| Шүүх | Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Халамханы Мейримбек |
| Хэргийн индекс | 130/2016/00285/И |
| Дугаар | 130/ШШ2016/00375 |
| Огноо | 2016-06-24 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 06 сарын 24 өдөр
Дугаар 130/ШШ2016/00375
Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг
баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баян-Өлгий аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Х.Мейрамбек би,
Нэхэмжлэгч: Баян-Өлгий аймгийн Өлгий сумын * дугаар багт оршин суух, Ш овогт Жы С,
Нэхэмжлэгч: Баян-Өлгий аймгийн Өлгий сумын * дугаар оршин суух, Б овогт Хын Х нарын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баян-Өлгий аймгийн Өлгий сумын * дугаар багт оршин суух, И овогт Тн А-д холбогдох нэхэмжлэлийг 2016 оны 5 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч,
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэлийн шаардлага: Барилгын ажил эхлүүлж байгаа үйлдлийг таслан зогсоож, барилгын ажлыг зогсоох арга хэмжээ авч өгөхийг шаарджээ.
Нэхэмжлэгч Х.Х, Ж.С нар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Бид Өлгий сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт Ах дам захын замын эсрэг талд амины орон сууц, үйлчилгээний төвийн барилгуудтай. Бидний барилгын хойд талын газрыг иргэн Р.Р эзэмшдэг байсан. Гэтэл саяхан Р.Р нь тухайн газраа иргэн Т.А гэгчид худалджээ. Т.А нь энэ оны 5 дугаар сарын 08-ны өдрөөс тухайн газарт барилга барихаар газар шорооны ажил хийж эхэлсэн. Ингэхдээ холбогдох хууль, барилгын норм нормативыг зөрчиж бидний барилгаас 2 метр орчим зай үлдээгээд газар ухаж эхэлсэн.
Бид энэ асуудлаар Т.А-д шаардлага тавьсан боловч хүлээж аваагүй. Тэгэхээр нь аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газарт хандахад барилгын ажил эхлэх ямар нэгэн зөвшөөрөл аваагүй байсан. Тус газраас иргэн Т.Алтайд мэдэгдэл хүргүүлж бидэнд асуудлыг хууль хяналтын байгууллагаар шийдвэрлүүлэх хариу өгсөн.
Зам тээвэр, барилга хот байгуулалтын сайдын 2010 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 418 дугаар тушаалын нэгдүгээр хавсралтаар батлагдсан Монгол Улсын барилгын норм ба орон сууцны барилгын зураг төсөл төлөвлөлтийн зай хэмжээний нормативт зааснаар барилгын тууш талуудын хооронд 2-4 давхар барилгын хувьд 15 метр, 5 давхар барилгын хувьд 21 метр, барилгын тууш тал, хөндлөн талын хооронд болон орон сууцны өрөөний цонхтой хөндлөн талуудын хооронд 2-4 давхар барилгын хувьд 10 метр, 5 давхар барилгын хувьд 12 метр зайтай байх ёстой.
Т.Алтай эдгээр нормативын заалтыг огт баримтлахгүйгээр бидний амины орон сууц, үйлчилгээний төвийн цонхыг хааж тулгаж барилга эхэлж байгаа нь бидний эрх ашгийг ноцтой хохироож байна. Иймд холбогдох хууль дүрмийг зөрчиж барилгын ажил эхэлж байгаа Т.Алтайн үйлдлийг таслан зогсоож барилгын ажлыг зогсоох арга хэмжээ авч өгнө үү гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Т шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Бид Р.Ры эзэмшлийн газрыг холбогдох хууль дүрмийн дагуу худалдаж авч тэнд үйлчилгээ, орон сууц барих бэлтгэл ажлыг хангаж байгаа болно. Бид дээр нэхэмжлэгч нарын бичсэнээр барилгын норм норматив огт зөрчөөгүй, бидний эзэмшлийн газар тэдний барилгаас 2 метрийн зайтай боловч бид хөршүүдийн тавьсан саналын дагуу 10 орчим метр үлдээж барилга барихаар болсон.
Тэд анх бидэнд барилга 6 метрийн зайтай бариач гэж хүсэлт тавьсан ба аймгийн Барилга, хот байгуулалтын газрын дарга Насихат ч гэсэн болж өгвөл 6 метрийн зай үлдээх талаар зөвлөгөө өгснийг анхаарч барилгын хэмжээг хасаж 10 метрийн зай үлдээсэн. Иймд эд нарын ямар ч эрх ашгийг ноцтой зөрчсөн явдал огт байхгүй. Харин Ж.С, Х.Х нар барилгын норм норматив, хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг ноцтой зөрчиж байна. Энэ талаар холбогдох байгууллагад шалгуулж, дүгнэлт гаргасны дараа хүргүүлэх болно.
Өнөөдөр Өлгий хотод дээрх иргэдийн хэлсэнчлэн барилгын норм нормативыг барьж байгаа газар байна уу, аль болох харилцан тохиролцох, боломжийн дагуу шийдэх ёстой. Энэ талаарх олон жишээ баримт, зургийг бид шүүх хуралдаанд гаргаж өгөх болно гэжээ.
Нэхэмжлэгч Х.Х, Ж.С нар шүүхэд гаргасан тайлбартаа: Бид шүүхэд хариуцагчид манай барилгаас 10 метрийн зайтай барилгын ажил явуулахгүй байх, мөн барилгын ажлыг зогсоох нэхэмжлэлийн шаардлага бичсэн билээ. Гэтэл шүүхийн тогтоол ёсоор аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас ирж энэхүү 10 метрийн зайг бидэнд хэмжиж үлдээсэн тул бидний хүсэлт хангагдлаа гэж үзэж нэхэмжлэлээсээ татгалзаж байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Ж.С, Х.Х нарын нэхэмжлэлтэй, Т.Алтайд холбогдох барилгын ажил эхлүүлж байгаа үйлдлийг таслан зогсоож, барилгын ажлыг зогсоох арга хэмжээ авах тухай иргэний хэргийг 2016 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 08 цаг 30 минутад шүүх хуралдаанаар хянан хэлэлцүүлэхээр тогтоож, шүүх хуралдааны товыг зохигч, тэдгээрийн төлөөлөгч нарт мэдэгдсэн байна.
Шүүх хуралдаан эхлэхээс өмнө нэхэмжлэгч Ж.С, Х.Х нар нь шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзаж, энэ талаар тайлбараа бичгээр ирүүлсэн тул энэ хэргийн нэхэмжлэгч Ж.С, Х.Х нар хариуцагч Т.А-н барилгын ажил эхлүүлж байгаа үйлдлийг таслан зогсоож, барилгын ажлыг зогсоох арга хэмжээ авах тухай нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Нэхэмжлэгч Ж.С, Х.Х нарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзлээ.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Монгол Улсын Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д зааснаар нэхэмжлэгч Ж.С, Х.Х нар нь хариуцагч Т.Алтайн барилгын ажил эхлүүлж байгаа үйлдлийг таслан зогсоож, барилгын ажлыг зогсоох арга хэмжээ авах тухай нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.5-д зааснаар нэхэмжлэгч Ж.С, Х.Х нарын улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигч энэ захирамжинд давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Х.МЕЙРАМБЕК