| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Тумагийн Цэцэгмаа |
| Хэргийн индекс | 178/2019/00041/Э/ |
| Дугаар | 2019/ШЦТ/46 |
| Огноо | 2019-03-11 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | Ш.Сувд-Эрдэнэ |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 03 сарын 11 өдөр
Дугаар 2019/ШЦТ/46
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Ховд аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Цэцэгмаа даргалж, нарийн бичгийн дарга Б.Нарантуяа , улсын яллагч Ш.Сувд- Эрдэнэ , шүүгдэгч А.*******, түүний өмгөөлөгч Л.Эрдэнэцэцэг нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар
Ховд аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ш.Сувд-Эрдэнээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлэн ирүүлсэн шүүгдэгч Арал овогт *******ын *******т холбогдох, 178/2019/0041/ индекстэй, 1936000320032 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 03 сарын 01-ний өдөр хүлээн авч, 2019 оны 03 сарын 11- ний өдөр хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
1. Монгол Улсын иргэн, 1998 оны 10 сарын 02-ны өдөр төрсөн, 20 настай, эрэгтэй, яс үндэс захчин,боловсролгүй, мэргэжилгүй, ам бүл-6, эцэг, эх, дүү нарын хамт амьдрах, эрхэлсэн ажилгүй, Ховд аймгийн ******* сумын *******, 1 дүгээр багт оршин суух хаягтай боловч одоо Ховд аймгийн Жаргалант сумын ******* багийн 30-01 тоотод оршин суух, Ховд аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 сарын 20-ны өдрийн 100 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 2 жилийн хорих ялаар шийтгүүлж, 1 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзаж байсан, Арал овогт *******ын *******
Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэд тусгагдсанаар:
Шүүгдэгч А.******* нь 2019 оны 01 сарын 21-ний өдөр Ховд аймгийн Жаргалант сумын ******* багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “ Их буян” худалдааны төвийн 37 тоот павилоноос иргэн Н.*******ын эзэмшлийн SAMSUNG J -7 маркын 500000 төгрөгний үнэ бүхий гар утсыг нууцаар, хууль бусаар ,хүч хэрэглэхгүйгээр авсан.
Мөн 2019 оны 02 сарын 03-наас 04-нд шилжих шөнө Ховд аймгийн Жаргалант сумын ******* багийн 10-30 Б тоот хашааны үүдэнд байсан иргэн С.*******ийн Приус 11 маркын тээврийн хэрэгслээс буухдаа уг тээврийн хэрэгсэл дотор цэнэглэж байсан “SAMSUNG J-7” маркын 330000 төгрөгний үнэ бүхий гар утсыг нууцаар, хууль бусаар, хүч хэрэглэхгүйгээр тус тус авсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д заасан гэмт хэрэг үйлдсэнд холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч нараас гаргасан мэдүүлэг, талуудын шинжлэн судалсан бичгийн нотлох баримтад үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлд зааснаар
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэх талаар:
Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3-т зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн хэлэлцүүлэгээр дараахи нотлох баримтыг шинжлэн судлав.
Гар утас үнэлсэн тухай тайлан... Samsung galaxy S-7 edge маркын гар утас- 500000 төгрөг / хэргийн 15 дугаар хуудас/
Эд зүйл түр хураан авсан...Ховд аймгийн Цагдаагийн газрын 307 тоот өрөөнд иргэн А.*******оос дараахи эд зүйлийг хураан авав. Samsung galaxy S-7 edge маркын хар өнгийн гар утас байх бөгөөд хар өнгийн дэлгэгддэг гэртэй байв. Тухайн гар утасны хойд талд латинаар galaxy S-7 edge гэсэн бичиглэл байв. Уг гар утсанд ил харагдах ямар нэгэн гэмтэл, эвдрэл, цууралт харагдахгүй байв...гэх тэмдэглэл, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл / хэргийн 26, 27 дугаар хуудас/
Эд зүйлийг хүлээлгэн өгсөн...хохирогч Н.*******д хар өнгийн гэртэй “Samsung galaxy S-7 edge” маркын гар утсыг хүлээлгэн өгөв... гэх тэмдэглэл / хэргийн 28 дугаар хуудас/
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч / Ховд аймгийн Жаргалант сумын Цамбагарав багийн 80-79 тоотод оршин суух, 1984 онд төрсөн, 34 настай, эмэгтэй, дээд боловсролтой, багш мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, / *******гийн *******ын өгсөн ...Би 2019 оны 01сарын 21-ний өдөр ******* багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “ Их буян” захын 37 тоот павилоноос “Samsung galaxy S-7 edge” маркын хар өнгийн гар утас, хар өнгийн гэртэй алдаад цагдаагийн байгууллагад мэдэгдэж утсаа олж авсан. Гар утсаа 500000 төгрөгөөр үнэлнэ. Одоо нэхэмжлэх зүйл байхгүй...гэх мэдүүлэг / хэргийн 31-32 дугаар хуудас/
Эд зүйл хураан авсан...Ховд аймгийн Цагдаагийн газрын 307 тоот өрөөд А.*******оос цагаан өнгийн “Samsung galaxy S-7 edge” маркын резинин гэртэй утсыг хураан авав. Тухайн гар утасны асах товчин дээр нь дарж асааж үзэхэд латинаар “Samsung J-7” гэсэн бичиг гарч байх өгөөд хамгаалалтын кодтой байв. Уг гар утсанд ил харагдах эвдрэл, гэмтэл байхгүй байлаа...гэх тэмдэглэл, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл / хэргийн 76-77 дугаар хуудас/
Эд зүйлд үзлэг хийж хүлээлгэн өгсөн...Уг хураан авсан гар утас нь цагаан өнгийн урд, хойд талдаа “Samsung” гэсэн бичигтэй, гадна хэсгээрээ резинин гэртэй, утсыг асааж үзэхэд асаж байсан тул иргэн С.*******ид хүлээлгэн өгөв...гэх тэмдэглэл/ хэргийн 78 дугаар хуудас/
Гар утас үнэлсэн тухай тайлан...”Samsung J-7” маркын гар утас -330000 төгрөг / хэргийн 86 дугаар хуудас/
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч /Ховд аймгийн Чандмань сумын Баянхайрхан багт оршин суух, 1982 онд төрсөн, 37 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, малчин мэргэжилтэй, хувиараа мал малладаг, / гийн *******ийн өгсөн...Би 2019 оны 02 сарын 04- ний шөнө 24 цаг 30 минутын үед Ховд аймгийн Жаргалант сумын ******* багийн Итгэл баарны үүднээс үл таних залуу гар өргөсөн. Би зогсоод хаашаа явахыг асуухад “ талын хашаа явъя “ гэсэн. Тэгээд аваад талын хашаанд байдаг шавар гэрийн ар талаар өгсөөд дээшээ яваад нөгөө залуу буусан. Тэр залууг буусны дараа өөрийн цэнэглэсэн байсан цагаан өнгийн Samsung J-7 маркын утсаа шалгаж үзэхэд байхгүй байсан. Тэгээд Цагдаагийн байгууллагад өргөдөл гаргасан. 2018 оны 12 дугаар сар 350000 төгрөгөөр худалдаж авсан. Би баарны үүднээс суусан залууг сэжиглэж байсан. Гар утсаа буцаан авсан. Нэхэмжлэх зүйл байхгүй...гэх мэдүүлэг/ хэргийн 92-93 дугаар хуудас/
Мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэг шүүгдэгч А.*******ийн өгсөн...Би 2019 оны 01 сарын 21-ний өдөр “Их буян” захын 2 давхарт явж байгаад нэг павилон руу ортол хүн байхгүй арын ширээн дээр байсан цүнхэн дотор утас дуугарч байсан. Цүнхийг нээж үзтэл “Samsung S-7” маркын гар утас байхаар нь аваад гарсан. Захаас гараад шууд гэрлүүгээ явсан. Гэртээ очоод удаагүй байтал цагдаа нар ирээд намайг барьж авсан. Би тухайн үед ганцаараа явж байсан. Цагдаа нар гар утсыг хурааж аваад нөгөө хүнд өгсөн. 2017 онд хулгайн гэмт хэрэгт шалгагдаж байгаад 1 жилийн тэнсэн авсан.
Би тухайн өдөр Итгэл төвийн бааранд найзуудын хамт сууж бүжиглэж байгаад 22 цагийн үед гарах үед маргалдаад зодолдох гээд байхаар баарны үүдэнд байсан Приус -11 маркын машинд суугаад явсан. Жолооч замдаа нэг гар өргөсөн хүнийг авсан. Намайг эхлээд буулгасан ба би буух үедээ машинд цэнэглэсэн байсан J-7 маркын гар утсыг авч буусан. Өглөө нь босоод асаахад кодгүй шууд асаж байсан. Тэр утсыг асаагаад цагаан сараар барьж байтал цагдаа нар ирж барьж аваад утсыг хураан авч, нөгөө хүнд өгсөн. Би дахин гэмт хэрэг үйлдэхгүй гэм буруугаа ойлгон гэмшиж байна ... гэх мэдүүлэг зэрэг болно.
Хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн дээрхи нотлох баримтуудыг мөрдөгч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд өөр хоорондоо агуулгын зөрүүгүй, хэрэгт хамраалтай ач холбогдолтой байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан нотлох баримтуудыг үнэлж үзэхэд: Шүүгдэгч А.******* нь 2019 оны 01 сарын 21-ний өдөр Ховд аймгийн Жаргалант сумын ******* багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Их буян захын 2 давхарт байрлах 37 павилоноос иргэн Н.*******ын 500000 төгрөгний үнэ бүхий “Samsung S-7” маркын гар утсыг нууцаар хохирогчид мэдэгдэлгүйгээр авсан, мөн 2019 оны 02 сарын 03-наас 04-нд шилжих шөнө Ховд аймгийн Жаргалант сумын ******* багт үйл ажиллагаа явуулдаг Итгэл баарны үүднээс талын хашаанд гэртээ хүртэл таксигаар үйлчлүүлж, гэртээ буух үедээ тухайн таксиний жолооч иргэн С.*******ийн машиндаа цэнэглэсэн байсан 330000 төгрөгний Samsung J-7 гар утсыг авсан ба хохирогч нар Цагдаагийн байгууллагад гомдол гаргаж, 2 ширхэг гар утсыг А.*******оос хураан авч, хохирогч нарт хүлээлгэн өгсөн хэргийн үйл баримт нь шүүгдэгч А.*******ийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч С.*******, Н.******* нарын мэдүүлэг, А.*******оос 2 ширхэг гар утсыг хураан авч, үзлэг хийж, хохирогч нарт хүлээлгэн өгсөн тэмдэглэл, гар утсыг үнэлсэн тайлан зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч А.******* нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэм буруугийн талаар маргаагүй ба хохирогч нарт учирсан хохирлыг нөхөн төлсөн, хохирогч нар гомдолгүй болохоо илэрхийлсэн тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан хэлэлцүүлэх хүсэлт гаргасан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд заасан хэргийг хялбаршуулсан хянан шийдвэрлэх шаардлагад нийцэж байх тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан хэлэлцсэн болно.
Шүүгдэгч А.*******ийн хохирогч Н.*******ын гар утсыг түүний 37 тоот павилоноос хохирогчид мэдэгдэлгүйгээр нууцаар хууль бусаар, хүч хэрэглэхгүйгээр авсан, мөн таксигаар үйлчлүүлэх үедээ тухайн таксиний жолооч хохирогч С.*******ийн машиндаа цэнэглэсэн байсан гар утсыг нууцаар, хууль бусаар, хүч хэрэглэхгүйгээр авсан гэмт үйлдэлүүд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д заасан... бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан бол... гэх гэмт хэргийн шинжийг хангаж байна.
Шүүгдэгч А.******* нь хоёр удаагийн үйлдлээр бусдын хоёр ширхэг гар утсыг хулгайлан авсан боловч Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3-т ...Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нэг гэмт хэргийн шинжийг хэд хэдэн удаагийн үйлдэлээр хангасан байвал үргэлжилсэн нэг гэмт хэрэг үйлдсэнд тооцно... гэж зааснаар үргэлжилсэн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэв.
Иймд Ховд аймгийн Прокурорын газраас шүүгдэгч А.*******ийн үйлдсэн дээрхи 2 удаагийн гэмт үйлдэлд нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлэн ирүүлсэн нь үндэслэлтэй байна.
Шүүгдэгч А.*******ийг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирол хор уршиг:
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Н.*******,С.******* нарын өгсөн ... А.*******оос нэхэмжлэх зүйлгүй,гар утсаа буцаан авсан тул санал гомдол байхгүй...гэх мэдүүлэг, шүүхийн хэлэлцүүлэг шүүгдэгч А. А.*******ийн өгсөн... хохирогч Н.*******, С.******* нарын гар утсыг нь буцааж, хохирлыг бүрэн төлсөн...мэдүүлэг зэргээс үзэхэд хохирогч нарын хулгайд алдагдсан утсыг буцаан өгсөн тул хохиролд 830000 төгрөг төлөгдсөн гэж үзэв.
Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан баримтаар шүүгдэгч А.*******ийн бусдад учирсан хохирлоо төлснийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болгов.
Эрүүгийн хариуцлагагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Шүүгдэгч А.******* нь Ховд аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 сарын 20- ны өдрийн 100 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 2 жилийн хорих ялаар шийтгүүлж, 1 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзаж байсан нь хэргийн 50 дугаар хуудас дахь “ Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас”, хэргийн 52-55 дугаар худас дахь 100 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар баримтаар тогтоогдож байна.
Улсын яллагчийн дүгнэлтэд: Шүүгдэгч А.******* нь бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг нь нотлогдсон тул шүүгдэгчийг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар гэмт хэрэг үйлдсэн, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулж, шүүгдэгчид 300 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэж, уг ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад эдлүүлж, гар утаснуудыг буцаан өгсөн тул хохирогч нарт төлөгдөх 830000 төгрөгний хохирол төлөгдсөн, эд хөрөнгө битүүмжлээгүй, цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгчид хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсныг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үлдээх саналтай байна гэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгчийн дүгнэлтэд: Шүүгдэгч А.******* нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч хэргийн зүйлчлэлийн талаар маргахгүй байгаа. Хохирогч нарт учирсан хохирлыг төлсөн,гэм буруугаа ойлгон гэмшиж байгаа зэргийг харгалзан үзэж прокурорын санал болгосон 300 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэхэд татгалзах зүйл байхгүй гэв.
Шүүхээс шүүгдэгч А.*******ийг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг тогтоож, эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, нийгэмшүүлэхэд орших эрүүгийн хуулийн шударга ёсны болон гэм буруугийн зарчимд нийцүүлэн улсын яллагчаас гаргасан дүгнэлт тайлбар, шүүгдэгчийн өмгөөлөгчийн дүгнэлт тайлбар, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, үйлдсэн гэмт хэрэг хүлээн зөвшөөрч, гэм буруугийн талаар маргахгүй, хэргийн зүйлчлэлийг хүлээн зөвшөөрсөн, хохирогч нарт учирсан хор уршгийг бүрэн төлсөн зэргийг харгалзан Эрүүгийн хуулийнтусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч А.*******т 300 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэж, оногдуулсан ялыг Ховд аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт эдлүүлэхээр тогтоов.
Эрүүгийн 1936000320032 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч А.*******т “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр хэрэглэх нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.4, 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1,2,4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1, 36.6, 36.7, 36.8,36.10,36.13 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Арал овогт *******ын *******ийг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйийн 3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч А.*******т 300 / гурван зуу/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.
3. Шүүгдэгч А.*******т оногдуулсан 300 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг Ховд аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт эдлүүлэхээр тогтоосугай.
4.Эрүүгийн 1936000320032 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.
5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4-т зааснаар ... нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож, хорих ялаар солих учиртайг шүүгдэгч А.*******т тайлбарлан өгсүгэй.
6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгомогц хүчинтэй болох ба шүүгдэгч А.*******т хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсныг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй.
7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч гомдол, улсын яллагч дээд шатны прокурор эсэргүүцлээ Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэй ба гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.ЦЭЦЭГМАА