| Шүүх | Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Дашдэлэгийн Ганзориг |
| Хэргийн индекс | 180/2019/0063/Э |
| Дугаар | 50 |
| Огноо | 2019-03-04 |
| Зүйл хэсэг | |
| Улсын яллагч | Ц.Цэен-Ойдов |
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 03 сарын 04 өдөр
Дугаар 50
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 180/2019/0063/Э
Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Ганзориг даргалж тус шүүхийн шүүх хуралдааны "А" танхимд хийсэн хуралдаанд:
Нарийн бичгийн дарга М.Долгоржав,
Улсын яллагч Ц.Цэен-Ойдов,
Шүүгдэгч Х.Б нарыг оролцуулан
Хэнтий аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Ц.Цэен-Ойдовоос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Х.Б холбогдох 1839005860038 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 02 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол улсын иргэн, 1985 оны 09 дүгээр сарын 20-ний өдөр Хэнтий аймгийн Дэлгэрхаан суманд төрсөн, 33 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 2, ээжийн хамт, Хэнтий аймгийн Хэрлэн сумын 2 дугаар баг Булагийн 03-29 тоотод оршин суух, эрхэлсэн тодорхой ажилгүй, урьд өмнө ял шийтгэл эдэлж байгаагүй Б овогт Х. Б /РД: /,
Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/
Шүүгдэгч Х.Б нь 2018 оны 11 дүгээр сарын 21-ны өдөр Хэнтий аймгийн Хэрлэн сумын Тамгын газрын 2 давхарын хүндэт самбарын доод талаас иргэн Д.Г Huawei P smart гар утсыг нууцаар хууль бусаар авч 479.200 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Х.Б нь 2018 оны 11 дүгээр сарын 21-нд Хэнтий аймгийн Хэрлэн сумын Тамгын газрын 2 давхарт байсан иргэн Д.Г Huawei P smart маркын гар утсыг хулгайлж 479.200 төгрөгийн хохирол учруулсан болох нь:
1. Хохирогч Д.Г мөрдөн байцаалтад өгсөн: “...2018 оны 11 сарын 21-ний өдөр Хэрлэн сумын Тамгын газарт үдийн цайны үед 13 цаг өнгөрч байхад 2 давхарт хүндэт самбар цэвэрлэх гэж байхдаа өөрийн эзэмшлийн хул шар өнгийн Huawei P smart маркын гар утсаа цэвэрлэж байсан газар болох тугны ишний доод талд тавьчихаад 2 давхарт байх 00 цэвэрлээд гараад ирсэн чинь миний гар утас алга болчихсон байсан...” гэх мэдүүлэг /хх 16-20 тал/
2. Гэрч Б.Б мөрдөн байцаалтад өгсөн: “...Б тэгж ярьж суухдаа би ийм утас олсон гээд цагаан дэлгэцтэй, цагаан цайвар өнгийн гадаргуутай утас гаргаж ирсэн.... миний S-3 маркын гар утсыг харчихаад таны энэ утсыг ажиллуулж мэдэх юм байна, та энэ утсаа миний олсон утсаар солих уу гэж асуусан. Тэгээд хамаа юу даа та нар өөрсдөө ажиллуулж мэдэх юм бол яахав соливол солилдоо гэж хэлсэн. Тэгээд гар утсаа сольсон...” гэх мэдүүлэг /хх 24-25 тал/
3. Гэрч Б.Б мөрдөн байцаалтад өгсөн: “...Б би нэг утас олсон тэр утсаа ажиллуулж мэдэхгүй байна гэж байсан. Тэгээд манай эхнэр Б барьж байсан S-3 маркын гар утсыг харчихаад энэ утсыг ажиллуулж мэдэх юм байна гээд нөгөө олсон гэх гар утсаараа солих уу гэж асууж байсан...” гэх мэдүүлэг /хх 26 тал/
4. Эд зүйлийн үнэлгээ / хх 31 тал /
5. Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд...” /хх 12-15 тал/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байгаа бөгөөд шүүгдэгчийн бусдын эд хөрөнгийг хулгайлсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг байна.
Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Д.Г 479.200 төгрөгийн хохирол учирсан бөгөөд хохирогч нь гар утсаа буцааж авсан болохоор нэхэмжлэх зүйл байхгүй, гомдол саналгүй... гэж мэдүүлсэн /хх-20 тал/ тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Шүүгдэгч нь гэмт хэргийг шууд санаатай үйлдсэн бөгөөд бусдад төлөх хохирол төлбөргүй зэргийг нь харгалзан ял оногдуулах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 36.1 дүгээр зүйлийн 5, 6, 8, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. Шүүгдэгч Б овогт Х.Б-г бусдын эд хөрөнгийг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Б-г 300 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар Х.Б-д оногдуулсан 300 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт дөрвөөс дээшгүй цагаар Хэнтий аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт нийтийн ашиг сонирхолд тустай ажлыг цалин хөлс олгохгүйгээр хийлгэж эдлүүлсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Б-д оногдуулсан 300 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг шүүгдэгч нь биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийн ажлыг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.
5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл үгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдоогүй, түүний биеийн байцаалттай холбоотой бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг дурдсугай.
7. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш эсвэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлсэнээс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
8. Давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Х.Б-д авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ Д.ГАНЗОРИГ