Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 02 сарын 19 өдөр

Дугаар 169

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнх-Эрдэнэ даргалж,

нарийн бичгийн дарга: Л.Ундармаа;

улсын яллагч: П.Даваасүрэн;

хохирогч: А.Дэдван;

шүүгдэгч:  Ш.С (өөрийгөө өмгөөлж) нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

 

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллахаар дүгнэлт үйлдэн ирүүлсэн Ш.Сд холбогдох эрүүгийн 1809012881041 дугаартай хэргийг 2019 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

Монгол Улсын иргэн, 1995 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр Улаанбаатар төрсөн, 23 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 8 дугаар хороо, Нуурын 9 дүгээр гудамжны 22Б тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 280 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлж, уг ялыг бүрэн эдэлж дууссан, УБ95091212 регистерийн дугаартай, Зэлмэн овогт Ш.С.

 

Прокуророос үйлдэж ирүүлсэн яллах дүгнэлтэд бичсэнээр:

Яллагдагч Ш.С нь 2018 оны 06 дугаар сарын 09-10-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хорооны нутагт байрлах “Тамир” хүнсний дэлгүүрийн гадна талд иргэн А.Дэдваныг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ш.С мэдүүлэхдээ: Өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч байгаа тул нэмж мэдүүлэг өгөхгүй. Хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч А.Дэдван мэдүүлэхдээ: 2018 оны 03 дугаар сарын 09-10-нд шилжих шөнө 2 найзтайгаа дэлгүүрээс архи авах гэж очсон. Архины үнэн дээрээс болж маргасан. Маргалдаад Ш.С миний нүүрэнд цохиж унасан хойно өшиглөсөн. Хамраа эмчлүүлмээр байна. Хагалгаанд орох ёстой. 2.100.000 төгрөгийг нэхэмжилнэ. Эмнэлэгт эмчлүүлсний төлбөр 147.000 төгрөг төлж барагдуулсан гэв.

 

Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатанд хохирогч А.Дэдван /хх-ийн 37-44/, гэрч М.Гэрэлтуяа /хх-ийн 45-46/ нарын мэдүүлэг, Ш.Сгийн гэрчээр болон яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 47-52, 68-69/ Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 3535, 946 дугаартай дүгнэлтүүд /хх-ийн 55, 58-59/, Ш.Сгийн хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-ийн 73-85/, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2018 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 4/513 дугаартай албан бичиг /хх-ийн 105/ зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Ш.С нь 2018 оны 03 дугаар сарын 09-10-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хорооны нутагт байрлах “Тамир” хүнсний дэлгүүрийн гадна А.Дэдваныг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан үйл баримт дараах хэрэгт хамаарал бүхий бүх нотлох баримтуудыг цогцоор нь дүгнэхэд тогтоогдож байна.  Үүнд:

 

хохирогч А.Дэдваны /хх-ийн 41-43/: “... 2018 оны 03 дугаар сарын 09-10-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороо “32” нэртэй баарны хажууд байрлах хүнсний дэлгүүр орж архи, пиво авах гээд мөнгө өгсөн тэгтэл худалдагч залуу нь “мөнгө чинь дутуу байна, манай дүү буруу бодсон байна” гэсэн. Би “нэмж мөнгө өгөхгүй, наад мөнгө чинь хангалттай” гэж хэлсэн. Тэрнээс болоод маргалдаад худалдагч залуу намайг эхлээд миний толгой руу гараараа цохисон. Би урдаас нь цохих гэж байгаад хойшоо саваад газар унасан. Намайг хатуу юмаар  цохиогүй зөвхөн гараараа болон өшиглөсөн. ... Санжаасүрэн миний хамар руу хөлөөрөө нэг удаа өшиглөсөн. Тэрнээс болж миний хамарт гэмтэл учирсан. Санжаасүрэн гэх залуу миний хамрыг гэмтээсэн. Өөр хүн намайг цохиж зодоогүй...” гэх мэдүүлгээр,

 

гэрч М.Гэрэлтуяагийн /хх-ийн 46/: “... 2018 оны 03 дугаар сарын 09-10-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороо 32-ийн клубээс баруун тал руу яваад 32-ын автобусны буудлын хойд талд байрлах хүнсний дэлгүүрийн урд машинтай явж байгаад зогсоод нөхөр дэлгүүрээс архи авах гэж орсон. Би машин дотор үлдсэн. Байж байгаад нэг харахад дэлгүүрийн үүдэн дээр зодоон болоод манай нөхрийг доош нь дарсан цаанаас нь нэг залуу ирээд өшиглөж байсан. Би машинаас бууж очоод нөхрийг маань доош дарсан байсан залуугийн үснээс хойш нь татаад холдуулсан. Нэг залуу намайг хойшоо түлхсэн. Би хойшоо болсон. Тэгээд нөхрийнхөө царай луу харсан чинь хамар амнаас нь цус гарсан харагдсан. Би нөхөртөө “хамар амнаас чинь цус гарсан байна” гэж хэлэхэд нөхөр намайг “машин руугаа яв, холд” гээд байсан... " гэх мэдүүлгээр,

 

Ш.Сгийн яллагдагчаар мэдүүлсэн /хх-ийн 69/: “... 2018 оны 03 дугаар сарын 09-10-нд шилжих шөнө би “Тамир” дэлгүүрийн гадна Амармэндтэй хамт зочид буудалдаа хүн авах гээд зогсож байхад хоёр эрэгтэй хүн замын эсрэг талаас машинаас бууж ирээд надтай хамт зогсож байсан Амармэндэд “архи авъя” гээд 40.000 төгрөг өгсөн. Амармэнд тэр хоёр эрэгтэйд “архи зарахгүй” гээд маргалдсан. Би наанаас нь очоод Дэдваныг “та яагаад байгаа юм бэ? Архи зарахгүй” гэж хэлэхэд Дэдван намайг “яагаад тоглоод байгаа пизда нар вэ?” гэж хэлээд би Дэдвантай маргалдсан. Дэдван миний цээж рүү түлхэхээр нь би Дэдванд “муудалцаад яах вэ, эвээр яриад салцгаая” гэж хэлээд зогсож байтал Дэдвантай хамт явж байсан эрэгтэй миний шанаа руу гараараа нэг удаа зөөлхөн цохисон. Тэгэхээр нь би өөдөөс нь бариад автал Дэдван миний шанаа руу гараараа хоёр удаа цохихоор нь би зөрүүлээд Дэдваны нүүрэнд нь толгойгоороо мөргөөд бид хоёр нэг нэгнийгээ нэгээс хоёр удаа харилцан цохиод салцгаасан... “ гэх мэдүүлгээр,

 

Ш.Сгийн буруутай үйлдлийн улмаас А.Дэдваны биед “хамар ясны хугарал, таславчийн муруйлт, хамрын нурууны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зүүн чамархайн цус хуралт” бүхий мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд  үүсгэгдэх Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д заасан хөнгөн зэргийн гэмтэл учирсан болохыг тогтоосон Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 3532 тоот дүгнэлт /хх-ийн 55/,

 

Мөн шүүх эмнэлгийн давтан шинжилгээгээр “... шинжээч эмч Ц.Оюун-Эрдэнийн гаргасан №3532 тоот дүгнэлт үндэслэлтэй байна. А.Дэдваны биед хамар ясны хугарал, таславчийн муруйлт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн шинэ гэмтэл байна. 2018.03.11-ний өдөр "Мөнгөнгүүр" эмнэлгийн Толгойн КТГ-д хамрын таславч дунд хэсгээр зүүн тийш муруйсан, хамар ясны зүүн хажуу хана дотогшоо бага зэрэг цөмөрсөн хугаралтай, энэ түвшинд хамрын зөөлөн эдэд бага зэргийн хавантай гэсэн нь шинэ гэмтлийн шинж байна...” гэх хэргийн материалаар хийсэн Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 946 тоот дүгнэлт зэрэг мөрдөн байцаалтын явцад хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

Дээрх нотлох баримтууд “хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл, шүүгдэгч, хохирогч нар ямар шалтгаанаас болж маргалдсаныг хохирогч, гэрч, шүүгдэгч нар мэдүүлсэн, шүүгдэгч нь хохирогчийг зодсоныг өөрөө болон хохирогч хэн аль нь гэрчилж мэдүүлсэн, хохирогч зодуулсны улмаас гэмтсэн, шүүх эмнэлгийн дүгнэлтээр хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол (гэмтэл) учирсан болохыг тогтоосон” зэрэг үйл баримтуудыг агуулж байх тул энэ хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач холбогдолтой, үнэн зөв гэж шүүх үзсэн болно.

 

Шүүхийн тогтоолын тодорхойлох хэсэгт дурдагдсан байдлаар хүнийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан Ш.Сгийн санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул түүнийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Ийнхүү шүүгдэгч Ш.Сгийн “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруу шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдсон гэж дүгнэж түүнд Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлагыг хүлээлгэх үндэстэй.

 

Шүүх гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн төлбөрийн асуудлыг дараах байдлаар шийдвэрлэв.

 

Хохирогч А.Дэдван гэм хорын нөхөн төлбөртэй холбоотойгоор “2.100.000 төгрөгийг нэхэмжилж байна” гэх боловч энэ талаарх баримтыг хэрэгт хавсарган өгөөгүй тул уг нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв. Мөн шүүгдэгч нь хохирогчийн эмчилгээний зардалд 147.000 төгрөг нөхөн төлснийг дурдаж байна.

 

Харин хохирогч нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн нөхөн төлбөртэй холбоотой нотлох баримтаа бүрдүүлэн гэм буруутай этгээдээс иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээв.

 

Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно. 

 

Шүүх эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзсэний үндсэнд Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан төрөл, хэмжээний дотор шүүгдэгч Ш.Сг өдөрт дөрвөөс дээшгүй цагаар, нийт 300 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэхээр шийдвэрлэв.

 

Прокурор яллах дүгнэлтдээ гэмт хэрэг гарсан цаг хугацааг 2018 оны 06 дугаар сарын 09-10-нд шилжих шөнө хэмээн ташаарч бичсэн байх боловч хэрэгт авагдсан баримтат мэдээлэлээр гэмт хэрэг 2018 оны 03 дугаар сарын 09-10-нд шилжих шөнө үйлдэгдсэн нь тогтоогдож байх тул уг асуудлыг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэж залруулсан болно. Ингэж зөвтгөн залруулсан нь шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулаагүй, хэргийг хянан шийдвэрлэхэд ноцтойгоор нөлөөлөхгүй гэж шүүх дүгнэв.

 

Хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болно.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч Зэлмэн овогт Ш.Сг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.Сг нийт 300 /гурван зуун/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.Сд оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт дөрвөөс дээшгүй цагаар тогтоосугай.                    

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.С нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.                  

 

5. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг дурдсугай.

 

6. Хохирогч А.Дэдвангийн 2.100.000 төгрөгийн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, энэ талаарх хохирол, хор уршгийн нөхөн төлбөртэй холбоотой нотлох баримтаа бүрдүүлэн гэм буруутай этгээдээс иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.

 

7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч тогтоолыг өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.    

 

8. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Ш.Сд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.            

 

 

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                       Б.МӨНХ-ЭРДЭНЭ