журам, тушаал, шийдвэр, эрх зүйн актуудыг ажил үүрэгтээ мөрдөн ажиллаж хэрэгжүүлэх, хэрэгжилтэд хяналт тавих, 2.18-д Бэлэн мөнгө хүлээн авах, тавьж олгох, муу болон хүчингүй тэмдэгтийг ялгах, мөнгийг боож цэгцлэх, теллерийн бэлэн мөнгөний зарцуулалтын өдрийн тайлан гаргахдаа Банкс програм ашиглах технологийн журмын-ын дагуу гүйцэтгэх, Х Банкны хөдөлмөрийн дотоод журамд заасан ажилтны эрх, үүргийн 4.2.4 хөдөлмөрийн гэрээ, ажлын байрны тодорхойлолтод заасан ажил үүргийг гүйцэтгэх, банкны дотоодод мөрдөж буй эрх зүйн хэм хэмжээг дагаж мөрдөх, Х Банкны кассын үйл ажиллагааны журмын 2.2.5.1-д теллер нь кассын үйл ажиллагаанд оролцохдоо ахлах теллерийн шууд удирдлагад холбогдох журам, зааврыг мөрдөн ажиллах, мөн журмын 3.4.1-д кассын ажилтан нь хариуцаж буй бэлэн мөнгөний хадгалалт, хамгаалалт, бүрэн бүтэн байдлыг хариуцан ажиллана, 5.5.1-д кассын илүүдэл гэдэг нь касс дахь бэлэн мөнгөний бодит үлдэгдэл нь бүртгэгдсэн дүнгээс их байхыг хэлнэ. Кассаас бэлэн мөнгө илүүдвэл илүү гарсан дүнгээр комиссын гишүүний актыг үндэслэн бүртгэнэ 5.5.2-д холбогдох эзнийг олж тогтоох ажлыг зохион байгуулна. Холбогдох эзэн тодорхой болсон илүүдэл мөнгийг буцаан олгоно. 5.5.3-д мөнгө илүүдсэн шалтгаан болон холбогдох эзэн нь тогтоогдохгүй бол тухайн сардаа багтаан банкны орлого болгоно гэсэн эрх үүргээ зөрчин кассаас бэлэн мөнгө авах, кассын илүүдэл мөнгө гарсныг ахлах теллерд мэдэгдээгүй, илүүдэл мөнгөний эзнийг тогтоох ажил зохион байгуулаагүй, холбогдох эзэн нь олдоогүй бол тухайн сардаа багтаан банкны орлого болгоогүй зэрэг теллерийн ажил үүргээ биелүүлээгүй нь хавтаст хэрэгт авагдсан бусад нотлох баримтууд болон СД бичлэг, нэхэмжлэгчийн Х банкны дотоод аудитын газрын Баян-Өлгий салбарын харьяа Ногооннуур тооцооны төвд хийсэн аудитад гаргасан тайлбар зэргээр нотлогдож байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-дэх хэсэгт ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан, эсхүл хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан бол хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцалж болно гэж заасан байх ба хариуцагч Х банкны Баян-Өлгий салбарын захирлын 2016 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн Хөдөлмөрийн гэрээ цуцлах тухай б/69 дугаар тушаалд үндэслэл болгосон заалтуудыг ажилтан К.Д нь ноцтой зөрчиж зөрчил гаргасан нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон байх тул ажил олгогчийн ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай дээрх тушаал нь Хөдөлмөрийн тухай хуульд нийцсэн байна гэж дүгнэлээ. Дээр дурдсан үндэслэлээр ажил олгогч нь К.Дтай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлахдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1.3, 40 дүгээр зүйлийн 40.1.4 дэх заалтыг зөрчөөгүй байна. Иймд К.Дгийн үйлдэл нь түүний ажил олгогчтой байгуулсан хөдөлмөрийн гэрээний 5.7.7, 5.7.12, 5.7.14-т заасан ноцтой зөрчилд тооцогдсон, тухайлбал, харилцагчийн буюу кассын илүүдэл мөнгийг тухайн тооцооны төвийн эрхлэгч, ахлах теллерд мэдэгдэж кассын илүүдэл мөнгийг бүртгэх БАНКС программ ашиглах технологийн журам зөрчиж ажлын байрны давуу талыг ашигласан, ажилтны ажил үүрэгт нь шууд холбогдох бусад хэм хэмжээ буюу тушаал шийдвэрээр хориглосон заалтыг зөрчсөн байна. Ажил олгогч нь ажилтныг ажлаас халсан нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон, гаргасан зөрчилд нь тулгуурлан зөрчлийг гаргаснаас хойш зургаан сар, илрүүлснээс хойш нэг сарын дотор байх тул сахилгын шийтгэл ногдуулах журмыг зохицуулсан Хөдөлмөрийн тухай хуулийн 131 зүгээр зүйлийн 131.1.3-д заасан зохицуулалтад нийцсэн байна гэж үзлээ. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэлээ ажлаас халагдах үед жирэмсэн, гурав хүртэлх насны хүүхэдтэй байсан гэж тайлбарлаж, үүнтэй холбоотой нотлох баримтуудаа шүүхэд гаргаж өгсөн ба Хөдөлмөрийн тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д заасан хязгаарлалт нь мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасан үндэслэлээр ажил олгогч ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлахтай холбоотой харилцаанд хамаарахгүй болно. Ажилтан К.Д банкны теллерийн ажлын байрны чиг үүрэг, онцлог, хариуцлагатай нь холбогдуулж, ажилтан, ажил олгогч нарын хооронд байгуулагдсан хөдөлмөрийн гэрээнд ноцтой гэж харилцан тохиролцож, тусгасан дээрх зөрчлүүдийг гаргасан нь тогтоогдсон тул ажил олгогчийн санаачилгаар түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4.-т зааснаар цуцалсан шийдвэрийг буруутгах үндэслэлгүй байна. Иймд дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгч К.Дгийн Х банкны Баян-Өлгий аймаг дахь салбарын захирлын 2016 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн Хөдөлмөрийн гэрээ цуцлах тухай Б/69 тоот тушаалыг бүхэлд нь хүчингүй болгож, урьд эрхэлж байсан Х банкны Баян-Өлгий салбарын харьяа Ногооннуур тооцооны төвийн теллерийн ажилд эгүүлэн тогтоолгохыг хүссэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгчийн энэхүү нэхэмжлэл нь гомдлоор авч хэлэлцэх маргаан тул улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдах нь зүйтэй байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь : 1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т зааснаар нэхэмжлэгч К.Дгийн Х банкны Баян-Өлгий аймаг дахь салбарын захирлын 2016 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн Б/69 дугаар Хөдөлмөрийн гэрээ цуцлах тухай тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан Баян-Өлгий салбарын харьяа Ногооннуур тооцооны төвийн Теллерийн албан тушаалд эгүүлэн тогтоолгохыг хүссэн тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай. 2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч К.Д нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай. 3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай. 4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон хүсэлт гаргагч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг танилцуулсугай. 5.Энэ шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсны дараа 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай. ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ А.ЖАРХЫНГҮЛ [1] Хэргийн 5 дугаар тал [2] Хэргийн 6 дугаар тал | |